Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: Аль ч танхимын гишүүнийг 10 мянган хүний саналаар эгүүлэн татах боломжтой Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: Аль ч танхимын гишүүнийг 10 мянган хүний саналаар эгүүлэн татах боломжтой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: Аль ч танхимын гишүүнийг 10 мянган хүний саналаар эгүүлэн татах боломжтой

2023 оны 2 сарын 06

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  захирамжаар байгуулагдсан Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгээс хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм болон олон нийтэд зориулсан хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт Хэвлэлийн хүрээлэнд зохион байгуулав. 

Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ахалж байгаа бөгөөд одоогоор 24 нам дэмжиж буйгаа илэрхийлж, санамж бичиг байгуулжээ. Ажлын хэсгийн гишүүн, хуульч, доктор Л.Төр-Од, Үндсэн хууль судлаач Б.Цогтгэрэл нар хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийг танилцуулж, зочдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм. 

Өнөөгийн Монголын нийгэмд байгалийн баялгийн тэгш бус хуваарилалт, эрх мэдэлтнүүдтэй тооцох хариуцлагын механизм сул, ард түмний хяналт бүрэн дүүрэн хангагдаж чадахгүй зэрэг тогтолцооны гажуудал олон байгаа. Тэдгээрийг засаж залруулах хамгийн оновчтой гарц нь Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэгт улстөрчид, судлаачид, хуульчид болон ард түмэн санал нэгддэг. Тиймээс ч энэ удаагийн Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь засаглалын хямралыг шийдэх гол өөрчлөлтийн эхлэлийг тавих боломжтой гэж олон нийт онцгойлон анхаарч байгаа юм.  Шинэ Үндсэн хуулийн төсөлд парламентыг Их, бага хуралдай бүхий хоёр танхимтай, таван жилийн хугацаатай байгуулахаар тусгажээ. Бага танхим нь 69 гишүүнтэй байх бөгөөд гүйцэтгэх засаглалын эрх мэдлээ хэрэгжүүлнэ. Харин Их хурал нь 88 гишүүнээс бүрдэх илүү хяналтын үүрэгтэй ажиллах юм. Тиймээс ч энэ танхимд ШУА, СЕХ, Төв банкны төлөөлөл, Ерөнхий аудитор, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг мэргэжлийн болон салбарын мэргэшсэн төлөөллүүдийг түлхүү оролцохоор төсөлд тусгажээ. 

Хуульч, судлаач Л.Төр-Од: 1992 ОНЫ ҮНДСЭН ХУУЛЬ НАЙМАН ЖИЛ Л ҮЙЛЧИЛСЭН

Arslan.mn-Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын асуудал шинэ зүйл биш юм. 1999 оноос хойш яригдаж байгаа. 1992 оноос хойш Үндсэн хуулийн асуудлаар судалгаа хийж, энэ талаар дуугарч байгаагийн хувьд хэлэхэд Монголын нийгэмд Үндсэн хуулийн хямрал нүүрлэчихсэн. 1992 оны Үндсэн хууль ерөнхийдөө найман жил л үйлчилсэн юм. 2000 хүртэл гэсэн үг. 2000 оны нэмэлт өөрчлөлт бол намыг төрийн дээр гаргаад, ялсан намын дарга Засгийн газраа байгуулдаг, Их хурлын гишүүн нь Засгийн газрын гишүүний ажлыг хавсарч хийж болдог гээд засаглалын гол хямралын эхийг тавьсан. 2019 оны нэмэлтээр эдгээрийг болиулж, өөрчлөлт хийхийг оролдсон боловч төгс болж чадаагүй. Одоогийн Үндсэн хууль найман жил үйлчилсэн гэж дүгнэж байгаа нь учиртай. 2000 оноос хойш Авлигын индекс болон бусад бүх үзүүлэлтээр Монгол Улс доошилсон байдаг. Хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, ардчиллын зарчим гэх мэт олон үзүүлэлтийг харахад сүүлийн 20 гаруй жилд манай улс зогсонги байдалтай, зарим үзүүлэлт дээр уналттай байгаа. 

Үндсэн хууль судлаач Б.Цогтгэрэл:  ПАРЛАМЕНТ ҮНЭМЛЭХҮЙ ЭРХТЭЙ БОЛСОН, ҮҮНИЙГ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ 

