Ж.Энхбат: Сайд, даргыг солилоо гээд хулгай арилахгүй. Энэ бол МАН-ын “нүүрээ угаах“ арга Ж.Энхбат: Сайд, даргыг солилоо гээд хулгай арилахгүй. Энэ бол МАН-ын “нүүрээ угаах“ арга
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Энхбат: Сайд, даргыг солилоо гээд хулгай арилахгүй. Энэ бол МАН-ын “нүүрээ угаах“ арга

2023 оны 10 сарын 04

Arslan.mn

-ДАРААГИЙН ТОМ ХУЛГАЙ ШАХМАЛ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРААС ГАРЧ ИРНЭ-

Монгол Улсын зөвлөх инженер, Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, шүгэл үлээгч Ж.Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Ногоон автобусны асуудлаар анх нийгэмд шүгэл үлээсэн хүн бол та. Тэр утгаараа энэхүү асуудлыг олон нийтийн анхааралд өртүүлж чадсанаараа холбогдох албан тушаалтнууд ажлаа өгч, огцорлоо. Үнэхээр хариуцлагаа үүрээд огцорч байна уу, эсвэл хариуцлагаас мултрах гэж ажлаа өгөв үү?

- Монгол Улсад тулгамдсан олон асуудал байгаа. Гэтэл тулгамдсан асуудлыг барьж төрийн сайд, дарга нар хулгай хийх, бусдад давуу байдал олгох. сонгуулийн зардлаа босгож байна уу гэдэг байдлаар иргэн хүнийхээ хувьд хардсан. Тэр ч утгаараа нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийнэ гэх нэрийн дор ногоон автобуснууд оруулж ирсэн.

Үүнд миний бие инженер хүнийхээ хувьд хяналт хийж, дүгнэлтүүд гаргасан. Уг дүгнэлтийнхээ үндсэн дээр холбогдох төр засгийн байгууллагуудаас мэдээлэл цуглуулах гэсэн боловч надад ямар нэгэн мэдээлэл гаргаж өгөөгүй.

Мэдээлэл хаалттай, улсын нууц гэсэн тайлбарыг өгсөн. Яагаад нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахын тулд автобус худалдан авч байхад мэдээлэл нь нууц байдаг юм бэ гэж гайхсан. Тиймээс уг асуудлыг нууцаас гаргаач ээ гэдэг шаардлагыг цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэсэн.

Олон нийтийн хувьд ч анхаарлаа уг асуудал руу чиглүүлсэн. Улмаар өөрийн цуглуулсан дүгнэлтүүдээ АТГ-т хүргүүлсэн. Ингээд хэд хоногийн дараа АТГ-аас олон нийтэд уг асуудлаар мэдээлэл хийсэн шүү дээ. Аливаа нийтийн эрх ашигтай холбоотой асуудлаар Засгийн газрын зүгээс тогтоол гаргаж байж, түүнийг нууцын зэрэглэлд авдаг.

Тэгвэл энэхүү автобус худалдан авах асуудал нууцын зэрэгт орсон юм бол Засгийн газрын ямар тогтоолоор нууцад оруулсан бэ гэдгийг ил болго гэсэн. Ингээд цаашаа асуудал үүсэж, нийгмийн анхаарлыг гүнзгий татсан. Үүний эцэст холбогдох хоёр албан тушаалтан ажлаа өгч байна.

- Хариуцлагаа үүрч ажлаа өгөв үү, эсвэл хариуцлагаас мултарч ажлаа өгч байна уу гэдэг дээр та тодорхой байр суурь илэрхийлсэнгүй...?

- Нийтийн тээврийн салбарт үүрлэсэн булхай, луйвруудын дөнгөж зэс нь цухуйсан асуудал шүү. Цаана нь олон хулгай. луйврын асуудал далд хэлбэрээр оршиж л байгаа. Энэ хоёр хүн яагаад огцров гэдэг асуудлыг улс төрч хүнийхээ хувьд өөрөөр харж байна.

Нэгдүгээрт сонгууль ойртчихсон байна. Тиймээс Ардын намынхан энэ мэт үл мэдэх нөхдүүд манай намын рейтинг цаашлаад сонгуульд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн учраас огцрохыг шаардсан.

Өөрөөр хэлбэл Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар хоёр өөрсдийнхөө хүслээр ажлаа өгсөн юм биш. Харин улс төрийн шахалтаар огцорсон гэсэн үг. Гол асуудал байна. Энэ хоёр хүн огцорсноороо Улаанбаатар хотын хулгай арилахгүй.

