Г.Амартүвшин: Банкны эздэд “Намайг харлуулж мөнгөө үрэхийн оронд зээлийн хүүгээ бууруул” гэж хэлмээр байна Г.Амартүвшин: Банкны эздэд “Намайг харлуулж мөнгөө үрэхийн оронд зээлийн хүүгээ бууруул” гэж хэлмээр байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Г.Амартүвшин: Банкны эздэд “Намайг харлуулж мөнгөө үрэхийн оронд зээлийн хүүгээ бууруул” гэж хэлмээр байна

2021 оны 1 сарын 25

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа. 

Тэрбээр банкны тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй бөгөөд уг хууль болон бусад асуудлаар тодруулга авсан юм.

-Зээлийн хүүг бууруулаасай гэсэн өндөр хүлээлт иргэдэд бий. Танай намын мөрийн хөтөлбөрт ч зээлийн хүүг бууруулна гэсэн тов тодорхой заалт байгаа. Та бүхний санаачилж боловсруулж, чуулганы хэлэлцүүлэгт оруулсан Банкны тухай хуулийн төсөл батлагдвал зээлийн хүү буурахад эерэгээр нөлөөлөх үү, зээлийн хүү буурах нөхцөл байдал үүсэх үү?

-Миний харж байгаагаар бол зээлийн хүү буурах нөхцөл байдал үүснэ. Банкууд хувьцаагаа борлуулахын тулд үйл ажиллагаагаа илүү сайжруулах шаардлагатай нүүр тулна. Банк хоорондын өрсөлдөөн идэвхжинэ. Банкууд өрсөлдөөнд орсноор эцсийн үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн зээлийн хүү, шимтгэл буурна. Банк хоорондын өрсөлдөөн ширүүсч байж банкны зээлийн хүү аажмаар буурна. Хоёрдугаарт хадгаламж эзэмшигчид банкуудын гол эх үүсвэр. Банкин дахь хадгаламж цөөн хэдэн хүний гарт бий. Их мөнгөтэй хүмүүс хэдэн арилжааны банкуудаа хооронд нь уралдуулж, хэн өндөр хүү өгсөнд нь мөнгөө байршуулдаг. Мөнгөтэй хүмүүсийг буруутгаж байгаа юм биш. Хэн ч өгөөж хайх нь тодорхой. Хэрвээ энэ хууль батлагдаж банкууд хувьцаагаа олон нийтэд зарж эхэлбэл мөнгөтэй хүмүүст банкны эзэн болох нөхцөл бүрдэнэ. Тэр утгаараа банкин дахь хадгаламжийн төвлөрөл аажмаар буурна. Мэдээж зээлийн хүүнд нөлөөлдөг маш олон хүчин зүйл бий. Макро эдийн засаг, мөнгөний бодлого тогтвортой байх ёстой, гадны хөрөнгө оруулалт орж ирэх учиртай, том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Гэхдээ арилжааны банк, банкны системтэй холбоотой хүчин зүйлүүд ч цөөнгүй байгаа.

-Энэ хуулийн төсөлд банкны эздийн эзэмших хувийг 20 хувиар хязгаарлах агуулга бий. Энэ агуулга хууль болоод хэрэгжиж эхэлбэл  сая таны дурдсан асуудал бэрхшээлүүд шийдэгдэнэ гэж ойлгож болох уу. Банкны харилцагчид буюу иргэдэд ямар давуу тал үүсэх вэ?

