Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ой санамжаа алдсан улстөрчид

2018 оны 11 сарын 02

Arslan.mn

“Залдаг ноёнтой, засдаг түшмэлтэй” ард түмэн юм аа, бид. Төрийн тэргүүн маань УИХ тарахгүй бол өлсгөлөн зарласан ч яадаг юм бэ гэсэн юм. Дэлхийн тавцанд нэр хүнд унавал АТГ-ын дарга буруутах юм гэсэн. Ярилцагч сэтгүүлчээ лавлаад байхад дахин хэлсэн. Гэтэл Тамгын газрын дарга нь маргааш нь ярилцлага өгөхдөө “Ерөнхийлөгч өлсгөлөн зарлана гээгүй” гэчихлээ.

Тэрбээр хэвлэлийнхнийг буруутгаж “Ерөнхийлөгч өнөө, маргаашгүй өлсгөлөн зарлах тухай яриагүй. Надад өөр ямар гарц байна вэ, өлсгөлөн зарлах юм уу, яах юм гэж хэлснийг өлсгөлөн зарлах гэж байна гэж бичээд байгаа хэвлэл мэдээлэл чинь буруу байна. Аргаа барсан хүний үг болохоос маргааш өлсгөлөн зарлана гэж хэлээгүй шүү дээ” гэжээ. Тэгж яривал хэвлэлийнхэн “өнөө, маргаашгүй” гэж огт хэлээгүй, бичээгүй. Ярилцлагыг ухрааж үзлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга “Би өлсгөлөн зарлах уу, суулт зарлах уу. Би өнөөдөр АТГ-ын дарга, Ерөнхий прокурор хоёрт хэлсэн, Би эсвэл өлсгөлөн зарлаж та нарыг, Монгол Улсыг, дэлхий даяар шившигтэй болгох уу гэдгээ хэлсэн” гэж байна. “Энэ чинь хэнийг бойкотлоод байгаа юм бэ. Дараагийн алхам нь ийм юм байна шүү” л гэж бичицгээж байгаа.

Гэтэл “өнөө маргаашгүй” гэдэг хаана ч бичээгүй үг нэмээд, ерөөсөө өлсгөлөн зарлана гээгүй мэтээр тайлбарлаж байгаа нь “залдаг ноёнтой, засдаг түшмэлтэй”-н жишээ болж байна. Монголын ард түмэн ноён З.Энхболдын тайлбаргүйгээр сонгосон Төрийн тэргүүнийхээ үгийг ойлгочихсон. Энэ бол УИХ тарахгүй байх магадлалтай, тэр үед өлсгөлөн зарлахыг нэхвэл яах вэ гэдгийн л “вакцин” аятай юм боллоо. Ой санамжаа алдсан дараагийн улстөрч маань Ерөнхийлөгчтэй харьцуулбал хавьгүй залуу, түүний хүүхэд нь баймаар насны хүн л дээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нас залуу хэрнээ ой санамж нь хөгширчихөж. Ерөнхийлөгчийн засаглал гэдэг сэдэв бол гуравхан сая иргэнтэй манай орны хувьд хэн нэгэн залуу улстөрч хэвлэлийн бага хурал хийхдээ ярьж гүйгээд байдаг популизм биш л дээ. Энэ бол улс орны хувь заяаны амин чухал асуудал. Тэрбээр энэ оны наймдугаар сарын 21-ний өдөр Төрийн ордонд УИХ-ын дарга М.Энхболдын талаар мэдээлэл хийх үеэрээ “Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болж байж шударга ёсны хувьсгал бий болно" гэх үгийг хэлээд авсан. Уг нь Ерөнхийлөгчийн засаглал бус М.Энхболдын талаар шинэ мэдээлэл өгөхөөр хурал зарласан. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэгж ярьснаасаа хоёр сарын дараа буюу өчигдөр “Би Ерөнхийлөгчийг дэмжиж байсан. Гэтэл Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай ярьж эхэллээ. Зэвсэгт хүчний командлагч тэгж болохгүй. Засаглалаас болж мөргөлдөөн үүсвэл яана. Манай улсын хувьд парламентын засаглалаас татгалзах замыг сонгож хэрхэвч болохгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан ил, далд Ерөнхийлөгчийн засаглалын зам руу санаархахаа зогсоох хэрэгтэй. Сархад савнаасаа халина гэж байдаг. Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг бодох хэрэгтэй” гэлээ.

