С.Баярцогтыг шүүхийн шийдвэрээр “лист № 9”-д бичвэл Х.Тэмүүжин хаачих вэ?! С.Баярцогтыг шүүхийн шийдвэрээр “лист № 9”-д бичвэл Х.Тэмүүжин хаачих вэ?!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Баярцогтыг шүүхийн шийдвэрээр “лист № 9”-д бичвэл Х.Тэмүүжин хаачих вэ?!

2024 оны 5 сарын 29

Arslan.mn

АН-ынхан нэр дэвшүүлэх ажиллагаанаасаа болоод “нерв”-тэй байна. Уг нь сонгуулийн хуанлийн дагуу 2024 оны тавдугаар сарын 20-нд багтаж тойргийн 78, листийн 48 хүнээ тодруулсан. Тэр ажиллагаа нь нэлээд “ардчилсан” зарчимтай өрнөснийг нийтээрээ харсан. Тус намынхан хэдэн сар судалгаа шинжилгээ хийж, түүнийхээ үр дүн дээр зөвлөлдөж байгаад нэр бүхий 126 хүнийг нэр дэвшүүлэхээр шийдсэн. Гэвч тэр нэрс Улс төрийн зөвлөл дээрээ нэг өөрчлөгдөж, Үндэсний бодлогын хороогоороо дахиад “хөдөлж” эцэст нь хэл ам дагуулсан. “...Нэр нь нэр дэвшигчдийн листээс алга болсон”, “...Листэд орсон ч тойрог руу шидэгдчихсэн”, “...Листийн дээгүүр бичигдээд байснаа араар тавигдчихсан” зэрэг олон шалтгаан тоочсон гомдогсод гарч ирсэн. Тэд 21-ний өдөр олон нийтийн сүлжээгээр дүүрэн “...Нэрээ татлаа” гэж мэдэгдэл хийсэн. Гэхдээ нэг, хоёр хоноод мэдэгдлээ устгаж, нам жим болцгоосон.

Түүнчлэн СЕХ руу нэр дэвшүүлэх ажиллагааны үр дүнтэй холбоотой хоёр тогтоол оччихсон. Энэ нь АН-д томоохон маргаан дэгдээв. Эхнийх нь тэр шөнө гаргасан 32 дугаартай тогтоол байжээ. Тэр нь тус намаас “...АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа.

АН-ын төлөөллийн төв байгууллага Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр УИХ-ын ээлжит сонгуульд Монгол Улсын хэмжээнд 13 тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигч, намын листийн 48 нэр дэвшигчийг тодруулж, Үндэсний бодлогын хороогоор баталлаа” гээд олон нийтэд танилцуулсан УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд олныг төлөөлөх аргаар сонгогдох тойрогт нэр дэвшигчдийн нэрсийн листийг хавсаргасан тогтоол аж. Гэтэл араас нь АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт, хуульч Д.Оросоо нар “...Дээрх 32 дугаар тогтоолын засварласан нь” хэмээх тодотгол бүхий 09 тоот тогтоолыг хавсралтын хамт хүргүүлсэн байна. Үүнийг нь СЕХ-ноос “...АН-ын нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой иргэдийн гомдол” хэмээн үзжээ. Энэ талаар СЕХ-ны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ тавдугаар сарын 27-нд “...АН-аас нэр дэвшигчдийн тогтоолоо ирүүлсэн. Үүнээс хойш АН-аас нэг тогтоол, нэг хавсралт ирсэн.

АН-ын СЕХ-той шууд харьцах эрх бүхий хүнээс “...Алдаа гарсан байна” гэж дахин тогтоол илгээсэн. Тиймээс СЕХ тус намаас тодруулга тайлбарыг авахаар мэдэгдсэн. Ингээд өчигдөр АН-аас “...32 дугаар тогтоол хүчин төгөлдөр” гэсэн албан бичгийг манайд ирүүлсэн.

