Ганц гол гэрчээ “Ганцхудаг”-аас авчирч чадах уу?! Ганц гол гэрчээ “Ганцхудаг”-аас авчирч чадах уу?!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ганц гол гэрчээ “Ганцхудаг”-аас авчирч чадах уу?!

2023 оны 12 сарын 12

Arslan.mn

“...Нүүрсний сонсголын хамгийн нөлөөтэй гэрчүүд нь Тавантолгой дахь төрийн компанийн захирлууд” гэлцэж байна. Энэ аргагүй. Сонсголын эхний шатанд ирж оролцсон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экс хоёр захирал үүнийг нотоллоо л доо. Б.Энэбиш юунаас болж гадаадад гарч амьдрах болсноо, Я.Батсуурь яагаад ял шийтгүүлж хоригдсоноо тайлбарласан. Маш ноцтой шалтгаануудыг хэлнэ лээ. Ер нь бол тухайн цаг үеийнх нь бүх үйл ажиллагааг тэднээс илүү мэдэх гэрч байхгүй л дээ.

Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бас нэг захирал Б.Ганхуяг эхний сонсголд ирж чадаагүй юм. Уг нь түүний нэр гэрчүүдийн жагсаалтад байсан. Гэхдээ эхний сонсголын үеэр болсон үйл явдлаас харахад Б.Ганхуяг цагдан хоригдож байгаа гэдэг шалтгаанаар сонсголд оролцох эрхээ хасуулсан бололтой юм.

Түүнийг анх 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорьсон. Жил гаруй болж байна. Дунд нь тавдугаар сарын 5-нд нэг суллаад 8-нд буцааж хорьсон байдаг. Б.Ганхуяг гэрчээр оролцох хүсэлтээ сонсголын үеэр ч гаргасан. Тэрбээр “...УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд, УИХ-ын ажлын хэсгийн дарга Б.Энхбаяр танаа. Б.Ганхуяг миний бие таны явуулж байгаа нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан гэж ойлгосон. Гэтэл өнөөдрийг хүртэл намайг гэрчээр дуудаагүй байгаа тул би өөрийн биеэр сонсголд гэрчээр оролцох хүсэлтэй байна. Энэ хүсэлтийг хангаж өгнө үү. Би одоо Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр таны хариуг хүлээгээд сууж байна” гэсэн хүсэлтийг эгчээрээ хүргүүлсэн байв. Харин Түр хорооны дарга Б.Энхбаяр “...2023 оны арваннэгдүгээр сарын 27-нд Түр хороо хуралдаж, эхний сонсголд гэрчээр дуудах 178 хүний нэрийг тогтоолоор баталсан. Үүний дунд Б.Ганхуяг бий. Уг тогтоолыг шүүх, прокурорын байгууллагад хүргүүлсэн. Б.Ганхуяг нь үдээс хойш яригдах асуудалд гэрчээр дуудагдсан.

Прокурорын байгууллагаас шүүхийн шийдвэрийн дагуу хоригдож байгаа гэсэн хариу ирсэн. Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх тул хэрэг бүртгэх, мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагаанд хэн ч байсан хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглодог. Шүүхийн шийдвэрийг бид хүчингүй болгож өөрчилж чадахгүй. Тиймээс шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэсэн хариу ирсэн” гэсэн юм.

