Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Баяр ба М.Энхсайхан

2018 оны 5 сарын 18

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан, С.Баяр нарыг одоогоос яг жил хагасын өмнө Элчин сайдаар томилж байжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан С.Баярыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Шведийн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус тус томилсон байдаг.

Нэгэн цагт Засгийн газрыг хүртэл тэргүүлж явсан мань хоёр тухайн үед чуулганы танхимд хөтлөлцөх шахуу орж, "Элчин сайд" гэх албан тушаалыг зэрэг өвөртлөн гарч ирж байлаа. Харамсалтай нь, тэд тухайн үед хамтдаа Элчин сайдаар томилогдож байсан шигээ өнөөдөр Элчин сайдын албан тушаалаасаа хамтдаа буухаа төсөөлөөч үгүй байх. Тэгвэл мань хоёрыг хамтад нь албан тушаалд томилсон шиг ээ өчигдөр хамтад нь чөлөөллөө.

Тодруулбал, УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Хэдийгээр Засгийн газраас зургаан Элчин сайдыг томилох шийдвэр гаргасан ч Ерөнхийлөгч Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь хоёрыг Элчин сайдаар томилохыг нь түдгэлзүүлж, үлдсэн дөрвөн нөхрийг нь зөвшилцөхөөр УИХ-д саналаа хүргүүлсэн байдаг.

Үүнээс гадна жил хагасын өмнөхөн Элчин сайдаар томилогдсон Ерөнхий сайд асан М.Энхсайхан, С.Баяр нарыг эгүүлэн татах саналаа ч парламентад бүрэн эрхийнхээ хүрээнд хүргүүлсэн юм. Харин УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгаас ирүүлсэн зөвшилцөх саналыг чуулганаар авч хэлэлцэн, гишүүдийн олонхын саналаар С.Баяр, М.Энхсайхан нарыг Элчин сайдын албан тушаалаас нь буулгалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс М.Энхсайханыг чөлөөлөх үндэслэлээ "Сонгуулиар болон түүний дараа улстөржсөн мэдэгдэл гаргасан" гэж тайлбарласан юм. Дээр нь мань эр Элчин сайдаар ажиллаж байх хугацаандаа АТГ-т дуудагдаж гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Түүнийг Таван толгойн цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхдээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас дуудаж, гэрчийн мэдүүлэг авсан билээ.

Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баярын хувьд Элчин сайдын cyyдлaacaa буух хүсэлтээ өөрөө өгсөн юм. Түүний дараахан АТГ-аас түүнийг яллагдагчаар татаж цагдан хорьсон. Эдүгээ ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байгаа билээ. Ерөнхий сайд асан С.Баярыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарын хамт шалгаж байна.

Гэвч С.Баяр батлан даалтад гарч шалгуулах хүсэлтэй байгаагаа шүүхэд илэрхийлсэн ч шүүх хүлээж аваагүй. Түүнийг саяхан 30 хоногийн хугацаатай цагдан хорьж, мөрдөн байцаах ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргасан билээ.

Ямартай ч М.Энхсайхан, С.Баяр нар нэгэн цагт нам тэргүүлж байсан. Аль, аль нь Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Дээр нь яг нэг өдөр Элчин сайдаар томилогдсон. Бас нэг өдөр Элчин сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдлөө. Өөрөөр хэлбэл, экс хоёр Ерөнхий сайд өнгөрсөн 2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр зэрэг Элчин сайдаар томилогдож байсан бол өчигдөр тэднийг хамтад нь үүрэгт албан тушаалаас нь чөлөөллөө.

 

Б.Төгөлдөр

Эх сурвалж: "Өглөөний сонин"

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57438
1 эможи

keyboard_arrow_up