Тэмцэл дүнгээ өгч, том хулгай зогсов уу?! Тэмцэл дүнгээ өгч, том хулгай зогсов уу?!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Тэмцэл дүнгээ өгч, том хулгай зогсов уу?!

2023 оны 1 сарын 30

Arslan.mn

Хэдэн “тоо” олж харлаа. Эхнийх нь ҮСХ-ны мэдээлэл л дээ. Тэд Монгол Улсын 2022 оны нийгэм, эдийн засгийн байдлыг нэмж, хасаад “хариу” гаргажээ. 

Нэгдүгээрт, ДНБ туршилт тооцоогоор 4.5 хувиар өсжээ. Үүнд хөдөө аж ахуйн салбарын 1.6, уул уурхай, олборлолтын салбарын -0.9, аж үйлдвэр, барилгын салбарын 0.3, үйлчилгээний салбарын 2.3, бүтээгдэхүүний цэвэр татварын 1.3 нэгж хувийн өсөлт нөлөөлжээ. 

Хоёрдугаарт, инфляц 13.2 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.6 нэгж хувиар буурчээ. Энэ нь хүнсний бараа, ундаа, усны үнийн 31.1 хувийн өсөлтөөс шалтгаалсан байна. Мөн талх, гурил, будааны үнэ жилийн 34.2 хувиар өсөж, инфляцад 2.4 нэгж хувиар нөлөөлжээ. 

Гуравдугаарт, улсын төсвийн тэнцэл 979.3 тэрбум төгрөг, төлбөрийн тэнцэл 1.2 тэрбум ам. долларын алдагдалтай гарчээ. 

Дөрөвдүгээрт, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 25.7 хувиар өсжээ. Ингэхэд уул уурхайн олборлолт 3.7 их наяд төгрөг буюу 28.8, боловсруулах үйлдвэрлэл 922.3 тэрбум төгрөг буюу 22.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. 

Тавдугаарт, мөнгөний нийлүүлэлт 29.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өсжээ. Ингэхэд валютын харилцах 2.1 дахин, валютын хадгаламж 23.6 хувиар өссөн нь нөлөөлжээ. 

Зургадугаарт, нийт зээлийн өрийн үлдэгдэл 22.2 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 6.5 хувиар өсөв. Үүний 53 хувь нь иргэд, 45.6 хувь нь хувийн байгууллага, 0.7 хувь нь санхүүгийн болон бусад байгууллага, 0.7 хувь нь төрийн байгууллагынх байна. 

Долдугаарт, төгрөгийн ам. доллартай харьцах сарын дундаж ханш 2022 оны арванхоёрдугаар сард 3431.29 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар, өмнөх сараас 0.7 хувиар, БНХАУ-ын юанийнх 491.66 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 44.28 төгрөгөөр, өмнөх сараас 17.14 төгрөгөөр суларчээ. ОХУ-ын рублийнх 52.35 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.73 төгрөгөөр суларч, өмнөх сараас 3.54 төгрөгөөр чангарсан байна.

Наймдугаарт, гадаад худалдааны тэнцэл 3.8 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оныхоос 1.4 тэрбум ам.доллар буюу 60.1 хувиар өсжээ. Үүнд нүүрсний биет хэмжээ 15.7 сая тонн буюу 3.7 тэрбум, алтны биет хэмжээ 2.5 тонн буюу 122.9 сая ам. доллароор өссөн нь голлон нөлөөлжээ. Мөн импорт 8.7 тэрбум ам. долларт хүрч, 1.9 тэрбум ам.доллароор өссөн байна. Үүнд дизелийн түлшний импорт 369.6 сая ам. доллар, автобензиний импорт 170.2 сая ам. доллар, суудлын автомашины импорт 191.1 сая ам. доллароор өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Есдүгээрт, 71.1 сая толгой малтай болж, өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өсжээ.Үүнээс хонь 1.7 сая, үхэр 500 мянга, адуу 500 мянга, ямаа 1.1 сая, тэмээ 16.4 мянгаар тус тус өссөн байна. 

Аравдугаарт, улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 60.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 11.5 сая тонноор өсжээ. Дагаад тээврийн орлого 47.6 хувиар өссөн байна. Үүнд авто тээврээр тээсэн ачаа 84.1 хувиар өсөж 33 сая тонн болсон нь голлож нөлөөлжээ. Бас агаарын тээврээр тээсэн ачаа 12.9 мянган тонн болж, өмнөх оныхоос 2.0 дахин өссөн байна. Харин төмрийн хүдэр, нефт, нефтийн бүтээгдэхүүн, жонш, жоншны баяжмалын тээвэрлэлт буурснаар өмнөх оныхоос 3.6 сая тонноор хасагдаж, 27.7 сая тонн ачаа тээвэрлэжээ. 

Арваннэгдүгээрт, бүртгэгдсэн гэмт хэрэг 35.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 9.9 мянга буюу 39 хувиар өссөн байна. Үүнээс өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 7.9 мянга буюу 57.7 хувиар, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1.7 мянга буюу 22.1 хувиар, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 305 буюу 33.3 хувиар, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 138 буюу 25.6 хувиар өсжээ. 2022 оны Монголын сайн, муу “тоо”-нууд энэ байна. 

