Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Гомбожав: Ард нийтийн хэлэлцүүлэг бус ард нийтийн санал асуулга явуулах гэж байгаа нь хууль зөрчиж байна

2019 оны 9 сарын 17

Arslan.mn

Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч, АИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожавтай ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг өндөрлөж, Ард нийтийн санал асуулга явуулахаар болж байна. Таны хувьд энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд ямар байр суурьтай байгаа вэ?

-“Өдрийн сонин”-ы сэтгүүлч надтай ярилцлага хийж байгаад баяртай байна. Танай сонинд ярилцлага өгөөгүй багагүй хугацаа болсон байна шүү. Миний хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх нь зөв гэж бодож байгаа. Гэхдээ одоогийн Улсын Их Хурлаар хэлэлцээд гарч байгаа нэмэлт, өөрчлөлт миний болоод миний эргэн тойрны хүмүүсийн хэрэгцээ, шаардлагыг хангахгүй байна. Би анхнаас нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг буруу шийдвэрлэж байна, хууль зөрчөөд байна гэдгийг хэлсэн.

-Хэрхэн зөрчиж байна вэ?

-Үндсэн хуулийн зургадугаар бүлгийн 68.1-т “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн Цэц Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно. Тэгэхээр Ерөнхийлөгч, УИХ гишүүн, Засгийн газар Үндсэн хуулийн төсөл санаачлаад түүнийгээ шууд УИХ-д өргөн барих ёсгүй. Эхлээд Цэцэд өгөх ёстой байдаг. Манаачид нь хэлэхгүйгээр хулгай хийж болохгүй. Ямар өөрчлөлт оруулах гэж байгаагаа манаач нь болох Цэцэд хэлнэ. Цэц юу гэж хэлнэ түүгээр нь шийднэ гэсэн заалт байдаг. Энэ удаад 62 гишүүн төслөө эхлээд УИХ-ын даргад өргөн барьсан. Харин 14:00 цагт Цэцийн даргад төслөө өргөн барьсан.

Цэц үүний хариуг зургадугаар сарын 13-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн. Тэр бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрх бүхий байгууллага. Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн гэж заасан бөгөөд Үндсэн хуулийн Цэц эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхгүй болно. Монгол улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц суурь үзэл баримтлалын агуулгад бүрнээр нийцсэн байвал зохино” гэжээ. Үүнээс хоёр санаа гарч байгаа юм. Нэгдүгээрт, энэ удаагийн төсөл Үндсэн хуулийн үндсэн суурь үзэл баримтлалд нийцээгүй төсөл байна. Тиймээс бид үүнийг өргөн барихгүй гэж. Нэгэнт Цэц ингээд шийдчихсэн байгаа нөхцөлд УИХ хэлэлцүүлгийг явуулах ёсгүй. Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулбал заавал Ард нийтийн санал асуулга явуулах ёстой. Иймд УИХ-ын гишүүд Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах эсэхээрээ заавал ард нийтээсээ санал асуулга авах ёстой юм. Түүнийхээ дарааагаар төслөө боловсруулах учиртай. Бид 1992 оны Үндсэн хуулийг хийхдээ эхлээд Ерөнхийлөгчөөр удирдуулсан Үндсэн хууль боловсруулах ажлын хэсэг томилсон. Дараа нь Улсын Бага хурлын хоёр удаагийн хэлэлцүүлэг хийсэн. Ард нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан гэсэн үг. Цэц энэхүү төслийг болно гэж үзсэн бол ард нийтийн хэлэлцүүлэгт оруулах ёстой. Гэтэл одоо ард нийтийн хэлэлцүүлэг бус ард нийтийн санал асуулга явуулах гэж байна. Энэ нь ард нийтийн асуулгын тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг болно. Учир нь ард нийтийн санал асуулга явуулаад үүнийг сонгогчид дэмжсэн бол эргээд түүнийг УИХ хэлэлцэх боломжгүй.Түүнийг батлагдсанд тооцно. Хэрвээ түүнийг дэмжээгүй бол хүчингүй болдог. Ард нийтийн санал асуулгын хуулинд эдгээр зүйлсийг маш нарийн зааж өгсөн. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4.3-т Ард нийтийн санал асуулгыг нэг удаад гурваас доошгүй асуудлаар явуулах бөгөөд санал асуулга явуулах асуултын тоо, агуулгыг УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Гэтэл уг хуулийг мөн зөрчиж байна. Гурваас доошгүй асуудлаар л санал асуулга явуул гэж заасан байхад 35 зүйлтэй төслөөр санал асууулга явуулах гэж байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр санал асуулга явуулахдаа дэмжинэ, дэмжихгүй л гэж асуух ёстой юм биш үү?

