Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ч.ХҮРЭЛБААТАР VS Г.ТЭМҮҮЛЭН

2018 оны 6 сарын 20

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Татварын багц хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ үеэр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг төслийг гишүүдийн олонх дэмжээгүй, хууль санаачлагчид нь буцаасан. Учир нь уг хуулийн төслийн агуулга нь “Оюутолгой”-г дэмжсэн байна гэх гэж гишүүд шүүмжилсэн юм. Мөн татварын багц хуулийг дэмжиж өгнө үү гэсэн хүсэлтийг УИХ-ын гишүүдэд Ам Чам-гаас ирсэн хэмээн гишүүд хэлсэн юм. Энэ талаар News агентлаг энэ удаагийн VS буландаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын эсрэг, тэсрэг байр суурийг онцолж байна.

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР

 

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН

Чуулганаар хуулийн төслийг хэлэлцэх үеэр энэ хуулийн төслийг гишүүдэд нэлээд тайлбарласан. Ерөнхийдөө таны асууж байгаагийн яг эсрэг хууль гэдгийг тодотгоё. Нэгт, борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгж бол төлж буй татварынхаа 99 хувийг буцаан авах буюу нэг хувийн татвар төлөх тогтолцоог бүрдүүлж өгсөн юм. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсад 100 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнээс 398 нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 85 хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр үлдсэн 15 хувийг 110 гаруй мянга нь бүрдүүлдэг гэсэн үг. Тиймээс татварын бааз суурийг өргөжүүлэх, аж ахуйн нэгжүүдэд учирдаг дарамтыг бууруулах зарчим баримталж, дээрх хуулийг оруулж ирсэн юм. Хоёрт, Татварын багц хуулийг өргөн барихын өмнө улс орон даяар, хоёр сарын хугацаанд хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүнд хувийн хэвшил, том аж ахуйн нэгж, жижиг бизнес эрхлэгчид, дотоод гадаадын хөрөнгө оруулагчдыг оролцуулж, нягтлан бодохын мэргэшсэн болон татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагуудтай нэлээд ярилцсан. Гуравт, 50 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг шууд “нэг хувийн татвар төл” гэж байгаа юм. “Эрдэнэт үйлдвэр” ч бай, найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг аж ахуйн нэгж ч бай жилд дөрвөн удаа яг нэг ижил маягтаар тайлан гаргадаг. Тэгвэл үүнийг бид өөрчлөх гээд байгаа юм. Тухайлбал, борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс доош бол жилд нэг удаа тайлан гаргаад нэг хувийн татвараа төлнө. Ингэснээр нягтлан бодох ажилд авах шаардлагагүй. Жилд дөрвөн удаа тайлан гаргахын тулд нягтлан бодогчид хөлс мөнгө төлж таарна шүү дээ. Энэ мэтчилэн жижиг, дунд бизнест учирдаг захиргааны маягийн дарамтуудыг бууруулах зорилготой юм. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын өрийн асуудал бий. 2013-2016 онд эдийн засаг унасан үед аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орж, өр тавьсан. Энэ өрийг төлөх хугацаа хоёр сар байсныг хоёр хүртэлх жил болгож хуульд тусгасан. Дээр нь аж ахуйн нэгжүүдийн хувьд үл хөдлөх хөрөнгө бүрдүүлэх, бий болгох, худалдаж авахад оногдуулдаг нэмүү өртгийн албан татварыг хасч тооцдоггүй байсан. Энэ нь эргээд аж ахуйн нэгжүүдэд мөн л дарамт бий болгодог. Үүнийг дагаад үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөх, аж ахуйн нэгжүүдийн зардал өсдөг байдлыг эерүүлсэн. Аж ахуйн нэгжүүд орлогоо гурван янзаар тайлбарладаг. Жилд нэг, хоёр дөрвөн удаа тайлагнадаг маягт нь нэг байсныг өөр өөр буюу энгийн болгож өгсөн. “Оюутолгой”-той холбоотой зарим зүйлийг ярьсан. Миний хувьд наад асуултын чинь эсрэгээр тайлбар хийх байна. Учир нь Монгол Улс Европын холбооноос гаргасан татварын шударга бус тогтолцоотой орны хар жагсаалтад орсон. Учир нь манай хууль эрх зүйн орчин татвар, компанитай холбоотой мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлж өгөөгүй учраас. Үүнээс гарахын тулд татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг холбоонд нэгдэх ёстой. Үүний тулд хуульд зохицуулалт оруулж өгсөн. Ингэснээр бидэнд ямар давуу тал үүсэх вэ гэхээр үндэстэн дамнасан корпорациуд Монголд үйл ажиллагаа явуулахдаа бага татвар төлж байна. Тус корпорацид олон толгой компани байршчихсан байдаг, хоорондоо шилжүүлэг хийдэг. Тиймээс энэ хуулийг баталсны дараа олон улсын байгууллагад нь элсч, түүгээр дамжуулж үндэстэн дамнасан компани, корпорациудтай холбоотой мэдээллийг авах боломж бүрдэнэ. Ингэснээр харилцан хамааралтай компани хооронд хийсэн шилжүүлгээс татвар авах боломжтой болох юм.

