Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Улс төржөөгүй” улс төржилт ба Хаврын чуулганы халуун сэдэв

2018 оны 5 сарын 15

Arslan.mn

Улс төрчдийн түрүүлж барьж авдаг хэдэн сэдэв бий. Улаанбаатарын утаа, цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгө гэхчлэн. Зарим нь эх оронч, элэг зүрхтэйгээ тод томруун  харуулах боломж олгодог  учраас бараг л мөнхийн гэмээр сэдэв. Эдгээрийн нэг нь хүүхдийн мөнгө юм. Үе үеийн хууль тогтоогчид чухамдаа энэ  асуудлыг тойрон “хатирч”  байсан гэвэл хэтрүүлэг бус, бодит үнэн болох байх.  Хүүхдэд хайртайгаа илэрхийлэх энэ боломжийг ашиглахгүй  байх арчаагүй улс төрчид нэгээхэн ч үгүй биз.

УИХ-ын хаврын чуулган эхэлснээс хойш хүүхдийн мөнгө  халуун сэдэв болж өргөжих янзтай. Жинхэнэ утгаараа поп сэдэв болох янзтай. Боломжийг яаж алдахав, УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Хүүхдийн мөнгийг улстөрүүлэх шаардлага байхгүй” гэсэн хэрнээ улс төржүүлж, попорч эхэллээ. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэдэг шиг улстөржүүлэх шаардлагатай асуудал гэж бас байдаг гэдгээ үүгээр илэрхийлэв.   

Долоо хоногийн эхний өдөр буюу даваа гарагт тус намын бүлэг хуралдаж дараа нь мэдээлэл хийх үеэрээ бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат энэ асуудлаар нэлээд дуу чангатай байгаа харагдана лээ. Асуудлыг бүр Үндсэн хуулийн цэцэд хүргэж, Ерөнхийлөгчөөр  хориг тавиулна гэдгээ илэрхийлсэн.  Гэхдээ хууль батлагдаагүй байгаа. Бүлгийн ахлагчийн хувьд ороогүй борооны өмнө тэнгэр ниргэхтэй адил юм болов.

Хүүхдийн мөнгө бодит утгаараа халамж гэхээсээ илүүтэй хүн амаа өсгөх бодлогын нэг хэсэг. Тийм болохоор энгийн логикоор нь харвал хүүхдүүдээсээ хэдэн халтар төгрөг харамлах улс төрч байтугай  гудамжны хулгайч ч бараг үгүй биз.

Хууль тогтоогчдын хувьд энэ асуудалд гар татах шалтгаан үгүй. Гэхдээ хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс өөр аргагүй нөхцөл байдал бий.  Өөрөөр хэлбэл санхүүгийн боломж бололцоо.  Байгалийн ийм баялаг, хэдэн арван саяар тоологдох мал сүрэг, оюуны өндөр чадамжтай ард түмэн хоёр сая хүрэхгүй хүүхдүүддээ  сар бүр 20 мянган төгрөг өгөх  санхүүгийн боломж чадамжгүй байгаа нь яг үнэнийг хэлэхэд ичгэвтэр явдал. Нийгмийн шинэ харилцаанд шилжсэнээс хойшхи 20 гаруй жилд ийм л хөөрхийлөлттэй дүр зурагтай байсаар ирлээ. Арай л хэтэрсэн арчаагүйтэл мөн үү.

Хүүхдийн мөнгө  МАН-ын амлалтын нэг. Тийм болохоор амлалтаа ажил болгох нь тэдний зорилго хүсэл байж таарна. Гэхдээ Монголд өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрөө хэрэгжүүлж буй ОУВС бүх хүүхдэд мөнгө олгох  асуудлыг дэмждэггүй. Энэ бол нэг тээг. 