-Дэмжсэн, дэмжээгүй гэж асуух ёсгүй. Агуулгаар нь л асуух ёстой. 35 зүйлтэй төсөлд зарим хүний дэмжиж байгаа заалт ч байна. Дэмжихгүй заалт ч бий. Би УИХ-ын баталсан тогтоолыг уншсан. Түүнд хоёр зүйлийг хамтатгаад хийчихэж. Ард нийтийн санал асуулга явуулах, нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай гэсэн гарчигтай байна. Энэ бол тус тусдаа асуудал. Хэрвээ нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталчих юм бол Ард нийтийн санал асуулга хийх ямар хэрэг байна вэ. УИХ-ын шийдвэр эцсийн байдлаар гарчихаж байгаа биз дээ. Энэ мэт асуудлуудаас үүдэн бид 62 гишүүнийг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн. Цэц шударга ажилладаг бол дүгнэлт гаргах ёстой. Харамсалтай нь УИХ-ын зарим удирдлага Цэцтэй тохиролцоод маргаан үүсээд байгаа асуудлыг гурван сар гаруй хугацаанд дарж байна. Ийм байж болохгүй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс онцолж хэлэх заалтууд нь юу байна вэ?

-Үндсэн хууль байтугай аливаа хуулийг хийхдээ ард түмнээ хуурах зорилгоор хийдэггүй. Жишээ нь, УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоовол эгүүлэн татна гэсэн байна Энэ одоо ч хуулинд байгаа. Шүүх тогтооно гэдэг чинь шүүхийн шийдвэр гарсан хойно гэсэн үг. Гишүүнийг шалгахдаа бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд шалгах ёстой. Гэтэл түдгэлзүүлэх хууль байхгүй. Тэд хууль зөрчөөд Халдашгүй байдлын дэд хороог байгуулсан. Тэр нь парламентад хамгийн олон жил суусан дөрөв, таван хүний бүрэлдэхүүнтэй. Тэд УИХ-ын халдашгүй дархан байдлыг хангана гэж байгаа ч гишүүдэд ял завших боломжийг хуулиар олгож байна. Шалгах боломжийг нь олгодоггүй, шалгачихаад шүүх рүү шилжүүлье гэхээр өгдөггүй. Өнөөдрийн байдлаар 75 гишүүдийн 50-иад нь асуудалтай байна. Хэрвээ өөрчлөх байсан бол УИХ-ын гишүүнийг шалгах эрх нь нээлттэй байх байсан. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. УИХ-ын гишүүн байлаа гээд халдашгүй дархан эрхтэй байж болохгүй. Би УИХ, Засгийн газрын удирдлага бүрдэхэд “Та нар Халдашгүй байдлын дэд хороогоо хүчингүй болго. Жирийн иргэдээс өөр эрх ямба эдэлж, хууль зөрчиж байна” гэдгийг тодорхой хэлсэн.

-Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт өнөөгийн нөхцөл байдлыг дээрдүүлж, хэдэн алхам урагшлах боломжийг олгож чадах уу?

-Энэ төслийн цөөнгүй заалт төрийн дээр нам гарахад чиглэгдсэн. УИХ-ын гишүүн хэлэлцэж байгаа асуудлын талаар илээр гаргана гэж оруулсан нь намын дарга, бүлгийн дарга нарын хараа хяналт дор саналаа өгнө гэсэн үг. Хэрэв эсрэг санал өгвөл намаасаа хөөнө, дараа сонгуульд нэр дэвшүүлэхгүй, албан тушаал өгөхгүй гэх зүйлийг ярина. Ингэхээр УИХ-ын гишүүн ард түмний бус намын төлөөлөл болж хувирч байгаа юм. Ил санал хураалтын хамгийн хортой тал нь энэ. Мөн Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлнэ гэж байна. Энэ нь яамд болоод сайд нарын тухай асуудал биш. Агентлаг, газар хэлтэс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хороо хүртэл эрх баригч нам ажил олгогч болж хувирна. Энэ нь дэвшил бус харин ч ухралт болж байна.Ерөнхий сайд өөрөө Засгийн газраа бүрдүүлэхээр түүний таньдаг, мэддэг хүмүүс л томилогдоно. Аль ч улсад Засгийн газрын гишүүдийг УИХ-ын хяналтад оруулдаг. Ингэснээрээ Ерөнхий сайдад тусалж байгаа хэрэг юм.

