Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Х.Баатархүү: ШХАБ улс төрийн индэр байж мэдэх ч эдийн засгийн интеграци болохгүй

2019 оны 6 сарын 27

Arslan.mn

Ерөнхийлөгч Киргизэд айлчлах үеэрээ ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцоод ирэв. Мөн энэ жил Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болохтой холбоотойгоор Хятад судлаач Х.Баатархүүтэй ярилцлаа.

-Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг нэлээд өргөн хүрээнд тэмдэглэх төлөвтэй. Ерөнхийлөгч Хятадад анхны Төрийн айлчлалаа хийсэн. Судлаач хүний хувьд айлчлалын үр дүнг хэрхэн хардаг вэ?

-Төрийн тэргүүний айлчлал нэлээд хүлээлттэй байсны эцэст гурван жилийн дараа Ерөнхийлөгч айлчиллаа. 70 жилийн ойн хүрээнд 70 ажил хийхээр хоёр талаас тохирсон. Тэр дунд соёл, хүмүүнлэг, улс төрөөс гадна эдийн засгийн хувьд урд нь хийж байсан ажлуудаа албажуулах юм билээ.

Төрийн тэргүүний айлчлалын үеэр эдийн засаг, улс төр, соёлын найман баримт бичигт гарын үсэг зурсан. Нэлээд томоохон нь гэвэл Бөөрөлжүүтийн цахилгаан станц, эрчим хүчний төслүүд гээд эдийн засгийн бодит үр хүрэхүйц төслүүд бараг 50 хувь нь бий.

2014 оны  Ши Жиньпин даргын айлчлалын үеэр яригдсан хойд тэнгисийн боомтуудаас “Cao Feidian” боомтыг сонгож Ерөнхийлөгч очиж танилцсан. Энэ нь зөвхөн Тяньжины ачааллыг бууруулаад зогсохгүй зүүн талын долоон боомтоос томоороо гуравт ордог боомт юм.Гэхдээ нүүрсний бизнес эрхэлдэг хүмүүс тэр боомтыг сонгохгүй байгаа нь анзаарагддаг. 

Айлчлалын дараа гэхэд “Эрдэнэс Тавантолгойг”-оос туршилтын журмаар нүүрс худалдаж авах Хятадын хамгийн том коксжих нүүрсний импортлогч компани Монголын сонгосон биш өөр боомтыг сонгох санал тавьж, гэрээ хэлцэл хийж байгаа юм билээ.

Энэ жилийн хувьд хоёр орны хувьд эдийн засгийн томоохон ажлууд хийгдэж байгаа нь шинэ нисэх буудлын хурдны замыг нээхээс гадна төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил албан ёсоор эхэлнэ. Зургаадугаар сарын эхээр Хятадын худалдааны сайдтай  манай ХХААХҮ-ийн сайд Замын-Үүд Эрээний Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс гэсэн баримт бичигт гарын үсэг зурлаа. 

Хоёр, гурван жил чөлөөт бүс гэж ярьсан бол энэ жилээс  эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болж өөрчлөгдлөө. Хэрэв эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс нээгдчих юм бол зөвхөн худалдаа биш энэ бүсэд хөрөнгө оруулалт нэмэгдэх болов уу. Уг нь чөлөөт бүсээр нь үргэлжлүүлсэн бол хоёр орны хувьд нэлээд үр дүнтэй байх байсан. Гэхдээ хамтын ажиллагааны бүс нь худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс зэргээр ангилал статус нэмээд явах боломжтой.

-Хоёр улсын харилцаанд “Бүс ба Зам” санаачлага том байр суурь эзэлдэг ч эдийн засгийн бодит үр дүн тааруухан гэх шүүмжлэл гардаг?

-“Бүс ба Зам”-ын хүрээнд Монгол, Оросын эдийн засгийн коридорын дагуу 32 төсөл хэрэгжүүлэхээр жагсааж бичсэн. Дөрвөн жилийн хугацаанд яг хэрэгжиж бодит үр дүнд хүрсэн нь тааруу гэсэн шүүмжлэлтэй судлаачийн хувьд санал нэгдэнэ.  Гэвч 32 төслийг бүгдийг нь хэрэгжүүлж чадахгүй ч гэсэн бараг тал хувь нь Монголын талаас шалтгаалж удааширч байна гэж хэлж болно.

