Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

М.Энхболд: Бизнесийн орчныг сайжруулахгүйгээр эдийн засгаа өсгөж, ард түмний амьжиргааг дээшлүүлэх боломжгүй

2018 оны 10 сарын 01

 Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

    Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,

    Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

    Хүндэт зочид оо,

    Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаа эхлүүлэхээр та бид цуглаад байна. 

    Монгол Улсын Их Хурлын болон дэгийн хуульд нэмж оруулсан гишүүдийн сахилга, хариуцлагатай холбоотой заалтуудын хүрээнд үйл ажиллагаа явуулахаараа энэ удаагийн чуулган онцлог юм. Хариуцлагыг эрхэмлэж, ёс зүйгээ дээдлэн, сонгогч түмнийхээ итгэлийг дааж, өргөсөн тангаргаа сахин биелүүлэхэд бидэнд хуулийн өөрчлөлт чухал түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж байна.

    Энэ намрын чуулган бодлого, үйл ажиллагаагаа дараах үндсэн 5 чиглэлд төвлөрүүлэх ёстой гэж үзэж байна. 

НЭГ. Монгол төрийн чадавхийг сайжруулах чиглэлд хууль тогтоох байгууллагын анхаарал төвлөрөх шаардлагатай болжээ. 

    Төрийн чадавхийг сайжруулах талаар олон жил ярилаа. Гэвч үр дүн бага байгааг нуух хэрэггүй. Тиймээс эрх зүйн зоримог шинэчлэл хийх, түүнийгээ тууштай, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага Монголын нийгмийн захиалга болоод байна. Энд юуны өмнө Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал багтана. 

    Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх, шаардлагатай бол ямар чиглэлээр оруулах вэ гэдгийг 2 жилийн хугацаанд судалж, эрдэмтэн мэргэд, ард иргэдтэйгээ зөвлөлдсөн. Орон даяар хэлэлцүүлэг явуулж, иргэдийнхээ саналыг авснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлэн болсон. Одоо хуулийн дагуу холбогдох байгууллагуудаас санал авч байна. 

    Өнөөгийн нийгэм, улс төрийн тогтолцоонд тохиож буй саад бэрхшээл, хөгжлийн бодлого, хариуцлагатай, шударга засаглалыг төлөвшүүлэх зорилтыг хангахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт хийх нь зөв гэдэгт иргэдийн дийлэнх олонхи нь санал нэгдэж байгаа. Зайлшгүй шаардлагатайг хийхгүйгээр хэзээ, хэн хийнэ гэж хүлээж суух вэ. Хойш тавих тусам хожигдох эрсдэл ихэснэ. 

    Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах Ажлын хэсэгт улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид орсон. Энэ бол нэг намынх биш, хэд хэдэн парламент дамжин яригдаж, судлан шинжилж, ард түмнийхээ санал бодлыг шингээн, нийтээрээ хамтарч боловсруулсан төсөл. Тиймээс хэлэлцэхийг эрмэлзэх нь зүйтэй. 

    Улс төрийн намын ил тод байдал, санхүүжилтийн эрх зүйн орчныг өөрчлөх асуудал намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад бий. Намуудын үйл ажиллагаа ил тод, бодлого хөтөлбөр нь тодорхой, ялангуяа санхүүжилтийн тогтолцоо шилэн байх нь улс төр эрүүл байхын үндсэн нөхцөл мөн. 

    Бүх шатны сонгууль явцуу зорилго, мөнгөний хамааралтай болж, зөв бодлого, итгэл даах үнэ цэнэ, мэдлэг туршлагын үнэлэмж алдагдаж байгааг бүгдээрээ л харж байна. Үүнд хэн нэгнийг буюу аль нэг улс төрийн хүчнийг буруутгаж, яллахыг оролдсоноор асуудал шийдэгдэхгүй. Харин эрх зүйн дорвитой өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэх нь чухал байна. 

    Сонгуулийн хууль тогтоомжийн шинэчлэл ч үүнд хамаарна. Их хурлын эрхэм гишүүд маань өөрөө сонгогдох, намаа ялуулах боломжийг хайх биш, Монголынхоо эрх ашгийн төлөөх сонголтыг чухалчилна гэдэгт итгэж байна. 

    Их Британид байрладаг Эдийн засгийн мэдээллийн байгууллагаас НҮБ-ын гишүүн 165 оронд хийсэн Ардчиллын индексийн судалгаагаар сул буюу муухан ардчилалтай улсын ангилалд манай улс багтжээ. Энэ ангилалд сонгууль нь ардчилсан зарчмаар, чөлөөтэй явагддаг боловч улс төрийн соёл муутай, иргэдийн улс төрийн идэвх сул улсууд багтдаг юм байна.  

