Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдийн мөнгө авах хүсэлтийг судалж, дүнг нэгтгэнэ

2018 оны 10 сарын 23

Arslan.mn

Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9,676.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.4 хувьтай тэнцэж буйг УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны хуралдаан дээр онцлов.

Харин нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 11,589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувьтай байхаар тооцож төсвийн төсөлд тусгажээ.

Өнөөдрийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм.

Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулахдаа, Засгийн газар 2019 онд “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжиж, төсвийн сахилга батыг чанд баримтлан алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгана. Улмаар экспортод гарч буй эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор нь шийдвэрлэж төсвийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг дэмжсэн татварын хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх,  төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” хэмээв.

 

Тус байнгын хорооны гишүүд, төсвийн орлогын төлөвлөлт хэр бодитой болсон эсэх, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох, ажилгүйдэл ядуурлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ болон  ипотекийн зээлд улсын төсвөөс хөрөнгө төсөвлөснийг тодруулсан юм.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, 2019 оны төсвийн төслийг боловсруулахдаа орлогоо сайтар судалж байж, зарлагаа тэр хэмжээгээр тооцохыг зорьсон. Эрдэс баялгийн салбараас бүрдүүлэх орлогын хувьд дэлхийн зах зээл дээрх  үнэ ханш бидний тооцоолсноос доош байвал төсвийн орлогод эрсдэл гарах тал бий” хэмээн тодотгов.

Ирэх оны төсвийн төсөлд манай улс 43 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон бөгөөд ингэхдээ хил, гаалийн хяналтыг сайжруулах асуудалд анхаарч төсвийн орлогыг бүрдүүлэх юм байна.

Харин экспортын эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор нь шийдвэрлэснээр төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлж татварыг бүрэн хураах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах гаалийн шинэчлэлийг 2019 оноос хэрэгжүүлэхээр болжээ. Гаалийн шинэчлэлийг хэрэгжүүлснээр Монгол Улс  газрын баялгаас татвараа бүрэн авах, улмаар бүтээгдэхүүний сорьцын шинжилгээг хилээр орох, гарах тухай бүрт хийж экспорт импортоос олох орлогоо бүрэн хураадаг болох аж. Үүний тулд хилийн боомтууд дээр эрдэс бүтээгдэхүүн, газрын тос, автобензин, дизель түлшний төрөлжсөн, орчин үеийн лабораториудыг 2019 оноос үе шаттай байгуулж, лабораторийн техник, тоног төхөөрөмж, хүчин чадлыг шинэчлэх ажлыг эхлүүлнэ хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  мэдэгдсэн юм.

Харин тэрээр гишүүдийн асуултад хариулахдаа, “Энэ онд Засгийн газар арилжааны банкуудаас  зээл авахыг зогсоож, өндөр хүүтэй, хугацаа богино гурван их наяд төгрөгийн зээлийг төлсөн. Иймд арилжааны банкууд дээрх хэмжээний хөрөнгийг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд  зээл олгосон. Харин хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох УИХ-ын тогтоол нэгэнт гарсан тул, одоогоор хүсэлт гаргасан хүүхдийн судалгааг хүлээн авч, дүнгээ нэгтгэнэ” хэмээв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг гишүүдийн асуултад, “Ирэх  онд иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд анхаарна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд  20 тэрбум төгрөг төсөвлөсөн. Өмнө нь нэг ч төгрөг төсөвлөдөггүй байсан. Ядуурлыг бууруулахад хэд, хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 2016 онд ажилгүйдэл 10 хувьтай байсан бол 2018 онд 7,7 хувь болж буурсан” гэв.

Харин 2019 оны төсөвт ипотекийн зээлийн санхүүжилтэд улсын төсвөөс115 тэрбум төгрөгийг төсөвлөөд байгаа аж. Ийнхүү дээрх хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан санал хурааж  Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596349
0 эможи

keyboard_arrow_up