-Банкны эздийн эзэмших хувь 20 хувиар хязгаарлагдсанаар иргэдэд банкны эзэн болох боломж бүрдэнэ. Та ч гэсэн харилцагч банкныхаа хувьцаа эзэмшигч болж, хувьцаа эзэмшсэн банкиндаа хяналтаа тавиад явах боломжтой. Таны төлж буй зээлийн хүү, шимтгэл юунд зарцуулагдаж байгааг хянаад явах боломж танд нээгдэнэ. Том хувьцаа эзэмшигч эзэд нь томоотой байна уу, томоогүй байна уу, хэнд зээл гаргаж байна вэ, хамгийн том 20 зээлдэгч нь хэн юм, ямар хүмүүс зээлээ төлдөггүй муу зээлдэгч болчихож вэ гэдгийг та мэдэх эрхтэй болно. Засаглалын шинж чанартай  ийм том хуулийн төсөл хэлэлцүүлэгт орж байгаа болохоор таны түрүүн дурдсанчлан банкны эздийн эсэргүүцэл над руу гүтгэлэг дайралтын хэлбэрээр илэрч байна. Намайг зохион байгуулалттайгаар харлуулж, ямар нэгэн байдлаар дарамт үүсгэж байгаад энэ хуулийн төслийг унагаах зорилго байгааг ч үгүйсгэхгүй. Гэхдээ нэг л зүйлийг онцолж хэлье. Бид зорилгоосоо ухрахгүй. Ухрах зам байхгүй. Банкны тухай хуулийн төсөлд орох нэмэлт өөрчлөлтийн төсөл анхны хэлэлцүүлэгтээ орчихсон. Энэ долоо хоногтоо эцсийн хэлэлцүүлэгт орно. Ер нь энэ долоо хоногт батлагдчих байх. Хуулийн төслөө батлуулахын төлөө тууштай явна. Яаж ч харлуулж шороотой хутгасан би зорилгоосоо ухрахгүй. Реформоо хийнэ. Ийм реформ хийх агуулга Засгийн газрын хөтөлбөрт бий. МАН-ын хөтөлбөрт ч байгаа. Хан-Уул дүүргийн олон мянган сонгогчдын өгсөн үүрэг гэж байна. Сонгогчид маань намайг сонгохдоо тов тодорхой үүрэг өгсөн. Банкуудыг байранд нь тавь, зээлийн хүүг бууруул, жижиг дунд бизнесээ дэмжээрэй гэж хүссэн. Сонгогчдодоо амласан амлалтаа биелүүлэх замаасаа ухрах бодол надад байхгүй.

-Бусад улс орны жишиг нь ямар байдаг юм бэ?

-Хөгжиж буй болон хөгжсөн орнуудын төв банк банкны хувь эзэмшил дээр хязгаар тогтоодог. Улс орныхоо нөхцөл байдлаас хамаараад янз бүр. 10, 20 хувь гэж хязгаар тогтоосон улсууд бий. 30, 40 хувиар хязгаар тогтоосон улс ч байгаа. Монголбанк 46 орныг хамарсан судалгаа хийсэн байсан. Тэр судалгаанаас харахад дундаж нь 20 хувьтай байна лээ. Ингээд харахаар бидний хуулийн төсөлдөө тусгасан 20 хувь гэдэг тоо гадны стандарт, жишигтэй нийцсэн гэсэн үг.

-Хуулийн төсөл унах эрсдэл гарлаа гэж бодъё. Хэрвээ тэгвэл банкны систем энэ чигээрээ, нэг хүний хувь эзэмшил давамгайлсан хэлбэрээр үргэлжилж таарна.  Энэ тохиолдолд иргэдэд, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөө нь ямар байх бол?

-Миний хувьд энэ хуулийн төслийг батлагдана гэдэгт итгэлтэй байгаа. Хуулийн төсөл батлагдсанаар иргэн бүрд банкны эзэн болох боломж нээгдэнэ. Иргэн бүр арилжааны банкинд хяналт тавьж эхэлнэ. ТУЗ-ийн гишүүн нь есөн гишүүнтэй байхаас гурав нь хараат бус байна. Хараат бус гишүүд нь жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаална,  удирдлагынх нь ажилд хяналт тавина. Ингэж байж банкны салбар эрүүлжинэ. Хэрвээ энэ төсөл унавал арилжааны банкууд асар хүчтэй лоббитой, нөлөөтэй нь нотлогдоно. Магадгүй тийм тохиолдол үүсвэл банкны эзэд намайг хувь хүн, гишүүний хувьд дийлсэн гэж харагдах байх. Харамсалтай нь нийгэм, эдийн засаг, санхүүгийн салбарт маш том сөрөг нөлөө үзүүлнэ. Банкны салбарын ил тод байдал, засаглал нь сайжрахгүй. Банкны эзэд нь дуртай үйл ажиллагаагаа зоргоороо явуулдаг хэвээр үлдэнэ.

-Дуртай үйл ажиллагаагаа зоргоороо явуулдаг гэсэн үгнээс чинь тодруулах зүйл байна. Банкны эзэд дан ганц банк биш уул уурхай, үл хөдлөх гэх мэт мөнгө ихээр олох боломжтой салбар руу иргэдээс авсан зээлийн хүү, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг дур мэдэн зарцуулаад байгааг хэлж байна уу?

