Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

2020 оны УИХ-ын сонгуулиар оффшорчдын ов мэхэнд дахиад л хууртах уу?

2020 оны 1 сарын 27

Сонгууль дөхөх тусам сайн ах нар олшров. Ус, түлээг чинь дөхүүлж өгье, унаа тэргээрээ хөл залгуулъя гэх нь халаг. УИХ-ын хэдэн гишүүний ч зан ааш гэдэг хайлсан тугалга шиг мэлтэлзэж байх болов. Уяхан хүний самсаа борхирмоор л уянгын драмууд тавилттай үргэлжилж байна. Энэ бол сайны дохио биш муугийн ёр. Улстөрчид ийм ам мэхээр олон арван жил сонгогчдыг хуурч ирсэн. Амташсан хэрээ арван гурав дахина гэгчээр тэд энэ удаа ч бас арга чаргаа урдаа бариад, араг савраа ардаа үүрээд, төрийн дээд эрх мэдэл рүү гэтэж байгаа нь энэ.

УИХ-ын танхимд тавилга мэт заларч, улаан зандан ширээ, сандлуудынх нь иж бүрдэл болтлоо арав, хорин жил суучихаад юу ч хийж гийгүүлээгүй олон гишүүн бий. Шавхаад ус гарахгүй, шавхуурдаад урагш гишгэхгүй гэгч болсон ийм хөгшдийг тэтгэвэрт нь гаргах цаг болсон. Ухамсраараа тэд өөрсдөө яваад өгнө гэж даанч үгүй. Үүнийг Монголын улс төр онцлог гэж ч болно.

Энэ жил эрх баригчид өмнөх сонгуулиудын адил мөн л хуулиа өөрчилж, тоглоомын дүрмээ өөрсдөд таатай тохиргоон дээр нь тавьчихаад буй. Тэдний баталсан хуулиар бол УИХ-ын сонгууль томсгосон мажоритараар явагдана. Өөрөөр хэлбэл 2008 оных шиг Монгол Улс олон мандаттай 26 том тойрогт хуваагдана. Нэг тойргоос 3-5 гишүүн сонгогдоно. Энэ тоглоомын дүрэм олон жил улс төрд явсан хуучцуулд л ашигтай. Муу ч сайн ч тэд олонд танигдчихсан учир томсгосон тойрогт “хүний хуучин, дээлийн шинэ нь дээр” гээд давхиад очно гэж тооцоолж суугаа байх. Нэг аймаг нэг том тойрог, нэг дүүрэг мөн нэг л тойрог болох энэ тогтолцоо шинэ залуу нэр дэвшигчид болон бие даагчдад халгаатай. Тэд бүхэн бүтэн аймаг, дүүрэгт өөрийгөө танилцуулж, мөрийн хөтөлбөрөө таниулах үнэхээр хүндрэлтэй. Цаг, мөнгө аль аль нь ихээхэн шаардагдана.

Товчхондоо томсгосон тойргоор сонгууль явуулахад нэр дэвшигчдийн гарааны нөхцөл өөр байх болно. Тиймээс барианы зурхайд хуучцуул цулбуурдуулах магадлал тун өндөр. Үүнийг хүч тэнцвэргүй сонгуульд эрх баригчид “тэтгэврийнхэн”-ээ сойх гэж байна ч гэж болно.

Намуудын нэр дэвшүүлэлт албан ёсоор эхлэх яагаа ч үгүй боловч далд сунгаа явагдсаар байгаа. Түүнээс харж тандахад МАН, АН аль аль нь хуучцуудаа шатрын өрөг дээр түлхэхээр зэхэж байгаа нь мэдрэгдэж байна. Өнөө л байдаг нэг “бараа”-нууд. Нөгөө л хэдэн МАНАН хөөрөгтнүүд, “манин” оффшортнууд. Казино сонирхдог өвөө нар, ЖДҮ хусдаг бурхинууд. 30 шахам жил УИХ, Засгийн газрыг зайдалж, төрийн албанд төвөг болтлоо шигдсэн хувалзууд. Улаан зангиатай ухнууд. Бизнес, улс төрийг хольж хутгаж, хувь хувьсгалыг сүлэлдүүлэн, нам эвслийг сүжрэлдүүлсэн зальхай булхайтай ийм өвгөд, эмгэд парламентын танхимд үүрэглэж суух нь хэнд хэрэгтэй юм бэ. Гагцхүү тэд мөнгөтэй, мөнгөтэй учир сонгогчдын санал байтугай эрх мэдэл, албан тушаалыг ч худалдан авна гэдэгтээ итгэлтэй. Нөгөө талаас нь харвал тэд албан тушаал, эрх мэдэлтэй учир мөнгөтэй. Ийм чөтгөрийн тойргоо үхэн хатан хамгаалж суугаа нь ирж яваа цагийнхан, ирээдүйн эзэн болсон залууст эмгэнэлтэй, гунигтай  харагдсаар удав.