-Дордуулсан долоон өөрчлөлтийг эргэн харснаараа ололттой зүйл боллоо гэдгийг хууль санаачлагчид хэлж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Үндсэн хуулийн Цэцээс 2011 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр тогтоол гаргасан байдаг. Тэрхүү тогтоолд “УИХ-ын 1999 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хуралдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгосугай. 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Үндсэн хуулийн бүх заалт хүчинтэй болохыг дурдсугай. Үндсэн хуулийн Цэцийн энэ шийдвэр эцсийнх бөгөөд гармагцаа хүчин төгөлдөр болно” гэжээ. Тэгэхээр тэр долоон заалтыг дахин хэлэлцэх ёсгүй юм. Дээрээс нь хүчингүй болчихсон тэр заалтуудыг 18 жил мөрдөөд явчихсан. Хууль зүй дээлдэг орон мөн л юм бол өнгөрсөн хугацаанд гарсан бүх шийдвэрүүд хүчингүй гэсэн үг. Дээрх дутагдлууд энэ жил дахин давтагдлаа.

-Таныхаар ямар өөрчлөлт хийх ёстой байв?

-Тогтолцооны томоохон өөрчлөлт хийх ёстой байсан. Ардын Их хурал, Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай болох ёстой. Дээр дурдсан алдаа завхралыг арилгахын тулд хоёр танхимтай болж, дээд танхимд нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга Дээд шүүхийн дарга, Улсын Ерөнхий прокурор, ШУА-ийн ерөнхийлөгч, Ерөнхий аудитор зэрэг цөөхөн хүнийг томилдог байх, хариуцлага тооцдог хэрэгтэй. Мөн УИХ-ын гишүүд, Улсын Бага хурлын гишүүдийг эгүүлэн татдаг гэх мэт цөөхөн эрх мэдэлтэй байх ёстой. Мөн Монгол Улсын дунд, урт хугацааны бодлогыг боловсруулдаг байх хэрэгтэй. Би энэ тухай буюу зөвхөн Үндсэн хуулийг гуравдугаар бүлгээр өөрчлөлт хийх төсөл боловсруулаад 2017 онд холбогдох байгууллагуудад өгсөн. Тэд хүлээж авдаггүй. Хүлээгээд авчихаар энэ хүмүүсийн төрийн мөнгийг шамшигдуулдаг, ял завшдаг байдал нь ил болох гээд байгаа хэрэг. Хамгийн сүүлд л гэхэд хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой өөрчлөлт оруулснаар ямар их хүн ял завшив. Тэр бүрт Монголын ард түмэн хохирч байна. Энэ бол дээд хяналтгүй парламент хэрхэн дураараа дургиж болдгийн тод жишээ. Би өөрөө АИХ-ын дарга байсан хүн. Намайг АИХ-ын дарга байх үед Улсын Бага хурал, шүүх, прокурор, Засгийн газар даруулгатай л байсан. Гомбожав ингэж байлаа гэж биеэ магтаж байгаа хэрэг биш. Хоёр танхимтай байхын ач холбогдол нь л энэ.

-Та шинэ Үндсэн хууль баталж явсан хүний нэг. Тухайн үед орхигдуулсан зүйл нь юу байсан бол?

