Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

БЭЭЖИН, СӨҮЛ чиглэлийн нислэгт ЧӨЛӨӨТ ӨРСӨЛДӨӨН ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ УИХ баталлаа

2018 оны 6 сарын 29

Arslan.mn

Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

Хуралдаанд 55 гишүүн оролцож, 81.5 хувь нь тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг дэмжсэн юм.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.

"МИАТ КОМПАНИ УЛИРЛААС ХАМААРАЛТАЙ 6-8 ЧИГЛЭЛД НИСЛЭГ ҮЙЛДЭЖ, МӨН ГАЗРЫН ҮЙЛЧИЛГЭЭ, ТҮРЭЭСЭЭС ОРЛОГО ОЛДОГ"

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Манай ард түмэн амьдралын шаардлагаар БНСУ руу байнга зорчих болдог. Гэтэл нислэгийн үнэ бараг 3 сая болчихоод байна. Аялал жуулчлалын үе болчихлоо. Тогтоолын хавсралтад өөрчлөлт орсноор зардлаа бууруулахад нөлөөлөх үү. Ер нь МИАТ компани зардлаа бууруулах чиглэлээр ямар ажил төлөвлөж байна вэ?

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр: Солонгосын асуудлаар бол зуны улиралд ачаалал нэмэгддэг. МИАТ Сөүл, Бусаны чиглэлд нисч байгаа. Бусаны нислэг нь арай хямд бөгөөд манайх алдагдалтай нислэг хийдэг. 

Өнөөдрийн байдлаар манайх зургаан онгоцтой байна. Ажилтны тоотой харьцуулбал нэг онгоцонд 150 ажилтан ногдож байгаа. Бусад компанитай харьцуулахад энэ тоо арай өндөр. Гэхдээ бид газрын үйлчилгээ, менежмент гэх мэт ажлуудыг өөрсдөө хийдэг. 

Тогтоолд өөрчлөлт орохоор бидний хувьд хүндрэл гарна. Нислэгийн тоо нэмэгдэх учраас ирэх жилээс Чехэд нойтон түрээсээр явуулж байгаа онгоцоо авчрах болно. 

Манайх төрийн өмчит компани Засгийн газрынхаа шийдвэрийг биелүүлнэ. Энэ зуны бүх төлөвлөгөө гарчихсан. Тогтоол батлагдлаа гэхэд бид хамгийн хурдан ажиллабал наймдугаар сараас тогтоолыг хэрэгжүүлэх боломжтой.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Манайх чинь тусгаар улс тийм байж яагаад төр өөрөө өмчтэй байж болохгүй юм бэ, Монголын иргэний агаарын тээврийн асуудалд богино хугацаанд ердийн өмч шиг хандмааргүй байна. Улс орны нисэх онгоц, хэвлэл, төрийн ордон гурвыг эзэлбэл тухайн орныг эзлэн авлаа гэх олон улсын ойлголт бий. Яагаад жил болгон МИАТ-ийг хувьчлах гэж дайрч байдаг юм бэ?

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ: МИАТ-ийг Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчилна. ЗГ-аас оруулж ирсэн төлөвлөгөөнд ямар нэгэн компани, хөрөнгө оруулагчид өгөх асуудал оруулж ирээгүй. 

Хамгийн их урсгалтай Сөүлийн чиглэлд ганцхан компани нислэг хийнэ гээд хаачихсан байгаа.Тиймээс энэ хуулийг хүчингүй болгохоор нэгдүгээр сараас хойш хөөцөлдөж байна. Ард иргэдэд олдохгүй байгаа тасалбарыг бий болгоё. Долоо хоногтоо 6 биш 20-22 нислэг хийе л гэж байгаа. Энэ нь Сөүл, Бээжингийн чиглэлийн нислэгт л хамаарна. 

Би МИАТ-д дургүйдээ хувьчлах гээгүй. Хувьчлалын асуудал олон жил яригдаж байгаа. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: МИАТ-ийн дотоод үйл ажиллагаатай холбоотой зардлуудыг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ. Нислэгийн аюулгүй ажиллагааны асуудал ямар түвшинд байгааг ИНЕГ-аас асуумаар байна. 

