Монголын улс төрчдийн олон нийттэй харилцах арга нь зөвхөн ШОУ, ЖҮЖИГ болсон... Монголын улс төрчдийн олон нийттэй харилцах арга нь зөвхөн ШОУ, ЖҮЖИГ болсон...
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монголын улс төрчдийн олон нийттэй харилцах арга нь зөвхөн ШОУ, ЖҮЖИГ болсон...

2021 оны 8 сарын 20

Arslan.mn

Улс төрийн нийгэм ба иргэний нийгмийн гарвал, холбоо, түүхийн асуудалд

Хүний өвөг дээдэс нь мич, бич, бичин хүн байх цагаасаа л ямагт сүрэглэн амьдарч байжээ. Оюун ухаант хүний шинж, байдлыг бүрэн олсон тэр цаг үедээ ч мөн л сүргээр оршин тогтнож байв. Ингэхлээр сүрэглэх нь бидний язгуур шинж, заяагдмал зохион байгуулалт юм. Эл язгуур шинж, заяагдмал зохион байгуулалтын маань цаад учир, угийн шалтгаан нь чухам юу юм бэ? Орчин үеийн дэлхий дахины илхэн жишээ, баримт гэвэл цаа буга, зээр, галуу, нугас, царцаа, зарим зүйл загас гэх мэт амьтан сүрэглэн явж амьдарч байна.

Тэд бол хөхтөн амьтад, шувууд, загасны голчлон дундаж хэмжээстэй төлөөлөгчид юм. Эндээс харахад Нэгдүгээрт, Сүрэглэхийн давуу талууд л тэднийг татаж нэгтгэдэг бололтой. Хоёрдугаарт, Дундаж чадавх нь (өндөр, нам, жин,хурд, хүч гэх мэт) тэднийг татаж цуглуулдаг байж мэднэ. Гуравдугаарт, идэш тэжээлийнх нь жилийн улирлаарх тархмал олдоц, хэмжээ, тэдгээрт хүрч очих зам, чигийг мэддэг байх шаардлага нь туршлагатай хэсгээ дагаж хошууран хөдлөхөд хүргэдэг байж болно. Мөн энэнээс ч хамаагүй илүү их гүнийн, чухал, далд, нарийн учир, шалтгаан зүйл тус бүрийн хувьд байгаа нь эргэлзээгүй юм...

Хүний сүрэг нь бидний нэрийдэж заншсан хүй нэгдлийн гэгдэх хэлбэртэй болсон үед хүй нэгдлийн хувь заяа зөвхөн сүргийн нас бие гүйцсэн гишүүдийн санаа, зоригоос бүрэн хамаардаг болжээ. Тэд хаашаа зүглэнэ сүрэг тийшээ бэлчиж, тэд юу хийнэ сүрэг түүнийг нь хийлцэж байв. Ийм байдал урт удаан үргэлжилжээ.

Хүн сүрэг овгууд болон задарч, овгийн удирдлага төлөвшиж, улмаар овгууд салаалан томорч аажимдаа аймгууд болон хувирах үест аймагт хамаарагдаж асан хүмүүсийн хувь заяа үндсэндээ хуучин, шинэ хоёр хүчин зүйлээс шалтгаалах болсон байна. Аймгийн удирдлага хэмээх шинэ, хүчтэй хүчин зүйл гарч иржээ. Үүний хажуугаар овгууд, өрхүүд ч мөн өөр өөрсдийгөө хуучны адил мэдэж, хувиа борлуулцгааж байв. Гэхдээ л аймгийн удирдлагын зорилт, зорилгын дагуу, тэдгээрийг хэрэгжүүлж овгууд, өрхүүд хувь хувьцаа аж төрөх ёстой болжээ.

Аймгууд нэгдэж төв төртэй болохын цагт тухайн улс оронд төрийн удирдлага, зохицуулалт ба уламжлалт өөрийн (овгийн, өрхийн) удирдлага, зохицуулалт хоёр зэрэгцэн орших болсон байв. Шинээр үүссэн улс төрийн хүчин зүйлийн нөлөө, хамаарал дор иргэдийн санаа зориг, санаачлага, идэвхитэй үйл ажиллагаа урьдын адилаар үргэлжлэн хэрэгжиж байсан хэдий ч заримдаа төв төрийн зорилт, зорилгыг бүрэн дэмжиж, заримдаа түүний зарим зүйл, хэсгийг шүүмжлэн эсэргүүцэж, өөрсдийн санаа бодлыг сөргүүлэн тавьж элдвээр тэмцэх, дургүйцлээ илэрхийлэх болсон байна. Ингэж тухайн улс орон, нийгэм нэг бүр удирдлага, зохицуулалтын хувьд хоёрдмол, хосмог шинжийг олж, энэ байдал түүхэн, түгээмэл бодит зүйлс болон хэлбэржиж төлөвшжээ. Аажимдаа үзэл, онолын хэмжээ, түвшинд аливаа улс орны амьдралыг улс төрийн нийгэм хийгээд иргэний нийгэм хэмээн салгаж, хоёрдуулж үзэх болсон байна. Ингэж улс төрийн нийгэм ба иргэний нийгмийн түүхүүд эхэлжээ.

