Н.Учрал: Нүүрс худалдах, борлуулах, тээвэрлэх бүх гэрээг ЦАХИМЖУУЛНА Н.Учрал: Нүүрс худалдах, борлуулах, тээвэрлэх бүх гэрээг ЦАХИМЖУУЛНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Н.Учрал: Нүүрс худалдах, борлуулах, тээвэрлэх бүх гэрээг ЦАХИМЖУУЛНА

2022 оны 12 сарын 20

Arslan.mn

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2022.12.19/ хуралдаанаар  Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцууллаа.

Сайд Н.Учрал, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-аас гаргадаг “Иргэдийн цахим оролцооны индекс”-ээр Монгол Улс 2022 оны байдлаар 74 дүгээр байрт, “Дижитал өрсөлдөх чадварын индекс”-ээр 62 дугаарт байрт, Олон Улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг кибер аюулгүй байдлын индексээр 120 дугаар байрт тус тус орсон.

Энэ нь манай улсын хувьд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж авлигыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

Тус төслийн нэгдүгээр үе шат болох “Ухаалаг засаг-1 төсөл”-ийг хэрэгжүүлсэн бөгөөд Төрийн үйлчилгээний нэгдсэн платформ системд төрийн 68 байгууллагын 789 үйлчилгээ, хөдөө орон нутагт 1,284 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, Ухаалаг газрын харилцааны системийг идэвхжүүлэн 103 мянга гаруй иргэнд үйлчилгээг цахимаар хүргүүлсэн. Мөн Улсын бүртгэлийн байгууллагаас 357,705 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхэд суулгаж, олгосон байна.

Цаашид төрийн цахим үйлчилгээний суурь зөөлөн дэд бүтэц болох үндсэн болон дэмжих системийг өргөтгөн хөгжүүлж, бүх шатны төрийн байгууллагыг холбох дундын үүлэн шийдлийг нэвтрүүлж, Үндэсний дата төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, тоон гарын үсгийн дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчлэн, хэрэглээг нэмэгдүүлж, кибер аюулгүй байдлыг хангах, төрийн байгууллагын цахим албан бичиг солилцоог хурдасгах, дижитал эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор “Ухаалаг засаг -2 төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Энэхүү “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хийж, тус банкны Захирлуудын зөвлөл 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр баталсан.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас авч ашиглах 29.5 сая зээлжих тусгай эрхийн эх үүсвэр нь жилийн тогтмол 2 хувийн хүүтэй, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, 30 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй бөгөөд Зээлийн хэлэлцээрийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулах шаардлагатай гэлээ.

  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Инновац, цахим бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулсан юм. Байнгын хороод Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн байна.

УИХ-ын гишүүд төслийн хүрээнд ямар ажил хийгдэх талаар тодруулж байлаа. Сайд Н.Учралын мэдээлснээр, Дэлхийн банкны “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн хүрээнд тусгай зөвшөөрлийн нэгдсэн системийг хөгжүүлэх, мөн худалдан авах ажиллагааны цахим порталыг шинэчлэх ажлыг хийгдэх юм байна. Яамдаас олгодог тусгай зөвшөөрлүүд болон Улаанбаатар хотоос олгож байгаа тусгай зөвшөөрлүүдийг бүгдийг нь нэгтгэсэн платформыг үүсгэх бөгөөд түүнийг хөгжүүлэх, кибер аюулгүй байдлыг нь хангах, мэдээллийг нэгтгэж хадгалах, хамгаалахтай холбоотой төсөв санхүүгийн асуудлыг нь шийдвэрлүүлэхээр “Ухаалаг засаг-2”-ын арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан аж.

Нүүрсний худалдах, борлуулах, тээвэрлэх бүх түвшин автоматжиж, цахимаар гэрээгээр хийдэг болж, энэ нь гааль, татварын нэгдсэн системтэйгээ холбогдох ажлыг төслийн хүрээнд хийхээр төлөвлөжээ.

Мөн УИХ-ын гишүүд төслийг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний зардал хэт өндөр байгаад шүүмжлэлтэй хандсан бөгөөд 25 хувь хэмээн оруулж ирсэн зардлын хэмжээг 10 хувь хүртэл бууруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Эцэст нь санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643526
0 эможи

keyboard_arrow_up