Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Банкаа багалзуурдана гэдэг Ерөнхий сайд байдаг л юм байна

2020 оны 4 сарын 09

Arslan.mn

Улс эх орны тусгаар тогтнолын баталгаа бол эдийн засаг. Харин эдийн засгийн суурь баталгаа нь банк юм. Банкны үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол гаралгүй хэвийн ажиллаж байвал тухайн орны ард түмний ахуй амьдрал тогтвортой эдийн засгийн хувьд гачигдал чирэгдэлгүй санаа амар аж төрж байна гэсэн үг. Энэ бол улс гүрний тусгаар тогтнолын баталгаа болсон эдийн засгийн бичигдээгүй хууль. Банкны хадгаламж гэдэг ард түмний үүц хөрөнгө. Хүнд хэцүү цагтаа хэрэглэнэ гэж далд хийсэн нөөц бөгөөд ирээдүйдээ итгэх итгэл найдвар нь юм. Дэлхий нийтийг нөмөрсөн энэхүү цар тахлын үед хүн төрөлхтөн банкинд хадгалуулсан тав арван төгрөгтөө л найдаж сэтгэл өег нуруу тэнэгэр байгаа. Бүр тодруулаад хэлэх юм бол, улс орны нөхцөл байдал яаж ч хүндэрсэн, муугаар бодоход нийгэмд аюулын харанга дэлдсэн ч банкинд хадгалуулсан хэд гурван юм аминд орно гэж бодож байгаа. Цар тахал, ер юу ч болж байсан, ёстой дэлхий хөмөрч байсан ч банкууд хадгаламж эзэмшигчидтэй тохирсон хүүгээ өгөх үүрэгтэй. Тиймээс ард иргэдийн хамгийн их айж түгшиж сонсдог мэдээ банктай холбоотой мэдээлэл. Төр засгийн зүгээс банктай холбоотой ямар мэдээлэл дуулдах нь уу гээд л чих тавьдаг. Амь амьдралынх нь гол найдвар арга ч үгүй.

Дэлхийн бүх орнууд эдийн засгаа анхаарахдаа хамгийн түрүүнд банкаа анхаардаг. Улс орон оршин тогтнохын нэгэн баталгаа нь банк гэж үздэг учраас банкаа анхаарч түүндээ хөрөнгө оруулалт хийгээд эхэлдэг. Дээрээс нь ямар ч нөхцөл байдалд иргэдийнхээ хадгаламжид хууль журмын дагуу хандаж хамгаалдаг. Эдийн засгийн аюул нүүрлэхэд улс орнууд “Иргэд та бүхэн айж сандрах хэрэггүй. Банкны үйл ажиллагаанд ямар ч доголдол гараагүй. Банк хэвийн ажиллаж байгаа. Бид банкаа дэмжиж байгаа” гээд зарладаг нь цаанаа ийм учиртай. Өнөөдөр ийм арга хэмжээнүүдийг дэлхий даяараа авч байна. Хятадын Төв банк эхлээд 43 тэрбум ам.долларыг есөн банкиндаа хувааж өгсөн. Дараа нь 72 тэрбумыг банкуудаараа дамжуулан үйлдвэрлэл эрхлэгч нарт өгсөн. Мөн Америкийн ерөнхийлөгч төрөөс нэг триллион долларын санхүүжилтийг арилжааны банкуудаараа дамжуулсан гүйлгээ хийж эхэлсэн. Герман, Солонгос, Японы Засгийн газар болон Төв банкууд нь 56 тэрбум долларыг арилжааны банкуудаараа дамжуулж бизнес эрхлэгч нартаа олгож буйгаа дэлхий нийтэд зарлаад байна. Ингэж дэлхийн улс орнууд эдийн засгийн хүнд бэрх цагт арилжааны банкуудаа дэмжин томоохон үйлдвэрлэгч компаниудаа бодлогоор хөл дээр нь авч үлддэг.