Тухайн улс орныг төр засаг нь өөрийн бодлого, зорилтын дагуу удирдах, өөрчлөхийг нэг талаас хичээж байхад түүнтэй зэрэгцэн иргэд бас өөрсдийн хүсэл, сонирхлын дагуу өөрсдийнхөөрөө байх гэж нөгөө талаас эрмэлзэх, тэмүүлэх болжээ.

Энэ байдлыг таних, тооцохыг амьдрал, түүх бодитойгоор шаардаж эхэлжээ. Улс орныг нэг хаан удирдаж байхад ч ийм шаардлага мэдрэгдэж байв. Олон улс, үндэстэнг нэг эзэн орон удирдаж байхад ч ийм шаардлага мэдрэгдэж байлаа. Улс орныг үндэсний хөрөнгөтөнгүүд удирдаж байхад ч мөнхүү шаардлага мэдрэгдсээр л иржээ. Нэг нам төр засгийг бүрэн эрхшээх үед ч уг шаардлага далд, нууц байсаар л байдаг байв.

Тухайн улс орон, нийгмийн хувьд төв төрийн нь хүсэмжлэх амьдрал, аж байдал нь нийт иргэдийн олонхийнх нь хүсэмжлэх амьдрал, аж байдалтай үл давхцах, үл нийцэх байдал ч цөөн бус ажиглагдах болжээ. Иргэдийн зүгээс (иргэний нийгмийн зүгээс) гарсаар ирсэн эсэргүүцлийн урсгал хөдөлгөөн нь аажмаар зохион байгуулалтанд орж анхны төрийн бус олон нийтийн байгууллагууд ч мөн үүсчээ. Төрийн бус байгууллагууд нь бүүр анхнаасаа л салбар салбарын шинжтэй, хоорондоо холбоо, уялдаагүй, мөр мөрөө хөөсөн байдалтай, олонхи нь нөлөө, ач холбогдол багатай байв. Тэгээд ч ихэнх уламжлалт нийгмүүдэд иргэний нийгмийн зүгээс гардаг санал, санаачилгад төр засгаас хандах, үнэлэх байдал тун ч муу, ихэнхдээ үл тоомсорлох, үл таашаах, бүр нухчин дарах, гэсгээх, хашраах байдалтай байж иржээ.

Иргэний нийгмийн талаас гарч байсан эсэргүүцэл, хөдөлгөөн нь уламжлалт нөхцөл, байдлыг хадгалах, үргэлжлүүлэхийн төлөө ч гардаг, мөн өөрчлөлт, шинэчлэлийн төлөө ч гардаг байлаа. Төрийн бодлого, зорилт, тэдгээрийг хэрэгжүүлж буй арга, явуулгын эсрэг, тэдгээрийг шүүмжилж, эсэргүүцэж гардаг иргэний нийгмийн хөдөлгөөн, дарвилтууд нь олон тохиолдолд төр засгийн эсрэг ард олныг турхиран нэгтгэж үймээн самуун, бүр бослого ч гаргаж чадаж байв. Хаад, удирдагчид ч энэ байдлыг сайтар ойлгож нэгэнт гарсан зөрчил, мөргөлдөөнийг эвээр, тайвнаар шийдвэрлэхэд ихээхэн анхаарч байдаг болжээ. Ямар ч цаг үед, ямар ч асуудлаар, ямар ч арга, хэлбэрээр иргэний нийгэм үгээ хэлж, үйлдэл алхам хайж чадна гэдгийг төр засаг таньж, ойлгосон нь нийгмийн дотоод зохицуулалтанд зөвлөлдөх, зөвшилцөх, буулт хийх, иргэний нийгмийн дуу хоолойг сонсох, санал авах, тохируулга, тодотгол хийх гэх мэтийн технологийг байнгад ашиглаж байхад хүргэсэн юм. Нийгмийг удирдах урлаг энэ үндсэн дээр хөгжиж боловсронгуй болж эхэлжээ. Ингэж улс төрийн нийгэм ба иргэний нийгэм гэсэн нэгэн үйл явцын хоёр талын холбоо, харилцааны түүх бичигдэж эхэлсэн байна.