Б.Энхбаярын тухайд 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд Улсын ерөнхий прокруор Б.Жаргалсайханд “...Шүүгдэгч Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах тухай” албан бичгийг илгээсэн. Түүндээ “...Б.Ганхуяг нь 2023 оны арванхоёрдугаар сарын 6-ны 09:00 цагаас эхлэн дөрвөн асуудалд, 13:30 цагсаа эхлэн дөрвөн асуудалд, 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны 9:00 цагаас эхлэн зургаан асуудалд гэрчээр оролцох шаардлагатай байгаа тул оролцуулах боломжоор хангаж ажиллахыг хүсье” гэсэн. Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат 2023 оны арваннэгдүгээр сарын 30-нд “...НПГ-аас Б.Ганхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг хянаад 2023 оны наймдугаар сарын 1-нд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдпагч Б.Ганхуяг нарыг шүүхэд шилжүүлсэн. Одоо шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иймд шүүгдэгч Б.Ганхуяг сонсголд гэрчээр оролцуулах асуудлыг Прокурорын байгууллагаас шийдвэрлэх боложмжгүй байна” гэсэн хариу өгчээ. Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун 2023 оны арванхоёрдугаар сарын 7-нд Түр хорооны гишүүн С.Ганбаатарын нэр дээр “...Дээрх асуудал нь Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан шүүгчийн бүрэн эрхэд хамаарахгүй байх тул шүүх шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье” гэжээ.

Дашрамд, Б.Ганхуягийг сонсгол гэрчээр оролцуулах асуудалд улстөрчид оролцож, будлиан үүсгэж байж болзошгүйг энд дурдах хэрэгтэй. Дашрамд, “...Сонсголоос сонсоно” гэсэн олны хүлээлт талаар болсонгүй бололтой. Учир нь Б.Энхбаяр өмнө нь Хөгжлийн банкны сонсголыг зохион байгуулж байсан. Тэр нь нүүрсний сонсголыг хийхэд нөлөөлж байгаа нь харагдаж байгаа юм.

Олны ам ч ийм байна. Гэвч тэрбээр “...Б.Ганхуяг өмнөх сонсголд оролцсон захирлуудаас ч илүүг ярина” гэдгийг мэдэрсэн байх учиртай. Ажилласан цаг хугацаа, сонсголын “сэдэв” зэргээс харахад ч ойлгомжтой байна. Түүнчлэн энэхүү хоёр дахь шатны сонсголоор “...Нүүрсний тээвэрлэлтийн С зөвшөөрөл”, “..“Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Тавантолгой” ХК-ийн тээврийн үйл ажиллагаа, нүүрсний экспорт”, “...Гааль, хилийн цэргийн албан хаагч нартай холбоотой асуудал”, “... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтоолт”, “... “Чалко трейдинг Хонгконг” компанитай байгуулсан гэрээ, нүүрс баяжуулах үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой, уулын ажлын төлбөрийн хүрээнд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүд”, “... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан бусад санхүүжилт, үүнд “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилт”, “...Загийн усны хоолой”, “...Тавантолгойн дулааны цахилгаан станц”, “...Уурхайн суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын төсөл”, “...Кокс эрчим хүчний үйлдвэр”, “...“Шивээ-Овоо” болон “Багануур”ХК-тай холбоотой асуудал”, “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам”, “...Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам”, “..“Бодь интернэйшнл” ХХК, төмөр замын санхүүжилт”, “...Богд хан төмөр замын санхүүжилт”, “...Тавантолгой нүүрс ачих ложистикийн төв”, “...Тавантолгой-Гашуунсухайт-Зүүнбаяны төмөр зам” зэрэг асуудлуудыг “сонсох”-оор төлөвлөжээ. Гэтэл эдгээрийн нэг нь ч Б.Ганхуяггүйгээр яригдах боломжгүй юм. Тэр утгаараа, тэрбээр энэ сонсголын хамгийн гол гэрч юм. Тэгэхээр “...Б.Ганхуяг гэх ганц гол гэрчээ “Ганхудаг”-аас авчирч чадах уу” гэж асууж сонирхох хүн олон болж байна. Хэрвээ чадахгүй бол сонсгол нь гэрчгүйтэй л адилхан болно. Хамгийн гол нь “...Б.Ганхуягийн иргэний эрх нь хэвээрээ атал гэрчийн эрх нь хаачсан бэ” гэдэг асуулт гаднаас ч, дотроос ч босож ирнэ дээ.

 

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653350
0 эможи

keyboard_arrow_up