-Эрх мэдлийн төлөөх тэмцэл, баялгийн тэгш бус байдал, хулгай зэрэг олон асуудал энэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр багасах, үгүй болох боломжтой. Шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд, ард түмний, хөндлөнгийн хяналтыг сайжруулснаар иргэд хүсвэл Их хурлын гишүүнийг татан буулгах, хариуцлага тооцох механизм бүрдэнэ. Монгол Улсын гол асуудал байгалийн баялгийн зөв зохистой ашиглалт, зарцуулалт болон түүнд тавих хяналт. Дэлгэсэн тэрлэг шиг энэ өргөн дэлгэр нутаг, түүний хэвлийд байгаа баялгийг бид хэзээ зөв шийдэж чадна, тэр үед Монгол хөгжинө, иргэд ядуурлаас гарна. Үүнийг зарим хүмүүс зүгээр органик хуулиар зохицуулчих юм шиг ойлгодог. Гэтэл өнөөгийн нөхцөлд ямар ч органик хуулийг хоёр том компани захиалахад л 20 хүрэхгүй гишүүн хууль баталчих боломжтой. Тэгэхээр байгалийн баялгийн асуудлаа Үндсэн хуулиараа хамгаалах түүхэн шаардлага байгаа юм.  Үндсэн хууль гээд ярихаар манайхан дандаа том гүрнүүдийн эсвэл холбооны улсуудын Үндсэн хуулийг хараад байдаг. Бид тэр том гүрнүүдийн том бодлогыг гэхээс илүү  Ирланд Финланд, Турк, Казахстан зэрэг хэт том гүрэн биш боловч хөгжил сайтай, төр нь тогтвортой бусад улс орнуудын Үндсэн хуулиудаас санаа авах хэрэгтэй. Мөн үсрэнгүй хөгжиж байгаа, цэвэр мэдлэгийн эдийн засаг, технологи, инновациар тэргүүлж байгаа улс орнуудын Үндсэн хуулийг харах ёстой.  Бид 1992 онд Үндсэн хуулийг батлахдаа зөвхөн тусгаар тогтнолын агуулгатай хууль баталчихсан. Эдийн засгаа хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо баталгаажуулсан заалтуудыг тусгаж өгөөгүй. Гэтэл бусад улс орны Үндсэн хуульд эдийн засгийн агуулгууд нь давхар явж байдаг.

Жишээ нь БНСУ-ын Үндсэн хуульд “Төр нь гадаад худалдааг дэмжиж, зохицуулна” гэсэн заалт байдаг. Тиймээс эдийн засгаа бодлогоор хамгаалсан нарийн заалтуудыг энд оруулж ирж байгаа. Товчхондоо,  Үндсэн хуулийг шинэчлэн найруулах шинээр зохион байгуулах гол шаардлагуудыг ерөнхий утгаар нь харвал нэгдүгээрт, парламентад хяналт байхгүй байна. Их хурал үнэмлэхүй эрхтэй болчихлоо, үүнийг өөрчлөх хэрэгтэй.

Мөн хоёрдугаарт Үндсэн хуульд эдийн засгийн агуулгыг оруулж ирэх хэрэгтэй байна. Гуравдугаарт, төрийн байгууллагуудыг хараат бус болгох хэрэгтэй. Шударга сонгуультай байхын тулд Сонгуулийн ерөнхий хороо хараат бус байх ёстой. Шударга төртэй байхын тулд төрийн албыг хараат бус байгуулмаар байна. Монгол төгрөгийн ханш, үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас Монгол банк, бодлогын зөвлөл хараат бус баймаар байна. Аудитын Ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөл нь хараат бус байх ёстой. Ийм гарцаагүй нөхцлүүд байгаа учраас энэ Үндсэн хуулийг батлах шаардлагатай. 

Улс төр судлаач, хуульч Ч.Өлзийсайхан: АРД ТҮМЭНД БҮХ ЭРХ МЭДЛИЙГ ӨГСӨН 

Энэ хуулийн төслийг иргэд олон нийт хэдэн жижиг нам санаачлаад оруулж ирж байгаа гэж ойлгоод байх шиг. Харин ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамжаа гаргаад ажлын хэсгийг бүрдүүлсэн. Хэсэг бүлэг хүмүүсийн хувьд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ажлын хэсгийг ахалж байгаа учраас түүнийг оролцуулахгүй гэсэн янз янзын эсэргүүцэл байх шиг байна. Тиймээс хуулийн төслийг янз бүрийн байдлаар харлуулах байдал их байна. Гэхдээ хэсэг бүлэг хүмүүсээс шалтгаалж энэ сайн хуулийг батлаж чадахгүй байвал маш харамсалтай. Иргэдийн хяналтыг дээд зэргээр хангаж чадсан, ард түмэнд бүх эрх мэдлийг олгосон маш сайн хуулийн төсөл болсон гэж харж байгаа. Яахав засч, залруулах цөөхөн заалтууд байгаа ч ерөнхий агуулгаараа Монгол Улсын ард түмэнд бүх талаараа ашигтай хууль болсон байна лээ. Тиймээс хүн нь таалагдсан ч бай, үгүй ч бай биднийг зовлонгоос ангижруулах хууль байвал бид дэмжих л ёстой.

 

 

Базарбямбын Нямсүрэн 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644546
0 эможи

keyboard_arrow_up