”Бүс ба Зам”-ын хүрээнд хамгийн боломжтой буюу манайхаас шалтгаалж болох зүйл гэвэл  Алтанбулаг Замын-Үүдийн төмөр замыг хос шугамтай болгох,олон улсын тээврийн хурдны автозамыг барих ажлууд хийгдэж болохуйц байлаа. Дээрээс нь бараг 20 гаруй жил яригдаад сүүлийн хоёр жил идэвхжиж байгаа хийн хоолойг Монголоор дамжуулах зэргээр манайхаас хүчин чармайлт гаргасан бол хэрэгжих бүрэн боломжтой төсөл цөөнгүй бий. 

Гэтэл Монголын талаас ТЭЗҮ, холбогдох зөвшөөрөл нь гараагүйгээс хойшилдог юм билээ. 32 төслөө эрэмбэлэх юм бол энэ шалтгаанаар 50 хувь нь удааширч байна. Үлдсэн нь хөрөнгө оруулалт, эрчим хүчний өгөгдөл зэргээр 2-3 талаас шалтгаалж байгаа зүйл бий. Гэхдээ бурууг гаднаас биш дотроосоо хайх ёстой.

“Бүс ба Зам”-аас эдийн засгийн ашиг хүртье гэж бодож байгаа бол бодлого шийдвэр нь тууштай, бэлэн цаастай байх ёстой. Улс төрийн яриа хэлэлцээ сайн хийж чаддаг бол Эгийн голын усан цахилгаан станцаа барих боломжтой. Хөрөнгө оруулалт Хятадаас шийдэгдчихсэн, гэрээ байгуулаад ажил нь эхэлчихсэн байсан. Гэтэл улс төрийн яриа хэлэлцээ дутсан.

“Бүс ба Зам”-ын хүрээнд хөрөнгө оруулдаг хоёр үндсэн механизм байдаг. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, нөгөөдөх нь Торгоны зам сан байна. Энэ хоёр санхүүжүүлэгч дээр ямар цаас авч очих вэ гэдэг хүндрэлтэй болж байна.

-Удааширч байгаа шалтгаан нь юу вэ. Тухайлбал, Монголын талаас хүчин чармайлт гаргасан бол хэрэгжих боломжтой тоочны ямар төслүүд байна вэ?

-Монголын төрийн хүнд суртал их байгаагаас гадна хэрэгжих боломжгүй, эдийн засгийн тооцоолол тааруу төслүүдээ  гаргаж тавьдаг. Тухайлбал, Орос Хятадыг холбосон автозамын болон төмөр замын шугамыг хамгийн боломжит бага хөрөнгө оруулалтаар шийдэж болох байсан. Үүнд хүчин чармайлт гаргаж одоогийнхыг хос шугам болгох юмуу ТЭЗҮ-гээ бэлэн болгочихоод Азийн хөрөнгө оруулалтын банкинд хандаж болно. Гэтэл бэлэн ТЭЗҮ өнөөг хүртэл байхгүй. 

Улаанбаатар төмөр замын ачаа эргэлт жилийн 23-24 сая байхад бусад шугамуудынх нь ачааллаа дийлэхгүй байна. Тэр бэлэн ачааг авах юм бол тээвэр ложистикоос маш их мөнгө олох боломжтой. Энэ мэтээр төмөр зам дээр гэхэд хөрөнгө оруулагчдад бэлэн бичиг баримтаа барьж очоод яриа хэлцэл хийж чадахгүй л байна. Үнэхээр сайн ТЭЗҮ бэлэн байвал дэлхийн хаана ч хөрөнгө оруулагчид байж л байна.

Алтанбулаг Замын-Үүдийн хурдны замын төслийн ТЭЗҮ бэлэн болчихсон байсан. Гэтэл Засгийн газраас хоёр удаа цуцалж шүүхдээд сая гурав дахиа цуцалчихлаа.
 Бүтэн нэг фургон цаасыг хүчингүй болгосон гэсэн. Засгийн газрын энэ шийдвэр хөрөнгө оруулагчдад сайн мессеж болохгүй. Үүнээс болж автозамын төсөлд хөрөнгө оруулахаар сонирхож байсан хүмүүс эргэлзэж эхэлнэ.

