Монголд Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто”-Д Б.Болд Монголд Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто”-Д Б.Болд
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монголд Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто”-Д Б.Болд

2021 оны 2 сарын 05

Arslan.mn

 “...Алтан дээр суусан гуйлгачин” гэж биднийг аль соц нийгмийн үеэс нэрийддэг байжээ. Одоо ч тэр хэвээрээ л байна. Дороосоо баахан л алт, баялгаа алдсан байх... Дэлхийтэй нүд нээлцэж, баялгаа “чулуу “болгосон Арабын улсуудыг харж шүлсээ гоожуулсаар 30 жилийг үдэв.

Гэхдээ арван хоёр жилийн тэртээ Монголыг Арабаас ч томруулахаар нөөцтэй Оюутолгойгоо “Рио Тинто”-д ашиглуулж эхэлсэн. Гэвч өнөөдөр Оюутолгойгоос болоод ашиг байтугай өрөнд орчихоод сууж байна. Энэ гэрээг анх яагаад “айл”-ын талд ашигтай хийсэн бэ гэдгийг одоо ярихад оройтсон. Гэхдээ хэрэг хуучирдаггүй.

Хар даа, COVID19 цар тахалд нэрвэгдэж өндийж байсан жижиг эдийн засаг элгээрээ хэвтэж, үйлдвэрлэгчид маань өдөрт хэдэн арваараа үүдээ барьж эхэллээ.

Эрх баригчид цахилгаан дулааны үнэ чөлөөлж, эсвэл ганц сая төгрөг тараах санаачилга гаргах мэтээр “халамж” үзүүлж шоудсаар байна. Өнөөдрийн Монголын, монголчуудын дэндүү өрөвдөлтэй дүр зураг л даа.

Энэ бүхэн Оюутолгойн гэрээ огт ашиггүй байгаагийн маш том нотолгоо. Өөр баримт ч хэрэггүй.

АРВАН ЖИЛ “ЦАРЦСАН” ГЭРЭЭГ ГЭСГЭЭСЭН НЬ

За тэгээд бид чинь төрийн сонголтоо маш муу хийх юм. Шуудхан хэлэхэд өнөөдүүл нь сонгогдчихоод л маргааш нь “Рио Тинто”-гоос “угаадас” горьдоод хэвтчихдэг. Тэгээд “Рио Тинто”-гийн хүссэнээр шийдвэр гаргаж, эрх мэдлээ худалдсаар буудаг. Нууц биш шүү дээ. Бараг л нүдэн дээр “юм”-аа зөөгөөд гүйнэ шүү дээ.

Ганц жишээ ярья. Гэрээнүүдийн хэрэгжилтийг 2018 онд УИХ-ын даргын 57 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг шалгасан. Дүн нь “...Гэрээнүүдийг сайжруулах шаардлагатай” гэж гарсан. Тэр дундаа уг ажлын хэсгийн 12 гишүүний найм нь “...Дубайн гэрээг цуцлах шаардлагатай” гэж гарын үсгээ зуржээ. Гэтэл тухайн үед энэ мэдээллийг ямар нэг аргаар авсан “Рио Тинто”-гийн зүгээс “...Ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж авахгүй. Хэрвээ Монголын тал гэрээг цуцлах, өөрчлөх, дахин хэлэлцэх шийдвэр гаргавал төслийг зогсооно” гэж мэдэгдсэн.

Тэр үед 2019 оны тавдугаар сарын эхээр хэлэлцэх гэж байсан ЭЗБХ-ны гишүүд нь танилцаж амжаагүй УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт “Рио Тинто”-д оччихсон, нөгөөдүүл нь хариу ирүүлж сүйд болсон. Хэргийн эзэн нь ЭЗБХ-ны дарга Д.Дамба-Очир байв. УИХ-ын Тамгын газрын ажилтан “…Д.Дамба-Очир дарга өнгөрсөн баасан гаригт материалыг “Оюутолгой” ХХК-д өг гэж хэлсэн” гэв. Ийм холион бантан УИХ-д болж байв. Нэг л жишээ шүү энэ.

