СУДАЛГАА: Эмнэлэг, шүүх, гааль, газрын албанд АВЛИГА ХАМГИЙН ИХ СУДАЛГАА: Эмнэлэг, шүүх, гааль, газрын албанд АВЛИГА ХАМГИЙН ИХ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

СУДАЛГАА: Эмнэлэг, шүүх, гааль, газрын албанд АВЛИГА ХАМГИЙН ИХ

2021 оны 12 сарын 11

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргийн хүрээнд “Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааг 5 дахь удаагаа зохион байгууллаа.

Уг судалгаагаар нэгдүгээрт шударга байдлын үнэлгээг, хоёрдугаарт Монгол Улс дахь авлигын талаарх төсөөллийн талаар судалдаг. Энэ удаагийн судалгааны мэдээлэл цуглуулалт, тооцооллыг “Эс Ай Си Эй” ХХК гүйцэтгэсэн байна. Мэдээлэл цуглуулах ажлыг улсын хэмжээнд 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулсан. Шударга байдлын үнэлгээнд зөвхөн гүйцэтгэх эрх мэдлийн хүрээний байгууллага буюу яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг хамруулдаг.

Судалгаанд нийт 9850 оролцогч (төрийн байгууллагаас үйлчилгээ авсан 7,440 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, 1,550 төрийн албан хаагч, 860 шинжээч), мөн 14 яам, 32 агентлаг, 21 аймаг болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг хамруулсан. Төрийн байгууллагууд 100 оноо авахаас дунджаар 72.9 оноо авсан нь 2019 оноос 1.2 пунктээр буурсан байна. Шударга байдлын үнэлгээг бүрдүүлж буй дэд үнэлгээ тус бүрээр нь авч үзвэл тухайн төрийн байгууллагаас үйлчилгээ авсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын өгсөн үнэлгээ 4.7 пунктээр буурсан бол төрийн албан хаагчдын өгсөн үнэлгээ 0.4 пунктээр, бодлогод оролцогчдын өгсөн үнэлгээ 0.6 пунктээр тус тус өссөн дүнтэй байна.

Зураг 1. ШБҮ, оноор, оноогоор

Гадаад шударга байдлын үнэлгээ 67.0 болж өмнөх үнэлгээний дүнгээс 4.7 пунктээр буурсан нь төрийн байгууллагуудын ил тод, хариуцлагатай байдлын индекс, авлигын индекс буурснаас хамаарсан байв. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээ авч буй үйлчлүүлэгчид ил тод, хариуцлагатай байдал буурсан, авлигын шууд болон шууд бус тохиолдол нэмэгдсэн, албан хаагчид төрийн үйлчилгээг хүргэхдээ бусдад дарамт, шахалт үзүүлдэг, ах дүү, танил талынхаа нөлөөнд автдаг, бусдад хууль бусаар давуу байдал олгодог явдал ихэссэн гэж үзсэн байна.

Дотоод шударга байдлын үнэлгээ 81.2 болж 2019 онтой харьцуулахад 0.4 пунктээр нэмэгджээ. Энэ нь Шударга байдлын үнэлгээний дунджаас 8.3 пунктээр илүү байгаа нь албан хаагчид байгууллагынхаа шударга байдлыг сайнаар үнэлж буйн илэрхийлэл юм.

Бодлогод оролцогчдын үнэлгээ 70.4 болж 2019 онтой харьцуулахад 0.6 пунктээр өссөн нь Шударга байдлын үнэлгээний дунджаас 2.5 пунктээр бага байгаа боловч 2015 оноос хойших хамгийн өндөр үнэлгээ юм. Ийнхүү өсөхөд үнэлгээнд оролцогчдын авлигын талаарх төсөөлөл, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл, эрмэлзэл зэрэг үзүүлэлтүүдийг сайнаар үнэлсэн нь голлон нөлөөлжээ.

Энэ оны дүнгээр Үндэсний хөгжлийн газар, Хэнтий аймгийн ЗДТГ, Эрчим хүчний яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар харьцангуй өндөр оноо авсан бол Улсын бүртгэлийн ерөнхий газар, Ховд аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Хөвсгөл аймгийн ЗДТГ хамгийн бага оноо авсан байна.