    Монголчуудын улс төрийн соёл муу гэдэгтэй санал нийлэх хүн олдох байх. Харин улс төрд оролцох оролцоо муу гэдэгтэй санал нийлэмгүй байна. Улс төр ярьдаггүй, улстөрждөггүй хүнийг олох хэцүү шүү. Гагцхүү улс төрийн яриа хөөрөө нь популизмын хэвлийд голдуу бүрэлдэж, тархи угаах тааруу инкубаторт торниж байдаг нь л гай тарьж байгаа. Улс төрийн популизм манайд хэт газар авч, сүүлдээ байх л ёстой зүйл шиг ойлгодог, хүлээж авдаг болжээ. 

    Хэвлэл мэдээллийн хэрэгслэл, ялангуяа нийгмийн сүлжээгээр бусдыг гутаах арга технологи бидний амьдралд ердийн үзэгдэл болтлоо хэвшлээ. Үүнийг зохион байгуулж, санхүүжүүлэгч улстөрчид үндэстнээ хорлох, улсаа гутаах энэ арга барилаасаа нэн даруй салах хэрэгтэй. 

    Эрдэмтэн судлаачид өндөр хөгжилтэй улс орны улс төрийн бодлогод популизм биш, прагматизм голлох үүрэгтэй байгааг сануулсаар байна. Төрийн бодлого тодорхойлохдоо элдэв хийсвэр томъёолол тойрон маргаж, ухаантнаар өөрийгөө тодруулахыг зорилгоо болгох ёсгүй. Эдийн засгийн боломж, төрийн бодлого, хэтийн зорилтдоо үндэслэж, зөв замаар итгэлтэй урагшлах прагматик бодлого бидэнд үгүйлэгдсээр байна.

    Хоосон улстөржилт, талцал хуваагдал, нийгэм, ард түмнээ хуваасан дайсагнал бидэнд огт хэрэггүй. Харин зөвшилцөл, ойлголцол хэрэгтэй. Тиймээс Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, улс төрийн хүчнүүд, иргэний нийгмийнхэн, ард иргэд хамтраад тулгамдсан асуудлаар үндэсний зөвшилцөл хийдэг, гаргасан шийдвэрээ биелүүлдэг тогтолцоонд шилжихийг уриалж байна. Энэ зорилгоор “Үндэсний зөвшилцлийн гэрээ” санаачлан хэрэгжүүлсэн ч болохгүй зүйлгүй.    

    Эрхэм нөхөд өө,     

    Чуулганы нээлтэд шүүх эрх мэдлийн байгууллагууд, яам, агентлаг, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагын удирдлага оролцож байна.  

    Төр бол томоохон ажил олгогч. Ажил олгогчийнхоо хувиар та бүгдээр дамжуулан 192 мянга гаруй ажилтнаа захиргааны удирдлагаар хангадаг. Тиймээс төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага, төрийн албаны нэр хүнд та бүхнээс шууд хамааралтай.  

    Төрийн байгууллагын дотоод хяналт суларч, удирдлага, зохион байгуулалт алдагдсаны уршгаар төрийн албан хаагч нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарлаа. Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан хуулийг ягштал баримталж, сахилга хариуцлага, ёс зүйг эрхэмлэхийг хатуу шаардаж, зөрчил гаргасан этгээдтэй хариуцлага тооцож ажиллах ёстой. 

    УИХ-аас шинэчлэн баталсан “Төрийн албаны тухай хууль” ирэх оноос  хэрэгжиж эхэлнэ. Төрийн албыг улс төрийн нөлөөнөөс хол байлгах, төрийн албанд шатлан дэвших мерит зарчмыг хэвшүүлэх замаар төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх зорилготой шинэ хуулийг мөрдөж, саяхан болсон улсын зөвлөгөөнөөс гаргасан Зөвлөмжийг хэрэгжүүлэхэд Та бүхэн манлайлж ажиллах ёстойг сануулъя. 

ХОЁР. Бизнесийн орчныг сайжруулахгүйгээр эдийн засгаа өсгөж, ард түмний амьжиргааг дээшлүүлэх талаар ярих боломжгүй юм.