Нийслэлийн нийтийн тээврийн газар гэж хууль бусаар дүүрэн бугшсан газар байна. Тус газрын дарга нь өөрөө цагдаагаар ажиллаж байхдаа мөрийтэй тоглоом тоглож. ёс зүйн зөрчил гаргаснаасаа болж хөөгдсөн байгаа юм.

Яагаад ийм ёс зүйн зөрчилтэй хүн өнөөдөр нийтийн тээврийн газрыг удирдаж байна вэ. Яагаад өнөөдөр асуудал дагуулаад байгаа компанийн удирдлагуудтай найзууд байгаа юм бэ. Энэ бол тохиолдол биш. Үүний цаана маш том сүлжээ, маш том бүлэглэл байна. Тиймээс зөвхөн Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар хариуцлага үүрлээ гэдэг нэрийн дор огцроод энэ асуудал шийдэгдчихгүй. Цаана байгаа эдгээр хүмүүсийг бүгдийг нь хууль, хяналтын байгууллагууд шалгах шаардлагатай. Товчхондоо хоёр дарга огцорсон асуудал бол ерөөсөө МАН-ын сонгуулийн өмнө нүүрээ угаасан л асуудал.

- Одоо дараагийн хотын дарга хэн болох вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Таныхаар бол дараагийн дарга ирсэн ч энэ хулгай үргэлжлэх нь ээ?

- Мэдээж дараагийн Засаг дарга МАН-аас л томилогдоно. Ингэхдээ бүр өмнөх Засаг даргынхаа ивээлд багтсан нэг цүнх баригч нь гарч ирнэ. Угаасаа намынх нь тогтолцоо тийм. Нийслэлийн намын хороо хуралдана. Хуралдаанаараа дараагийн Засаг даргаа томилно. Тус хорооны дарга нь Д.Сумьяабазар. Энэ хүн ажлаа өгөхдөө "Дараагийн Засаг даргаа хайрлаарай" гэж тодорхой хэлсэн.

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр би хүнээ явуулна, түүнийг та бүхэн хайрлаарай л гэсэн үг шүү дээ. Нөгөөтэйгүүр НИТХ 45 төлөөлөгчтэй. Үүнээс АН-аас найм, ХҮН-ээс гурав байдаг. Тэгэхээр нийслэлийн намын хорооноос гарсан шийдвэр НИТХ-аар шууд дэмжигдэнэ гэсэн үг.

Тэгэхээр Д.Сумъяабазараар Ардын нам нэг удаадаа нүүрээ угаасан ч өнгө орохгүй. Хулгай үргэлжилнэ. Үргэлжлэхдээ улам нарийн, улам томоор явагдана. Бид одоо бодит үнэнийг л хэлэх хэрэгтэй. Ерөөсөө одоо байгаа бодит байдал ийм шүү.

- Нийслэлийн намын хороо нь хуралдаад шийдвэр гаргана гэж байна. Гэхдээ хэн хотын дарга болох вэ гэдгийг Ерөнхий сайд эцэслэж шийдэх байх л даа...?

-Монгол Ардын намын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаад, бөөн маргаан өрнөж өрнөж тарсан байна. Хотоос сонгогдсон гишүүд нь уг асуудлыг хотын намын хороо өөрсдөө шийдэх ёстой. Намын удирдах зөвлөл уг асуудал орох ёсгүй гэж үзсэн байна. Үүнээсээ болоод хоорондоо маргалдаж, хурал нь тодорхойгүй хугацаагаар хойшилсон гэнэ. Тэгэхээр дараагийн хотын дарга хэн болох асуудлыг хотын намын хорооныхон нь шийдэх гээд улайраад байна гэсэн үг.

Түүний цаана хэн байгаа вэ гэхээр нөгөө ажлаа өгсөн Д.Сумъяабазар л байгаа. Нөгөөтээгүүр бид Нийслэл дээр хулгай яваад байна гэж сая харлаа, ойлголоо. Гэвч нийслэлийн дүүрэг тус бүр дээр том, жижиггүй хулгай явагдаж байгаа. Тэр дундаа дүүргүүдэд асар том хулгай явагдаж байгаа шүү. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулна гээд бүх дүүргүүдэд агаар шүүгч шахсан. Уг асуудал одоо хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа. Өнөөдрийг хүртэл Монгол Улсад нэг нам дангаараа найман жил засаг барилаа.

