Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.ЦОГТГЭРЭЛ : “МОНГОЛЫН ТӨРД ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ХЭРЭГТЭЙ“

2018 оны 6 сарын 15

"Өглөөний сонин" Монголын анхны олон нийтийн цахим телевиз болох Control TV-ийн "Комментатор" нэвтрүүлгийн ээлжит ярилцлагыг уншигч Танаа хүргэж байна. Эл дугаарт Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, уг нэвтрүүлгийн хөтлөгч Ц.Энхбат Монгол Үндэсний Ардчилсан Намын дарга Баянжаргалын Цогтгэрэлтэй ярилцжээ.

-Та сайхан зусаж байна уу?

-Сайхан зусаж байна. Таны амрыг эрье.

"Комментатор" нэвтрүүлэгт улс төрийн намын дарга анх удаа оролцож байна. Энэ завшааныг ашиглан улстөрийн өнөөгийн тогтолцоо Монгол улсын маань нийгмийн хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа талаар сонирхоё гэж бодлоо. Сүүлийн 30 орчим жилийн үйл явцад иргэд багагүй шүүмжлэлтэй хандах болсон. Нийт ард иргэдийн амьдрал тааруу, санаа сэтгэл гундуу, 1990 онд дэвшүүлж байсан дэвшилтэт уриа лоозон хоосон тунхаглал төдий үлдсэн. Та 1990 оноос хойш Ардчиллын үйл явцад шууд болон шууд бусаар оролцож явсан улс төрчийн хувьд ямар дүгнэлт хийх бэ?

-1990 оны цагаан морин жилийн хувьсгал бол Монголын бүх ард түмний хүсэл эрмэлзэл байсан. Нийтээрээ диваажинд , хүсэл цэнгэлийн манлайд хүрэх юм байна гэсэн горьдлого тээгээд, бүгд л ардчиллын төлөө тэмцсэн. Өнөөдөр эргээд харахад, нэг талаас ардчилал гэдэг өөрөө Ардчилсан намын үйл хэрэг ч юм шиг, нөгөө хэсэг нь Ардчиллын эсрэг байсан ч юм шиг тийм нэг суурь ойлголтыг улс төрийн өрнөл өгсөн. Гэтэл үнэндээ, тэр үеийн ардчиллын үйл явц бол монголын ард түмний нийтлэг хүсэл зорилго байсан гэдгийг давтан хэлье. Монголын улс төрийн сонгууль дөрөв дөрвөн жилийн циклтэй ч, энэ сонгуулийн 4 жилээр нийгмийн хөгжлийг дүгнэх ямар ч боломжгүй. Харамсалтай нь , 28 жилийн дараа эргээд харахад нийгмийн амьдралд чанарын ямар ч өөрчлөлт гарсангүй.

-Чанарын өөрчлөлтийг яаж хэмжих вэ?

-Аливаа нийгмийн хөгжлийг оюун санаа, соёл, нийгэм, эдийн засаг, иргэний нийгэм, ардчиллын хөгжил гэх зэргээр иж бүрнээр авч үзэх ёстой. Зөвхөн өндөр сайхан барилга байшин, гоё ганган машин, үнэтэй брэндийн дэлгүүр нээгдсэнийг хөгжил гэх нь өрөөсгөл ойлголт. Энэ тансаглал бол нийгмийн 2-5 хувьд л нялздаг эд. Тиймээс нийт ард түмний амьдрал ахуй, амьжиргааны түвшин ямар байна гэдэг дээр анализ хийх хэрэгтэй. Сүүлийн 30 орчим жилийн улс орны туулж ирсэн нийгмийн амьдралыг дүгнэхээр, хүссэн хүсээгүй бодлого нь зөв байж уу?үгүй юу?, бодлогыг хэн хөтөлж, улс орныг хэн удирдав гэдэг асуудал яригдана. Дэлхий нийтээр, улс орны төрийг улс төрийн намууд нь удирдаж буй. Тэгэхээр улс төрийн намуудын хөгжил, дэвшил, төлөвшил гэдэг нь өөрөө улс орны хөгжлийн нэг түлхүүр болчихсон байгаа юм. Өнөөдөр бид нийгэм хөгжөөгүй байна, олон салбар ухралтанд орсон байна гэдгийг дээр доргүй зөвшөөрсөн. Мэдээж өнгөтэй, өөдтэй зүйл бас байгаа боловч цогцоор бүхэлд нь ирээдүйгээ харах юм бол Монгол маань нэг л гундуу байна шүү дээ. Залуучууд нь харийн орон луу мянга мянгаараа дүрвээд л, үлдсэн хэсэг нь ажил төрөл эрхэлсэн ч олигтой цалин хөлс авахгүй байгаа дүр төрх нийтлэг. Монголын нийгмийн амьдрал, ирээдүй гэрэл гэгээ багатай л харагдана.

