“Дахиад нэг З.Энхболд” төрийн байгууллагыг бужигнуулж эхлэв үү “Дахиад нэг З.Энхболд” төрийн байгууллагыг бужигнуулж эхлэв үү
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Дахиад нэг З.Энхболд” төрийн байгууллагыг бужигнуулж эхлэв үү

2021 оны 4 сарын 06

Arslan.mn

1992 онд баталсан анхны Ардчилсан Үндсэн хуулиараа тогтоосон үзэл баримтлал, үндсэн зарчим бол энэ нийгмийн “багана” билээ. Гэтэл орон гэрийн тулгуур баганаа “хазайлган”, үндэс суурийг “ухаж төнхөж” өдгөө өнхрөн унахад хэзээ мөдгүй ойрхон боллоо. Төрийн албаа төрлийн алба болгож, төрийн ажил хэргийг “намчлах”, “хувьчлах”, “аминчлах” явдал ил цагаандаа гарч, хуулийг нийтийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд биш амин хувийн сонирхолд дулдуйдан баталдаг гаж явдал монгол төрийн “хатиг” болон томорсоор байна.

Хатигны толгойг хагалахад өвчин их ч хагалсны дараа зовиур арилдаг. Энэ “зовиур” дээр бид ирээд байна.  

“Хууль бол ихэс дээдсийг эрхэмлэн хязгаарлаж, эгэл олныг энэрэн хамгаалсан жам ёсны хэм хэмжээ байх ёстой” гэж тэртээ 20 жилийн өмнө эрдэмтэн багш Бяраагийн Чимид айлдсаныг дахин сануулмаар. Өмнө нь “10 хувийн” гэх нэршлээр төрийн мөнгийг зувчуулдаг байсан бол одоо хууль “гаргаж” ашиг сонирхлоо хамгаалдаг “ахисан” түвшний авилгын сүлжээ улс оронд маань нүүрлэжээ. 

Улсын Их Хурлын өмнөх бүрэлдэхүүн бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас хэдхэн хоногийн өмнө буюу 2020 оны 5 дугаар сард "Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай" гэсэн урт нэртэй хуулийг батлав. Хэзээнээсээ “урт нэртэй хууль” балаг дагуулдаг түүхтэй улс даа, бид. Тээр жил бас нэг “урт нэртэй хууль” баталж “байгаль хамгаалах” гэсэн ганган уриан дор лицензийн наймаа, авилгын тогтолцоог гааруулж, эцэстээ аргагүйн эрхэнд хүчингүй болж байсан нэгэн адармаатай хуулийн түүхийг монголчууд мартаагүй.

Саяхны баталсан “урт нэртэй” хууль өмнөхөөсөө илүү хорон үр дагавартай, аюултай хууль. Учир нь Ковидын эсрэг гэх нэрэн дор дарга нарын эрх ашгийг хуулиар “хамгаалж”, тэдний эрх мэдлийг зүй бусаар нэмэгдүүлж, иргэний нийгмийн нүд чихийг хааж, эцэс сүүлд нь ардчилсан нийгмийн дархлаа болсон хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийн зарчмыг үгүй хийж, нэг намын тогтолцоо руу буцах бодит дүр зураг тодорхой боллоо. “Хүрээний булайг ярьвал өнөөдөр бид амжихгүй” гэж Итгэлт баян хэлдэг шиг энэ Ковидын эсрэг гэх “урт нэртэй хуулийн” булхай, булай бүхнийг ярьвал цаг хайран тул нэгэн зүйлийг эхлэн сийрүүлье.

“Улсын Их Хурлын эрхэм гишүүний хүү төрийн байгууллагад шалгалт өгөлгүй томилогдлоо” гэх яриа олны чихийг дэлсэж, түмний бухимдлыг төрүүлээд авав. Эрхэм гишүүний хүү “хуулиа унш” гэж омогдсоныг үзсэн хүн бүр бүхимдан хорсч, тэрхүү “хууль” нэртэй “бамбай”-г хайлаа. Мөнөөх “урт нэртэй хууль”-ийн алдарт 3.2-т энэ оны 7 дугаар сарын 1 хүртэл аливаа албан тушаалтны сонгон шалгаруулалтыг хийхгүй гэсэн үг дурайтал тодорно. Яг энэ үгийг ашиглаад төрийн албаа төрлийн алба болгож, төрийн өмчийн компаниудад гар хөлөө шургалуулах эх захгүй марафон ковидын хөл хорио, халдварын тоо, вакцины ард өрнөж, “Ковидын томилгооны баг” болон өргөжин тэлснийг баримтаар нотолж болно.