    Өр, зээлийн хүүнд дарлуулж, эдийн засгийн уналт зогсолтгүй үргэлжилсэн, улс орон хямралын ирмэгт ирсэн хүнд хэцүү үеийг бид даван туулж чадлаа. 

    Эдийн засгийн бодит өсөлт 2018 оны эхний хагасын байдлаар 6.3 хувьд хүрч, 2016 онтой харьцуулахад 5.1 пунктээр өссөн байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого энэ оны эхний 8 сарын байдлаар 5.8 их наяд төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 888.0 тэрбум төгрөгөөр давж биелжээ. 

    Монгол Улсын Засгийн газар 2018 онд гадаад, дотоодын зээлийн өр, өрийн хүүд 3.8 их наяд төгрөг төлөх ёстойгоос эхний хагас жилд 753.3 тэрбум төгрөгийн өрийг барагдуулсан. Өнөөгийн үнэ цэнээр тооцсон Засгийн газрын өр 2016 онд ДНБ-ий 78.8 хувьд хүрч байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 63.4 хувь болж буурлаа. 

    Зээлийн үйлчилгээний төлбөр 2018 оны эхний 8 сарын байдлаар төлөвлөсөн дүнгээс 132.2 тэрбум төгрөгөөр буюу 17.1 хувиар бага байгаа нь энэ онд хүүгийн зардал буурах төлөвийг харуулж байна. Энэ мэт нааштай өөрчлөлт гарахад дэлхийн зах зээл дээрх экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс гадна сүүлийн 2 жилд явуулсан төсөв, санхүү, мөнгө, зээлийн зөв бодлого шийдвэрлэх нөлөө үзүүллээ. 

    Энэ чуулган ирэх оны мөнгөний бодлого, улсын төсвөө хэлэлцэн батлана. Ингэхдээ бодлогоо тогтвортой хадгалж, өсөлтийг иргэддээ хүртээх чиглэлд түлхүү анхаарах шаардлагатай байна. 

    2018 оны 1-р сараас тэтгэвэр, тэтгэмжийг 8 хувиар, 9-р сарын эхнээс төрийн зарим албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэр гарсан. Ирэх онд ч төсөв санхүүгийн боломжтойгоо уялдуулан цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх хөрөнгийг улсын төсөвт суулгах ёстой.

    Төрийн алба цомхон, чадварлаг байх учиртай. Хоёр жилийн өмнө төсөв зардлаа хэмнэх шийдвэрийг УИХ гаргаж байсан. Энэ дагуу УИХ-ын Тамгын газар орон тоо зардлаа 10 хувь бууруулснаар урсгал зардлыг  546.4 сая төгрөгөөр хэмнэжээ. Харин төрийн бусад байгууллага орон тоо зардлаа бууруулах дорвитой арга хэмжээ авсангүй. Энэ жилийн төсвийг хэлэлцэхдээ төрийн бүх шатны байгууллагад орон тоо зардлыг 10 хувиар бууруулах бодлого баримтлахыг уриалж байна. 

    Төсвийг батлахдаа дэлхийн эдийн засгийн төлөв, хандлагыг сайтар тооцох шаардлагатай байгааг зориуд сануулъя. Олон улсын худалдаа, эдийн засгийн харилцааны эрсдэл төсөөлснөөс хурдацтай нэмэгдэж байна. Том гүрнүүдийн гадаад худалдааны харилцан хязгаарлалт, нефтийн бүтээгдэхүүний хориг, бодлогын хүүгийн өсөлт, голлох валютын ханшийн сулралт ирэх онд үргэлжилнэ гэж шинжээчид үзэж байна. 

    Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг хязгаарлан, гадаад зах зээлийн тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, хөгжиж буй орнууд, ялангуяа эмзэг эдийн засгийн бүтэцтэй улс орнуудад нэлээд дарамт учруулах магадлалтай. 

    Манайд энэ дарамт мэдрэгдэж эхлээд байна. Эдийн засаг, бизнесийн орчин сайжирч байгаа ч гадаад өөрчлөлтийн эрсдэлийг даах чадвар сул, дунд хугацааны төлөв нь эрсдэлтэй, эмзэг хэвээр байгаа. Энэ нь гадаад зах зээлийн багахан өөрчлөлт, дотоодын импортын сэргэлтийг дийлэлгүй, сүүлийн нэг сарын дотор төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2.2 хувиар суларснаас харагдана. Тиймээс төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэхдээ дараах асуудалд анхааръя.