-1990 онд монголчууд сэтгэлийн дуудлагаар жагсссан. Ард иргэд цөөхөн зүйлийг хүсэж, түүндээ итгэж найдсан. Улс нь ч баян, иргэн нь ч баян. Нэг намын дарангуйллыг устгаж, намын дээр төрөө гаргая. Хамгийн гол нь, Оросын хараат байдлаас гарч, тусгаар тогтнолоо бэхжүүлэх. Үүнийг л хүссэн шүү дээ.

-Яах аргагүй тэр үед бид нар нэг намын дарангуйлалаас салахыг эрмэлзсэн. Тэгвэл өнөөдөр бодит байдал ямар байна гэхээр нэг нам биш нэг хэсэг нам төрөө зайдагнадаг болчихсон. Үүнийг төрийг эзлэн түрэмгийлэх, төрийг булаах гэж оношлох болсон . -Дэлхийн олон орон ардчиллын мухардалд орсон. Тэр тусмаа Пост коммунист орнууд гэдэг дүгнэлтийг Европын эрдэмтэн судлаачид хийсэн. Энэ дүгнэлтэнд нь Монгол багтсан. Ардчилал зүгээр нэг гажуудах биш , бүр хэт гажуудал гэдэг зүйл рүү хэлтийгээд орчихлоо гэсэн үг. Хойд Европын орнуудад картель намууд бий болсныг уг судалгаанд тодотгосон байдаг. Улс төрийн намууд нь төрөө эзэгнэдэг, хоорондоо үгсэн тохирчихдог гэсэн ойлголт. Манай Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрыг тухайлбал "картель " гэж яриад байдаг шүү дээ. Шатахуун импортлогч Монголын компаниуд өөр хоорондоо үгсэн тохиролцоод, үнэ ханшаа нэг зэрэг нэмсэнийг та бид санаж буй. Энэ бол картелийн ойлгомжтой жишээ. Монголын улс төрийн нам бол ийм картель болсон. Тэд өөр хоорондоо үгсэн эвсдэг болсон. Тэгвэл, Төв Европын орнуудад клэйнтелист намууд төлөвшсөн байна. Энэ нь өмч хувьчлалаар хөрөнгөжиж баяжсан хүмүүс болон эдийн засаг, эрчим хүчний нөөц, гол гол баялгийн эзэд, далд эдийн засгийн захиалгат хүмүүс төрөө "эзэлчихсэн". Өөрөөр хэлбэл өөрсдийгөө хамгаалж байхын тулд төрд хүнээ томилж, шургалуулж байна гэсэн үг.

-Монголд ч төстэй зураг харагдаж байна.