Үүнээс гадна АТГ-ын мэдээлэл бас байна. Хийсэн ажлынх нь мэдээ учраас тэндээс улс төр ханхлахгүй. Тэнд анхаарал татсан хэдэн “тоо” байгаа юм. Тус газрынхан “...1806 үйлдэлтэй, 1184 холбогдогчтой 1520 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Энэ өмнөх оноос 16.3 хувиар өссөн үзүүлэлт болсон. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 52.2 хувьтай байна. 2021 онд 160 хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж байсан. 2022 онд 188 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2021 онд 1.002.100.805.191 төгрөг байсан. 2022 онд 5.024.895.829.317 төгрөг болсон. АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.374.934.309.243 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. Энэ нь нийт учирсан хохирлын 47.3 хувийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн гэсэн. Түүнээс гадна 518.039.332.298 төгрөгийн эд хөрөнгө, бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалаад байна.

Хахуулийн 18.874.521.566 төгрөгийн үнэ бүхий бэлэн мөнгө, эд хөрөнгийг хураан авсан. Гадаад улс орнуудаас нийт 12.2 сая ам.долларын өртөг бүхий хөрөнгийг буцаан авах үндэслэлийг тогтоож, шүүхийн шийдвэрээр улсын орлого болгосон” гэв.  Үүнийг тоочсоны учир нь ҮСХ, АТГ хоёрын мэдээлэл нэг зүйлийг хоёр талаас нь гаргаж иржээ. Өөрөөр хэлбэл, ҮСХ-ноос өнгөрсөн онд ДНБ өсөлттэй, инфляц бага ч гэсэн буужээ. Аж үйлдвэрийн салбар, тэр дундаа уул уурхайн олборлолт нэмэгдсэн байна. Мөнгөний нийлүүлэлт, валютын гүйлгээ, хадгаламж нэмэгдэж, Монголбанк дахь нөөц нэмэгдсэн. Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан. Ачаа тээвэр, түүний орлого ч өссөн. Иймэрхүү дүн мэдээ гаргасан. Харин АТГ-аас нөхөн төлүүлсэн төлбөр, битүүмжилсэн хөрөнгийн хэмжээ, тэр байтугай шүүхээр шийдүүлсэн хэрэг нь нэмэгдсэнийг мэдээлжээ. Тодруулбал, эдгээр үр дүн нь шударга ёсны төлөөх тэмцэл, түүнтэй холбоотойгоор том хулгайнууд зогссонтой холбоотой байж мэдэх юм. “...Мэдэх юм” ч гэж дээ, өнгөрсөн онд л гэхэд Хөгжлийн банк, нүүрсний хулгай гэсэн хоёр том гэмт үйлдлийг шалгасан. Эдгээр нь “...Зайлшгүй шаардлагатай” гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулган дээр хүртэл хэлсэн байна лээ.

Тэрбээр 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд “... Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш 17 дахин тэлсэн ч иргэдийн амьдралын чанарт дорвитой өөрчлөлт гарсангүй ээ. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын баялаг хэсэг бүлэг хэдхэн хүний гарт шударга бусаар төвлөрч, уул уурхайн баялаг иргэдийн амьдралд бодит орлого болж чадсангүй. Засгийн газрын уул уурхайн далд эдийн засгийг ил болгохын төлөөх тэмцэл ч үүнтэй л холбоотой” гэсэн байна.

Ер нь бол энэ хүрээнд Хөгжлийн банкны нэг их наяд төгрөгийн “зээл”-ийг буцааж төлүүлсэн. Монгол Улс дефолтоос гарч, зээлжих зэрэглэлээ хадгалж үлдсэн. Засгийн газар 2022 оны аравдугаар сарын 26-нд “Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоосон.  Түүнээс хойш тус компанийн санхүүгийн үзүүлэлт сайжирсан. Нүүрс ачилтын хэмжээ оны эхний арван сарын дунджаар 600 мянга тонн байсан бол онцгой дэглэм тогтоосноос хойш дөрөв дахин нэмэгдсэн. Сард 2.5 сая тонн нүүрс ачдаг болсон. Нэг үгээр хэлбэл, өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд 5.5 сая тонн нүүрс уурхайн амнаас ачуулж, 4.1 сая тонн нүүрс экспортолжээ. Түүнчлэн борлуулалтын орлогыг 500 сая ам.доллараар нэмэгдүүлж, 2022 оны нийт борлуулалтыг 1.1 тэрбум ам.долларт хүргэжээ. Бас мөн оны сүүлийн улиралд Монголбанкинд 416.6 сая ам.доллар төвлөрүүлсэн. Өөрөөр хэлбэл, тэмцэл дүнгээ өгч, том хулгай зогссон байх магадлал өндөр байгаа юм.  

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
644319
3 эможи

Зочин
2023-01-31 11:12
Hudalaa medeelel taraagaad
Зочин
2023-01-30 19:27
Zogsson gd hulgailsan nuhudiig shorond hiihgui bol shine hulgaich nar garch irne. Su Mi Bayar Ebi gd l bn oo bn.
иргэн
2023-01-30 12:24
ноогдол ашиг өгөө
keyboard_arrow_up