Угтаа “Рио Тинто” тухайн үед хэдэн жил манай төрийг айлгаж, нээнтэглэж ирсэн зангаа давтжээ. Харин Монголын төр Оюутолгойн асуудлыг тойрч гүйгээд Ажлын хэсгийн дүгнэлтийг жил долоон сар гацаав. Дуншиж дуншиж 2019 оны арваннэгдүгээр сарын 21-нд УИХ-аас Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолыг батлав.

Үүний дагуу Засгийн газар “Рио Тинто”-тай хэлэлцээр хийх ажлын хэсгийг байгуулав. Хэлэлцээрийн талаарх мэдээллийг бид харьцангуй тодорхой мэднэ. COVID19 цар тахлаас болж хэлэлцээр үндсэндээ зогсонги байдалд байв. 2020 оны есдүгээр сараас идэвхижиж эхэлжээ.

Татварын асуудлаар Арбитрын шүүх дээр заргалдаж байна. Дубайн гэрээг цуцлах саналыг Засгийн газрын ажлын хэсэг “Рио Тинто”-д тавьчихсан.

Оюутолгойн зардал хэтэрсэн гэх “хэдхэн тоо”

Ер нь Оюутолгой төслийн зардлын хэтрэлт юутай холбоотой юм бэ. Яагаад ярьсан хэлсэн нь ингэтлээ өөрчлөгдсөн бэ. Юу нөлөөлдөг юм бэ гэдгийг бид бас сонирхох хэрэгтэй юм билээ.

Эх сурвалжийн мэдээллээр эхний шатны бүтээн байгуулалтын үед Гашуунсухайтын автозам, 220квт-ын цахилгааны шугамаас бусад бүх ажлыг Хятадын “Жиансу Жианду групп”, “ТСС”, “СМТСС” гэсэн гурван компаниар хийлгэсэн. Ингэхдээ 5.0 хүрэлх сая ам.долларын ажлуудыг хаалттай тендерээр хэт өндөр дүнгээр гүйцэтгүүлсэн.

Оюутолгой төслийн өрөмдлөгийн ажлыг 2004 оноос хойш “Мейжор дриллинг” гэдэг компани хийж буй. Энэ компани нэг метр өрөмдлөгийг гадаадын компаниудаас 2.5 дахин их, монгол компаниудаасаа 12 дахин өндөр үнээр хийдэг гэх зэрэг мэдээлэл яригдаад эхэллээ.

Далд уурхайн зардлын тухайд “Якобс инженеринг” компани нь “Оюутолгой” ХХК-тай төслийн менежментийн гэрээ /EPCM/ -гээр ажиллаж байхдаа геотехникийн асуудал гаргасан. Ингэж буруутгагдсан. Үүнээс болж гэрээ цуцлагдсан. Энэ хоёр компанийн хооронд байгуулсан гэрээний үнийн дүн 2.5 дахин нэмэгдсэн байгаа юм. “Якобс инженеринг” компанийг өөр компани худалдаж авад гэрээг үргэлжлүүлж байна.

Далд уурхайн хоёрдугаар шатны ажлыг “Тийс Монголиа” хийж байна. Тэд гүний уурхайн бүтээн байгуулалтад хамгийн бага үнийн саналыг өгсөн ч ажлын явцад зардал нь 2.5 дахин өсчээ. Мөн гүний уурхайн хөндлөн малталтын ажлыг хийж буй “Даян контракт майнинг”-ийн зардал 2.0 дахин өссөн байгаа юм.

Монголд Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто”-д Б.Болд

 Хөшигний ард манай улстөрчид бас л холиож буй. Ашиг сонирхлын үнэртэй ч байж мэдэхээр зүйлүүд яригддаг. УИХ-ын тогтоолоор Засгийн газар ажиллаж эхлэх гэж бас л бужигнасан байдаг. Тухайн үед “Рио Тинто”-тай хэлэлцээр хийх Засгийн газрын ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар ахалсан ч өөрсдийн саналаар татгалзжээ. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд даалгасан байгаа юм.