-Та зөв харсан байна. Наад захын том жишээ гэхэд л Эрдэнэтийн 49 хувь байна шүү дээ. Нэг банкны эзэн төмөр зам барьж байна гэсэн мэдээлэл дуулдаж байна. Энэ гажуудал ганц манай улсад ч илрээд байгаа юм биш. Дэлхийн улс орнуудын туулаад ирсэн түүх. АНУ-д 100 гаруй жилийн өмнө ийм нөхцөл байдал үүссэн түүх бий. Америкийн арилжааны банкны эзэд нь төмөр зам, гангийн үйлдвэртэй, барилга, үл хөдлөх гээд бүх юм руу орчихсон байсан. Тэдний монополийг хуулиар задалж байж АНУ өнөөгийнхөө хөгжилд хүрсэн. Ойрхоны жишээ гэвэл Солонгос байна. Банкны эзэд нь бүх бизнест оролцдог байсан. Солонгосын арилжааны банкууд 1998 онд дампуурч, төр засаг нь оролцож байж банкуудаа эрүүлжүүлсэн. Ингэсний хүчинд Солонгосын эдийн засаг цэцэглэж яваа. Энэ бол буруугаар явж байсан зүйлийг зөвөөр зассан жишигүүд. Бид тэдний алдааг давтаж болохгүй. Энэ том реформыг хийх боломж гарч байгаа дээр нь гурван сая иргэнийхээ эрх ашгийн төлөө зориглоод хийх ёстой. Цаана нь ийм том зорилго байхад элдвээр гүтгэж дайрч байгаад харамсч байна. Гэхдээ нөгөө талаас би баярлаж байгаа. Ийм дайралтууд ирэх тусам энэ реформыг заавал хийх ёстой юм байна гэдэгтээ 150 хувь итгэлтэй болсон. Тийм учраас бид энэ реформыг хийнэ. Намайг гүтгэж, дайрч байгаа арилжааны банкны эздэд “Над руу дайрч цаг зав мөнгө төгрөгөө үрэхийнхээ оронд зээлийн хүүгээ бууруул” гэж хэлмээр байна.

-Дараагийн асуултаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан үетэй чинь хамаатуулж асуумаар байна. Энэ хугацаандаа Та өөрийгөө яг ямар асуудлуудыг гардаж, шийдвэрлэж чадсан гэж үздэг вэ?

-Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдоход Засгийн газраас надад маш тодорхой гурван чиглэл өгсөн. Эхний чиглэл нь муу зээлтэй холбоотой байсан. Муу зээлийг төлүүлэх, муу зээлийн багцыг тодорхойл гэсэн юм. Харилцагчидтай уулзаж зээлийг нь төлүүлэх талаар яриа өрнүүлсэн, Яриа хэлэлцээ өрнүүлээд ч төлөхгүй хэсгийг нь шүүх, хуулийн байгууллагад өгөх гэх мэтээр нэлээд эрчимтэй ажилласан. Хоёрдугаар чиглэл нь экспортод илүү хамаатай. Экспортод чиглэсэн стратегийн ач холбогдолтой томоохон төсөл, томоохон аж ахуйн нэгжүүдийг дэмж гэсэн чиглэл өгсөн. Экспортын төслүүд гэхээр манай улсын хувьд уул уурхай, ноос ноолуурын салбар гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Импортыг орлох томоохон төсөл гэвэл газрын тосны үйлдвэрийн  төсөл хэрэгжиж байгаа. Ийм төслүүдийг дэмжих ёстой гэсэн чиглэлийг Засгийн газраас намайг томилох үедээ өгсөн юм. Гурав дахь чиглэл нь Хөгжлийн банкны дотоод дүрэм, журамтай холбоотой. Тэр дундаа эрсдлийн үнэлгээ, үйл ажиллагааны эрсдэл, дотоод дүрэм журмыг аль болох олон улсын стандартад дүйцүүлэхэд анхаарч ажиллаарай гэсэн. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллахдаа Засгийн газраас өгсөн энэ чиглэлүүдийг л барьж ажилласан.