    А. Гадаад эрсдэлийн нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, саармагжуулах, тогтвортой өсөлтийг хангах бодлого чухал. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бодитой арга хэмжээ авах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, экспортын дэд бүтцийн хүндрэлийг арилгах, банк, санхүүгийн салбарын шинэчлэл, төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг тууштай үргэлжлүүлэх ёстой. 

    Б. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлагатай. Гадаад зах зээлийн өөрчлөлтөд нэрвүүлчихгүй дархлаатай, өөрийгөө тэтгэх чадвартай, экспортод чиглэсэн эдийн засгийн бүтэц рүү шилжихгүй бол Өсөлт ба Уналт, Орлого ба Хэрэглээ, Тогтворгүй байдал ба Ядуурал гэсэн гинжин хэлхээнээс салахгүй. 

    В. Хөрш орнуудтай харилцах эдийн засгийн дипломат үйл ажиллагааг шинэ шатанд гаргах хэрэгтэй байна. Хувийн хэвшлийнхэн экспортын зах зээлд худалдааны таатай нөхцөлөөр нэвтрэх, хамтарсан бизнес эрхлэх боломжуудыг шинээр нээхэд чиглэсэн бодлого, хөтөлбөр хэрэгтэй болжээ. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны гишүүн 48 орон тус бүр дунджаар 11 чөлөөт худалдааны хэлцэл байгуулсан байхад бид ганц хэлэлцээрийг 3 жилийн өмнө л байгуулсан байх жишээтэй. Цаашид хөрш болон бусад орнуудын хэрэгжүүлж буй бүс нутгийн хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрийн өгөөжөөс бид гээгдэж хоцрох ёсгүй. 

    Эрхэм гишүүд ээ, 

    Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд УИХ онцгой ач холбогдол өгч байна. Түүнчлэн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийг хэлэлцэн батлахыг олон нийт хүсэн хүлээж байгааг мартаж болохгүй. 

    Эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон түлхэц үзүүлэх уул уурхай, эрчим хүч, төмөр зам, авто зам, боловсруулах үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарын төсөл, хөтөлбөрүүдийг цэц булаалдсан яриа маргаанаас бодит ажил хэрэг рүү хандуулах нь чухал байна. 

    Энэ дашрамд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас гаргасан зээлийн баталгааны талаар болон Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэгтэй Ажлын хэсэг дүгнэлтээ Байнгын хороо болон УИХ-д ойрын үед танилцуулахыг даалгая.

    УИХ-аас Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар тогтоол баталсан. Хэрэгжилтийг 2018 онд багтаан УИХ-д танилцуулахыг үүрэг болгосныг сануулъя. 

    2018 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд 683.3 тэрбум төгрөг төлөвлөснөөс 176.8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, 25.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Сургууль, цэцэрлэг, зам гүүрийн ажил тогтсон хугацаандаа багтаж эхэлдэггүй уламжлал энэ жил ч давтагдаж байгаад анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байна. 

ГУРАВ. Боловсрол бол манай тэргүүлэх салбар. Түүнээс дутуугүй ач холбогдолтой нь эрүүл мэндийн салбар билээ.

    Чанартай боловсрол эзэмшсэн, эрүүл монгол хүн л Монголын ирээдүйг бүтэн, зөв авч явж чадна. 

    Бага, дунд боловсролын хүртээмж, өгөөжийг сайжруулахгүйгээр, дээд боловсролын байгууллагуудад тооноос чанарт шилжих хувьсгал хийхгүйгээр энэ эрхэм зорилтыг бид хэрэгжүүлж чадахгүй. 

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын чанарын асуудалд түлхүүр хүчин зүйл нь багш, эмч нарын чадавхи юм. УИХ өнгөрсөн чуулганаараа “Багшийн хөгжлийг дэмжих тухай” хууль баталсан. Төсөв мөнгө байхгүй гэх мэт шалтгаан тоочилгүйгээр хуулиа хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна. 

    Энэ намар багш нарын ажил хаялт нийгэмд сүрхий давалгаа үүсгэлээ. Багш, эмч гээд төрийн байгууллагын ажилтнуудын цалин бага байгаа нь үнэн. Нэмэх ч ёстой. Гэхдээ боломж нөөцөө тооцох, нөхцөл байдлаа нүүр нүүрээ харж сууж байгаад ойлголцох нь илүү зөв алхам билээ. Төр засгийн байгууллага, удирдлагууд иргэдийнхээ дунд орж, санал бодлыг нь сонсох, ярилцах, хамтын шийдвэр гаргах нь илүү өгөөжтэй. Ингэж чаддаггүйгээс ажил хаялт, жагсаал цуглаандаа хүрч, эцэст нь арга буюу буулт хийх замаар асуудлыг шийддэг жишгийг халах цаг болсон.        