Өнөөдөр Улаанбаатар хот битгий хэл Монгол Улсын хэмжээнд яг юу сайжирчихсан юм бэ. Юу хөгжөөд байна. Юуг эд нар хийж чадав. Ганцхан хулгай сайжирлаа, хулгай хөгжлөө, хулгайг эд нар хийж чадлаа.

Өөр юу ч хийсэнгүй. Өнөөдөр Улаанбаатар хотыг гурав ангилчихлаа. Богд уулын аманд амьдрагсад. Орон сууцанд амьдрагсад. Сүүлийнх нь гэр хороолол буюу улны хэсэгт амьдрагсад гэж. Тэгээд орж ирж байгаа төсвөө Богд уулын аманд амьдрагсдын сайн сайхны төлөө зарцуулчихна.

Тэдний хүүхдүүдийн сургалтын төлбөр, тоглох талбай, сургууль цэцэрлэг гээд бүх зүйлд нь зориулна. Гэтэл гэр хороололд амьдарч буй иргэддээ яг юу хийж өгөөд байна вэ. Нийгэм үнэхээр л ийм байна. Бодит байдал энэ л байна. Үүнийг ярихгүй байх юм уу.

- Дээр дооргүй хулгай гаарлаа гээд байна. Хулгайчдад хариуцлага тооцлоо гээд хэд хэдэн албан тушаалтнууд ажлаа өгч байна. Тэглээ гээд хулгай алга болохгүй гэлээ. Тэгвэл хулгайг зогсоох, арилгах ямар гарц шийдэл байгаа юм бэ?

- Хулгайг зогсоох ганц арга бол хулгайчдыг үүрээр нь олж, хариуцлага тооцох явдал. Ганц нэг хүнийг нь барьж хорих биш. Бүлэг. үүрээр нь барьж. шалгаж, хариуцлага тооцох ёстой. Жишээлбэл, Ж.Сүхбаатар сайдын зөвлөх. туслах, багийн хүмүүс Нийслэлийн худалдан авах газарт дарга, хэлтсийн дарга гэсэн албан тушаалуудад очиж.

Эдгээр хүмүүс саяны ногоон автобусыг худалдан авах ажлыг гардан зохион байгуулж. Тэгэхээр Ж.Сүхбаатар ажлаа өгөх биш түүний rap хөл болгоныг нь шалгаж, хариуцлага тооцох хэрэгтэй. Цаашлаад Ж.Сүхбаатарыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж байгаад шалгах шаардлагатай.

Ингэж хууль хэн бүхэнд тэгш үйлчилнэ. Ингэж байж хуулийнхан хүн бүрийг тэгш шалгана. Тэгэхгүйгээр зөвхөн нэг дээлээ тайлснаараа хариуцлага үүрчихлээ гэж эндүүрэх хэрэггүй. Уг асуудлыг ч ингээд орхиж болохгүй. Тэгвэл Монгол Улсад хулгай гэдэг зүйлийг таслан зогсоох боломж байхгүй. Гарсаар байна,нарийссаар л байна.

- ЖДҮ, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, нүүрсний хулгай, ногоон автобус гээд салбар бүрийн хулгай нийгэмд ил тод ээлж дараатай гарч ирсээр байна. Тэгвэл дараагийн хулгай аль салбараас ямар хулгай илрэх бол. Та шүгэл үлээгчийнхээ хувьд дараагийн хулгай үүрлэсэн салбар аль нь гэж бодож байна вэ?

- Миний хувьд дараагийн том хулгай шахмал түлш буюу Эрчим хүчний салбараас гарч ирнэ гэж хардаж байгаа. Салбар хариуцсан сайд нь гаднаас коксон нүүрс импортоор авч, Улаанбаатар хотын тодорхой бүсүүдэд туршилт явуулна гэдгээ улаан цагаан хэлж байгаа. Бүр том алдаа гарахаас сэргийлж хэсэг бүлэг бүс газар туршилт явуулаад үзье гэж чичрээд байгаа шүү. Үгүй ээ, Улаанбаатар хотын иргэд туршилтад ордог хархнууд уу. Туршилт хийх гээд байгаа юм бол хүн дээр биш лабораторид хий л дээ. Мэргэжлийн байгууллагууд нь үүнд судалгаа шинжилгээ хийгээд дүгнэлт гаргалдаа.