 

Татварын ерөнхий хууль болон Хувь хүний орлогын албан татварын хуулийн төслүүдэд реформ шинэчлэлийн шинжтэй, нийгмийн дэмжлэгийг авах, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн олон зүйл, заалтууд шинээр тусгагдсан байгаа. Хэлэлцүүлгийн шатанд засч янзлах зүйлүүд ч байна. Улс орон, ард, иргэд, олон нийтэд ашигтай зүйл заалтыг бүрэн дэмжинэ. Өөрчлөлтөөс харахад магадгүй олон улсын тэргүүн туршлага, сайн зүйлүүд байгаа нь мэдээж. Харин одоогийн байгаа эрх зүйн орчныг дордуулсан, том зургаараа улсад болон бизнес, эдийн засагт сөргөөр нөлөөлөх аливаа зүйлийг засч залруулахгүй бол дараа нь хоёр жилийн дараа ч юм уу, 20 жилийн дараа харамсах зүйл гарах вий гэсэн болгоомжлол байна. Тэр дундаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар /ААНОАТ/ бол улсын төсвийн хамгийн том бүрэлдэхүүн хэсэг байдаг. Гэтэл бид хамгийн их татвар бүрдүүлдэг хуульдаа нэлээд их өөрчлөлтийг хийх гэж байна. Ингэхдээ томоохон аж ахуйн нэгжүүдэд л хожоотой тусах, хэт давуу тал, нөхцөл бүрдүүлсэн гэдэг юм уу, эсхүл өмнө байгуулсан гэрээ хэлэлцээрийн дийлэнх асуудлыг өөрчилсөн байна. Монгол Улсад ашиггүй тусахаар байвал бага дээр нь хэлж, ярьж засч залруулахаас өөр аргагүй. Тийм ч учраас миний хувьд байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзсэн. Том зургаараа татварын бааз суурийг дунд болон урт хугацаандаа багасгах, давхар татвар болон хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан томоохон татваруудыг хөнгөлж чөлөөлөн, улсад төлөх аж ахуйн нэгжийн татварын орлогыг бууруулах, томоохон төсөл хөтөлбөрөөс Монгол Улсын хүртэх үр өгөөжид үлэмж хэмжээгээр сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй заалтууд ихээр тусгагдсан байна. Энэ ч үүднээс ААНОАТ-ын зарим зүйл заалтыг заавал засч янзлах хэрэгтэй байна. Одоогийн өргөн барьсан байдлаар нь дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Аж ахуйн нэгжийн тухай хуулийн төслийг уурхайн салбарт хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн нэг болох зөвхөн Оюутолгой төслийн хүрээнд үйлчлэлийг нь нягталж үзэхэд Хөрөнгө оруулалтын гэрээний татвартай холбоотой 34 зүйл, заалтаас 10 гаруй тогтворжуулсан заалтууд хөндөгдөж тэр хэмжээгээр давуу байдал, хөнгөлөлт, чөлөөлөлтийг Хөрөнгө оруулагч талд эдлүүлэхээр байна. Хөрөнгө оруулалтын гэрээний 2.5-2.10, 2.31 гээд олон заалтууд хөндөгдөнө. Нэг заалтын цаана л гэхэд магадгүй авах байсан татварын суурийг олон зуун сая ам.доллараар хөдөлгөх ч нөхцөл үүснэ. Тэгэхээр нөгөө учрыг нь олж хужрыг нь тунгаах л хэрэгтэй. ААНОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан хөрөнгийн элэгдэл тооцох хугацааг багасгах, шинэ хөрөнгийн бүлэг нэмэх зэрэг асуудал нь ААНОАТ-ын ногдлыг даруй 50 хувиар бууруулбал манай улсад төлөх татварын дүнг дунд хугацаандаа багасгана. Тухайлбал, элэгдлийг бид барилга байгууламж гэдэг нэр томъёо дор 40 жилээр тооцдог байсан. Гэтэл энэ хуулийн төсөл дээр 25 жил болгон бууруулсан байна. Энэ элэгдэл тооцохтой холбоотой шинэчилсэн найруулга нь жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих гэхээс илүүтэй уул уурхайн салбарын томоохон хөрөнгө оруулагч нарт илүү ашигтай үйлчлэхээр байгаа тул өөрчлөх шаардлагатай байгаа юм.

 

 

 

 

Эх сурвалж: NEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58714
0 эможи

keyboard_arrow_up