ЗГХЭГ-ын дарга энэ ажлын хэсгийг жил гаруйн хугацаанд хариуцаж байтал засаг солигдлоо. ЗГХЭГ-ын даргын ажлыг Ц.Нямдорж авав. Гэвч тэр “Рио Тинто”-тай хэлэлцээр хийх ажлын хэсгийг авсангүй. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт шилжүүлжээ. Х.Нямбаатар ч яахав “топ” сэдвээр олны анхаарал татаж, гуяа алгадаад л гүйгээд байна. Ямар дүн гаргахаа мэдэж л байдаг байгаа даа. Гэрээг өөрчлөөд Оюутолгойгоос ашиг авах боломжийг бүрдүүлж, Арбитр дээр ялаад, Дубайн гэрээг цуцлахгүй бол хөөрхий Х.Нямбаатарын хувь заяа бүрхэг болно. Гэхдээ ганц хүний улс төрийн карьерийн асуудал энэ биш л дээ.

Засаг гэснээс яагаад У.Хүрэлсүх огцорч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсон өдөртэй зэрэгцээд “Рио Тинто” Зэсийн группийн захирлаараа Б.Болдыг томилсон бэ. Энэ их сонирхолтой шүү. “Рио Тинто” гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл Монголтой харилцах боловсон хүчнүүддээ ихээхэн анхаарал тавьж ирсэн гэдэг юм. Монголд бизнес эрхэлж байсан нөхдүүд, Монголоос гадаадад ажиллаж буй уул уурхай, эдийн засаг, улс төрийн боловсролтой нөхдүүд, дээрээс нь манай улстөрчидтэй хамтарч ажиллах дуртай гэдэг. Улс төрийн хүрээнийхэн бол гадарлаад “доторлодог” мэдээлэл л дээ.

“Рио Тинто”-д юу болж байна вэ?

Манайхан гэнэт ухаан орж “...Оюутолгойн гэрээ ашиггүй нь үнэн байна. Дубайн гэрээ хулгай болжээ” гэдэг дээр одоо нэгдэж эхэлж байна. Түүнээс өмнө хоёр жилийн тэртээ УИХ-ын ажлын хэсэг олиггүй дүгнэлт гаргах үед “Рио Тинто”-гийн хувьцаа эзэмшигчид “...Монголоос хүлээх ашиг орлого эргэлзээтэй боллоо” гэлцэж тус компанийн удирдлагуудыг шахаж эхэлсэн. Баталгаа ч шаардаж эхлэв. Ялангуяа “Рио Тинто”-гийн хувь эзэмшигч “Туркойз хилл ресурс”-ийн эзэмшигчид нэлээд “хөдөлгөөн”-тэй байгаа аж. Тиймээс “Рио Тинто” 2019 оны хоёрдугаар сард дотроо ажлын хэсэг байгуулж, Оюутолгой төслийг 20-25 тэрбум ам.доллараар зарах боломжтой гэсэн тооцоог гаргаж хувьцаа эзэмшигчиддээ танилцуулсан. Тухайн үед өмнөд хөрш энэ төслийг сонирхсон гэх мэдээлэл бий. Мөн 2019 оны гуравдугаар сард “Рио Тинто”-гийн зарим удирдлага Япон улсад манай Оюутолгойн асуудлаар хуралдсан байгаа юм.

Мөн тэр үед “Рио Тинто” групп Монгол дахь стратегийн төслүүд хариуцсан менежер Ричард Боулиг ажлаас нь чөлөөлсөн. Ричард Боули нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын  хугацаа нэг жилээр хойшилж, зардал 300 сая ам.доллараар өснө гэж группийнхээ удирдлагуудад мэдээлж байжээ. Харин “Рио Тинто” түүнийг чөлөөлснийхөө дараа 2019 оны долдугаар сард далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн зардал 1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэж, хугацаа нь 2.5 жилээр хойшлох болсныг зарласан.