Монгол Улсын Ерөнхийлөгч бүх хүүхдэд 100 хувь мөнгө олгох хуулийн төсөл санаачилсныг УИХ дэмжсэн. Үүнтэй зэрэгцээд Засгийн газар боломж бололцоогоо тооцоод бүх хүүхдийн 80 хувьд нь мөнгө олгох хуулийн төслийг бас өргөн бариад байгаа.  80 хувь гэдэг бас цаанаа учиртай. Судалгаанаас харахад эцэг эхчүүдийн 20 хувь нь  хүүхдийн мөнгийг огт тоодоггүй, авч хэрэглэдэггүй. Өөрөөр хэлбэл амьдралын боломж бололцоо сайтай хүмүүс байдаг аж.  

Хүүхдийн мөнгө бодит утгаараа халамж гэхээсээ илүүтэй хүн амаа өсгөх бодлогын нэг хэсэг. Тийм болохоор энгийн логикоор нь харвал хүүхдүүдээсээ хэдэн халтар төгрөг харамлах улстөрч байтугай гудамжны хулгайч ч бараг үгүй биз.

УИХ энэ хоёр хуулийн төслийг нэгтгэн хамтад нь хэлэлцэхээр ажлын хэсэг гаргаад байгаа билээ.  Ажлын хэсгийн гишүүн Н.Амаржаргал “Одоогийн байдлаар 80 хувьдаа олгоод явна. Хүүхдийн мөнгийг үе шаттайгаар нэмэгдүүлж олгох, төсвийн тодотгол хийхээр бол 100 хувьд нь олгох боломжтой. Цаг хугацааг нь хэлж мэдэхгүй байна. Цаад тал нь 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр нөхөж олгоно гэж харж байна” гэжээ.  

Түүний хэлснээр хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй байвал зардлыг танах зорилгоор 100 хувьд нь олгох асуудлыг УИХ-д удахгүй өргөн барих болно гэжээ. Хэрэв 80 хувьд нь гэвэл 41 тэрбум төгрөг хэрэгтэй бөгөөд үүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцад багтсан хүүхэд рүү чиглэсэн эх үүсвэр дээр тулгуурлан олгох юм байна.

Тэгэхээр хэрэв бүх хүүхдэд 100 хувь олгоно гэвэл одоогоор санхүүгийн боломж муу, төсөвт тодотгол хийх шаардлагатай байгаа, цаад тал нь 2019 оны нэгдүгээр сарын 1 гэхэд 100 хувь олгох асуудлыг авч хэлэлцэх боломжтой байгаа юм байна.

УИХ-ын Төсвийн  байнгын хороо нөхцөл байдлаас үүдэж хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох Засгийн газрын шийдвэр дээр хатуу байр суурьтай байгаа ажээ. 

Харин үүнийг УИХ дахь АН-ын бүлгийнхэн жинхэнэ утгаар улстөржүүлж байгаа юм. Өчигдөр бүлгийн хуралдаанаар   хүүхдийн мөнгөий асуудлыг хэлэлцэж хүүхэд бүрт өгөх ёстой гэсэн байр сууринаасаа  буцахгүй гэдгээ илэрхийлжээ.

Засгийн газрын оруулж ирсэн саналаар дэмжих нь зүйтэй гэсэн дүгнэлтийг ажлын хэсгийнхэн  гаргасан бөгөөд  харин энэ дүгнэлтэд ажлын хэсэгт багтсан АН-ын бүлгийн хоёр гишүүн гарын үсэг зурахгүй гэдгээ мэдэгдлээ.

Бүлгийн ахлагч Д.Эрдэнбат “Хүүхдийн мөнгөн дээр улстөржих шаардлага байхгүй... Хүүхдийн мөнгөний асуудал Засгийн газрын санал буюу 80 хувиар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд орж ирвэл АН-ын бүлэг эхний ээлжинд завсарлага авна. Цаашлаад энэ хууль батлагдвал хуульд хориг тавих талаар Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлнэ. Бүр цаашлаад хүүхдийг ялгаварласан асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана”  гэсэн байр суурь илэрхийлэв.

Ийнхүү хүүхдийн мөнгө хаврын чуулганы халуун сэдэв болж эхэллээ. Мөн түүнийг тойрон улс төрийн хүчнүүд түрүүчээсээ попорч эхэлж байгаа нь энэ.

Эх сурвалж: ZALUU.COM
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
57260
1 эможи

keyboard_arrow_up