    Засгийн газар 2006 оноос эхлэн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төсөлд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өргөжүүлэхээр тусгасан. Түүнчлэн хүүхдийг эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэх агуулга хуульд бий. 

    Эрүүл мэндийн салбарт амжилт ололт байна аа. Эрхтэн шилжүүлэн суулгах ажил дэлхийн жишигт дөхөж очлоо. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр үр дүнд хүрч байна. Олон улсын  жишгийн  эмнэлгүүд байгуулагдлаа. 

    Гэсэн хэрнээ ДОХ-ыг бид тоохоо болилоо. Бэлгийн замын халдварт өвчин газар авч байгааг халагласаар л сууна. Зүрх, судасны эрхтэн тогтолцооны өвчлөл нэмэгдэж, залуужиж байна. Тиймээс “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг сэргээж, жилд нэг удаа бүх монгол хүнийг эрүүл мэндийн үзлэгт оруулдаг болмоор байна. Бүх шатанд ажил олгогчид ажилтнаа үзлэг оншилгоонд хамруулдаг, зөрчвөл хариуцлага хүлээлгэдэг болъё.

   2016 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлт хангалтгүй байна. 

   Эмнэлгийн тусламж, үйлчилгээг гэрээний дагуу урьдчилсан санхүүжилт авч гүйцэтгэх журам, түүнчлэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалт одоо болтол гараагүй байна. Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмаа бас баталсангүй. Журам нь шинэчлэгдээгүй болохоор 12 эмнэлгийн дарга, захирлыг сонгон шалгаруулалтгүй томилсон зөрчил ч гарсан байна. 

ДӨРӨВ. Хуулийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг хүлээсэн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг дүгнэн цэгнэх хэрэгтэй байна.    

    Хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, үр дүнг тайлагнах эрх зүйн тогтолцоо хангалттай бүрдсэн. Агентлаг, яамд салбарынхаа хүрээнд хуулийг биелүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангадаг. Засгийн газар Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцах шаталсан тогтолцоотой.

    Та бид чамгүй олон хууль, тогтоол батлан гаргасан. Ажлын тоон үзүүлэлтээр өмнөх парламентуудаас хамаагүй илүү байгаа. Харин хууль хэрэгжүүлэх ажил ямар байна вэ. Би ганцхан хуулийн хэрэгжилтийн талаар авсан мэдээг танилцуулъя. 

    “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль батлагдаж, хүчин төгөлдөр үйлчилж байна. УИХ, Засгийн газрын шийдвэрээр Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулсан. Хуулиар сум, дүүрэгт мал эмнэлгийн байгууллага, лаборатори, нэгж байгуулж, ажиллуулах ёстой. Гэтэл 15 аймагт л мал эмнэлгийн байгууллагын даргыг томилжээ. Аймаг, сумын хэмжээнд нэг ч нэгж шинэчлэн зохион байгуулагдаагүй байна. 

    Өөрөөр хэлбэл, агентлаг байгуулж, хэдэн дарга томилсноос өөрөөр хуулийн биелэлтийг зохион байгуулах талаар авсан арга хэмжээ алга. Улмаар мал эмнэлгийн үйлчилгээг иргэддээ хүргэх тогтолцоо бүрдсэнгүй. Малаа эрүүлжүүлэх, мах экспортлох, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн уламжлалт салбараа дэмжих бодлого тэр хэрээр хоцорч байна. 

    Тиймээс хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, үр дүнг тайлагнах ажилдаа дүн шинжилгээ хийхийг Засгийн газарт даалгая.  

    Хүүхэд хамгаалал, хүүхдийн аюулгүй байдал манайд хангагдаж чадахгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн тоо өсч, хүүхэд харамсалтайгаар амь эрсдэх тохиолдол гарсаар л байна. Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан Ажлын хэсэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай зэрэг хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, холбогдох үүрэг, чиглэлийг Засгийн газарт өгсөн.  Энэ чуулганы хугацаанд өгсөн чиглэл, гаргасан тогтоолынхоо биелэлтэд хяналт тавьж, нэгтгэн дүгнэх нь зүйтэй. 