АН сонгуульд оролцоно. Сонгуульд оролцуулахаар СЕХ бүртгэсэн” гэсэн тайлбарыг олон нийтэд өгсөн. Мөн АН-ын дарга Лу.Гантөмөр ч өчигдөр УИХ дахь намынхаа бүлгийнхэнтэй мэдээлэл хийхдээ энэ талаар ярив. Тэрээр “...АН-ын байр суурь нэг л байгаа. АН-ын даргын гарын үсэгтэй нэр дэвшигчдийн бүртгэлийг СЕХ-д албан ёсоор явуулсан. АН ес дэх удаагийн ардчилсан сонгуульд ороход бэлэн байгаа. Бид сонгуульд оролцох бүртгэлээ бүрэн хийсэн. Хуулийн хугацаанд буюу тавдугаар сарын 20-ны орой нэр дэвшигчдийнхээ нэрийг зарласан. Нэр дэвшүүлэлтээ эхлээд бид намын гишүүдээсээ асуусан, аймаг дүүргийн намын хороодоосоо асуусан. Дараа нь сонгон шалгаруулах хороо байгуулан дэвшүүлэлтээ хийсэн. Тойрог дээр өрсөлдөж чадахуйц хүмүүсээ тойрог руу нь бүрэн илгээхийг хүссэн. Ялагдаагүй Ерөнхийлөгч гэж бид үзэж байгаа Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэвшүүлж байгаа, хэлмэгдсэн Ерөнхий сайд гэж Н.Алтанхуягийг хэлдэг. Түүнийг бид дэвшүүлж байгаа. Хуучин улстөрчид, хуучин засаг төрд ажиллаж байсан хүмүүсээ дийлэнхийг нь хойш суулгасан. Харин тэднээсээ АН-аа дэмжиж ажиллахыг хүссэн. Иргэд шинэ залуу нэр дэвшигчдийг хүсэж байгаа учраас залуучуудаа гаргаж ирсэн.

Манай намын 102 нэр дэвшигч нь цоо шинэ хүмүүс байна. Бид тодорхой шийдэл, тодорхой туршлагаас гадна ард түмнийг итгэлийг авч чадах шонхруудыг, салбар, салбарын төлөөллүүдийг энэ сонгуулиар дэвшүүлсэн” гэв.

Ерөнхийдөө эхлээд очсон 2024 оны тавдугаар сарын 20-ны 32 дугаартай тогтоол, дараа нь С.Баярцогт, Д.Оросоо нарын илгээсэн 09 дугаартай тогтоол хоёрт нэг л ялгаа бий. Тэр нь листийн ес дээрх нэр дэвшигчид, мөн Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн тавдугаар тойрог болон Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 10 дугаар тойрогт нэр дэвшигчдийн нэрс өөр өөр байгаа юм. Тодруулбал, 32 дугаар тогтоолд листийн ес дээр Х.Тэмүүжин байгаа бол 09 дүгээр тогтоолд С.Баярцогт орж ирсэн. Үүнийг дагаад 09 дүгээр тогтоолд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн тавдугаар тойрогт нэр дэвших 10 хүний нэрнээс С.Баярцогт хасагдаж Л.Одбаяр бичигдсэн. Түүнчлэн 32 дугаар тогтоолд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 10 дугаар тойрогт нэр дэвших зургаан хүний зургадугаарт О.Баасанхүүгийн нэр байсан. Харин 09 дүгээр тогтоолын хавсралтаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 10 дугаар тойрогт нэр дэвших зургаан хүнээс О.Баасанхүүг хасаж, оронд нь Б.Хурцыг бичсэн байгаа юм. Тэгвэл, Лу.Гантөмөр уржигдар “...Эхлээд илгээсэн 32 дугаар тогтоол л хүчинтэй” гэсэн нь “...АН-ын листийн ес дээр Х.Тэмүүжин бичигдэж, С.Баярцогт тавдугаар тойрогт нэр дэвшсэн. Бас 10 дугаар тойрогт Б.Хурц биш О.Баасанхүү нэр дэвшиж байгаа” хэмээсэн хэрэг юм.

Хамгийн гол нь, АН-ын даргын мэдэгдэл, СЕХ-нд явуулсан бичиг сэлтээр “АН-ын лист №9”-ийг дагасан маргаанд цэг тавьж буй мэт харагдана. Гэвч үгүй бололтой. Хөшигний ард шал өөр “тоглолт” явж байгаа тухай улс төрийн хүрээнд яригдаж байна.