Түүнчлэн дахиад концессын төсөлд оруулах зэргээр цаг хугацаа алдана. Мөн дараагийн хөрөнгө оруулагч өмнөх ТЭЗҮ-г зөвшөөрөх үү үгүй юу гээд асуудал гарч ирнэ. Улс төр гэхээс илүү хөрөнгө оруулалт татах гэж байгаа хүмүүсийн холыг харсан бодлого дутмаг байна уу гэж харсан.

– Энэ сарын дундуур Бишкект болсон ШХАБ-ын хурлын гол үр дүнг судлаачид хэрхэн дүгнэж байна вэ.  Улс орнуудын төрийн тэргүүнүүд ШХАБ-ын  индрийг хэрхэн ашиглав? 

-Гадны судлаачдын тоймлож буйгаар энэ удаагийн хурлаар нэг зүйл дээр гишүүн орнууд санал нэгдсэн гэж хэлж болно. Терроризм, үндэсний салан тусгаарлагч, шашны хэт даврагчидтай тэмцэхэд найман гишүүн анх удаа  санал нэгдэхээр боллоо.  Мөн хурлын зургаан онцлогийг гаднын хэвлэлүүд тоймлож байна. ШХАБ-ын гишүүн орнууд Бишкекийн тунхаглал гаргасан. 

Мөн хоорондын бараа бүтээгдэхүүний урсгалыг нэмэгдүүлэх, ШХАБ-ын ажиглагч орон Афганистанд энх тайвныг тогтоох тусгайлан ажлын хэсэг гаргахаар ярилцсан байна.  Түүнчлэн сүүлийн жилүүдэд ШХАБ-ын газрын зураг томорч, дотоод балансад өөрчлөлт орсон учраас гишүүн орнуудын дотоод хэрэгт бүдүүлгээр халдахгүй гэсэн байр сууриа нотолж, зэвсэглэлээр хөөцөлдөхийг зогсооход санал нэгдэцгээсэн байна.

Улс орнуудын төрийн тэргүүн нар өндөр оролцоо, ач холбогдолтой оролцлоо. ОХУ дараа жил ШХАБ-ын хурлыг агуу Эх орны дайны 75 жилийн ойтой хамтатган зохион байгуулахаа мэдэгдлээ. Энэ үеэр Орос, Хятадын удирдагчид гадаад харилцааны статусаа өөрчилж “Шинэ эрин дэх Орос, Хятадын иж бүрэн стратегийн харилцан хамтын ажиллагааны харилцан итгэлцсэн түнш” гэж зарлалаа. 

Узбек, Киргизийн хувьд Хятадын Шинжааны галт тэрэг шууд Европ руу явж байгааг өөрсдийн улс орон руу явуулахад төмөр замын хөрөнгө оруулалт татах хүсэлт тавьсан бол Энэтхэгийн Ерөнхий сайд эх орондоо дэлхийн терроризмын эсрэг их хурлыг зохион байгуулах санал гаргасан. Пакистан улс тодорхой байр суурь илэрхийлсэнгүй төвийг сахилаа гэдгийг дэлхийн хэвлэлүүд онцолж байна.

Ажиглагч орон болох Иран ШХАБ-ын индэрийг ашиглаж Америкийг шүүмжилсэн нь анхаарлын төвд байлаа. Хурлын хүндтэй, сонирхолтой зочин бол тангараа өргөөд удаагүй Казакстаны ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков байлаа. Тэрээр ШХАБ-ын хувьд эхнээс нь өндөр оролцоотой явдаг ховор лидэр гэж үнэлэгддэг.

– Ерөнхийлөгч Киргизэд айлчлахдаа ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд үг хэллээ. Харин манай улс ШХАБ-ын индэрийг хэрхэн ашиглав? 

-Монголоос маш өргөн 120 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон юм билээ. Киргизэд амжуулах ажил ч байсан байх. Манай өмнөх Ерөнхийлөгчид нэлээд дипломат байдлаар оролцдог байсан бол Х.Баттулга Ерөнхийлөгч нэлээд тоочны саналууд хэллээ.  ШХАБ-ын яриа хэлэлцээний механизмыг эдийн засагжуулья, энэ чиглэлээр гишүүн орнуудын хамтын ажиллагааны үр дүн тааруу байгааг шууд илэрхийлсэн байна лээ.

