Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын дарга М.Энхболд Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2018 оны 8 сарын 07

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2018.08.07) Дэлхийн банкны Бээжинд суух Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Хятад, Монгол, Солонгос улсыг хариуцсан захирал ноён Берт Хофман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд ноён Берт Хофмантай Олон улсын вальютын сангийн дүгнэлт гарч буй онцлог цаг үед уулзаж байгааг онцлоод Дэлхийн банк, ОУВС-гаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд тодорхой үр дүнд хүрч, Монгол Улсын эдийн засаг нааштай үзүүлэлтэй болж байгаад сэтгэл хангалуун байна гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн, “2016 онд шинэ УИХ, Засгийн газар бүрдэх үед улсын эдийн засаг -1,6 хувьтай байсан бол хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлж, хууль, эрх зүйн орчныг шинэчилж, Засгийн газар уйгагүй ажилласны үр дүнд 1,6 хувь буюу нэмэх үзүүлэлттэй боллоо. Вальютын нөөц, гадаадын хөрөнгө оруулалтад ч эерэг нөлөөтэй байгаа. Эдийн засгийн энэ өсөлтийг цаашид тогтвортой байлгаж, ажлын байр, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийг дэмжих чиглэлд зөв зохистой ашиглах тал дээр шат шатандаа анхаарч ажиллаж байна. Мөн УИХ-ын 2018 хаврын ээлжит чуулганаар Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль, Улсын бүртгэлийн багц хууль,  Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталлаа.

Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль батлагдсанаар банкны харилцагч хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах үүднээс банкны салбарын төлбөрийн чадварыг бэхжүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах нөхцөл бүрдсэн. Намрын чуулганаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэхээр Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын банкны тухай болон Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Ирэх оны төсвийг өөдрөгөөр харж байгаа. Нэг ихнаяд төгрөгийн алдагдалтай байсан төсөв одоо ямар ч алдагдалгүй байх нөхцлийг бүрдүүлж чадсан” хэмээн тэмдэглэв.

Дэлхийн банкны Бээжинд суух Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Хятад, Монгол, Солонгос улсыг хариуцсан захирал ноён Берт Хофман, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон УИХ-аас батлан гаргасан бодлого, шийдвэрүүдийн талаар танилцуулсанд УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд “Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт баяр хүргэх нь зүйтэй. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад  макро эдийн засгийн тулгамдсан асуудлаа даван туулж, ихээхэн хүчин чармайлт гарган ажиллалаа. Төсвийн алдагдал буурч, эдийн засгийн өсөлт хүлээгдэж байснаас өндөр гарсан нь нүүрсний экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэнээс макро эдийн засаг тогтворжиж байгаатай холбоотой. Нөгөө талаар хувийн хэвшлийн оролцоо өндөр байсан нь эдийн засагт эерэг нөлөө үзүүллээ” хэмээн онцоллоо. 

Тэрээр олон улсын эдийн засаг тэр дундаа хоёр хөршийн эдийн засгийн тодорхой бус нөхцөл байдал эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх магадлалтай тул аливаа эрсдэлийг тооцож, бодлого шийдвэртээ тусгах, хамгаалалтын нөөцөө нэмэгдүүлэх нь чухал болохыг тэмдэглэсэн юм.

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх Татварын багц хуулийн хүрээд татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудал хөндөгдөх байх гэсэн хүлээлттэй байна. Монгол Улсын хувьд уул уурхайн салбар чухал ч эдийн засгаа төрөлжүүлж, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих бодлого баримтлах нь ач холбогдолтой болохыг онцлов.

УИХ-ын дарга М.Энхболд хөдөө аж ахуйн салбар бол Монголын уламжлалт салбар болохын хувьд эдийн засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, орчин үеийн стандартад нийцсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлага зүй ёсоор үүсч байгаа тэмдэглээд энэ тал дээр Дэлхийн банкнаас анхаарч ажиллахыг хүслээ. 

УИХ-аас Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг гаргаж, Засгийн газраас IPO гаргахаар ажиллаж байна. Энэ IPO гаргах ажилд Дэлхийн банкнаас Засгийн газарт зөвлөж, хамтран ажиллахыг төлөөлөгчдөөс хүссэн. 

Ноён Берт Хофман Дэлхийн банкнаас Засгийн газраас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлээд Монгол Улсад дөрвөн жил ажилласан Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон ирэх долоо хоногт нутаг буцах болсныг дуулгав.

УИХ-ын дарга М.Энхболд ноён Жэймс Андерсонд Монгол Улсад ажиллах хугацаандаа олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхи санаачлагатай ажиллаж байсанд талархал илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593586
0 эможи

keyboard_arrow_up