Г.Уянга: Монголын төрд мөнгөтэй хүмүүс шургалж, эрх ашгаа түлхэж болдгийн жишээг Цагаан суваргын орд дээр харуулж байна Г.Уянга: Монголын төрд мөнгөтэй хүмүүс шургалж, эрх ашгаа түлхэж болдгийн жишээг Цагаан суваргын орд дээр харуулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Г.Уянга: Монголын төрд мөнгөтэй хүмүүс шургалж, эрх ашгаа түлхэж болдгийн жишээг Цагаан суваргын орд дээр харуулж байна

2023 оны 11 сарын 07

Arslan.mn

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 26, мөн оны долдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн дэлгэрэнгүй тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл Засгийн газар өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ. “Шударга ёс” эвсэл ажлын тав хоногийн завсарлага авсан нь дууссан байгаа. Батцэрэг дарга завсарлагын талаар үг хэлнэ.

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг:. Энэ асуудлаар манай бүлэг завсарлага аваад зөвлөлдөж ярилцсан. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж байгаад ажлын хэсэгт өөрчлөлт оруулаад бүлгүүдээс ирсэн. Энэ  хуульд өөрчлөлт оруулахаар гаргасан саналуудыг ажлын хэсэг нэгтгэж ажиллая гэсэн дээр. АН-ын бүлгийн дарга бид нар уруу яриад ийм ажил хэргийн тохиролцоонд хүрч чадсан гэж үзэж байгаа юм. Ийм учраас Цагаан суваргатай холбоотой асуудлыг өнөөдөр түр хойшлуулаад ирэх долоо хоногийн ажлын хэсгийн хуралдаан дээр параллель явуулах юм бол уг нь зохимжтой байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн төсөл дээр стратегийн ордуудтай холбоотой зүйлчлэл дээр бас саналын хувилбарууд гарсан. Хамгийн оновчтой харилцан ойлголцоод явах хувилбар дээр тохирох процесс явж байгаа үед энэ зүйл, заалтад хамарч болохоор Цагаан суваргын ордыг шинэ хуулийн эрх зүйн орчинтой зэрэг явуулаад шийдвэл бололцоотой юм гэж үзээд ирэх долоо хоногийн нэг дэх өдрийн ажлын хэсэг хүртэл одоо ярилгүй түр хойшлуулж өгөөч. Ирэх долоо хоногт саналаа нэгтгэвэл түгжээд удаад байх юмгүй байгаа. Ирэх долоо хоногт шууд хуультайгаа хамт гарахаар харагдаж байгаа юм.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Ажлын  хэсгийн дарга хэн билээ. Ганбат уу. Ганбат гишүүн ажлын хэсэг дээр дахиж ярья гэдэг санал гарч байна. Юу гэж бодож байна вэ?

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Цаана нь ажил төрөл хэцүүдэж байна. Ингэж болохгүй, болохгүй болоод хуулийнхаа тав хоногийн завсарлага авсан. Үүнээс цаашаа хугацаа байхгүй. Хуулиа хэлэлцээд яриад явах нь зүйтэй гэж ажлын хэсгийн ахлагчийн хувьд үзэж байна.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Уянга гишүүн үг хэлэх хэрэг байна уу. Завсарлагын талаар бүлгийн дарга үг хэлэх эрхтэй. Завсарлага нь дууссан. Цаашид ажлын хэсэг дээр дахиж нэг ярих бололцоо өгөх үү, үгүй юу гэдэг асуудал байна. Ажлын хэсэг дээр дахиж ярих боломж олгоод өнөөдрийн хуралдаанаас хасъя. Дараагийн асуудал.

УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганы долдугаар сарын 1-ний нэгдсэн хуралдаан

УИХ-ын дарга З.Энхболд:

-Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ. “Шударга ёс” эвслийн бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авсан. Батцэрэг даргад хэлэх үг байгаа юу. Бүлгийн орлогч дарга нь Уянга гишүүн биш байх аа. Баянсэлэнгэ гишүүн. Завсарлагынхаа талаар үг хэл. Цагаан суваргын. Баянсэлэнгэ гишүүн үг хэлнэ.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

-Миний өмнөөс Уянга гишүүн үг хэлнэ. Бүлгийн шийдвэрийн талаар Уянга гишүүн. Яагаад гэвэл би сая байхгүй байсан.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Уянга гишүүн.

УИХ-ын гишүүн Г.Уянга:

-Бид нар хэлэлцсэн, Цагаан суваргын ордын МАК компанийн захирал Цог гэдэг хүнтэй уулзсан. Манай бүлэг зориуд одоо ач холбогдол өгч ярьсан. Тэгээд ер нь бол тогтоолын төсөл өөрөө төрийг нэг тийм басамжилсан, мөнгө байвал, чадвал энийгээ ав гэсэн ийм сонин тогтоол орж ирсэн. Манай бүлэг ярилцаад дүгнэлт гаргаагүй боловч энийг Ашигт малтмалын хуулийг хэлэлцсэний дараа хэлэлцэх нь зөв гэж үзсэн юм байгаа юм.