Улс төрийн нийгэм оршил, үйлчлэлээ бүрэн зогсоолоо гэхэд иргэний нийгэм урьдын адил оршин байж чадах хэдий ч харин иргэний нийгэм үгүй болох аваас улс төрийн нийгэм дагаж үгүй болох болно. Улс төрийн нийгэм нь иргэний нийгмээс гаралтайн дээр мөн харьцангуй биеэ даасан ахуй оршил, нас түүхтэй юм. Тиймээс ч түүхийг төрийн түүх, иргэний түүх хэмээн хоёрдуулж үзэж, алиныг нь түлхүү өгүүлж тод томруун харуулахаа товлож, тогтоож иржээ. XX зууны эхэн ба дунд хэрд Германы улс төрийн нийгэм ахин дахин алдаа гаргаж иргэний нийгмээ хэлмэгдүүлж хохироосныг дэлхий нийтээрээ мэдэх билээ. Байдлыг таньж ухаарсан иргэний нийгмийн оюунлаг хэсэг нь улс төрийн нийгмийнхээ бодлого, зорилгын эсрэг чамгүй их тэмцэл өрнүүлснийг ч түүх гэрчилдэг. Гэвч төөрөлдсөн, толгой нь эргэсэн, хүчинд автагдсан хэсэг нь улс төрийн нийгмээ дагаж, дэмжиж Герман үндэстнийг эмгэнэлт байдалд оруулжээ. Улс төрийн нийгмийн үйл ажиллагаа нь иргэний ниймийнхээ хувьд гай ч тарьж болох, бас гавъяа ч байгуулж болохыг Германы шинэхэн түүхийн сургамж ийнхүү нотолжээ. Үүний эсрэг тохиолдол ч бас байж болох нь тодорхой юм. Тиймэрхүү жишээ, баримт ч цөөн биш болно.

Улс төрийн нийгэм, иргэний нийгэм хоёр нь нэгэн нийгмийн бүрэлдэхүүн хэсгүүд, харьцангуй тусгаар хэсгүүд, харилцан амьд холбоотой хэсгүүд, үүрэг функци нь харилцан шилжиж ч болох хэсгүүд, аль нь ч нөгөөдөө нэн хүчтэй эерэг, сөрөг нөлөө үзүүлж чадах хэсгүүд болох учир аль алиныг нь анхаарч, тооцож, судалж, шинж байдлыг нь тодруулж, зөрчилт нэгдлийг нь ухаалгаар тэтгэж, дэмжиж байх нь нэн чухал юм.

Улс төрийн нийгэм нь иргэний нийгмээсээ үүсэл, гаралтай болох тул “ямар шинжтэй иргэний нийгэм байна мөн тиймэрхүү шинжтэй улс төрийн нийгэм байдаг” гэж хэлж болно. Ингэхээр иргэний нийгэм боловсролтой, соёлтой, ардчилсан, хүмүүнлэг болж байж л улс төрийн нийгэм (төр засаг нь) мөн тийм шинжтэй болох учиртай байна. Иргэний нийгэм нь улс төрийн нийгмээ (төр засгийг) хүмүүжүүлэх ёстой ажээ. Энэ холбоо, шүтэлцээг ойлгож, хүндэлж захирагдаж байх ёстой. Иргэний нийгэм рүүгээ хялайж, харах биш, хүндэтгэлтэйгээр тогтож харах учиртай. Харамсалтай нь нам, төрийн дарангуйлал, авторитар удирдлага, тоталитар дэглэмийн үеийн бүтээгдэхүүн, хуучин нийгмийн үлдэгдэл болсон өнөөгийн төрийн албан хаагчид энэнийг мэддэггүй, ийм шинжийг олж хүмүүжээгүй, дээр нь тэднийг дахин хүмүүжүүлэх, шинэчлэх боломж ч тун бага юм. Иргэдийг элдвээр дарамталж, чирэгдүүлж байсаар авилга, хахууль авахыг оролддог тэр санаархлыг нь үгүй хийх, устгах гэсэн оролдлого төрийн албаны бүх салбар, хэсэгт ямар ч үр дүнгүй замхарч байгаа нь өнөөдөр үүнийг нотолж, түгшүүр төрүүлж байна.