За ингээд Л.Оюун-Эрдэнэ гишүүн ч бас “тэр сархадтай савнаас нь хальж” нам руугаа, УИХ руугаа “харих” бололтой. Түүний “Ерөнхийлөгчийн засаглалыг зөвтгөсөн” үг хоёр сарын л настай байж. Золтой л жоом алах гээд гэрээ шатаах гэж байхад нь шүдэнз бариад гүйсэнгүй, гэнэт ухаан сэхээ орж буцав бололтой. Гэвч түүнийг хэрхэн “самуурч” ой санамж нь баларч явааг сонгогчид, олон нийт мартахгүй нь лавтай. Тухайлбал 2017 оны арваннэгдүгээр сарын 3-нд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Нэг бол Ерөнхийлөгчийн засаглалтай болж шуударъя” гэж хэлсэн. УИХ ажлаа сайн хийж байна гэх аргагүй биз дээ, тарахаас өөр аргагүй” гэж ярьсан байдаг. Тэгэхээр эртнээс Ерөнхийлөгчийн “дууч шувуухай” болсон ч эцэстээ УИХ-ын гишүүний үүрэгт ажлаасаа салах дөхөв. Тэгмэгц сэхээ орж Ерөнхийлөгчийн Тамгын газар руу эргэж бухаж байх шиг байна.

Мөн тэрбээр зургаан сарын өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 19-нд “эрх чөлөө хамгийн чухал байсан бол одоо эрх чөлөөний цаана хариуцлага чухал боллоо” гэж хэмээсэн бол өчигдөр ярихдаа эрх чөлөө нь илүү чухал гэж байна. Энэ үеэр “өнөөдөр Хятад чөлөөт худалдааг, АНУ хана барих тухай ярина гэж 25 жилийн өмнө хэн ч төсөөлөөгүй. Дэлхий даяар явж байгаа энэ сэтгэлгээний өөрчлөлт Монголд ч гэсэн орж ирчихээд байна” гэсэн.

Сэтгэлгээний өөрчлөлт үү, сэтгэцийн өөрчлөлт үү. Бүхэл бүтэн улс гүрний 25 жилийн доторх хандлагын өөрчлөлт, хоёр сарын өмнөхөөсөө 360 хэм ухарч тэс өөр хүн шиг ярьж суух хоёрыг ижилсүүлж болох уу гэдэг асуудалтай. Уг нь Ерөнхийлөгч Х.Баттулга буруу ярьсан ч Тамгын газрын дарга нь тэгж бодож хэлээгүй гээд “залдаг” шиг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд хэрэв Тамгын газрын дарга байсан бол ямар нэг тайлбар хэлэх л байх. Гэтэл эвлүүлэг гэхийн аргагүй түүний ярианы бичлэг, сонинд өгсөн ярилцлагыг олон нийт санаж байгаа болохоор яалт ч үгүй “ой санамжаа алдсан улстөрч” гэж ойлгоход хүрэв.

Ингэж л Монголын улстөрчдийн ой санамж муудаж хэлсэн ярьснаа ч мэдэхгүй өрөвдөлтэй гэмээр дүр зургийг бид хэдий болтол харах бол доо.

Эх сурвалж: ERENNEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596828
1 эможи

Зочин
2018-11-02 19:29
Ийм байж хэзээ ч болохгүй...хамгийн муу хүний араншин за юу...
keyboard_arrow_up