Юу гэвэл, сонгуулийн үйл ажиллагаа цаашаа СЕХ-ны гаргасан хуанлийн дагуу үргэлжилнэ. Гэхдээ энэ сацуу АН-ын хоёр тогтоолтой холбоотой маргаан шүүх дээр үүснэ. Шүүхийн процесс явагдана. Тэгж тэгж 2024 оны зургадугаар сарын 28-нд санал хураалт явагдаж, сонгууль өндөрлөсний дараа шүүх шийдвэр гаргана. Түүгээр “АН-ын лист №9”-өөр хэн УИХ-ын гишүүн болохыг тогтоож өгнө. Өөрөөр хэлбэл, С.Баярцогт нарын тогтоол ялж магадгүй гэсэн үг. Энэ төлөвлөгөө хэдийнэ өрөгдчихсөн аж. Гэхдээ сонгуулийн дараа гэхээр С.Баярцогт бол листээр УИХ руу орчихно. Харин 10 дугаар тойрогт Б.Хурц, О.Баасанхүү хоёр яаж “солигдох” нь ойлгомжгүй болж ирнэ. Ер нь бол болж буй үйл явд­лууд улс төрийн хүрээнд нэлээд нухац­тай яригдаад байгаа энэ зүйлийг үнэн байх боломжтойг харуулаад байгаа юм. Яагаад гэхээр, АН нэгэнт нэр дэвшүүлэх ажиллагааныхаа үр дүнгээр тогтоол гаргаж СЕХ-нд явуулчихаад байхад С.Баярцогт яагаад араас нь “...Засвар оруулсан” гэх тогтоол илгээсэн бэ. Энэ их сонирхолтой.

С.Баярцогтын тухайд санаандгүй бөгөөд хэн нэгний ятгалгаар ийм “бичиг” илгээх хэмжээний хөнгөн улстөрч биш л дээ. Улс төр гадарладаг хүн болгон үүнийг хэлнэ. Тиймээс түүний илгээсэн 09 тоот бичиг явсаар “АН-ын лист №9”-ийг хөдөлгөх хөшүүрэг болоод үлдчихэж байна.

Ингээд С.Баярцогт лист руу орчихоор Үндэсний бодлогын хорооны хурал дээр “АН-ын лист №9” дээр бичигдэж чадсан Х.Тэмүүжин хаачих вэ гэдэг асуулт бас гарч ирнэ. Гээд харах нээ, Х.Тэмүүжиний “таниулах ажиллагаа” олон нийтийн сүлжээгээр тасралтгүй цацагдсаар байна. Энэ нь түүний хувьд “...Листэд орчихлоо” гээд тайвшрахгүй байгаагийн илрэл юм. Ер нь тэгээд улс төрд өдий олон жил явчихсан, улс төрийн төдий хэмжээний мэдлэг, мэдрэмжтэй Х.Тэмүүжин “АН-ын лист №9”-тэй холбоотой хөшигний ард өрнөж байгаа явдлыг мэдэхгүй байгаа гэхэд итгэхэд хэцүү. Мэдэхгүй байсан ч мэдрэхээр хэмжээний улстөрч л дөө, тэр. Тэгээд харахаар “АН-ын лист №9” цаашаа яаж хувирахыг С.Баярцогт ч, Х.Тэмүүжин ч мэдэж л байх боломжтой. Тиймээс Х.Тэмүүжин листээс мултарсан ч сонгуулийн дараа томоохон суудал дээр “торох”-оор тохирсон байх магадлал маш өндөр болоод явчихаж байна. Дашрамд, энэхүү “АН-ын лист №9” дээр бүр анх АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Мөнхболор бичигдчихсэн явж байгаад Улс төрийн зөвлөл хавиас хасагдаад гараад ирсэн гэдэг. Явсаар, одоогоор гурав дахь хүн дээрээ очоод байгаа юм. Гэсэн ч, энэ листийн “хөдөлгөөн” дуусаагүй бөгөөд “эзэн” нь удахгүй дахиад өөрчлөгдөхөөр ийн яригдаж байна. Нэг үгээр хэлбэл, энэхүү “Лист №9”-ийн маргааныг шүүх л “жаргааж” таарах даг.

 

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657213
0 эможи

keyboard_arrow_up