-Сүүлийн үед тантай холбоотой нэг шуугиан дэгдээд байна л даа. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж найзууддаа сонгуульд нь зориулж, зээл өгсөн гэх мэдээлэл. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Өмнө ярьсанчлан маш чухал хуулийн төсөл дээр ажиллаж, ажлын хэсгийг нь ахлаад явж байх үед ийм шуугиан дэгдээж байна л даа. Миний ажиллаж байгаа Банкны хуулийн төсөлтэй холбоотой зохион байгуулалттай компанит үйл ажиллагаа өрнөж байна. Намайг харлуулах, нэр хүндийг унагаах, бүр тодруулж хэлбэл Банкны тухай хуулийг унагаах зорилготой компанит ажиллагаа явагдаж байна. Би Монгол улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлаа нэр төртэй, ёс зүйтэй, нүүр бардам хийсэн. Ингэж ажилласан гэдэгтээ 100 хувь итгэлтэй байгаа. Хэзээ ч хэнээс ч ичихээр юм хийгээгүй. Тодорхой зээлтэй холбоотой асуудлыг мушгиж ярьж байгаа нь харамсалтай. Тэр үед би Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй гүйцэтгэх захирал байсан. Хөгжлийн банкны зээлийн шийдвэрийн процесс нэлээд урт.  Зээлийн хүсэлтэд  эрсдлийн дүгнэлт гарсны дараа зээлийн хороо нь дэмжвэл ТУЗ шийдвэрлээд явдаг. Өөрөөр хэлбэл хэн нэгэн эрх мэдлээ ашиглаж дангаараа шийдвэр гаргах ямар ч хуульзүйн боломж байхгүй.

-Банкны хууль та нарын санаачилсан гэх зээлийн хүүг 50бууруулах төсөлтэй ямар хамааралтай юм бэ?

-Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй, 21 гишүүний санал нэгдэж өргөн барьсан тогтоолын төслийг зориудаар хольж хутгаж байна. Зээлийн хүү бууруулангуутаа өөрсдийнхөө хамаарал бүхий зээлийн хүүг хөнгөлөх нь гэсэн ямар ч утга учиргүй, тэс хөндлөн зүйл ярьж байна л даа. Гэтэл энэ хоёр асуудал хоорондоо ямар ч хамааралгүй. Харамсалтай нь цаг хугацааны хувьд давхацчихлаа. Давхацсан нь цар тахалтай холбоотой. Цар тахлын үед аж  ахуйн нэгжүүд маш хүнд нөхцөлд орсныг бүгд мэдэж байгаа. Орлого байхгүй, юун татвар төлөх манатай болчихсон. Зээлийн хүүгээ арай гэж төлж байна. Бүр төлж чадахгүй элгээрээ хэвтсэн аж ахуйн нэгж ч олон бий. Ажлын байр бий болгож, иргэдийг цалин орлоготой амьдруулдаг хэсэг нь аж ахуйн нэгжүүд. Эдийн засгийг авч яваа аж ахуйн нэгжүүд нь хүнд байдалд орчихоор Монгол улс маш том эрсдэлтэй нүүр тулахаас аргагүйд хүрнэ. Ажилгүйдэл гаарахаас эхлээд олон асуудал үүснэ. Ард нь ийм аюул байгаа учраас хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүддээ төр нь мөнгө өгч тусалъя, 2.5 тэрбум хүртэл орлоготой жижиг дунд бизнес эрхэлж яваа зээлтэй аж ахуйн нэгжүүдээ төрөөс дэмжье гэсэн санаагаар өргөн барьсан тогтоолын төслийг Банкны тухай хуулийн төсөлтэй хольж олгох ямар ч шалтгаан байхгүй. Цар тахлын хөл хорионоос болж хэцүү байдалд орсон жижиг, дунд бизнесүүдээ дэмжье гэсэн агуулгатай тогтоолын төсөл юм. УИХ дээр батлагдах эсэх нь тодорхойгүй байгаа. УИХ-ын хэдэн гишүүд эдийн засагтаа, аж ахуйн нэгжүүддээ, жижиг дунд бизнес эрхлэгчдэд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага байна гэх агуулгаар  тухайн  тогтоолын төслийг өргөн барьсан. Дахиад хэлэхэд энэ тогтоолын төсөл Банкны тухай хуультай ямар ч хамааралгүй.

 

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623042
1 эможи

эзэмшигч
2021-01-26 20:56
Зүтгэ дэмжих олон байгаа
Иргэн
2021-01-25 15:55
Сайн хүний үр сүүтэй гүүний унага гэдэг дээ.Удам судрыг нь үзвэл зөв л хүн байх ёстой доо Амартүвшин.
keyboard_arrow_up