-1992 оны Үндсэн хуульд бид дутуу бодож хийсэн хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, УИХ нь 76 гишүүнтэй, нэг танхимтай байна гэж заасан нь дутагдалтай. Манай улс нэг хүний захиргаадалтын дор 40, 50 явж ирсэн байсан учир түүнээс татгалзаж, 76 гишүүд төрийн эрх мэдлийг тэгш хувааж өгөх нь зүйтэй гэж үзсэн. Тэр утгаараа АИХ-ыг хугацаанаас нь өмнө татан буулгаж байлаа. Гэтэл нэг танхимтай 20 жил болоход хэмжээгүй эрхтэй, хяналтгүй, ард түмний бус, улс төрийн нам, эдийн засгийн бүлэглэлүүдийн төлөөлөл болоод хувирчихсан байна. Тэгэхээр 1992 оны Үндсэн хуульд хамгийн алдаатай, дутуу бодож хийсэн зүйл нь парламентыг нэг танхимтай болгосон явдал. Дэлхийн хөгжсөн улс орнууд бүгд хоёр танхимтай байгаа. Танхимын гишүүдийнх нь тоо манайхаас хавьгүй олон. Манай УИХ-ын гишүүд Герман, Англи, Америк, Японы хуулиуд ийм байдаг гээд ярьдаг. Гэхдээ тэд хоёр танхимын тухай огт ярихгүй байна. Учир нь тэд өөрсдийнхөө дээр ард түмний хяналтын дээд танхимтай байхыг зөвшөөрөхгүй байгаа юм. Энэ нь эх орны баялгийг хэсэг бүлэг нөхдүүд идэж байх зорилготой.

Хоёрдугаарт, бид Үндсэн хуулийн Цэцийг томилох ажлыг дутуу бодож хийсэн. Ерөнхийлөгч, УИХ тус бүр гурав гурвыг, харин үлдсэн гурвыг нь Дээд шүүх санал болгож томилдог. Эдгээр хүмүүс ард түмний нэрийн өмнөөс Үндсэн хууль биелүүлж байна уу гэвэл үгүй. Харин ч Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхэд үйлчилдэг болчихоод байна. Тийм Цэцийг татан буулгаад Дээд шүүхэд харьяалуулах, төрийн засаглалын хэлбэрт хяналт тавьдаг энэ үүргийг дээшлүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүх, прокурор зэрэг нь үндсэн хууль зөрчиж байгаа бол үг дуугүй шүүх байгууллага руу чиглүүлэх ёстой. Одоо томилгоо нь буруу байгаагаас гадна эрх мэдэлгүй, зөвхөн дүгнэлт гаргаж байна. Дүгнэлт гаргалаа ч түүнийг нь хүлээж авдаггүй байдалд орчихсон.

Гуравдугаарт, Дээд шүүхэд хууль зөрчсөн, төрийн залгамж чанарыг зөрчсөн, ард түмний тархи толгойг буруу тийш нь эргүүлсэн намуудыг тараадаг, хүчингүй болгодог эрх мэдэл нь алга. Энэ эрхийг өгөөгүй нь буруу зүйл болсон. Зүгээр л бүртгээд орхидог. Угтаа нэгэнт л бүртгээд эрхийг нь олгож байгаа бол эрх, үүргээ биелүүлээгүй тэдгээр намуудад хяналт тавьдаг, хариуцлага тооцдог байх ёстой. Хязгааргүй эрх мэдэлтэй парламенттай байна. Тэр парламентад хяналт тавьдаг байгууллага нь эрх мэдэлгүй, улс төрийн байгууллагуудын төлөөлөл болчихжээ. Тиймдээ ч манайд засаг төрийн хямрал нүүрлэчихэж. 1992 оны Үндсэн хуулийн хамгийн том ололт нь төрийн дээр нам байсныг болиулсан. 1990 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Ардын их хурал чуулган хийж Үндсэн хууль дахь Нам бол манай нийгмийг удирдан чиглүүлэх хүч мөн гэх заалтыг хасан төрийн дээр ард түмнийг тавьсан. Гэтэл өнөөдөр ард түмний эрх мэдлийг улс төрийн намууд авчихаад байна. Эрх үүргээ мэддэггүй, мэдэхийг хүсддэггүй тийм хүмүүс төр төлөөлж байна. Тодруулбал, манай УИХ-д төрд бэлтгэгдээгүй хүмүүс сонгогджээ. Үүнээс болоод энэ 27 жилд Монгол Улс уул уурхай, байгалийн баялагаас гадна төрийн мэргэшсэн албан хаагчгүй болж хохирсон байна. Өнөөдөр яам, тамгын газрууд дээр тухайн намын төлөөлөл болсон хүмүүс л байгаа. Төр мэргэшсэн албан хаагчгүй болсон. Үүнийг нөхөхөд дор хаяж 20, 30 жил хэрэгтэй.