-Манайх их гебрид( дээш доош савласан) шинжтэй. Их өвөрмөц, зүүн Европын орнууд бол Олигарх. Төр бизнес нь холилдсон, дээрэмчдийн, гэмт хэргийн бүлэглэл хүртэл байдаг. Ялангуяа, Болгарь, Украйн. Монголд бол яг энэ олигарх шинж нь давамгай, дээрээс нь клейнтелист шинж нь маш хүчтэй. Яагаад гэхээр, Уул уурхайн томоохон компани, дээр нь мөнгөтэй, нөлөөтэй Зам тээвэр, эрчим хүчний томоохон компаниуд өөр өөрсдийнхээ төлөөллийг төрд шургуулчихдаг. Ингээд олон жил дээр доороо орж, төрийг ээлжлэн барих явцдаа улс төрийн элитүүд хоорондоо дотносож, сүүлдээ картель хэлбэрт орчихдог. Өөр хоорондоо нам нь үгсэн хуйвалдах, дээрээс нь далд эдийн засаг буюу оффшорчдын захиалгын хүмүүс, мөн гэмт хэргийн бүлэглэлүүд, бизнесийнхэн зэргийн нийлэмж-хам шинж нь монголд байна гэж байгаа. Энэ бол байж болох хамгийн гаж хэлбэр. Манайд байгаа энэ кейсийг ашигласан Чехийн Мекаль Килма гэдэг судлаачийн судалгаа дүгнэлт хийсэн ном бүтээлтэй танилцсан. "Ардчилал болоод Пост коммунист орнуудын дүгнэлт " гэсэн тэр номд тавьсан оношоор бол Монголд Ардчилал бүрэн устсан. Жишээ нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа бол тэрний ард ямар нэг олигарх зогсож байгаа, олигархгүй бол хүчтэй явах ч үгүй. Нөлөөтэй олигархи бүхэн дор бүрдээ телевизтэй, өдөр тутмын сонинтой. Түүнд нь иргэний нийгмийн байгууллагууд зусардаж зохицож амьдардаг болсон. Энэ маш ноцтой. Өөрөөр хэлбэл зусар, хоосон, дүр эсгэсэн ардчилал гэдэг чинь яг ингэж тогтдог юм байна. Бид ардчилсан оронд амьдарч байна гэвэл эндүүрэл. Бид дүр эсгэсэн ардчилсан нийгэмд амьдарч байна гэвэл үнэнд ойртоно.

-Тэгвэл өнөөгийн улс төрчид л тэр дүр эсгэсэн ардчилалыг сүүлийн 30 жилд бий болгосон байна, тийм үү? Нөгөө ардчилагчид, нөгөө пост коммунистууд?

-Ардчилал өөрөө хувьчлалыг тодорхойлдоггүй. Эдийн засгийн хөгжил өөрөө ардчиллыг нөхцөлдүүлдэг. Эдийн засаг, нийгэм ямар байна гэдгийг нийслэлийн захын гэр хорооллоор яваад үз л дээ. Би улстөрчдийг Улаанчулуутын хогийн цэг дээр, Налайхын нүүрсний уурхайд, эсвэл Баянхонгор, Заамрын гар ажиллагаа бүхий талбай руу, газар дорхи нь оромжинд нь орж үзээсэй гэж бодож байна. Тэнд бүртгэлгүй монгол иргэдийн "хүн сүрэг" байна. Эрүүл мэнд, ахуй амьдрал, байгаа орчин нөхцөл авах юм байхгүй. Дээр нь бичиг баримт ч үгүй, хаана ч бүртгэлгүй. Энэ чинь өнөөгийн төрийн бодлого, далд эдийн засгийн уршиг, үр дагавар мөн.

Тэгэхээр одоо яаж үүнээс салж хагацах вэ?

-Энгийнээр зүйрлэе л дээ. Бид чинь хөзрөөр "муушиг" тоглохдоо, хуучирсан, нугларсан, араас нь танигдах болсон хуучин хөзөрөө сольдог шүү дээ. Хуучин хөзрөө устган хаяж, шинэ хөзөр гаргадаг. Үүнтэй л төстэй. Нийгмийнхээ бүх амьдралыг цоо шинээр, гэгээн цагаанаар эхлэх энэ боломж бол үндсэн хуулиа өөрчлөх юм. Яагаад гэвэл бид 70 жил социалист үндсэн хуулиар, сүүлийн 28 жил нь капиталист үндсэн хуулиар явчихсан. Бидэнд ямар хууль хэрэгтэй гэвэл монгол үндсэн хууль хэрэгтэй. Үүнийг бид нар биш нөгөө ардчиллыг заагч барууныхан чинь хэлж сургаж байна. -Бидний бичсэн энэ хууль улс бүрд тохирохгүй, зөвхөн манайд л тохирох хууль байжээ гэж тэд өөрсдөө зөвшөөрч байна. Үнэндээ, өөр өөр орчин нөхцөл, соёл, ахуйн хэвшилд нутагшиж, соёолж чадахгүй л байна. Бид дурын ургамлыг тал талаас авчраад ургадаггүй шүү дээ.

-Монголдоо л гэхэд, урд уулаас ургаа мод булгалаад талд суулгахад үхдэг шүү дээ.