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр: МИАТ компани улирлаас хамааралтай 6-8 чиглэлд нислэг үйлдэж, мөн газрын үйлчилгээ, түрээсээс орлого олдог. Үндсэндээ 2-3 нислэгээс орлого олдог. Үлдсэн нислэгүүд арай ядан зардлаа нөхдөг болон алдагдалтай нисдэг. 

Алдагдалтай нислэгүүдээ багасгах зорилгоор гадаадад хандсан зар сурталчилгаанд анхаарч зорчигчийн урсгалаа нэмэгдүүлэх боломжтой гэж харж байна. 

Миний хувьд гадаад төлөөлөгчийн газар байх шаардлагагүй, зөвхөн инженер техникийн ажилтан онгоцоо хүлээж аваад явахад болно гэж  үзэж байгаа.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн: Аюулгүй байдал дээр тавьсан олон улсын аудитын шалгалтаар бид Азидаа 5-д, дэлхийд 13-т дүгнэгдсэн.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Энэ өөрчлөлт орсноор Солонгосоос ирэх иргэдийн бухимдал арилж чадах уу. Бас нислэг цагаасаа их хоцордог юм байна лээ. Нислэгийн тоо нэмэгдэхээр энэ асуудал бүр хүндэрч даамжрах юм биш биз?

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Бодлогын баримт бичигт өөрчлөлт орвол бид маш яаралтай Солонгосын талтай агаарын тээврийн хэлэлцээрт сууна. Хэлэлцээр хурдан явбал энэ зундаа ажлаа багасгахаар төлөвлөж байгаа.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн: Өмнөд Солонгосоос Улаанбаатар чиглэлд хийж байгаа нислэгүүд 20-60 минутын сааталттай байдаг. Энэ нь Хятадын дотоод нислэгтэй холбоотой. Энэ асуудлыг шийдэхээр манайх Хятад, Солонгосын иргэний нисэхийн газруудтай ярилцаад зэрэгцээ нислэгийн замууд нээхээр тохиролцоонд хүрсэн. 

"МИАТ-ИЙН ХАМГИЙН АШИГТАЙ ХОЁР ЧИГЛЭЛИЙГ ХУВЬЧИЛЧИХААД МИАТ ДАМПУУРСНЫ ДАРАА АМАА БАРИВ АА"

Гишүүд асуулт асууж хариулт авч дууссаны дараа УИХ-ын гишүүн Л.Болд хэлэлцүүлгээ зогсоогоод санал хураалтыг хойшлуулах горимын санал гаргалаа. Тэрбээр "Долоо хэмжиж нэг огтлох ёстой агаарын тээврийн чухал асуудлыг яаралтай шийдвэрлэж болохгүй. 

Тиймээс энэ шийдвэрийг та нар олноороо түрээд шийдвэл хариуцлагаа хүлээгээрэй. МИАТ-ийн хамгийн ашигтай хоёр чиглэлийг хувьчилчихаад МИАТ дампуурсны дараа амаа барив аа. Энэ шийдвэрийг би дэмжиж байгаа ч маш сайн нягтлая. Тиймээс хэлэлцүүлгээ зогсоогоод санал хуралтыг хойшлуулах санал гаргая" гэлээ. 

Ингээд  горимын саналаар санал хуралт явуулж Л.Болд гишүүний санал дэмжигдээгүй юм.

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2013 ОНЫ 18 ДУГААР ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ:

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

 

2018 оны ... дугаар сарын ... -ний өдөр                       Дугаар ...                      Улаанбаатар хот   

“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай

Иргэний нисэхийн тухай хуулийн 5.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурлын 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 3.8, 3.9 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 

     

“3.8. Агаарын тээврийн зах зээлийг үе шаттай чөлөөлж, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих зорилгоор олон улсын нислэгийн шугамыг хуваарилахдаа нислэгийн давтамжийг суудлын багтаамжтай уялдуулах чиглэл баримтална.

3.9.Гадаад улсаас Монгол Улс руу хуваарьт нислэг үйлдэх тээвэрлэгчийн тухайд зах зээлийн эрэлт хэрэгцээг харгалзан, ижил тэнцүү орчинд өрсөлдөх, үндэсний агаарын тээвэрлэгчийн өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэл баримтална.”

 

 

Гарын үсэг

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59124
0 эможи

keyboard_arrow_up