Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

З.Энхболдын сонгуулийн менежер нь “Страто”-гийн А.Баттүшиг байв

2020 оны 4 сарын 17

Arslan.mn

“Страто” ХХК-ийн талаар бид хэдийнэ мэддэг болжээ. Энэ компани  Дорноговийн Шивээговь буюу Чойрт нүүрс угаах үйлдвэртэй. Тавантолгойн нүүрсийг угааж баяжуулаад экспортод гаргадаг.

“Страто” ХХК-ийг анх 2015 оны наймдугаар сарын 7-нд Ачитсайханы Баттүшиг байгуулжээ. Тэрээр “Страто”-гийн хувьцааг 100 хувь эзэмшдэг байв.

Гурван жилийн дараа 2018 оны зургадугаар сарын 18-нд “Страто” ХХК-ийн хувь эзэмшилд өөрчлөлт орж Ачитсайханы Баттүшиг 47 хувь, Эрдэнэцэцэгийн Сэржмядаг 53 хувийг эзэмшдэг болжээ.

Улмаар 2018 оны есдүгээр сарын 13-нд дахин өөрчлөлт оруулж Ачитсайханы Баттүшиг 37 хувь, Гончигийн Эрдэнэбилэг 10 хувь, Эрдэнэцэцэгийн Сэржмядаг гурван хувь, БНХАУ-ын  “Шаньдун Шенхан Жиеэ” Эдийн засгийн худалдааны ХХК 50 хувийг нь эзэмших болсон байна.

“Страто” ХХК-ийн талаар яагаад гэнэт бичээд унав гэхээр энэ компани ЕТГ-ын дарга асан, одоо АН-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллах болсон Зандаахүүгийн Энхболдтой холбогддог юм.

Монголчууд цөөхүүлээ, бие биеэ удам судар, ураг төрлөөр нь мэднэ шүү дээ. Хэн хэнийхээ цаасан дээр байхгүй ч цаанаа ямар холбоо сүлбээтэй вэ гэдгийг андахгүй.

Гэхдээ “Страто” ХХК болон Зандаахүүгийн Энхболд хоёрын холбоо сүлбээ дээр дурдсан бидний уламжлалт “талын сэтгэлгээ”-нээс өөр юм.

“Страто” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч Ачитсайханы Баттүшиг бол Зандаахүүгийн Энхболдын төрсөн дүү Зандаахүүгийн Хишигтогтохтой 2017 оны дөрөвдүгээр сарын 20-нд “Браунрок” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Хамтран эзэмшдэг. Зандаахүүгийн Хишигтогтох, Ачитсайханы Баттүшиг нарын үүсгэн байгуулсан болон хамтран эзэмшдэг компаниуд нь Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, “New Center Plaza”-гийн хоёрдугаар давхарт бүртгэлтэй байдаг. Тэд нэг оффистай гэсэн үг.

Ер нь тэгээд “Страто” ХХК, З.Энхболд хоёрын холбоотой, холбоогүй асуудал хууль шүүхээр нотлогдох хүртлээ нууцлагдсан юм байхгүй.

Одоогоос жилийн өмнө УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилж “Говийн хөгжил ба тулгамдсан асуудал” хэлэлцүүлгийг Төрийн ордонд хийж байлаа.

Тэр хэлэлцүүлэгт оролцсон Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэн н.Дэлгэрсүрэн “...Бид “Экю сора” компанийн лицензтэй талбай дээр амьдарч байтал гэнэт “Страто” гэдэг мундаг том компани гараад ирлээ. ...“Энэ үйлдвэр бол Зандаахүүгийн Энхболд даргынх. Та нар дийлэхгүй” гээд ярьж байна. Бид Шивээговь сумынхаа 3000 гаруй иргэдийн үгийг дайж ирж хэлж байгаа юм” гэж байжээ.

Ийм л зүйл шүү дээ.

Гэвч Зандаахүүгийн Энхболд “Страто” ХХК-тай холбогдохоос үхтлээ айдаг. Гүрийнэ.

Ингэдгийн шалтгаан нь “Страто” ХХК-тай холбоотой зөрчилтэй асуудлууд байдаг юм шиг байгаа юм.  Тус компанитай холбоотой олон таагүй “түүх” хэвлэлүүдээр бичигдсэн.

Зандаахүүгийн Энхболд “Страто” ХХК-тай холбоотой гэх мэдээлэл сүүлд түгж эхлэхэд буюу 2020 гуравдугаар сарын 12-нд тэрээр www.dardas.mn мэдээллийн сайтад ярилцлага өгч, түүндээ “...Чойрт байгуулсан нүүрс угаах үйлдвэртэй холбож эхэллээ. Би ямар ч холбоогүй. Хүсвэл хуулийн этгээдийн бүртгэлээс “Страто” болон надтай холбоод байгаа компаниудын эзэн хэн болохыг ороод харж болно” гэв.

Маргааш нь 2020 ны гуравдугаар сарын 13-нд “Страто” ХХК-ийн захирал Ачитсайханы Баттүшиг хэвлэлийнхэнд хандаж “...Страто” ХХК-ийг би 2015 онд үүсгэн байгуулж, 2017 онд хятад түншүүдтэйгээ хамтран судалгаа хийж нүүрс угаах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болсон. Зандаахүүгийн Энхболдтой яагаад холбоод байгаа вэ гэвэл, түүний дүү Зандаахүүгийн Хишигтогтох бид хоёр найзууд гэдэг нь үнэн. Мөн бид хоёр хамтран хоёр ч компанийг хувааж эзэмшдэг нь үнэн. Гэхдээ Зандаахүүгийн Энхболд гэдэг хүнтэй ямар ч хамаагүй. Бид энэ төслөө хэрхэн яаж эхлүүлсэн, хөрөнгөө яаж босгосныг цагдаа, тагнуул нь шалгаад тогтоох байх. Үнэхээр хардаж сэрдээд байвал хөрөнгө оруулалт зэргийг нь шалгаж болно. Бүх мэдээлэл нээлттэй” гэж байв.