-Орчин нь тохирохгүй байгаа хэрэг. Монгол хүний ёс заншил, түүхэн уламжлал дээр суурилах ёстой. Чингисийн төрт ёсны загвар байна шүү дээ. Монтеско судалж байсан. Дэлхийн томоохон удирдагчид, Гитлер, Америкийн үе үеийн ерөнхийлөгчдөөс өгсүүлээд бүгд л Чингисийн үеийн удирдлагыг судалж байсан байгаа юм. Өнөөдөр бид өөрсдөөсөө харах юмгүй мэт барууны л юм үнэн зөв гэж туйлширч байна. Тэр нь тохирохгүй, амьдрахгүй байна. Харьцуулах, судлах бүх зүйл нь бэлэн нээлттэй байна. Манай улстөрчид ч судалчихсан. Гагцхүү иргэний зориг, хүсэл эрмэлзэл л хэрэгтэй байна. Гэтэл эрх мэдэл чинь ийм хүсэл эрмэлзэл төрүүлдэггүй юм байна л даа. Эрх мэдлийг хангадаг ганц зүйл нь хязгааргүй эрх мэдэл. Тиймээс сайн сайхныг хүлээх эрх байхгүй. Зүгээр л шинэ үндсэн хууль бичиж, монголын төрд их цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Машинаар зүйрлэвэл, нийгэмд иж бүрэн ээлж хийх шаардлага тулгарчээ.

-Ээлж хийх хугацаа боломж бол байна, тийм үү?

-Байгаа. 1992 оны МУ-ын үндсэн хууль тухайн үедээ салан тусгаарлах буюу төвөөс зугтсан хууль гэж үздэг юм. Гадныхан ч тэгж дүгнэсэн нь байдаг. Таниас асууя, Энхбат аа. Тэр үед хууль батлах хүмүүсийг дандаа тэрбумтнууд сууж байна гэж харж байсан уу, та. 20 гаруйхан настай залуу 400 гаруй саяыг гаргаад л Эрдэнэт үйлдвэрийг авчих чинээ санаж байсан уу. Энэ машинууд нь багтахгүй, хүн амын тал нь Улаанбаатарт ирчихсэн байна гэж төсөөлж байсан уу.

Үгүй , үгүй. Нэг хүн хувьдаа 1000 малтай болох чинээ ч бодож байсангүй.

-Энэ юу хэлэв? гэхээр өнөөгийн нийгэмд шинээр үүсэх эдгээр харилцаануудыг тэр үед урьдчилан харах бололцоогүй байсан байна. Үүнийгээ л хүлээн зөвшөөрье. Тэнд байсан 430 депутат мундаг хүмүүс байсан. Чинхүү үнэн сэтгэлтэй, идэх уух, ахуйн шунал мэдэхгүй. Тийм материаллаг ертөнцийг мэдэхгүй улсууд өнөөдрийн энэ капиталист нийгмийг төсөөлж чадахгүй байх нь аргагүй. Түүнийгээ хүлээн зөвшөөрчихвөл энэ нийгэмд нь тохирох тийм харилцаа хэрэгтэй. Үнэхээр ардчиллыг хүсч байгаа бол тэр ардчилсан нийгмийн норм, институтыг бий болгож чадах үндсэн хууль хэрэгтэй байгаа. Үүнийг л иж бүрэн харж байгаа гэж үзээд манай нам 2006 оноос хойш монгол үндсэн хуультай болъё гэж ярьсан шүү дээ.

Та үндсэн хуулийн ажлын хэсгийн гишүүн. Сая хэд хэдэн хэлэлцүүлэг хийлээ. Үүн дээр та монгол төрийн тухай сонирхолтой илтгэл тавьж байсан. Үүнийгээ тодруулна уу?

http://www.control.mn/upload/images/ulstor/1.jpg

-Бүтээгч, сөнөөгч гэсэн хоёр төр байна. Бүтээгч төр нийгмийг хөгжүүлэх нь ойлгомжтой. Нийгмийн хөгжилд ямар хүчин зүйлүүд нөлөөлдөг вэ? Хамгийн чухал нь зөв бодлого. Дээр нь , бодлогоо хэрэгжүүлж чадах тогтвортой институттэй байх. 28 жилийн дотор 20 орчим засаг сольсон. Дунджаар 1,6 -1,8 жилийн настай Засгийн газар юу ч хийж чадахгүй. Зэс хайлуулах, төмөрлөгийн үйлдвэр, газрын тосны үйлдвэр, 5-р цахилгаан станц, улсын музей, цэвэрлэх байгууламж, спорт комплекс, зориулалтын театр гээд л энэ бүгд болохгүй байгаа биз. Эдгээрт хугацаа хэрэгтэй. Ялангуяа том үйлдвэрүүдэд 5-8 жил шаардагдана. Ажил хийх ийм боломж , хугацааг өгөх хэрэгтэй.