Ер нь бол тэгэхдээ энэ бол стратегийн орд гэж байгаа. Олуулаа хүртэх ёстой орд оо. Ямар жижигхэн байсан ч гэсэн ганцаараа энийг идээд барахгүй ээ миний дүү, Номтойбаяр аа. Аавтайгаа хамт идээд ч барахгүй. Тэгэхээр энэ бол Монголын ард түмэн бүгдээрээ хувааж хүртэх ёстой байхгүй юу. Ямар жижиг орд байна хамаагүй. Өнөөдөр ямар ч агуулгатай зэс байсан дэлхийн зах зээл дээр 650 доллараас буухгүй байгаа. Тэгэхээр яах вэ, хүндрэл бэрхшээлээ ярьж байна лээ. Олон сая доллар зээлчихсэн байгаа гээд. Ер нь бол энийг өөрөө аваад явах хэмжээний чадалтай болсон гэж МАК компани хэлж байгаа юм. Тэгэхдээ энийгээ яаж одоо ер нь монголчууд нэг цөөхөн хэдэн баячуудтай, тэд нарыгаа хаанаас яаж баяжсаныг нь бүгдээрээ мэднэ. Бүгдээрээ, дийлэнх нь уул уурхайгаас л төрсөн баячууд байгаа.

Тэгэхээр энэ бол болохгүй гэрээ. Энийг бүгдээрээ баталмааргүй байгаа юмаа. Ашигт малтмалын хууль дээр тэр 5.4, 5.5-аа шийдчихээд бүгдээрээ энэ Цагаан суваргын ордыг оруулж ирэх нь зүйтэй. Ер нь бол Монголын төрд их мөнгөтэй хүмүүс, бизнесменүүд шургалж, өөрийнхөө эрх ашгийг яаж түлхэж болдгийн тод томруун жишээг одоо энэ орд дээр УИХ-аар оруулж ирж байгаа энэ асуудал харуулж байна л даа. Хуулийг нь батлахгүй, хуулийн хажуугаар чихэж орж ирдэг. Лобби хийдэг. Бизнесийн том лобби яаж явдаг вэ гэдгийг бид одоо харах гэж байна л даа.

Мөнгө байхгүй юм чинь, төр мөнгөгүй болохоор ганцаараа эзэмшье, ганцаараа ид гэдэг ийм зарчим явж болохгүй. Монголын төрийн, Монголын ард түмний баялгийг зарж л одоо миний дүү жишээлбэл чи нүүрс зөөж баяжсан. Танай аав нүүрс зөөлцсөн. Та нарын мөнгө бол Монголын баялгийг зарж олсон мөнгө. Тийм учраас ард түмэндээ шударга хандах ёстой, шударга хандах ёстой. Энэ бол стратегийн орд, одоо байгаа хуулиараа Монголын ард түмэн 34 хувийг нь хүртэх ёстой ийм орд оо.

Ер нь бол Цагаан суваргын ордыг яаж, ямар гэрээ байгуулагдах вэ гэдгийг дараа дараагийн хөрөнгө оруулагчид, олон хүмүүс харж байгаа.  Энэ дээр бид нар маш сайн жишиг гэрээ байгуулж чадах юм бол дараа дараагийн байгалийн баялгаа гадныхантай хамтарч ашиглах тэр гэрээнүүд зөв тийшээ явах ийм бололцоо бүрдэх юмаа.

Тэгэхээр ганцаараа, хоёулаа идээд барахгүй юмыг битгий одоо нэг хүнд, цөөн хэдэн хүнд өгөөч ээ. Энэ бол төрдөө хувь нь үлдэх ёстой ийм орд оо гэсэн ийм байр суурьтай байна. Бүлэг энэ дээр тодорхой дүгнэлт гаргаагүй. Гэхдээ зарчмын хувьд Ашигт малтмалын хуулийг шийдсэний дараа энэ ордын асуудал орж ирэх ёстой гэдэг байр суурин дээр бол хатуу байна аа.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Завсарлага авсан шалтгааныг нь сонслоо. Хуулийн дагуу завсарлагын хугацаа дууссан. Ажлын хэсгийг танилцуулъя. Ганхуяг Уул уурхайн сайд, Бат-Эрдэнэ Уул уурхайн сайдын зөвлөх, Үүрийнтуяа Ашигт малтмалын газрын дэд дарга, Цогт “МАК” компанийн дэд ерөнхийлөгч, Баттулга Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн дарга. Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан байгаа. Одоо Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж эхэлнэ. Гурван санал гарсан байна.

Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол:

Эдийн засгийн байнгын хорооны дэмжсэн гурван санал байна.

Нэг дэх санал. Тогтоолын төслийн 1 дүгээр заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулах;

“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 10-т заасан Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсүгэй. Санал гаргасан УИХ-ын гишүүн Батцогт, Ганбат, Д.Зоригт, Энх-Амгалан. Эдгээр гишүүд ажлын хэсэг үү. Давтагдаад байна. Цаашид ажлын хэсэг гэнэ. Энэ саналыг дэмжье гэдгээр санал хураая. Санал хураалт.

53 гишүүн оролцож, 33 гишүүн зөвшөөрч, 62.3 хувийн саналаар эхний санал дэмжигдлээ.

Хоёр дахь санал. Тогтоолын төслийн 2, 3 дугаар заалтыг тус тус хасах. Санал гаргасан ажлын хэсэг. Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн. Дэмжье гэдгээр санал хураая. Санал хураалт. 

53 гишүүн оролцож, 35 гишүүн зөвшөөрч, 66.0 хувийн саналаар хоёр дахь санал дэмжигдэж байна.

Гурав дахь санал. Тогтоолын төслийн нэрийг “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” гэж өөрчлөх. Санал гаргасан ажлын хэсэг. ЭЗБХ дэмжсэн. Санал хураая. Дэмжье гэдгээр.

53 гишүүн оролцож, 32 гишүүн зөвшөөрч, 60.4 хувийн саналаар гурав дахь санал дэмжигдлээ.

Үүгээр зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж дууслаа.

Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ЭЗБХ-нд шилжүүллээ.

 

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652547
1 эможи

keyboard_arrow_up