Өнгөрсөн жил ШХАБ таван жилийн төлөвлөгөөгөө баталсан. Саяын хурлаар үр дүнгээ хэлэлцсэн байх. Одоогоор нийтэд мэдээлэл ил болоогүй байна. Энэ удаагийн хурлыг зохион байгуулагч орон аюулгүй байдалд маш их анхаарч, цэрэг цагдаагийн өндөр хамгаалалт гаргасан, нислэгийн ачаалал гээд хүндрэлтэй зүйлс их байснаас гадна иргэд нь төдийлөн таатай хандаагүй гэсэн мэдээлэл гарч байна.

-Дотоодод ШХАБ-д элсэх үгүй дээр хуваагдалтай байна. Магадгүй гаднаас маш их шахалт дарамт ирж байна гэх хардлага ч байдаг?

-ШХАБ-ыг улс төр, цэрэг, эдийн засаг, соёл гэсэн дөрвөн том блокт хуваагаад үзвэл цэрэг, батлан хамгаалахын хамтын ажиллагаа буюу терроризм хорлон сүйтгэгчтэй тэмцэх ажиллагаа хүчтэй явдаг. 

ШХАБ байгуулагдсан 18 жилийн хугацаанд гишүүн орнууд харилцан мэдээллээ солилцож 500 гаруй хорлон сүйтгэгч, 600 орчим терроризмын гишүүнийг барьсан гэдэг. Энэ талаас нь харвал сайн ажиллаж байхыг үгүйсгэхгүй. Харин эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд үнэхээр хангалтгүй. 2003 оноос эхлээд гишүүн найман орон 100 тэрбум ам.долларын өртөг бүхий 100 төсөл хэрэгжүүлэхээр гарын үсэг зурсан ч хэрэгжилт  маш тааруу. 

Манай улсын хувьд ШХАБ-ыг эдийн засгийн үр дүнд хүрэх эсвэл том  донор  гэж харалгүйгээр яриа хэлэлцээний индэр, боломж гэж үзэж элсэх дээрээ тулбал илүү их эдийн засагт ойрхон байгаа АПЕК, АСЕМ-д элсэхэд дэмжлэг хүсч болно. Энэ хоёр байгууллагад элсэх гэж бараг 20 жил хөөцөлдөж байна. Тэгэхгүйгээр зөвхөн ШХАБ-ыг том банкир, донор гэж үзээд үр дүнд хүрэхгүй.

Одоогоор ШХАБ-д найман гишүүн, дөрвөн ажиглагч, зургаан яриа хэлэлцээний түнш, дөрвөн зочин оролцогч гэсэн 22 субьект оролцож байна. Балба, Ирак, Катар, Шриланк, Сири зэрэг орон ажиглагчаар элсэх хүсэлт тавиад явж байна.

ШХАБ бол Орос, Хятадыг дагасан АНУ-ыг эсэргүүцдэг блок гэсэн ойлголт шүүмжлэл байдаг. Гэтэл дундад Азийн орнуудад АНУ-ын цэргийн бааз бий. ШХАБ-ын гишүүн орнуудаас Афганистан, Киргиз, Узбекстан зэрэг орнууд АНУ-тай батлан хамгаалах, цэрэг, терроризмын чиглэлээр маш сайн харилцаатай. Зөвхөн АНУ-ын эсрэг Азийн НАТО эсвэл зөвхөн цэрэг дайны эвсэл  гэж үзэх нь өрөөсгөл мэт. Харин ШХАБ нь ялангуяа манай улсын хувьд улс төрийн яриа хэлэлцээний боломжит индэр байж мэднэ. Тиймээс ямар ч байсан ойрын 5-10 жилдээ элсэхээ азнах хэрэгтэй болов уу.

Улс төр болоод нийт иргэдийн түвшинд ойлголцолд хүрэх шаардлагатай. Мөн ШХАБ-ын дүрмийг ил болгож бүрэн судалсан зүйл алга. ШХАБ байгуулагдахдаа л Туркменистанд  санал тавьсан ч арваад жил элсээгүй л байна. Тиймээс манай улс орох хаалга нь нээлттэй ч гарах хаалгаа олчихоод элсэх нь зөв байх.

-ШХАБ хэзээ эдийн засгийн интеграци болох вэ. Ийм дүр зураг харагдаж байна уу. АПЕК гишүүн элсүүлэхгүй байгаа, АСЕМ бол зөвхөн дээд хэмжээний уулзалт гэсэн саналыг судлаачид хэлдэг?