Ард түмэн, иргэд, сонгогчид өөрсдийгөө өөд нь татуулах гэж, сайн сайхан байдалд хөтлөн хүргүүлэх гэж сонгож, шилж авсан тэр хүмүүс, тэр төр засаг нь нийтийн эрх ашиг, үндэснийхээ эрх ашгаас урваж, хохирол учруулж, булхай луйвар хийж, авилга авч, нийгмийн баялаг, татвар төлөгчдийн мөнгөнд шунасан хачиг, хувалз болж хувирах нь бүр хаяанд ирчихээд байгаа сүйрэл, мөхөл мөн болно. Улс төрийн нийгэм өөрт нь оноогдсон жинхэнэ үүрэг хариуцлагаа бүрэн орхиж, мартаж, санаа зорилготойгоор өөр шинж, байдалтай үйл ажиллагаа өрнүүлж эхэлсэн бол түүнийг яаралтай өөрчлөх, үйл ажиллагааг нь бүрэн зогсоох, ял тулгаж зэмлэл, шийтгэл оноох ёстой. Иргэний нийгмийн эрс ширүүн эсэргүүцэл, тэмцэл нь энэ хэргийг хийж чадна. Ингэж чадах эсэх нь иргэний нийгмийн өөрийнх нь бойжилт, хөрвөжилт, төлөвшлөөс бүрэн шалтгаална.

Монгол оронд иргэний нийгэм ба улс төрийн нийгмийн нүүр царай, шинж байдал, холбоо харилцаа, өнөөдөр яг ямар байна вэ?

Улс төрийн нийгмийн нүүр царай хуурамч, засдаг авиртай, сонгуулийн үед бялдууч, нялуун, харин сонгуулийн дараа хүйтэн, цэвдэг, тоомжиргүй болжээ. Улс төрийн нийгмийн удирдах дээд хэсэг, элит хэсэг нь зөвхөн хувийнхаа ашиг сонирхолд хөтлөгдөж аль болохоор л завших, баяжих, их хэмжээний авилга авах, өнгө мөнгөний хойноос хөөцөлдөх, мөн хэргэм зэрэг, алдар цол, албан тушаал, одон медалийг худалдаад ч болов олох, цуглуулахын төлөө улайрдаг бусармаг шинжийг олжээ. Тэд ашиг, сонирхол, үзэл, үнэлгээгээрээ ард олноосоо тасран салж, ихэмсэг, дээрэнгүй, ихэс дээдсийн байр байдалтай болов. Ард түмэн, сонгогчдыг тэд зөвхөн л төр, засгийн эрхэнд шургалан ороход нь тусалдаг гүүр, гэнэхэн тэнэг масс гэж үзэж үнэлдэг болжээ. Тиймдээ ч тэд ард олон, сонгогчдын аж байдлыг хэрхэн сайжруулах тухай биш харин дараачийн сонгуулийн үеэр тэднийг ямар аргаар дахин хуурч саналыг нь авах вэ? гэж л бодох, санаашрах болсон байна.

Монголын баян чинээлэг “том улс төрчдийн” олон нийт, сонгогчидтой харилцах арга, технологи зөвхөн шоу, жүжиг болж хувирчээ. Шуугиулж доргиосон, төөрөлдүүлж урхидсан шоу зохион, их хэмжээний үргүй зардал гаргах нь тэдний хувьд чухал зүйл, харин ухамсар дорой массын хувьд бараг хүлээлт болчихжээ.

Сонгуулийн хуулийг өөрсөддөө ашигтай болгож өөрчлөөд ч болов, цаг цагийн аясыг дагуулж худал амлаад ч болов, хуурч зальдаад ч болов, мансууруулж муужруулж байгаад ч болов саналыг нь салгахын төлөө л өнөөгийн элитүүд өнөөдрийн ядуу даржин, өлөн зэлмүүн, гэнэхэн итгэмтгий сонгогчидтой хуурамчлан найзархаж хулхидах аргаа боловсруулсаар байна.

Нөгөө талд нь иргэний нийгэм ямар царай зүс, шинж, байдалтай байна вэ?

Ардчилсан нийгэмд, ардчиллын нөхцөлд, дундаж хэмжээний соёл, боловсрол бүхий улс оронд иргэний нийгэм нь ямаршуу шинж, байдалтай улс төрийн хүчин байх ёстой вэ? Энэнийг хэмждэг, үнэлдэг стандарт, шаардлага, үзүүлэлтүүд гэж бий юу?

