Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Г.Занданшатарт өргөн мэдүүллээ Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Г.Занданшатарт өргөн мэдүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Г.Занданшатарт өргөн мэдүүллээ

2022 оны 11 сарын 29

Arslan.mn

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2022.11.28) Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор 2000 онд батлагдсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг өргөн мэдүүлж байна хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

Тэрбээр, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үндэсний өв, уламжлал, соёл, ёс заншил, түүх, дурсгалын үнэт зүйлсийг сурталчлан таниулах улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах үйлсэд чухал ач холбогдолтой тул цаашид төрөөс тус салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын өмнө тулгамдсан асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх практик шаардлага зүй ёсоор гарч байна. Иймд аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор өөрийн орны өвөрмөц онцлог, олон улсын жишиг, чиг хандлагад нийцүүлэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа гэв. 

Шинэчилсэн найруулгын төсөлд дараах онцлог зохицуулалтууд тусгагдсан аж. Үүнд: 

1.Аялал жуулчлалын байгууллагыг тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэж ангилж, тур операторын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах шаардлагыг тодорхой тусгаж, тур оператор, аяллын агентын эрхлэх үйл ажиллагааны ялгаа заагийг нарийвчлан тусгажээ. 

2.Тодорхой газар нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, орон зайн зохистой төлөвлөлтийг бий болгох зорилгоор аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх, аялал жуулчлалын бүсийг улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүс байдлаар ангилах, бүсийн менежментийг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх зохицуулалтыг тусгасан.

3.Нутгийн иргэдэд түшиглэсэн нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж, малчид эвлэлдэн нэгдэж, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахыг төрөөс болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас бодлогоор дэмжлэг үзүүлэхээр заасан.

4.Хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан нэр томьёоны тайлбарт нийцүүлэн боловсруулж, тодорхойлсон.

5.Аялал жуулчлалын салбар дахь орон нутгийн оролцоог тодорхой болгов. Тухайлбал, харьяалах нутаг дэвсгэртээ жуулчин болон аялагч байрлах отоглох цэгийн хураамжийг тогтоох эрхийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд,  отоглох цэгийн байршлыг тогтоох, аяллын маршрутыг тогтоох, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах эрхийг сум, дүүргийн Засаг даргад, дэвсгэртээ жуулчны мэдээллийн төв байгуулах эрхийг аймаг, Нийслэлийн Засаг даргад олгож, отоглох цэгийн менежментийг хувийн хэвшил гүйцэтгэх боломжийг бүрдүүлж, олон нийтийн аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага хангуулах байдлаар тусгасан.

6.Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд нь стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай байх, байгууламж барих, засварлах зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагдах зардалд тооцох зохицуулалтыг тусгаж, хил орчмын аялал жуулчлалыг олон улсын аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй тур оператор гүйцэтгэхээр зохицуулсан.  

7.Ан агнуурын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор сүргийн бүтцийг алдагдуулахгүйгээр тооцоо, судалгаанд үндэслэн аргаль, янгир, идлэг шонхрыг агнах, тул загасыг барих, агнах тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

8.Төрөөс аялал жуулчлалыг дэмжих чиглэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх санг байгуулж, сангийн эх үүсвэрийг казино, бооцоот морин уралдааны татварын орлого болон олон улсын нислэгийн зорчигчоос хураан авах аялал жуулчлалын төлбөрийн орлого, агаарын навигацийн үйлчилгээнээс улсын төсөвт төвлөрсөн орлогын тодорхой хувь, жуулчинд олгох татварын буцаан олголтын тодорхой хувь зэрэг эх үүсвэрээс бүрдүүлэх ба сангийн хөрөнгийг агаарын зорчигч тээврийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлалыг улирлын хамаарлыг бууруулах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, Монгол Улсыг гадаад, дотоодод сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах, аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгох, хөгжүүлэхэд зарцуулахаар зохицуулсан. 

9.Жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн. 

10.Аялал жуулчлалыг мэргэжлийн холбоог байгуулж, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын зэрэглэл олгох, тур операторын тусгай зөвшөөрөл олгох, жуулчны хөтчийг бүртгэх, үнэмлэх олгох чиг үүргийг шилжүүлж болохоор тус тус тусгажээ. 

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр орон нутагт ажлын байр олноор бий болж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нөхцөл бүрдэх бөгөөд улмаар аялал жуулчлалын салбараас ДНБ-ний 30, түүнээс дээш хувийг бүрдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642801
0 эможи

keyboard_arrow_up