Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ах дүү хоёр энд хүрээд салав

2018 оны 8 сарын 10

Улс төр гэдэг бол багийн тоглолт. Үзэл бодлын нэгдэл гэх юм уу даа. Нам, түүн доторх бүлэг, фракц гээд үзэл бодлын нийлэмжээрээ багийг бүрдүүлдэг.

Харин Монголын улс төрийн баг нутаг ус, ах дүү хүмүүсээс бүрддэг. Ийм овгийн маягийн толгойлогч нар гэхээр МАН-д М.Энхболд, У.Хүрэлсүх, С.Баяр, Н.Багабанди, Сү.Батболд,  АН-д Х.Баттулга, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж гэсэн хүмүүс бий. Орчин үеийн хэллэгээр лидерүүд гэнэ. Гэхдээ лидер гэдэг үгийн жинхэнэ утганд эдний хэд нь тэнцэхийг бүү мэд. Ямар ч байсан овгийн толгойлогчид юм.

Үндсэндээ Монголын улстөрчид ийм дүрмийн бус аргаар багийг бүрдүүлж улс төрийн тоглолт хийдэг. Тийм учраас Монголын улс төр тогтворгүй, байнгын “стресс”-тэй байдгийг зарим судлаачид ярьж эхлээд байна. Энэ үнэний ортой дог.

Зарим талаар ингэж үзэх үндэслэлүүд бодит явдал болон амилж байх шиг байна. Манайхан тэр тэрнээс урвачихлаа гэж ярьдаг. Хэн бэ гээд харахаар овгийн толгойлогчоос итгэлтэй хүн нь салаад явчихсан байдаг юм. Хамгийн сүүлд  болж байгаа яг ийм жишээ гэвэл хэдэн жилийн өмнөөс Хэнтийн ах дүү хоёр болж улс төрд дөрөө харшуулж ирсэн У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр албан ёсоор “хоёр тийш” болж байгаа бололтой.

У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн болсныхоо дараа 2000-аад оны эхээр Хэнтийгээс авчирч, НАМЗХ /хуучнаар МАСЗХ/-ны ерөнхийлөгчийн ажлаа өгч байсан. Улмаар Л.Оюун-Эрдэнэ МАН-ын газрын дарга, Нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болж байв. Сүүлд 2016 оны сонгуульд өрсөлдөж УИХ-ын гишүүн болсон юм. Тэр үед У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр хамт л байв. Энэ хооронд У.Хүрэлсүх ч унаж, босч явсаар жилийн өмнө Монгол Улсын Шадар сайдаас Ерөнхий сайд, МАН-ын дарга болж дэвшсэн. Тэгэхэд ч хамт л байсан.

Харин сүүлийн хэдэн өдөрт эрх баригч намд наашаа, цаашаа болсон олон үйл явдлын дараа энэ ах дүү хоёр хоёр тийш болж байгаа нь тодорхой болов. Хэвлэлээр явж байгаа мэдээллүүд болон болж буй үйл явдлаас харвал энэ үнэн болж таарав.

Энэ сарын 1-нд болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг хувийн тоглолт хийхгүй байхыг анхааруулсан. Бас 6-нд нь болсон МАН-ын Бага хурлын уур амьсгал, У.Хүрэлсүхийн намынхаа эв нэгдлийг бодно гэснээс Л.Оюун-Эрдэнэд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй болсныг харж болно.

Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 7-нд твиттер хуудсандаа “…Дарга нар тохирох надад хамаагүй. Би зогсохгүй”, маргааш нь буюу 8-нд УИХ-ын даргыг Цэцэд өгч байгаа талаараа Төрийн ордонд хэвлэлийн хурал хийх үедээ “…урьд өмнөх арчаагүй аргаа хэрэглэж байна”, “…60 тэрбумыг дэмжсэн хэнбугай ч миний дайсан” гэж мэдэгдсэн нь саяхныг хүртэл ачлалт ах нь явсан У.Хүрэлсүхэд зориулсан үг гэдгийг улс төрийн хүрээнийхэн тайлбарлаж байна.

Энэ нь дээр хэлсэнчлэн Монголын улс төрийн нутаг ус, ах дүүгээрээ баг бүрдүүлж улс төрд явдаг байдлын л нэг жишээ юм. Учир нь тэд өөрсдийн чин үзэл бодлоор нэгдээгүй гэсэн үг. Тийм байдал нь явсаар энд “эвдэрч” байгаа хэрэг. Шуудхан хэлэхэд, өнөөдөр У.Хүрэлсүхийн албан тушаалын өндөр­лөгөөс буухгүй байх хүсэл, Л.Оюун-Эрдэнийн улс төрийн карьер хийх амбийц хоёр мөргөлдөж байна. Тиймээс У.Хүрэл­сүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр энд хүрээд салав.

Ер нь бол Монголын улс төр дэх иймэрхүү багийн задрал бусад “овог”-т ч тохиоход гайхах зүйлгүй. Тогтсон жаяг нь ийм хэврэг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593704
0 эможи

keyboard_arrow_up