Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Л.Мөнхсайхан: Сонгуулийн хуулийн зөрчил нь Шинэ МАНАН үүссэнийг харуулж байна

2020 оны 1 сарын 31

Arslan.mn

Парламент өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20 –нд Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийн хэд хэдэн заалт Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж өмгөөлөгч, доктор Л.Мөнхсайхан  Цэцэд гомдол гаргаад байгаа.  Энэ тухай түүнтэй ярилцлаа. 

-Та Сонгуулийн хуультай холбоотой асуудлаар ҮХЦ-д хандсан байна.  Тухайлбал,  ямар заалтууд нь  хууль зөрчиж байна вэ?

-УИХ-аас баталж, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Сонгуулийн тухай хууль нь хүний эрх, эрх чөлөөнд ноцтой халдлаа.  Тухайлбал,  хуулийн 29 дүгээр зүйлд Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэдгийг зааж баталгаажуулав.  Энэ нь Үндсэн хуулийн гурван заалттай зөрчилдөж байна. Нэгдүгээрт, иргэн төрийн үйл хэрэгт шууд оролцох, төлөөллийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг тунхагласан Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн  “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна.

Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалтыг зөрчжээ. 

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт тусгасан иргэн төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийн тухай “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэсэн заалттай нийцээгүй.  Мөн  Монгол Улсад шүүх эрх мэдлийг хэн хэрхэн хэрэгжүүлэх тухай заасан Үндсэн хуулийн 47 зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, хоёр дах хэсгийн “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчөөд байна.

-Мөн Үндсэн хуулиас гадна Эрүүгийн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн тухай та гаргасан гомдолдоо дурьдсан байна.  Энэ талаар тодруулахгүй юу?

-Тийм ээ.  Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ ”гэсэн заалтуудтай шууд зөрчилдөж байна.  Мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн тав дахь хэсэгт тусгагдсан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн зарчмыг алдагдуулсан хууль болсон.

-Өмнө нь энэ тухай дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргаж байсан.  Тэнд юу гэж дүгнэсэн байдаг вэ?

-Цэцийн дүгнэлт 2008 онд гарсан нь одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.  Гэтэл парламент дахин  Үндсэн хууль зөрчсөн хууль баталсан нь төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчимыг уландаа гишгэсэн явдал юм. Тухайн үед гарсан дүгнэлтэд нэгдүгээрт, Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа тус хуулийн 27 дугаар зүйлийн 4-т “Нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна” гээд “ялгүй байх” гэсэн ойлголтыг тодорхойлсон. Хоёрдугаарт, Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид тавих шаардлагад “Ялгүй байх” гэсэн заалтыг оруулснаараа ялгүйд тооцох гэсэн ойлголтоос агуулгын хувьд өөрчлөгдөж тухай хүний улс төрийн эрх буюу гишүүнээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна гэж үзсэн.  Гуравдугаарт, Сонгуулийн тухай хуульд  “ялгүй байх” гэж заасан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн ес дэх хэсгийн “… төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, 21 зүйлийн 3-т “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн. Тиймээс Сонгуулийн тухай хуулийн “ялгүй байх” гэснийг Үндсэн хуулийн цэцээс  түдгэлзүүлсэн. Энэ дүгнэлт одоо ч хүчин төгөлдөр байгаа.

-Гэтэл яагаад парламент ийм шийдвэр гаргах болов.  Нэг хүнд зориулсан заалт гэсэн нь  үнэний ортой юу.  Та хуульч хүний хувьд юу гэж бодож байна вэ?

-Тийм ээ. Угаасаа ойлгомжтой.  Шударга үнэнийг тогтоох гэсэн хүмүүсээ ийм аргаар дарангуйлж байгаа нь нөгөө талаар Шинэ МАНАН үүссэнийг харуулж байна.

-Та өмнө нь Үндсэн хуулийн цэцэд хандаж байсан. Цэцээс Үндсэн хуулийн талд шийдвэр гарна гэсэн итгэл үнэмшил байна уу?

– Би хоёр асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан.  Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар  энэ сарын 14-нд гомдлоо хүргэсэн. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд ямар нэгэн хариу ирсэнгүй.  Хуулийн хугацаа дуусч байна.  Одоо дахиад  30 хоног хүлээлгэнэ гэсэн хариулт л өгч байна.

Томилгооны хараат болсон Цэц илт Үндсэн хууль зөрчсөн асуудал дээр ч маргаан үүсгэхгүй байна.  Өмнө нь Хэнтий аймгийн Нөхөн сонгуулийн асуудлаар ямар шийдвэр гаргасан билээ.  Үндсэн хуулийн цэцийн гишүүн хүн өөрөө хичээл зааж байсан хэдэн хүнээрээ өргөдөл өгүүлсэн.  Тэгээд түүнийгээ  хууль зүйн үндэслэлтэй хэмээн тайлбарлуулж өөрөө хөтөлж асуугаад л. Маргаан хянан шийдвэрлэх учиртай Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг хуулийн хичээл болгочихож байгаа юм.  Тэгээд ч БНСУ-д явж байхдаа зөрчил гаргаж торгуулсан этгээд ҮХЦ- д сууж, маргаан шүүнэ гэхээр л утгагүй газар болсон гэдэг нь тодорхой болсон.

Эрх баригчид эрч хүчтэй онолын мэдлэгтэй залуу хүмүүсийг ҮХЦ-д томилохоосоо илүүтэй нас өндөр болсон, чих зөөлөнтэй хүмүүсийг оруулж, өөрсдийн эрх ашгийг хамгаалуулж байна.  Энэ тогтолцоог халахгүй бол болохгүй.

Ер нь Үндсэн хуулийн цэц гэж эрх баригч хүчний томилгооны хараат энэ байгууллага байх шаардлагагүй гэж үзэж байна. Харин Ард түмнээс сонгогдсон шүүх аливаа хэрэг маргааны хянан шийдвэрлэж байвал шударга үнэнд илүү нийцэх байх гэж бодож явдаг.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613184
0 эможи

Зочин
2020-01-31 11:40
keyboard_arrow_up