-Ард нийтийн санал асуулга явуулахтай холбоотойгоор Ерөнхийлөгч засаглалын хэлбэрийг асуух хэрэгтэй гэсэн санал гаргасан. Энэ нь хуулийн хүрээнд боломжгүйгээс гадна эв нэгдлийг илэрхийлэгч төрийн тэргүүн ийм санал гаргаж байгаа нь буруу гэдгийг хуульч, судлаачид онцолж байгаа. Та үүнд ямар суурьтай байна вэ?

-Одоогийн төслийн хэдэн заалтууд бүгд өөр, өөрийнхөө эрх мэдлийг авч үлдэх, болж өгвөл нэмэгдүүлэх сонирхлоор хийгдэж байна. Улс орны эрх ашгийн төлөө гэх ганц ч заалт алга. УИХ-ын 76 гишүүн бүгдээрээ цугларч, хуралдаж хууль батлах үүрэгтэй. Тэр хуулийг Засгийн газар биелүүлж байна уу үгүй гэдэг дээр хяналт тавих ёстой. Ийм л хоёр үүрэгтэй байгууллага. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй байна. Энэ байдлаа ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулчихлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүдийн олонх буюу 39 нь ирснээр хурал эхэлнэ,хуулийг олонхын саналаар эцэслэн батална гэж байна. УИХ-ын гишүүн хуулийг эцэслэн батлахад нь гэхээсээ илүү хэлэлцэх үед нь ард түмнээ төлөөлж үгээ хэлэх нь чухал. Кноп дарахыг робот ч чадна шүү дээ.

Судлаачдын хэлж байгаагаар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн 45 органик хууль байгаа юм билээ. Ерөнхийлөгч бол аж ахуйн ажил руу орох ёсгүй хүн. УИХ ч тэр Өргөдлийн байнгын хороо гэж байгуулсан байна. УИХ ийм зүйл хийх ёсгүй. УИХ хуулийг л зөв гаргах, утааг арилгах бодлогыг нь л боловсруулж байх ёстой. Өргөдлийн байнгын хороог байгуулснаараа УИХ Засгийн газрын ажлыг нь булааж авч байгаа хэрэг. Ер нь энэ төрийн бүтэц зохион байгуулалт маш муу байна. Идэж, уух, шамшигдуулах болохоороо сарниулсан хууль тогтоомж гаргадаг. Газрын асуудлыг л гэхэд зургаа, долоон яам хариуцаж байна. Энэ утгаараа газрын асуудал ямар ч хяналтгүй байгаа юм. Дээрээс нь төрийн бүтцийг авсаархан, цомхон, чадварлаг болгомоор байна. УИХ-ын нэг гишүүн дөрвөн туслахтай. 76 гишүүний 300-аад туслахаас шилж сонгоод хууль боловсруулах ганц хүрээлэнтэй болж болно. Тэр хүрээлэнгээр бүх хууль дамжина гэсэн үг. Өнөөдөр гаргасан хууль тогтоомжууд насгүй байгаагийн учир нь хуулийг шүүж гаргадаг байгууллагууд муу ажилладагтай холбоотой. Үндсэндээ энэ төр дампуурчихсан байна. Энэ дампуурлаас салахын тулд бид авлигачид, оффшорчдоосоо салах хэрэгтэй. Хамгийн чухал нь ард түмний их хуралдай хийж, Ардын Их хурал, Улсын Бага хурлаа байгуулан засаг төрийн цоо шинэ тогтолцоонд орсон Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь зөв.

Үндсэн хууль гэдэг эхний өгүүлбэрээсээ авахуулаад эцсийн мэдэгтүн, сахигтун гэх үг хүртлээ төрөөс хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад оршдог. Үндсэн хуульд орсон үг өгүүлбэрийг улам сайжруулж, нарийсгаж явах ёстой.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд УИХ-аар Үндсэн хуулийг хэлэлцлээ. Манай ард түмэн Үндсэн хуулийн мэдлэг муу, тун сул гишүүдийг сонгожээ. Өнөөдрийн парламент бол Монголын сонгогчдын бүтээгдэхүүн шүү дээ. Сонгогчдод Монголоо гэх сэтгэл, зүтгэл алга. Бид сонгогчдын дутагдалд орсон байна. Бид цаашдаа үүнд онцгой анхаарч, зөв зүйтэй хүнийг сонгох нь чухал.

О.Ариунцэцэг

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608154
0 эможи

Зочин
2019-09-17 10:17
гоё хэлжээ
keyboard_arrow_up