1990 оноос өмнө Монголын иргэний нийгэм зөвхөн л улс төрийн нийгмийнхээ хавсрага, дагуул, “хамжлага” болж байв. Түүнд иргэний нийгмийн үндсэн шинж болох улс төрийн нийгэмтэйгээ хуулийн өмнө эрх тэгш байх, улс төрийн нийгмээ хянаж, хариуцлага тооцож байх, төр засгийг бүтээх хэрэгт зохих хэмжээний мэдээлэлтэйгээр идэвхитэй, ухамсартай оролцох, төр засгийн үйл ажиллагааны тайланг шаардан гаргуулж хянах хэлэлцэх, шаардлагатай гэж үзвэл аль ямар ч албан тушаалтныг огцруулахыг санал болгох зэрэг үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүд хэрэг дээрээ алга байв. Харин энэний оронд төрийг шүтэх сэтгэл зүй, ухамсар, сүсэг шашны хэмжээнд хүртлээ лавширч, газар авч байлаа. Төрийн бус бүх олон нийтийн байгууллага (үйлдвэрчний эвлэл, зохиолчдын хороо, эмэгтэйчүүдийн байгууллага зэрэг) МАХН-ын заавраар ажиллаж, түүний гар хөл болж, иргэний нийгмийн гүнээс хааяа гардаг эсэргүүцэл, тэмцлийг нам, төрд ховлож, мэдээлж, харгислан дарахад нь тусалж байжээ. Эдгээр байгууллагын бурангуй үйл ажиллагааны эрч инерци удаах 10 жилд хадгалагдсан хэвээрээ л байлаа. Шинээр буй болсон төрийн бус байгууллагууд нь нээлттэй нийгэм, ардчилсан нийгэм, шинээр төлөвшиж ядаж буй иргэний нийгмийн нөхцөлд үр өгөөжтэй ажиллаж чадах сурцыг одоо хүртэл олж чадаагүй байна. Салбарын ялгаа дагаж, ажил-мэргэжлийн ангилал даган төрөлжиж буй болсон ихэнх төрийн бус олон нийтийн байгууллага зөвхөн өөр өөрийн хүрээ, салбарын хэмжээнд ихээхэн явцуу үйл ажиллагаа өрнүүлж, дан дангаараа “чулуу мөргөж” мөхсөөр, шантарсаар байх болов. Нэг нь нөгөөгөө ойлгож дэмжих, хамтарч, нэгдэж ажиллах, хамтын хүчин чармайлтаар хэн хэнийхээ хэрэг, зоригийг бүтээх бодлого, тактик, урлаг, сурц тэдэнд алга байна. Зарим нь бүр нам нам дагаж хүчээ тарамдаад улс төрийн шоуны алиа салбадай болж нэр, нүүрээ бардаг болжээ.

Олон ургальч байдал буй болж, улс төрийн олон нам байгуулагдаж, олон үзэл бодол, ашиг, сонирхол гарч ирсэн нь үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний ачаар сэргэж эхэлж байсан үндэсний эв нэгдэл, үндэсний үзэлд ан цав суулгаж, Монголын ард түмэнг задалж, ойр хооронд сөргөлдүүлэх таагүй байдлыг бас үүсгэлээ. Ашигт малтмалын нөөц рүү шунаж хорхойссон дотоод, гадаадын элдэв хүн, хүчний харгайгаар дотоодын самуун дэгдэж ч болох байна. Энэ байдлыг ойлгож, муу үр дагаврыг урьдчилан харж чадаж байгаа өнөөгийн оюунлаг иргэд үндэсний үзлээ сэргээх, үндэсний үзлээ дээдэлж үндэснийхээ ашиг, сонирхлыг тойрон нэгдэх, үндэстний дархлааг бэхжүүлэх, нийт Монгол туургатныг эв санааны нэгдэлтэй байлгах, түүх, уламжлалаа судлах, тодруулах, сурталчлах, залуу үеийнхний түүхийн ухамсрыг зөвөөр төлөвшүүлэх зэрэг амин чухал асуудлуудад ихэд анхаарах болсон нь нэн сайшаалтай үзэгдэл юм.

Иргэний нийгмийн чанар чадавхи дээшилж, өөрийнхөө хүч, бололцоог таньж, монгол угсаатны үл шантарч, үл тэвчдэг зориг шийдэмгий байдал эргэж төлөвших үед тэрээр улс төрийн нийгмээ ардчилсан төрийн стандарт чанарт нь хүчлэн, шахан оруулж чадах нь эргэлзээгүй болно. Энэ цаг үетэй бид 2024 оны сонгуулийн дараа ч золгож мэдэх юм. Иргэний нийгмийн өөрийнх нь идэвхи, чармайлт, хүчин зүтгэл л энэ цаг үеийг авчрах болно.

 

Судлаач, профессор Д.Чулуунжав

SONIN.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629992
0 эможи

keyboard_arrow_up