Яагаад томоохон аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжиж эрсдэлээс авардаг вэ гэдэг нь бас л эдийн засгийн суурь зарчим. 3-30 хүнтэй аж ахуйн нэгж дампуурвал улс орныг унагах хэмжээнд хүргэхгүй. Үндсэндээ жижиг аж ахуйн нэгжүүд хаалгаа барихад мэдээж тэнд ажиллаж, цалин цавагтайгаа залгаж байсан хүмүүсийн ар гэр амьдрал хүндэрч таарна. Гэхдээ улс орон унах хэмжээнд очихгүй. Харин банк дампуурвал улс орон шууд ойчно. Тийм учраас дэлхийн улс орнууд томоохон аж ахуйн нэгж, компаниудаа, мөн банкаа хайрлан хамгаалж, эдийн засгийн бүхий л бодлого чиглэлээ энэ тал руу хандуулаад байдаг нь ийм учиртай юм. Энэ бол хүн төрөлхтний олон зууны туршид батлагдсан алтан зарчим. Хүн төрөлхтөн цагийн цагт эдийн засгийн хүнд сорилтуудтай нүүр тулж байсан. Тухайлбал, 19291933 оны хооронд бий болсон Америкийн хямралыг эдийн засагчид болоод томоохон банкирууд хэлдэг. Тухайн үед бүх оронд төв банк гэж байгаагүй, ганц нэгхэн оронд байсан гэдэг. Яахаа мэдэхгүйгээс болоод маш олон аж ахуйн нэгж, хүн хувь, өрх гэр, банкны хямралд өртөж асар ихээр хохирсон байдаг. Ингээд хүн төрөлхтний хөгжлийн аясаар Төв банкууд байгуулагдаад мөнгөний бодлогоо хэрэгжүүлдэг болж, эдийн засгийн хямралуудыг даван туулах арга замаа олж эхэлсэн байна. 2010-аад оны Америкаас үүдэлтэй Европ болоод дэлхий дахиныг нөмөрсөн их хямралын үеийн улс орнууд Засгийн газар болоод Төв банк нь арилжааны банкуудаа санхүүжүүлж давж гарсан байдаг. Ийм л жишигтэй.

Тэгтэл манай Ерөнхий сайд өнгөрөгч сарын 27нд Төрийн ордонд хэвлэл мэдээллийг цуглуулж байгаад жигтэйхэн попорсон интертайнмент мэдэгдэл хийхдээ шууд л банкуудыг өвтгөнө, эрүүл мэндэд чинь халдана, та нарыг хорлоно шүү гэж шүдээ зууж байгаад ил тод зарладаг нь ямар учиртай юм бэ. Ингэж хамгийн түрүүнд эдийн засгийн суурь баталгаа болсон банкаа багалзуурдана гэж улайран дайрдаг Ерөнхий сайд байх уу. Твиттер, фэйсбүүк, цахим сүлжээнд идэвхтэй байж, юу ч хамаагүй донгосч байдаг, банкнаас зээл аваад түүнийгээ төлж чадахгүй байгаа хэдхэн нөхдийн хийрхэлд хөтлөгдөн ингэж банкаа багалзуурдана гэж хэлж болохгүй байх аа. Энэ мэдэгдлийг хараад цахим ертөнцөд хий дэмий шүлсээ үсчүүлж цэцэрхэхээс өөрийг хийдэггүй нөхдийн хийрхэлд хөтлөгдөн, тэдэндээ өргөмжлөгдөж тэднийхээ баатар болох гэж хийсэн даанч болчимгүй үйлдэл гэхээс өөрөөр яалтай билээ. Цар тахлын хүнд сорилтын үед улс орноо хорлох гэсэн мэт бодлогогүй мэдэгдлийн дараа “Манай Ерөнхий сайд банкныхантай дайн зарлалаа”, “Ард түмнийг шулж байгаа энэ бакны эздэд маш том сануулга өглөө” гээд л дор бүрнээ дуу алдан бичицгээж эхэлсэн.

Хүрэлсүхийн энэ мэдэгдэл банкныханд маш муу дохио болж очлоо. Одоо гадны банк оруулж ирж дотоодын банкуудаа багалзуурдаж амийг нь таслах үйл ажиллагаа үргэлжлэх юм шиг байна. Банкны асуудал гэдэг үнэн чанартаа дан ганц банкны асуудал байдаггүй. Банкны асуудал бол бүх ард түмний асуудал байдаг. Монголын санхүүгийн зах зээлийн 95-аас дээш хувийг нь банкны салбар эзэлдэг гээд бодохоор энэ бол хүн бүрийн амин чухал асуудал мөн. Монголын төрөөс барьж буй энэ бодлогод банкны захирлууд айж жийрхээд үг сөрж эсрэг зогсож чадахгүй байх. Харин ард түмэн минь үндэсний банкуудаа хамгаалж, эдийн засгийн тусгаар тогтнолоо ганхуулахгүй, гадныханд боомилуулчихалгүй бат бөх авч үлдэхийн тулд сонор соргог байх цаг нь иржээ. Банкийг өвтгөвөл Монгол Улс чинь өвдөнө шүү, Ерөнхий сайд аа.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
8
haha an post
112
wow an post
10
yay an post
4
sad an post
9
ouch an post
4
confuse an post
7
angry an post
192
615841
517 эможи
keyboard_arrow_up