Дараа нь үнэхээр хоргүй, хохиролгүй гэж үзэж байгаа бол амьдрал дээр шууд үүнийгээ нэвтрүүл л дээ. Юун туршилт вэ. Үнэхээр стандарт, шаардлага хангаж байгаа бол шууд нэвтрүүл л дээ. Энэ бол хүний эрхийн ноцтой зөрчил.

Туршилт хийгээд үзье гэж хэлснийхээ төлөө энэ сайд өнөөдөр ёс зүйн хариуцлага үүрээд ажлаа өгөх ёстой. Гэтэл үүнийг нь эсэргүүцдэг хүн ч алга. Эсэргүүцсэн ч хамаагүй бид туршилтаа хийх л болно гээд гүрийгээд дайрч байна.

Ийм төр, ийм сайд гэж дэлхийд л лав байхгүй. Ганц байгаа нь Монголд л байна. Жишээлбэл, Японд аль нэг дарга нь гарч ирээд ийм бүтээгдэхүүнээ эхлээд энэ хэсэг хотын иргэдэд туршаад үзье. Болж байвал Япон даяараа хэрэглэцгээе гэж хэлбэл яах бол. Түүнд шууд хорих ял өгнө. Эсвэл галзуурсан байна гээд эмнэлэгт хүргэх байх шүү.

Гэтэл манайд төрийн сайд хүн улаан цагаан иргэд дээрээ туршилт хийх гээд байхад, түүнийг нь болиулах нам, засаг гэж алга байна. Энэ нь цаанаа асар том хулгай явагдах гэж байна гэж хардаж байгаа. Утааг багасгах арга байж болно. Гэхдээ туршилт гэдэг үгийг ашиглаж. иргэдийгээ айдаст автуулах шаардлага байгаа юу гэдгийг эхлээд нэг бодох хэрэгтэй.

- Энэ олон хулгай луйвар өдөр бүр нийгмийн анхаарлыг татах нь оөроө нийгэмдээ ямар сөрөг үр дагавар авчирч байгаа бол. Нөгөөтэйгүүр нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрвэл ирэх оны ээлжит сонгууль болох уу. Түүнээс өмнө УИХ, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчих юм биш үү?

- Нийгэм бухимдалтай байгааг хүн болгон хэлнэ. Улаанбаатар хотын урдаас хойшоо хүртэл яваад иргэн болгоноос асуугаад үзье. Таны амьдрал сайхан байна уу, Улаанбаатар хотод аз жаргалтай амьдарч чадаж байгаа юу гэж. Тэгвэл 10 хүний найм нь таны өөдөөс шууд гаргадаг хуруунуудаа үзүүлнэ дээ.

Харин үзүүлэхгүй байгаа хоёр хүн нь нөгөө дарга, сайд, хулгайчдын rap хөл болсон нөхдүүд л байгаа. Нээрээ бодит үнэн нь л энэ байна шүү дээ. Тэгэхээр Монгол Улсад үнэхээр үнэн гэдэг зүйл алга байна. Болж бүтэж байгаа юм ч алга. Хэдэн дарга нар төрийн цаанаас хулгай хийх гэж үе удмаараа төрийн эрхийг барьж байна. Нөгөөтэйгүүр сонгуулийг энэ аравдугаар сард болгох гэсэн МАН-ын нэг улс төрийн нарийн арга байхыг үгүйсгэхгүй.

Сүүлийн үед хулгай яагаад ингэж их ил тод болоод байна. Хэн хүнгүй хулгайчаараа дуудуулаад байна вэ. Яагаад хулгай нийгмийн гол сэдэв болчхов. Энэ бүгд цаанаа улс төрийн зохицуулалттайгаар явж байхыг үгүйсгэхгүй.

Өөрөөр хэлбэл МАН-ынхан ирэх сонгуулиар олонхын саналыг авч чадахгүй гэдгээ мэдсэн гэсэн үг. Тиймээс сонгуулиас өмнө хулгай гаарсан байна, манай танайгүй хулгайчдаасаа салахын тулд хэдүүлээ сонгуулиа хийе гээд шийдвэр гаргачихыг хэн байг гэхэв. Засгийн бүх эрх мэдэл ганцхан намд л байна шүү дээ.

Зураг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651412
0 эможи

keyboard_arrow_up