Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Хоёр Солонгосыг холбох гол тоглогч нь Монгол гэдгийг Жон Болтоны айлчлал харуулж байна”

2019 оны 7 сарын 02

Arslan.mn

Цэрэг, батлан хамгаалахын асуудлаар Д.Трамптай шууд санал солилцдог өвөрмөц зочин манай улсад гэнэт хүрч ирсэн нь санаандгүй зүйл биш гэж судлаачид дүгнэж байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх гэдэг бол  дайнч Ерөнхийлөгчийн хувьд улсынхаа хоёрдугаарт, энхтайванч Ерөнхийлөгчийн хувьд гуравдугаарт эрэмбэлэгддэг хүн гэж судлаачид тайлбарладаг. Тэгвэл энэ зэргийн албан тушаал, эрх мэдэлтэй хүн хэл чимээ өгөлгүй гэнэт Монголд айлчилж Төрийн гурван өндөрлөгтэй уулзсан нь санаандгүй зүйл биш бололтой.

Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Жон Болтон өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай уулзалт хийлээ. Энэ удаагийн айлчлалаа Жон Болтон хоёр орны эдийн засаг, цэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж гэж тайлбарласан ч түүний айлчлалын цаад зорилго юу байв гэдгийг тоймчид арай өөрөөр тайлбарлаж  байна. Жон Болтоны гэнэтийн айлчлалын зорилгыг саяхан дэлхий дахиныг цочроосон томоохон үйл явдлын мөрөөр тодорхой гарц хайж буй явдал гэж олон улсын тоймчид таамаглаж байна. Урьдчилан яригдаагүй гэнэтийн айлчлалыг хэн дэмжиж, хөшигний цаана чухам юу ярив.

Жон Болтоны айлчлалыг саяхан дэлхий дахинд дуулиан дэгдээсэн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын үйлдэлтэй холболоо. Тэрээр хойд Солонгосын нутаг дэвсгэрт хөл тавьсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болоод буй. Д.Трампын энэ үйлдэлтэй холбоотойгоор хоёр Солонгосыг холбох гол зуучлагч нь Монгол гэж үзэж Жон Болтон манайд ирсэн. Харин удаах нь ШХАБ-ын хүрээнд Монголыг хоёр хөршөөс холдуулах зорилготой байж мэднэ гэх таамаг ч байна.

Бид энэ талаар олон улсын тоймч Ш.Гантулгын байр суурийг сонирхоход “АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх Монголд ирсэн нь саяхан дэлхий дахинд болсон маш том үйл явдалтай холбоотой. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хойд Солонгосын нутаг дэвсгэр дээр хөл тавьсан  явдалд тус улсын хэвлэлүүд балмагдчихаад байна. Солонгосын талаар хамгийн сайн мэдээлэлтэй байдаг эксперт Андрей Ланковын хэлснээр энэхүү уулзалтыг урьдчилан бэлтгэсэн нь тодорхой. Хойд Солонгосын их удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын уулзалт дэлхий даяар шуугиан дэгдээсэн. АНУ-ын Ерөнхийлөгч анх удаагаа 38 дугаар өргөрөгийн хилийг давж гарлаа. Гэхдээ уулзалт ямар ч тодорхой үр дүнд хүрэхгүй хэрнээ шахалт шаардлага их болж  байна гэсэн үг. Тиймээс Жон Болтон айлчилж байгаа нь  Монгол Улс бол хоёр Солонгосыг зуучилж чадах маш чухал тоглогч байсаар ирсэнтэй холбоотой. Ийм ч учраас Солонгосын талаар ямар нэг зүйл хэлэлцэх болгонд Монгол гэдэг нэр үргэлж дагалддаг.

Өнгөрсөн хоёрдугаар сард Ханойд болсон уулзалтад хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийнхөө хуягласан галт тэргээр 5000 гаруй км замыг туулж очсон.  Ким Жон Уны галт тэргээр очиж болох бас нэгэн аюулгүй, найдвартай газар нь яах аргагүй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот юм. Иймээс маш чухал гэрээ хэлэлцээнд Монгол Улс зуучлах боломжтойг Жон Болтоны айлчлал харуулж байна.

Мөн ШХАБ-тай холбоотой бас нэгэн зорилгыг өвөрлөж ирсэн байж магадгүй. Гэхдээ одоохондоо АНУ-ын засаг захиргааны хувьд Солонгосын асуудал ШХАБ-аас арав дахин чухал гэж хэлж болно. Д.Трамп 38 дугаар өргөрөгийн хилийг давж хойд Солонгосын нутаг дэвсгэрт хөл тавьсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болоогүй бол  Жон Болтон гэнэт Монголд хүрч ирэхгүй.  Энэ айлчлал манай дипломат ажилтнуудыг жаахан ч гэсэн ухаан оруулах ёстой. Монголын дипломат ажилтнууд гуравдагч хөршийн бодлогыг баримтлахдаа Монголын хувьд хамгийн чухал нь Европ юм уу Америкт  айлчлах явдал гэж үздэг. Гэтэл дипломат бодлогын хамгийн чухал  талбар нь Солонгосын хойг юм. Монголчуудад тэнд очих боломж бий. Солонгос бол Монголын хувьд олон улсын харилцааны маш чухал түлхүүр гэдгийг ойлгож, боломжийг ашиглах хэрэгтэй” гэлээ.

C.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
605468
2 эможи

Зочин
2019-07-02 10:31
сонирхолтой
keyboard_arrow_up