Үүний нэг жишээ нь “Үндэсний давхар даатгалын компани” нэртэй төрийн өмчит ХК-ийн удирдах албан тушаалтны томилгоо юм. Тус компанийн ТУЗ-ийн дарга, Сангийн яамны Хууль эрх зүй, худалдан авалтын газрын дарга З.Энхболд ганцхан хоногийн өмнө компанийн ТУЗ-ийг зарлан хуралдуулж, Б.Батбаяр гэх нэгэн эрхмийг “крандаж” авчраад, ковидын хуулийн 3.2 дугаар заалтыг удирдлага болгон шууд томилов. Ингэхдээ “Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч” гэх хуульд заагаагүй албан тушаалыг дур мэдэн үүсгэж, түүнийг хуульд заасан журмаас гадуур Ковидын эсрэг хуулийн “хүрээнд” шууд томиллоо гэсэн утгатай шийдвэрийг тус компанийн ТУЗ-ийн дарга З.Энхболд гаргажээ. 

Хууль дээдлэх ёс бол манай нийгэм төрийн нэг үндсэн эхлэл, төрийн албан хаагчийн үйл ажиллагаандаа баримтлах үндсэн зарчим гэдгийг З.Энхболд даргад эхлээд сануулья. Төрийн албан хаагч бол Үндсэн хууль болон бусад хуулийг ягштал мөрдөж, түүний “хүрээнд” биш яг зааснаар нь ажиллах “алтан дүрэмтэй” бөгөөд энэ дүрмийг зөрчвөл эрхээ хэтрүүлсэн, үүргээ умартсан хэрэгтэн болох учиртай. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд тус компанийн Гүйцэтгэх захирлыг зөвхөн нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох бүрэн эрхийг Компанийн ТУЗ-д хуулиар олгосон болохоос “түр орлон гүйцэтгэгч”-ийн албан тушаалыг дур мэдэн бий болгож, даргаас шууд томилох эрхийг хэнд ч олгоогүй.

Уг нь энэ компани Хувьцаат компани учраас хуулийн дагуу Нэр дэвшүүлэх хороо гэж ажиллах учиртай. Нэр дэвшүүлэх хороонд ТУЗ-ийн хараат бус гишүүд хамрагдах бөгөөд тэдгээрийн нэг нь Шаравсамбуу гэх эрхэм. Өмнөх нийгмийн үеэс төрийн тусгай хангамжинд сайд дарга хийж явсан Б.Шаравсамбуу гуай одоо ч төрийн хишгийг хүртэх өндөр их хувьтай хүн аж. Угтаа Б.Шаравсамбуу гишүүн болон бусад гишүүд Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу зохион байгуулах үүрэгтэй компанийн эрх бүхий албан тушаалтангууд байтал даргын дохиураар үг дуугүй хөдлөх “манкурт боол” болсныг саяын томилгооноос бэлхнээ харж болно. Зүй нь тэд мянга мянган даатгуулагчдынхаа ашиг сонирхлын төлөө ажиллах ёстой мэргэжилтэнгүүд байх учиртайсан. “Крандуулж” томилогдсон Ковидын түшмэд томилсон эзэндээ боол мэт үйлчлэх болохоос төрийн төлөө ажиллах өчүүхэн сэтгэл ч тэдэнд байхгүй, байсан ч томилсон эзэн нь даран унтраах хүч чадалтай гэдгийг мартаж болохгүй.

Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн өмчит компаниуд хүний нөөцийн ил тод байдлын хүрээнд компанийн сул орон тоог олон нийтэд зарлан мэдээллэж, хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ёстой. Гэтэл “Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч” гэдэг сул орон тоог хэзээ бий болгож, түүнийг хаана, хэн нийтэд мэдээллэсэн юм болоо? Тийм сул орон тоо гарсан гэдгийг томилогдон очсон Б.Батбаяр яаж мэдэв ээ? Б.Батбаяр гэдэг хүнийг ямар шалгуур үзүүлэлтээр, яаж сонгож энэ албан тушаалд шууд томилов? Нууц болгоны ард ил далд хуйвалдаан байдаг. Б.Батбаяр гэж хэн бэ? Зээлийн батлан даалтын сангийн захирлаар гишүүн асан Л.Элдэв-Очирын дэмжлэгээр крандуулан томилогдож, дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатарын шууд дэмжлэгээр Баянхонгор аймгийн ИТХ-ын даргаар сар гаруй ажиллаж орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн ч нутагтаа өвдөг шороодчихсон. Давхар даатгал байтугай даатгал гэж ойлгохгүй хөдөөгийн дарга маань сая мөн л крандуулж томилогдож байгаа зайтай эр. 

Санхүүгийн зохицуулах Хороо гэж байгаа байхгүй нь үл мэдэгдэх үлгэн салган газар Улсын Их Хурлын харьяаны байгууллага гэж явдаг. Төрийн өмчийн давхар даатгалын компанийн ТУЗ нь Монгол Улсын хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр гаргачихаад байхад нүдэн байлай чихэн дүлий. Арга ч үгүй юм даа, Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга нь Сангийн Сайд Б.Жавхлангийн сайн найз, харин тус Хорооны Ажлын албаны дарга нь Б.Батбаярын нутгийн дүү Т.Жамбаажамц, тэдгээрийг томилдог албан тушаалтан нь УИХ-ын дарга Г.Занданшатар. Даатгалын тухай хуулийн дагуу давхар даатгалын компанийн эрх бүхий албан тушаалтан томилогдсон бол түүнийг зөвшөөрөх эсэх, компанийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж байгаа эсэхэд төрийн хяналт тавьдаг хяналт, зохицуулалтын байгууллага л даа. Гэтэл “Гүйцэтгэх захирлын орлон гүйцэтгэгч” нь эрх бүхий албан тушаалтан мөн бишээ мэдэхгүй, түүнийг зөвшөөрч, эс зөвшөөрч чадахгүй, түүнийг томилсон ТУЗ-ийн шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянаж дүгнэж чадахгүй “үлгэн салган” байгууллага болчиж. 

Төрийн албан хаагч хуулийн “хүрээнд” биш төрийн хуулийг чанд сахиж албан үүргээ гүйцэтгэх тангараг өргөдөг гэдгийг дээрх эрхмүүдэд хаяглан дахин сануулъя. Наймаачин хүн хуруу хазайвал хулгайч болдог бол төрийн түшээ хүн хумсын чинээ хуулиас хазайвал гэмт хэрэгтэн болдог. Эрхэм түшээд хууль дээдлэх зарчмаа барьж ажиллахгүйгээр, хэн нэгэн даргын “шатрын хүү” болж хөдөлбөл хожмын өдөр, хойчийн маргааш “аавын хаалга” татахад нэг алхам ойртож байгаагаа ойлгоосой. 

Энэ бол төрийн овогт нэг л байгууллагын нэг л жишээ. Үүний цаана олон зуун байгууллага, олон даргын эрх ашиг явж байгаа гэдгийг мартаж болохгүй. Ковидын томилгоо бол энэ нийгмийн цар тахал, бугшсан идээ бээр. 

Энэ нийтлэл эгэл түмэнд таалагдсан ч дарга нарын зарим нэгний чихийг дэлдийлгэж, гижгийг хүргэн, омгийг оргилуулж болзошгүй. Тэгвэл харин хөдөлгөөнд орж хөшилтөөс гарч зөв шударгыг ухаарч магадгүй. Түүний дараа нийгэмд бугласан “хатиг” хагарч, тогоон доторхи идээ бээр ил гарч мэднэ. Идээ бээрийг шахахад их л өвдөнө, гэхдээ шахаж гаргахгүй бол цаашаа бүр буглаж, илүү хүндээр өвдөнө. “Ухаантныг өдвөл тос, ууртныг өдвөл цус гарна”. Ухаантай төрийн түшээ Монгол төрд олон бий гэдэгт эргэлзэхгүй байна.Монголын түүхэнд нэрээ хэрхэн үлдээх нь төрийн түшээдийн холыг харж, хуульд захирагдаж нүүсэн нүүдлээс шууд шалтгаална.

Нийтлэлч: У.Оргилмаа

Эх сурвалж: tumen.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625188
0 эможи

keyboard_arrow_up