Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Төсөвт тодотгол хийх ХУУЛИЙН НӨХЦӨЛ үүслээ

2020 оны 4 сарын 23

Arslan.mn

Төсвийн тухай хуульд хариуцлагын талаарх заалт  хангалтгүй байгаа болохоор Сангийн сайд төсөв тодотгохгүй гэж бардам хэлсээр байна. Өөрөөр хэлбэл, хуулийн энэ цоорхойг Сангийн сайд өөрийгөө хамгаалах бамбайгаа болгож байна.  Нөгөөтэйгүүр  нийтийн хөрөнгө үрэгдсэн тохиолдолд эдийн засгийн болон хуулийн хариуцлага хүлээлгэдэг хууль  өмнөх нийгмийн тогтолцоонд  гаргуун сайн хэрэгжиж  олон  хүн дээлээ нөмөрсөн түүхтэй. Тэгвэл коронавирусаас үүдэн эдийн засагт хямрал үүссэн тул сүүлийн хэдэн сарын турш төсвийн тодотголын тухай яригдаж байна. Төсвийн тодотгол гэж Төсвийн тухай хуулийн 4.1.26-д “Тухайн жилийн төсвийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах”  гэж тодорхойлжээ.

 Зарим эдийн засагч “Төсвөө тодотгох шаардлагатай бол тодотгох байх. Шаардлагагүй ч  байж болно. Зам, барилга, төмөр зам, нeфтийн үйлдвэр, цахилгаан станц, цэвэрлэх байгууламж болон явуулж болох төсөл, хөтөлбөрөө хэвээр үргэлжлүүлж ажлын байраа хадгалж, шинээр ажлын байр бий болгож байж эдийн засгаа зогсоохгүй авч гарах гэж байгаа бол зөв. Харин тодотгол хийгээд бүгдийг зогсоочихвол  хамгийн том салбар барилгын салбараас эхлээд бүгд зогсоно” гэжээ.

 Гэтэл тус хуульд төсөвт тодотгол хийх шалтгаануудыг хуульчилсан байдаг. Өнөөдрийн нөхцөл байдал төсөвт тодотгол хийх хэмжээнд хүрсэн үү.  Энэ талаар эдийн засагч Р.Шинэгэрэл тайлбарлахдаа “Төсвийн тухай хуулийн 34.1.1 болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1-д заасан төсвийн тусгай шаардлагууд нэгэн зэрэг хангагдсан байх ёстой. Энэ тусгай шаардлагууд хангагдахгүй нөхцөл байдал үүсвэл Төсвийн тухай хуулийн 34.1.1-д дурдсан нөхцөл үүссэн тул төсвийг тодотгож хуулийн хэрэгжилтийг хангах учиртай.  Энэ шаардлагыг хангаж буй нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн ДНБ-ий хоёр хувиас илүүгүй алдагдалтай эсвэл ашигтай байх нөхцөлд үүсдэг. “Ковид 19”-өөс  эдийн засагт үүссэн хүндрэлтэй нөхцлөөс болж 2020 онд манай улсын ДНБ тодорхой хувиар буух нь тодорхой болчихлоо. Угаасаа 2.1 их наядын алдагдалтай байхаар баталсан төсвийн орлого өндөр хувиар тасарч, төсвийн зарлага нэмэгдэх нөхцөл үүсгэчихлээ. Тэгэхээр хуулийн хүрээнд тодотгох нь зөв” гэлээ. Түүнчлэн тодотгох бас нэг  тусгай шаардлага бол “Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх” нөхцөл аж. Иймээс  Засгийн газрын гадаад өрийн талаарх шаардлага мөн л асуудал дагуулж байгаа том сэдэв. 2019 оны жилийн эцсийн тайлангаар Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 7.7 тэрбум ам.доллар буюу 21.4 их наяд төгрөгт хүрсэн. Үүн дээр нэмээд коронавирусаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг даван туулахын тулд дахин 3.7 их наяд төгрөгийн буюу 1.4 тэрбум ам.долларын гадаад зээл авна гэдгээ Сангийн сайд мэдэгдсэн. Энэ зээлийг нэмвэл  Засгийн газрын гадаад өрийн нийт үлдэгдэл 9.1 тэрбум ам.доллар буюу 25.3 их наяд төгрөгт хүрнэ гэсэн үг. Мөн Засгийн газрын гадаад өрийн үлдэгдлийн дүнд  ороогүй нэг дүн бол төв банкны хоёр тэрбум орчим ам.долларын гадаад зээлийн үлдэгдэл. Төсвөөс, татвар төлөгчдийн мөнгө буюу нийтийн мөнгөнөөс төлөх гадаад зээлийн үлдэгдэл энэ хуулийн шаардлагад нийцэхгүй нөхцөл үүсчээ.

Төсвийн тухай хуулийн 34.1.2-т зааснаар “Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий гурван хувиар нэмэгдэх” нөхцөл үүсвэл төсвийн тодотгол хийх хуулийн зохицуулалттай. 2020 оны төсөв 2.1 их наядын алдагдалтай байхаар батлагдсан. Үүссэн эдийн засгийн хямралыг даван туулахад 3.7 их наядын эх үүсвэр шаардлагатай. Энэ нь  тэр чигтээ төсвийн алдагдлын дүн. Төсвийн алдагдал бодитоор энэ хуулийн хязгаарлалтаас давсан хэмжээнд нэмэгдэх нөхцөл үүссэн тул төсвөө тодотгох зайлшгүй шаардлагатай болж байна. Ямар нөхцөл үүсвэл төсвийн тодотгол хийхийг хуульд зааснаас цөөхнийг нь дурдахад ийм байна. Эдгээр үзүүлэлт бүгд төсвийн тодотгол хийх хуулийн шаардлагуудыг хөндөж байна.

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616391
0 эможи
keyboard_arrow_up