-ШХАБ-ын эдийн засгийн бодит үр дүн муу, гэрээний хэрэгжилт тааруу, улс орнуудын харилцан итгэлцэл сул гэдгийг судлаачид  хөндөж байна. Гишүүн орнууд нь хүртэл том жижиг маргаан зөрчилдөөнтэй байгааг хэлдэг. 

Тухайлбал, Орост Америкийн эдийн засгийн хориг арга хэмжээний шахалт ирэхэд ШХАБ албан ёсны байр суурь илэрхийлж дэмжээгүй нь Путин Ерөнхийлөгчийн итгэл найдварыг алдсан гэдгийг Японы судлаач гаргаж тавьсан байна лээ. Монгол дээр жишиж үзвэл манай улс аль нэг улс оронтой харилцааны асуудал үүсэхэд ямар нэг дэмжлэг үзүүлэхгүй байх магадлалтай гэсэн дүр зураг харагдаж байна.

Миний бодлоор ШХАБ ямар нэг эдийн засгийн томоохон интеграци болохгүй. Харин алсдаа манай улсад ашигтай улс төрийн яриа хэлэлцээний индэр байж болох талтай. Дэлхийн тэнцвэрийн харьцаа маш хурдан өөрчлөгдөж байгаа учраас таван жилээр харах боломжгүй болж байна. Тиймээс ШХАБ-ыг улс төрийн индэр гэж харахаас биш эдийн засгийн интеграци болохгүй.

Угаасаа анх ЗХУ, Оросын хилийн маргааныг эв найртайгаар шийдвэрлэхийн тулд Шанхайн тав гэсэн бүлэглэл байгуулагдаж байсан. Гишүүн орнууд зөрчилдөөнтэй харилцан итгэлцэл дутмаг байгаа учраас эдийн засаг талаасаа урагшлахгүй байна гэсэн дүр зураг ажиглагдаж байна. Тухайлбал, “ШХАБ, Бүс ба Зам” хоёрт эдийн засгийн хувьд ямар ялгаа байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг улс хоёр бодлого явуулах боломжгүй. “Бүс ба Зам”-ыг худалдаа, стратегийн бодлого гэж үзэж болох ч ШХАБ тийм биш. 

ШХАБ-ын хүрээнд ойрын 15 жилд хэрэгжсэн эдийн засгийн төсөл байхгүй. Цаашид ч гэсэн хийе гэсэн, хэрэгжүүлэхээр шав тавьсан зүйл алга. Банк, хөрөнгө оруулалтын сан байгуулах ажлууд бүгд хэрэгжээгүй. Харин манай улс “Бүс ба Зам”-ын түнш орон учраас энэ хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагаагаа хэрэгжүүлээд явах боломжтой.

-ШХАБ-д элслээ гэхэд хатуу дүрэм дагах, хоёр хөршөөс шахалт ирэх зэргээр манайд ямар нэг сөрөг үр дагавар гарах уу?

-Цаасан дээр бичсэнээр бол гарах нь нээлттэй. Харин бодит байдалд тооцоолшгүй олон хүндрэл гарах юм билээ. Тиймээс бичиг баримтыг иж бүрнээр нь авч орчуулж үзэх шаардлагатай. Нэлээд нухацтай хандаж Их хурлаар хэлэлцүүлж байж шийдэх хэрэгтэй. Зөвхөн Ерөнхийлөгч, Гадаад харилцааны яам шийдэх боломжгүй.

Манайх олон талт, төвийг сахисан, 2000 оноос гуравдагч хөрш рүү хандаж байснаа сүүлд төвийг сахисан зэргээр 30 жилд гадаад бодлогоо 2-3 удаа өөрчилсөн. Эндээс харвал төвийг сахисан улс хэрнээ шууд ШХАБ-д элсэхээр  уламжлалт харилцаатай Америк, Солонгос, Япон хэрхэн хүлээж авах гээд олон талаас нь судалж, гарах үр дагавруудыг сайн тооцоолох хэрэгтэй. ШХАБ-д элсчихээд гарахад ч гишүүн орнуудын зүгээс хүндрэлтэй байж мэднэ.

C.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605286
0 эможи

keyboard_arrow_up