Нэг жишээ татья. Хамгийн ойрхноор нь Хөдөө ах ахуйн яамыг сонгоё. Хүнс хөдөө аж ахуйн яаманд судалгаа хийхэд 1992 онд Хүнс хөдөө аж ахуйн яам гэж байсан. Дараа нь 1996 онд Хөдөө аж ахуйн яам болсон. Удалгүй, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болчихсон. Тэгээд 2012 оноос Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болсон. Одоо Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болсон. Энэ цөөхөн жил ямар их нэрний, бүтцийн өөрчлөлтийг зөвхөн нэг яаманд хийгээ вэ. Энэ өөрчлөлт бүрт бодлого бүрэн өөрчлөгдөнө. Боловсон хүчин бүрэн тарамдана. Бүтэц нь, газар нь татан буугдана. Хэтийн төсөл, хөтөлбөр, гаднын хөрөнгө оруулагчидтай ярьсан хэлэлцсэн бүх зүйл тэг заачихна. Тэгээд энэ шинэ яам , шинэ бүтэц гарч ирээд яадаг вэ , цэвэрхэн хоосон ширээ, цэвэрхэн өрөөг л хүлээж авдаг. Үүнийгээ ажлаа сайхан хүлээлгэж өгч, хүлээн авч байна гэж санадаг. Энэ бол хоосон хэлбэр. Чанар байхгүй. Зүй нь, хавтас дүүрэн баримт бичиг гардуулаад, - Энэ бол монгол төрийн хар хайрцагны бодлого, энэ бол манай урт хугацааны хөгжлийн бичиг баримт, энэ дунд хугацааных нь гээд бүх ажил хэргээ танилцуулаад хүлээлгэж өгөх ёстой.

-Залгамж чанар гээгдсэн.

-Төрийн залгамж чанар гэж зүйл байхгүй болсон.

Социализмын үед Бор өндөрийн жоншны уурхай, Эрдэнэт үйлдвэр, Бага нуур, Росцветметаль зэрэг арав хүрэхгүй уурхайг ажиллуулж байсан. Болж л байсан. Одоо ам болгонд шахуу уурхай ажиллаж, баялаг олборлож буй хэр нь улсын эдийн засаг өсдөггүй, сан хөмрөг арвиждаггүй, баялаг бол гадагшаа их гарсан шинж чанартай. Үүнийг та яаж харж байна?

Эрдэнэт үйлдвэр ганцаараа улсын төсвийн тал хувийг нуруун дээрээ авч явж байна гэдэг байсан. Өөрөөр хэлбэл ганцхан Эрдэнэт Үйлдвэр энэ улсыг тэжээгээд явж байсан. Гэтэл одоо Эрдэнэтээс 4 дахин баян Оюутолгой, түүнээс гадна төмөрлөгийн үйлдвэр, Ховдын уурхай ажиллаж байна. Тэр үед олборлодоггүй байсан алтыг л гэхэд 20 тонноор нь олборлож байна. Гэтэл иргэдийн амьдрал дээшилдэггүй ээ. Бахь байдгаараа байгаад байна. Нэг хүнд ногдох ДНБ- 1700 гээд байгаа, өнөөдөр дүгнэхээрээ 3800 ам.доллар гээд байгаа. Гэхдээ энэ чинь хүн болгонд очдоггүй. Зүгээр л улсын хэмжээнд нийт хүн амдаа л хуваагаад үзэхээр тийм тоо гараад байдаг. Жирийн айлд бол нэг сая төгрөг ч очихгүй л байна. 10 гаруйхан уурхай улс орныг аваад явж байтал 1500 лиценз хэдэн зуун уурхай энд тэндгүй бужигнаад, Торонто, Хонконг, Австралийн бирж дээр хэдэн турбум ам.доллар босгоод байдаг.

-Тэгтэл улсын өр өсөөд л байдаг.

