Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЖДҮХСангийн хэрэг 100 гаруй тэрбум төгрөгтэй холбоотой, олон ААН хамарсан учраас цаг их орж байна

2018 оны 12 сарын 25

Arslan.mn

АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид нийгэмд хүлээлт үүсгээд буй, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргүүдийн талаар асуусан юм. Асуултад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн Ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар хариулсныг хүргэж байна. 

-ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд тэдний хамаарал бүхий этгээдүүд зээл авсан хэргийг шалгаж байгаа юу. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-ЖДҮХС-аас улс төрийн албан тушаал хашиж байгаа болон тэдний хамаарал бүхий этгээд зээл авсан хэрэг тогтоогдоод, мөрдөн шалгаж байгаа. 100 гаруй тэрбум төгрөгтэй холбоотой, олон ААН хамарсан хэрэг учраас цаг их орж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон хэргүүдийн талаар бид тухайн үед нь мэдээлээд явна. 

-ЖДҮХС-тай холбоотой УИХ-ын 10 гишүүнийг байцаасан гэсэн. Ер нь нийт хэдэн гишүүнийг шалгаж, байцааж байгаа вэ?

-Нэр бүхий гишүүд гэрчээр мэдүүлэг өгч байгаа. Тухай хүмүүсийн хамаарал бүхий компаниуд зээл асан учраас нөлөөлсөн эсэхийг тогтоох үүднээс мэдүүлэг авч байгаа. Тоог нь хэлэх боломжгүй. Олон гишүүн мэдээлэл өгсөн. 

-Нэр бүхий гишүүдийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх саналыг прокуророос өгсөн гэсэн үнэн үү?

-Манайхаас 3 гишүүнийг түдгэлзүүлэх шаардлагатай гэдэг үндэслэл гаргасан. Прокурор хэрхэн шийдэхийг мэдэхгүй байна.  

-Гурван гишүүнийг түдгэлзүүлэх болсон үндэслэл нь юу вэ. ЖДҮХС-аас авсан мөнгөө ББСБ-аар угаасан нь үнэн үү?

-Хэргийн үйлдэл, аргачлалын талаар мэдээлэл өгөх үүрэг хүлээхгүй. Зарим зүйл дээр хуулиар хязгаарлагдсан байгаа тул хариулах боломжгүй байна. 

-Хөгжлийн банктай холбоотой хэрэг юу болсон бэ?

-Хөгжлийн банктай холбоотой 20 орчим дугаар бүхий хэрэг шалгагдаад прокурорт шилжсэн. Шүүхэд шалгагдаж байгаа.

-Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Салхитын мөнгөний ордны тусгай зөвшөөрөлтэй холбоотой 1.3 сая ам.доллар хураагдсан хэргийг мөрдөн шалгаж байна. Цар хүрээ нь өргөн, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон төрийн албан тушаалтанд их хэмжээний хээл хахууль өгөхийг завдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Сэжиглэгдэн шалгагдсан хүмүүсийг гэм буруутай эсэхийг тогтоох ажил хийгдэж буй. Цагдан хоригдсон хүмүүст шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. 

-Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг мөрдөн шалгаж байгаа юу? 

-Бусдаас 4 сая ам.доллар авсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Нийтэд энэ талаар мэдээлэл түгээсэн хүн нь гадаадад гарсан тул уулзаагүй байгаа. Хэрэгтэй холбоотой бусад нотлох баримтуудыг шалгаад явж байгаа.

-БОАЖЯ-ны газрын дарга Нямдавааг шалгаж байгаа нь үнэн үү?

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хариуцаж байсан албан тушаалтнуудыг мөрдөн шалгаж байгаа. Цэвэр агаар сантай холбоотойгоор мөрдөн шалгах ажил дөнгөж эхлээд явж байгаа тул хэдэн албан тушаалтан гэсэн тоог одоогоор хэлэх  боломжгүй байна. Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Цагдаагийн байгууллагатай хамтарсан Ажлын хэсэг байгуулсан. Сангийн зарцуулалтын талаарх мэдээллийг дараагийн хурлаар илүү тодорхой өгөх боломжтой болох байх. 

-60 тэрбумын хэрэгтэй холбоотой мэдээлэл өгөхгүй юу?

-60 тэрбум төгрөгөөр төрийн албыг арилжсан гэсэн хэрэг хоёр жил яригдаж байна. 2017 оны долоодугаар сард эрүүгийн хэрэг үүсгээд Тагнуулын ерөнхий газар, АТГ, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба хамтарсан Ажлын хэсэг гаргаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Ингээд тухайн яриа болжээ гэдгийг тогтоосон. Харин хэрэгжсэн үү, үгүй юу гэдэг нь асуудал дагуулж байгаа. Тагнуулын ЕГ-аас энэ схем хэрэгжсэн талаар мэдээ мэдээлэл авлаа,  хэргийг сэргээн шалгах шаардлагатай гэсэн. Улсын ерөнхий прокурор Д.Баярмагнай 60 тэрбумын хэргийг сэргээгээд мөрдөн шалгах шаардлагатай гэсэн тушаал ирүүлсэн. Мөн өмнөх баг ажиллах тухай заасан ч тухайн үед ажиллаж байсан цөөн хэдэн хүний албан тушаал өөрчлөгдсөн тул зарим нэг хүний өөрчлөлт оруулаад мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Тагнуулынхан өөрсдөө бас шалгаж байгаа. Өмнөх бүх ажлын хэсэг ажиллаж байна. 

-Т.Бадамжунайг 60 тэрбум төгрөгтэй холбоотойгоор шалгах гэж дуудсан боловч хилээр гараад явсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэлхгүй юу?

-Т.Бадамжунайг дуудаад хилээр гарсан гэсэн асуудал байхгүй.

-Төмөр замын хэрэг дээр тайлбар өгөхгүй юу. Дээд шүүхээс хэргийг шийдсэн байсан. Ингээд дуусгаж байгаа юм уу?

-Төмөр замын хэрэг дээр залилангийн гэмт хэрэг үйлдсэн гадаад улсын иргэнтэй холбоотой хэргийг шийдсэн байгаа. Зарим шаардлагатай гэрчүүд гадаадад гарсан тул эрэн сурвалжижл байгаа. Хэргийг хэрэгсэхгүй болгосон зүйл байхгүй. 

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг телевизээр “Ачит Эх” гэдэг компанийн талаар ярьсан. Энэ талаар та бүхэн шалгасан уу. Энэ олон хэргийг шалгаж байгаа гээд олигтой хариу өгөхгүй юм. Зарим нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш шалгаж байгаа гээд чимээгүй.

-Төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгана гэдэг, ялангуяа авлигатай холбоотой асуудлыг богино хугацаанд шийдээд шалгачих боломжгүй. Төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд ихэнх нь бүрэн эрхтэй, халдашгүй дархан эрхтэй. Мөн олон хүний оролцоотой үйлдэгддэг, нарийн зохион байгуулалттай тул цаг хугацаа авч байна.

Бид мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байгаа. Прокуророос өдөр бүр хяналт тавьж байгаа. 

Эх сурвалж: IKON.MN                    ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598583
0 эможи

keyboard_arrow_up