Үүний дараа Ричард Боули “...Ажлаас үндэслэлгүй халсан” гэх үндэслэлээр Английн Хөдөлмөр эрхлэлтийн шүүхэд хандсан. Түүний гомдол “Рио Тинто”-д халгаатай болж эхлэх үед тус группийн зүгээс Ричард Боулитай “хэлэлцээр” хийж, 2020 оны аравдугаар сард болохоор товлогдсон шүүх хурлыг хойшлуулаад нэхэмжилсэн мөнгийг нь өгсөн байна. Гэвч “Рио Тинто” нь “...Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор бодит мэдээллийг нууж нэмэлт санхүүжилт татсан. Ингэж хөрөнгө оруулагчдыг хохироосон” гэх асуудлаар Английн хуулийн байгууллагад хэрэг үүсгэжээ.

Оюутолгойг ашигтай болгох алтан нюанс

Дээрхийг нуршсаны ганц учир бий. “Рио Тинто”-д Оюутолгой маш чухал. Оюутолгойн ордыг алдахыг тэд хүсэхгүй нь тодорхой. Монгол Улсын Засгийн газар ч гэрээг бүхэлд нь хөндөх зорилго байхгүй. Гагцхүү шударга гэрээ, шударга хэрэгжих ёстой. Оюутолгойн орд Монгол Улсынх, тиймээс ашиг өгөх учиртай. Ердөө л энэ.

Тиймээс энэ бүхний хажуугаар яригдаад байгаа төрийн зарим институцийн оролцоотойгоор Оюутолгойн ордын хөрөнгө оруулагч өөрчлөгдөхдөө тулж бас болохгүй гэдгийг учир мэдэх улс хэлж байна. Юутай ч яг одоо бол Оюутолгойн гэрээг засаж сайжруулах, Монгол Улсад ашигтайгаар эргүүлэх, өнгөрсөн хугацаанд авалгүй алдсан татвараа нөхөж авах, Дубайн гэрээг цуцлах бүх талын тохироо бүрдсэн “алтан” гэж хэлж болох үе юм. Энэ “нюанс”-ыг алдах эрх Засгийн газарт байхгүй. Тийм учраас хэлэлцээр хийх ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “...Бид нэг завин дээр байгаа гэж тэд хэллээ. Ёстой гоё уулзалт боллоо” гэж поп маягийн тодорхой бус мэдээлэл өгөөд байж боломгүй. Мэдээлэл ил тод байх ёстой. Тэгж байж дүн гарна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 
Б.Дамдин-Очир

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623349
2 эможи

эмээ
2021-02-12 18:20
ХҮН БОЛГОН Л МЭДЭМХИЙРЭХ ЮМ. ГЭРЭЭГ МАН БАЯР, Н. ЭНХБАЯР НАР ҮЗЭГЛЭЖ ТЭД Л ҮРГЭЛЖЛҮҮЛЖ ИРСЭНДЭГ. МАН ЗОРИУД АН - Г УРЬЖ АЖИЛЛУУЛААД ЮМ ҮЗЭЭГҮЙ БАЯРЦОГТЫГ ХУДАЛДАЖ АВСАН НЬ ҮНЭН ШҮҮ ДЭЭ. ДУБАЙН ГЭРЭЭ УГ НЬ ДУУСАХ ДӨХӨЖ БАЙГАА Л ЮМ ШИГ БАЙСАН . ЗҮГЭЭР Л ТЭР ТАВЬСАН ӨРӨӨ ХУРДАН ТӨЛӨӨД ДАРАА НЬ АШГАА ХҮРТЭЖ БОЛМООР БАЙХАД УЛС ТӨРЖҮҮЛЭЭД ЯАСАН СЭТГЭЛГҮЙ ЮМ ДЭЭ. БАЙРНЫ ИПОТЁКИЙН ЗЭЭЛЭЭРЛ ЖИШЭЭЛЖ БОДООД ҮЗЭХЭД ИЙМ Л БАЙХ ЮМ ШИГ САНАГДАХ ЮМ. НЭГ ХҮН НЭГ НАМ ӨӨРИЙГӨӨ ДӨВИЙЛГӨХ ГЭЖ ЮМЫГ ДАНДАА БУРУУ ТАЛААС НЬ ХАРАХ ЮМ. ЯАСАН Ч ҮЙЛТЭЙ ЮМ .
keyboard_arrow_up