    Хүүхэд хамгаалал, цахим аюулгүй байдлын чиглэлээр Цахим бодлогын түр хороо тодорхой ажлууд санаачилж байгаа. Олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, Зөвлөмж гаргаснаа надад ирүүлсэн. Зөвлөмжид мэдээллийн аюулгүй байдал, цахим орчин, хүүхдийн хүмүүжил, залуучуудын мэдээлэл солилцох гээд зайлшгүй анхаарвал зохих цөөнгүй асуудал байгааг холбогдох байгууллагууд анхаарч, хамтарч ажилламаар байна. 

    Намрын чуулганаар хэлэлцэх Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэгчдэд оноох ялын бодлогыг чангатгах талаар ээжүүдээс гаргасан саналыг тусгах хэрэгтэй. 

    Хүүхэд, залуучуудыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ногдуулах ял, шийтгэлийн бодлогыг оновчтой тогтооход анхаарч ажиллахыг гишүүдээсээ хүсье. 

ТАВ. Тулгамдсан, анхаарал татсан зарим асуудлаар байр сууриа товч илэрхийлье.

    Энэ жил агаар, орчны бохирдлыг бууруулах ажилд ямар дорвитой өөрчлөлт гарах вэ гэж асуумаар байна. 

    Зарцуулсан хөрөнгө үр ашигтай байж чадсан уу. УИХ, Засгийн газар, нийслэлийн түвшинд тодорхой ажлууд зохион байгуулсан. Одоо үр дүн хэрэгтэй байна. Нэг өвөл гэнэтхэн утаагүй болчихгүй гэдгийг ойлгож байна. Гэхдээ авсан арга хэмжээ гарцаагүй зөв, ужиг энэ асуудлаа бүрэн шийдвэрлэж чадах нь ээ гэсэн итгэл төрүүлж байх нь чухал.

    Утаанаас дутуугүй иргэдийг бухимдуулж буй асуудал нь авто замын түгжрэл боллоо. Тиймээс импортын автомашины татварыг насжилттай нь уялдуулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гүүрэн болон давхар замын байгууламж барих зэрэг зөв шийдэлтэй арга хэмжээг хугацаа алдалгүй хэрэгжүүлье. 

    Ургац хураалт, хадлан тэжээл, өвөлжилтийн бэлтгэл ид явагдаж байна. Ургацын урьдчилсан балансыг өмнөх жилтэй харьцуулахад 1.2-1.8 дахин их үр тариа, төмс, хүнсний ногоо хураан авна гэж тооцсон. 1.0 сая тонноос дээш хадлан авах боломжтой гэсэн. Гэвч энэ намрын цаг агаар тааламжгүй нөлөөлж мэдэхээр боллоо. Ирэх өвөл амаргүй болж магадгүйг манай малчид ардын ухаан, ажиглалт тандалтынхаа дагуу сануулж байна. Тиймээс намрын ургац хураалт, өвлийн бэлтгэлийг чамбай хийх, болзошгүй эрсдэлд бэлэн байх боломж нөөцийг одооноос бүрдүүлэх нь чухал байна.  

    Эрхэм гишүүд ээ,

    УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд нэр бүхий гишүүдээс ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гишүүдийн шаардлагыг дэмжсэн санал ирүүлсэн. Товчхондоо ээлжит бус чуулганаар Авлигатай тэмцэх газрын даргыг томилсон УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох санал тавьсан. 

    Авлигын эсрэг хуулиар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, огцруулах тодорхой үндэслэлүүдийг хуульчлан заагаад, хуульд зааснаас бусад үндэслэлээр чөлөөлөх, огцруулахыг хориглосон байдаг. 

    Зөвхөн Авлигатай тэмцэх газрын даргыг ч биш, төрийн аль ч шатны, ямар ч албан тушаалтныг зөвхөн хуульд заасан үндэслэлээр л албан тушаалаас нь чөлөөлж, огцруулдаг эрх зүйн орчинд бид ажиллаж, амьдарч байгаа. Ийм байхад хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага баталсан хуулиа өөрөө зөрчдөг байж болохгүй.

    Өнгөрсөн хугацаанд уг саналыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хоёр удаа хэлэлцүүлсэн. Зөвлөлөөс хуулийн үндэслэлийг нь Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэний дараа ээлжит бус чуулганы товыг тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэснийг хэлье. 

    Эрхэм гишүүд ээ,

    Чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хууль, тогтоолын төслүүдээ хугацаанд нь хэлэлцэн батлахад идэвх чармайлт гаргаж ажиллахыг Та бүхнээс хүсье. 

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдье. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595411
0 эможи

keyboard_arrow_up