ХЭҮК-оос хүний ЭРХ АСУУЯ ХЭҮК-оос хүний ЭРХ АСУУЯ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ХЭҮК-оос хүний ЭРХ АСУУЯ

2023 оны 4 сарын 14

Arslan.mn

Хүний эрхийн асуудал өдөр бүр, цаг, мөч тутам яригддаг. Яг л хоол шиг, орон байр мэт хэрэгцээтэй. Мөн хүнийг амьдралын төвшин, албан тушаалаар нь ялгаварладаггүй цор ганц үнэн, шударга хамгаалал юм. Тиймдээ ч хэн нэгэн айж, эмээж, ичихгүйгээр хамгийн итгэлтэйгээр хүний эрхийн байгууллагад “нууц”-аа хэлдэг ийм л нээлттэй, нэр хүндтэй газар байж ирсэн. Олон улсын тавцанд ч Монгол Улсын нэр нүүрийг тахалж явсан үе бишгүй. Гэтэл сүүлийн үед Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс хэмээх байгууллага логоноос бусдаар танигдахааргүй болтлоо өөрчлөгдөж, сураг алсрав. Уг нь хаана л хүний эрх зөрчигдөнө тэнд шуурхай гарч ирж арга хэмжээ авдаг, тэмцдэг, иргэдийн гомдол мэдээллийн мөрөөр далайцтай ажилладаг тийм үе энэ байгууллагад байсан. Хэвлэл мэдээллийнхэн халуун сэдвийн мөрөөр сурвалжлахдаа байнга л хүний эрхийн байгууллагын хаалга үүдийг  онголзуулж, холхиж байдаг ийм жишиг тогтоосон цөөн хэдэн төрийн байгууллагын нэг байв. Харин өнөөдөр Тусгаар тогтнолын талбай Засгийн газрын XI байрны таван давхар нэр нүүрээ хамгаалж, хөшигний цаана нуугдсан хүнд суртал, эрх ямбатай “ордон” болжээ.

ХЭҮК 2020 оны намар хүртэл гурван гишүүнтэй ажиллаж ирсэн. Ёстой л хаана л хүний эрх яригдана тэнд чөлөөтэй хүрэлцэж, хамгаалж, хянаж шалгана. Аль ч байгууллага хэний ч өмнөөс хэлэх үгээ хэлж, иргэдээ өмгөөлнө. Гагцхүү энэ байдал одоо тэс өөр. Комиссын гишүүдийн тоо хоёр дахин нэмэгдэж Ж.Хунан, С.Дондов, Х.Мөнхзул, Г.Нарантуяа, Д.Сүнжид, Б.Энхболд, Я.Цэлмэн нарын долоон даргатай  болов. Тэр хэрээр иргэдийн хүлээлт өссөн ч харамсалтай нь “толгой” данхайх тусам ажил нь цалгардлаа. Бүр сүүлдээ Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөг сахин хамгаалж буйгаа умартах шинжтэй болсныг хэлэх хүн олон байна. Ингэж хардах үндэслэл ч бий. Юу гэвэл, Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд заасны дагуу Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д хүргүүлдэг. Ийм уламжлал, үүрэгтэй. Шинээр бүрдсэн долоон гишүүн энэ дагуу гуравдугаар сарын 29-нд илтгэлээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. Гэтэл өргөн барьснаас хойш бүхэл бүтэн ес хоногийн дараа буюу энэ сарын 7-нд хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй байршуулсан нь сонин. Уг нь өнгөрсөн олон арван жилд илтгэлээ өргөн барьсан даруй нээлттэй болгодог жишигтэй. Энэ удаад харин эвдэгдлээ.Өмнөх жишгээр хэвлэл мэдээллийнхэн ес хоногийн турш илтгэлийг яагаад нээлттэй болгохгүй байгаа талаар шаардахад ХЭҮК-ын хэвлэлийн төлөөлөгч  “Техникийн засвар хийж байна” гэсэн хариулт өгсөөр байв. Эндээс хардах нэг үндэслэл гарч ирж буй юм.