-МУ-ын өр 30 тэрбум долларт хүрлээ. Энэ чинь буруу бодлогын гай. Энэ бирж дээр босгоод байгаа мөнгө, нэрлээд, зарлаад байгаа их хэмээний хөрөнгө оруулалт Монголд орж ирж байна уу гэдэг өөрөө асуудал. Бичилт нь монголд хийгдээд байдаг. 100 долларын 80 доллар нь урсаад гараад явчихдаг, 20 доллар нь үлдэх үү?, үгүй юу? гэдэг туйлын эргэлзээтэй. Тэгвэл үлдсэн тэр 20 доллараараа нөгөө 100 ам.доллараа хүүтэй нь төлнө шүү дээ, бас. Төрийн хүчин чадал мөнгөнд л байдаг. Монгол төгрөгийг ямар байх вэ гэдгийг Монголбанк л мэднэ. Би монгол банкинд маш шүүмжлэлтэй хандаж байгаа, сүүлийн 20 гаран жил. 1990 онд монгол төгрөг, доллар хоёр уулзахдаа 2:1 харьцаатай уулзсан л байхгүй юу. Тэгвэл өнөөдөр 2400 ба 1 гэсэн харьцаатай болчихсон. 1000 дахин уначихсан байхгүй юу. Ийм л байна.

-МҮАН-аас хөгжлийн хүрдийг эргүүлцгээе гэсэн цогц бодлого гаргасан нь сонирхол татсан. Та Үйлдвэр, хөдөө өж ахуйн яам гэж байхад дэд сайдаар ажиллаж байсан. Монголын хөдөө аж ахуйн биржийг эхлүүлсэн. Үйлдвэржилтийн бодлого гэдгийг бас гаргаж байсныг санаж байна. Таны танилцуулсан хөгжлийн хүрдийг эргүүлцгээе гэсэн бодитой цогц зүйл байна гэж харж байна. Үүнийгээ товч танилцуулаач.

http://www.control.mn/upload/images/sport/11(23).JPG

 

-Ганцхан энэ нүүрэн дээр монголын нийгмийг, хүн зон юу хийдгийг харуулсан юм.

Монголын нэг өдөр гэдэг зураг шиг юм байна, тийм үү

-12 сар, 365 хоног байна. Хавар нь мал төлөө авна. Зун нь цагаан идээ сүүгээ авна. Намар нь тариа будаагаа хурааж, арьс ширээ бэлдэнэ, ан гөрөөгөө хийнэ. Өөрөөр хэлбэл сүү мах тариа нөгөө ан гөрөө гэсэн зүйлүүд нь бүтэн жилийнхээ хүнсний хэрэгцээг хангах ёстой шүү дээ. Арьс шир, ноос ноолуур нь хөнгөн үйлдвэрүүд рүүгээ орно. Үүний цаана алт нүүрс гээд уул уурхайн үйл ажиллагаа байгаа. Энэ бүгдийг ухаантай явуулах, үнэ цэнээ яаж хөгжүүлэх вэ гэдэг ухааныг л олж чадахгүй байгаа юм. Энэ хүрдний дотор тал нь ундардаг баялаг, гадар тал нь дундардаг баялаг. Энэ дундардагаасаа олдог орлогыг ундарч байгаа руугаа оруулахад монголын хоёр сая байтугай 20 сая хүнийг ажлын байраар хангана. Хоёр тэрбум доллар оруулахад зургаа болно, гурвыгаа оруулахад зургаа болно.

Үүнийг одоо хэрэгжүүлж болохгүй юм уу?

-Ийм эргэж буцсан бодлоготой ийм тогтворгүй засагтай байхад чадахгүй. Би яаманд байхдаа өчнөөн хүнд танилцуулсан. Бүгд ойлгодог, зөв байна гэдэг. Даанч яаж хэрэгжүүлэх юм. Төрийн бодлогыг нам, фракцаараа хувааж авдаг, мөнгөө хуваагаад идчихдэг болохоос тэдэнд үүнийг цогцоор нь хэрэгжүүлэх бодлого байхгүй.

 

Эх сурвалж: CONTROL.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58530
0 эможи

зочин
2018-06-15 20:05
цэвэрлэгээ байтугай устгал хиймээр байна уг нь
keyboard_arrow_up