“Харьж яваа цагийн хүн ирж яваа цагийн дууг дуулдаггүй” л гэдэг. Ингэж ярьдаг хүмүүс нь өөрсдөө ирж яваа цагийнхныгаа хүлээн зөвшөөрөлгүй эрх мэдлийн сэнтий рүү амь тэмцэн зүтгэж байна. Орой дээр гарсан оффшорчид, зулай дээр тахьсан ЖДҮчид ийнхүү бул хар чулуу болсоор суух юм гэж үү. Одоо тэд олбогноосоо гулсаж, ширээнээсээ шилжих цаг ирсэн.

Ерөнхий сайд асан С.Баяр “Жаран хоног “Жаран”-ы бутархай” номдоо “Байх цагтаа байсан шиг асаад явах цагтаа явсан шиг арил. Амжсан амжаагүй цаг нь болсон бол явах л хэрэгтэй. Хийж амжаагүй, гүйцээж чадаагүй юм байдаг бол дараагийн үедээ үлдээнэ биз ээ. Дүү нартаа амар заяаг нь үзүүлэх ёстой” гэж бичсэн байдаг. Энэ бол улс төр, улстөрчдийн зарчим болгомоор үг. Тамирчин хүн ид залуудаа амжилт үзүүлээд л дэвжээнээсээ буудаг. Сонгодог урлагийнхан ч мөн адил залуу насныхаа гал дөлөөр тайзнаа дүрэлзээд л дараа үеийнхнээ  гаргаж ирдэг. Улс төрд ч бас тийм зарчим, соёл байх ёстой. Ийм жишгийг өөрсдөөрөө үлгэрлэн тогтоох зориг эдүгээгийн улс төр дэх хуучцуулд алга. Гэхдээ хардах эрхийнхээ дагуу л энэ жилийн сонгуульд хуучин кадрууд бахь байдгаараа гарч ирэх гэж зүтгэх нь гэж таамаглаж байгаа минь энэ. Төрийн ордонд суусан хугацаагаараа Гиннест бичигдэх гээгүй л бол эр зориг гаргаад бусдыгаа уриалан нэрээ татах эр зоригтнууд улс төрийн хүрээний ахмадууд дундаас гарах биз хэмээн найдна. Эс тэгж гэмээнэ энэ удаагийн УИХ-ын сонгууль дахиад л  шахаад ч юм гарахааргүй болсон “тэтгэврийнхний сунгаа” болох вий.

Эх сурвалж: NIISLELTIMES.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
613005
2 эможи

иргэн
2020-02-13 21:46
Итгэл даасан олонд танигдсан хүнийг сонгох нь эрсдэл бага дагуулна.Залуусын туршлагын туулай болно гэдэг өндөр эрсдэлтэй.МАНАН-г хэрхэвч сонгож болохгүй.Монголчууд сонголтоо хариуцлагатай хийцгээе.Ард түмэн МАНАН-н эсрэг эвсэлд хүчээ нэгтгэхгүй бол МАНАН-г дэмжигч 5,6 зуун мянган сонгогчид ялах магадлал өндөр.
Эмээ
2020-02-10 12:34
Сонгуулиар засагдах нь өнгөрсөн шүү. Одоо төрийг өөрчлөх гэвэл ард түмэн сэрж 30 жилд офшортон болсон бүгдийг цаазлаж хөрөнгийг нь хураах ёстой. Өөр ямар ч арга байхгүй
иргэн
2020-01-29 22:25
энэ сонгуулиар дан залуучуудаар их хурлаа бүрдүүлье монголчууд ямар аз сорихоос айх биш ядаж залуучуудын хийморь лундаа зориг зүрх ухаан санаа нь сийрэг алдсан ч алдаа засах шоронд хийсэн ч шоронгийн ая даах алдвал олон жил дээш гарахгүйгээ мэдэх хэмжээний залуучуудыг дэмжиж гаргая Одоогийн байгаа будлиу хөгшчүүлээ амраая эд нарын аз од нэгэнт дууссан ач зээгийнхээ нэрийг ч санахаа байчихсан мөртөө өөртөө дүгнэлт хийх чадваргүй болжээ энэ өвөө нар
Зочин
2020-01-27 23:44
Emee
2020-01-27 15:50
Hymdorjoos ehleed bvgd ybj eh ornoo sheberleech dee Odoo bolson thvv dee
Зочин
2020-01-27 14:34
keyboard_arrow_up