Монгол Улсын хүний эрх, эрх чөлөө тухайлсан салбар бүрт ямар байгааг хамгийн үнэн бодитоор гаргаж харуулдаг, олон нийтэд тайлбарлан таниулдаг ХЭҮК-ын илтгэл бол улсын хэмжээний асуудал, ард түмний эрх ашиг болохоос нэг байгууллагын тайлан огт биш. Монголыг олон улсын хүний эрхийн байгууллагуудын анхааралд оруулдаг тийм л хүчтэй судалгаа. Энэ удаагийн илтгэлд баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх, бүх насаар нь хорих, дотуур байран дахь хүүхдийн эрх хамгаалал, жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийн хэрэгжилт гээд олон чухал сэдэв багтаж байгаа. Тиймээс ХЭҮК Их хуралд өргөн барьчихаад ес хоног хав дарна гэдэг байж боломгүй. Хэрэв энэ хугацаанд аль нэг байгууллага, хэн нэгнээс нөлөөлж засвар оруулсан байвал ноцтой асуудал. Жинхнээсээ хараат байдал нь алдагдаж буй хэрэг гэдгийг хүний эрхийн хамгаалагчид хэлж байна. Ер нь техникийн засвар хийнэ гэдэг мянга дахь асуудал. Бүр хумсын толион чинээ ч ач холбогдолгүй. Зүй нь ХЭҮК анхнаасаа илтгэлээ өргөн барихдаа эцэслэх ёстой. Үгүй бол хуулийн хугацаанд багтаж байна гэж “ноорог”-оо өргөн барьчихаад дараа нь засч суух ёсгүй юм. Тэгсэн байлаа ч үг, өгүүлбэр, хүснэгтээс муухай харагдлаа гэж санаа зовох биш үүний оронд өөрсдийнхөө ажил, үүрэг, мэргэжил мэдрэмжиндээ анхаарах хэрэгтэй. Харин энэ удаагийн илтгэлийн чанар, даац, хамрах хүрээг яривал бас нэг өөр асуудал гарч ирнэ.

Одоогийн дүр зургаар бол эрх мэдэлтнүүдийн өмнө иргэнийхээ эрхийг өмгөөлсөн нөлөө бүхий сөрөг хүчин байх учиртай хүний эрхийн байгууллага гоё харагдах, хэл аманд өртөхгүй байх имиж бүрдүүлж түүндээ хэт автчихаад байж болохгүй. Юу гэж хэлвэл хэнд муухай харагдах бол гэсэн айдаст хүлэгдэж, хараат байдалд орчихоод хумсаа нууж суух байсан юм бол сонгон шалгаруулалт нэрээр жил тойрон сүр дуулиантайгаар томилогдсон долоон гишүүний хэрэг байна уу.

ХЭҮК-ын гол хамгааллын нэг нь иргэдийн өргөдөл гомдлын мөрөөр шуурхай хяналт тавих чиг үүрэг. Хүний эрх хамгаалагчдын энэ үйл ажиллагаа үр дүнд хүрдэг учраас илүү эерэг нөлөө үзүүлдэг. Ийнхүү иргэний өргөдөл гомдлыг шийдвэрлэх тусгай хэлтэс 30 хоногийн хугацаанд эцэслэх хууль журамтай бол сүүлийн хоёр жилд нэг сар битгий жил тойрон цөхөрч яваа иргэд ч байгаа аж. Мөн олон гишүүний амбиц, арга эвийг олохгүйгээр ажлаасаа шантарч, орон тоо нь өм цөм суларсан байна. Тэр хэрээр чухал байгууллагын үйл ажиллагаа тасалдах, энгийн иргэд хохирох эрсдэл ойрхон болжээ. Цахим орчинд хүний эрхийг хязгаарлах хууль, иргэний нийгмийн зүтгэлтнүүд хууль шүүхэд дуудагдаж байхад хүний эрхийн комиссын гишүүд дуугарсан билүү. Дуугарах нь битгий хэл акц өрнүүлж байх учиртай юм. Энэ мэтээр амаа үдчихээд, эсвэл үдүүлчихээд байж мэдэх хүний эрхийн байгууллагад эргэн сануулахад, Хүний эрхийн үндэсний комиссын бэлгэдэл нь “Эх дэлхийн хүн нь дээр доор, баян ядуу, эр эм, хүүхэд, өтгөс ялгалгүй хүний эдлэх ёстой эрхийг тэгш төгөлдөр эдлэнэ” гэсэн санааг илэрхийлдэг. Мөн комиссын дарга, гишүүд бие даан хараат бусаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих, хүний эрхийн соёлыг түгээх замаар хүн бүр эрх чөлөөтэй, эрх тэгш амьдрах, хөгжих нийгмийг цогцлоон бүтээхэд манлайлагч байна гэсэн тов тодорхой үүрэгтэй юм. Өмнөх “түүх”-ийг харвал төсвөө тануулж, ажилчдынхаа цалинг тавьж чадахааргүй хүнд байдалд орсон ч хараат бус ажиллаж ирснийг нотлох олон баримт бий. Тиймээс ХЭҮК-оос хүний эрхийн мэдрэмж, хүний эрхийн тухай ойлголтыг асууя.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646137
0 эможи

keyboard_arrow_up