Зандаахүүгийн Энхболд 2020 оны гуравдугаар сарын 16-нд хэвлэлийнхэнд мэдээлэл хийж “...“Страто” гэдэг компанитай холбоотой мэтээр гүтгэж байна. “Страто” бол нүүрс угаах чиглэлээр байгуулагдсан. Би тэр компанитай ямар нэгэн холбоо байхгүй. Энэ компани чинь Баттүшиг гэж хүнийх. Манай дүүгийн компани биш. Монголд хүмүүс бизнес эрхлэх боломжтой. Харин миний дүү бол улс төрийн хамаарлаас болоод болохгүй” гэсэн юм.

Мөн Зандаахүүгийн Энхболд 2020 оны гуравдугаар сарын 20-нд цахим хуудастаа УБЕГ, АТГ-ын бичгийг тавьж байгаад “...”‪Страто” компанитай холбоогүйг баталсан бичиг авлаа. Гүтгэгчдэд хариуцлага тооцуулахаар хуулийн байгууллагад хандана” гэж мэдэгдсэн. Тэрээр дээрх хоёр байгууллагаас Зандаахүүгийн Энхболд нь “Страто” гэдэг компанид хувь эзэмшдэггүй, ямар нэгэн хувь эзэмшдэггүй гэдгийг баталсан албан бичиг авчээ.

Харин бидэнд Зандаахүүгийн Энхболдын удаа дараа “... “Страто” компани, Ачитсайханы Баттүшигтэй холбоогүй” гээд байсанд нь эргэлзэх нэгэн баримт олдлоо.

“Страто” ХХК-ийг байгуулагдсанаас нэг жилийн дараа 2016 оны УИХ-ын ээлжит сонгууль тохиосон. Энэ сонгуульд тухайн үед УИХ-ын дарга, АН-ын дарга байсан Зандаахүүгийн Энхболд Баянгол дүүрэгт нэр дэвшиж өрсөлдөөд ялагдсан байдаг.

Харин тэр сонгуулийн үеэр “Страто” ХХК-ийн бүх хувьцааг эзэмшигч, захирал Ачитсайханы Баттүшиг нь Зандаахүүгийн Энхболдын сонгуулийн менежерээр ажиллаж

байжээ.

2016 оны зургадугаар сарын 8-ны өдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Зандаахүүгийн Энхболд сонгуулийн менежер Ачитсайханы Баттүшигтээ Итгэмжлэл хийж өгчээ.

Сийрүүлбэл, “...Монгол Улсын Иргэний хуулийн 62-64 дүгээр зүйлүүд, Сонгуулийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсгийг үндэслэн УИХ-ын сонгуулийн 70 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Зандаахүүгийн Энхболд би энэхүү итгэмжлэлээр сонгуулийн менежерээр ажиллах Ачитсайханы Баттүшигт дараах бүрэн эрхийг итгэмлэн олгож байна. Үүнд:

Нэг. Шадар туслагч, ухуулагч болон нэр дэвшигчийн сонгуулийн штабын ажилтнуудтай нэр дэвшигчийг төлөөлж харилцах, гэрээ хэлцэл байгуулах

Хоёр. Сонгуулийн байгууллага, нам эвсэл, төрийн болон ТББ, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэй нэр дэвшигчийг төлөөлж харилцах

Гурав. Нэр дэвшигчийг төлөөлж банкинд данс нээх, дансны хуулга, тодорхойлолт авах, гүйлгээ хийх

Дөрөв. Нэр дэвшигч, шадар туслагч, ухуулагч, ажиглагчийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагаас гардан авах

Тав. Сонгуулийн штабын ажил үүргийг хуваарилах, сонгуулийн сурталчилгааг зохион байгуулах

Итгэмжлэгдэгч нь энэхүү итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийг бусдад шилжүүлж үл болно. Энэхүү итгэмжлэл нь олгосон өдрөөс эхлэн сонгуулийн үйл ажиллагаа дуусах хүртэл хугацаанд хүчинтэй” гээд нэр дэвшигч Зандаахүүгийн Энхболд, сонгуулийн менежер Ачитсайханы Баттүшиг нар тус тусын гарын үсгийг зурж баталгаажуулжээ.

Энэ бол баримт.

Нөгөөтэйгүүр Зандаахүүгийн Энхболд болоод Ачитсайханы Баттүшиг нар ийм холбоо сүлбээтэй байж, сонгуулийн менежерийн гэхэд том, тэр дундаа санхүүгийн бүрэн эрхийг итгэмжилсэний ард ямар ямар мөнгөний гүйлгээ, санхүүгийн хөдөлгөөн хийгдсэн нь сонирхол татна.

Харин Зандаахүүгийн Энхболд өөрөө “Страто”, түүний захирал Ачитсайханы Баттүшигтэй ямар ч холбоогүй гээд байснаа энэ баримтын хүрээнд тайлбарлах биз ээ.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616144
1 эможи
keyboard_arrow_up