Хүснэгт 1. ШБҮ, хамгийн өндөр болон хамгийн бага үнэлгээ авсан байгууллагууд

Судалгаанд оролцогчдоос Монгол Улсад авлига хэр түгээмэл байгааг тодруулахад 20.9 хувь нь ихээхэн түгээмэл гэж хариулсан нь өмнөх оноос 2.1 пунктээр, 45.1 хувь нь түгээмэл гэж хариулсан нь 3.3 пунктээр тус тус  буурсан үзүүлэлттэй байна. Үр дүнгээс харахад нийт судалгаанд оролцогчдын 66.0 хувь нь Монгол Улсад авлига байсаар байна гэж үзжээ. 

Зураг 3. Монгол Улсын авлигын өнөөгийн байдал, оноор

Монгол Улсын ирэх 2 жилийн авлигын нөхцөл байдлын талаарх төсөөллийг тодорхойлох зорилгоор судалгаанд оролцогчдоос ирэх 2 жилд Монгол Улсын авлигын түвшин хэрхэн өөрчлөгдөх талаар тодруулахад 16.0 хувь нь буурна, 1.9 хувь нь их хэмжээгээр буурна гэж үзжээ. Харин авлигын түвшин өснө гэж 17.9 хувь нь үзсэн бол 4.8 хувь нь их хэмжээгээр өснө гэж үзжээ.

Судалгаанд оролцогчдоос Монгол Улсад авлига хамгийн их тархсан институцийн талаар тодруулахад эрүүл мэндийн байгууллага, шүүх, газрын алба, гаалийн байгууллага, цагдаагийн байгууллага эхний 5-д эрэмбэлэгдсэн байгаа нь цаашид эдгээр байгууллагад онцгойлон анхаарал хандуулах шаардлагатай байгааг илэрхийлж байна.

Үр дүнгээс үзэхэд иргэдийн төлөөлөл эрүүл мэндийн байгууллагыг хамгийн их авлига тархсан институц гэж үзсэн байна. Харин албан хаагчид болон бодлогод оролцогчид шүүхийн байгууллагыг нэгдүгээрт эрэмбэлсэн байв. Энэхүү үр дүн нь судалгаанд оролцогчдын төрөл тус бүрийн өдөр тутамд тулгамдаж буй асуудлаас шалтгаалсан гэж харагдаж байна. Тухайлбал: иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах хэрэгцээ зайлшгүй тулгардаг. Харин эрүүл мэндийн байгууллагуудын хүртээмжгүй байдал нь иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлдэг гэж үзэж болохоор байна.

Хүснэгт 2. Монгол Улсад авлига их тархсан институц, оноор

Судалгаанд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллөөс Монгол Улсын авлигын шалтгааныг тодруулахад цалин орлого бага, хувь хүний ёс зүйгүй, хэм хэмжээгүй байдал, ядуурал, эдийн засгийн тогтворгүй байдал, хүнд суртал, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигладаг байдал зэрэг шалтгааныг хамгийн их дурджээ.

Зураг 5. Монгол Улс дахь авлигын үндсэн шалтгаан

Шударга байдлын үнэлгээ, 2021 онд

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633303
1 эможи

Энхээ
2021-12-13 19:15
Архаг эмч нарын ихэнх нь хувийн эмнэлэгтэй , Шүүгчид өмгөөлөл , нотариаттай... Төрийн албан хаагчид хаанаас ийм их мөнгө олоод байгааг сохор хүн ч мэдэж байгаа , Төр Засаг мэдэхгүй байна гэж худлаа , авилгалыг устгахыг хүсэхгүй , ярихаас цаашгүй байгаад учир байна
Zochin
2021-12-12 18:02
Emnelguudees hamgiin ih avilga avdag ni HUSUT.
Дүүргүүдийн намын парга нар авлигал авдаг
2021-12-11 16:40
Авлигачид
Улстөрийн намууд авлиалаа зогсоохгүй
2021-12-11 12:16
Нөгөө л муу шүүх , гааль газрын алба эмнэлэг рүүгээ буруугаа чихэж байна. Эх уурхай нь эрх барьж байгаа улстөрийн намууд байсаар ирсэн. Одоо ч бүр цагаандаа гарсан.
Хамгийн их авлигалтай газар МАН болон улстөрийн намууд
2021-12-11 12:15
Эрх барьж байгаа намууд авлигалаа зогсоовол бусад газрын авлигал хол явахгүй зогосоно. МАН дүүрэг аймгийн намын хорооноосоо эхлээд бүх шатандаа цул авлигал. Намууд Төрийн бүх албан тушаалыг зарна, УИХ-ын гишүүдийн суудлыг зарна, дүүрэг аймгийн намын хороонууд нь бага хурлын гишүүдээ мөнгөөр болгоно. Ялзарсан Монгол болсон
keyboard_arrow_up