Цахим орчинд өрнүүлэх, жагсаал цуглаанд уриалах зорилготой акц өрнүүлж байсан гэв
Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн "MCS" группийн нэр бүхий албан тушаалтыг хуулийн байгууллагаас баривчлан шалгаж эхэлсэн. Тодруулбал, тэдний хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулж, төрийн нууцад халдсан гэж байв. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Хувийн аж ахуй нэгж, хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан, төрийн нууцыг хууль бусаар олж авсан. Өөрөөр хэлбэл, хувийн аж ахуй нэгж дэргэдээ тусгай байгууллагатай байсан зүйлүүд яригдаж байна. Энэ асуудалд сэжиглэгдсэн тодорхой этгээдүүдийг саатуулж, шалгагдаж байна." гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл “Ноорог креатив“ компанид өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нотлох баримтуудыг хуран авсан гэх мэдээлэл цацагдлаа.
Эх сурвалжийн мэдээлснээр, “Ноорог креатив“ компаний хамгаалалтын алба, хамааралтай компаниудад ажилладаг залуучууд "MCS" группээс санхүүжилт авч, "Энержи ресурс" компаний "Ухаа Худаг"-ийн нүүрсний ордын лицензийг төрд авах асуудал хөндөгдөж эхэлсэнтэй холбоотой түүнийг эсэргүүцсэн акцыг цахим орчинд өрнүүлэх, жагсаал цуглаанд уриалах зорилготой тролл багийг ажиллуулж байсан аж.
Товчхондоо, MCS-ийн санхүүжилттэй “Ноорог креатив” нэртэй компаниар халхавчилж троллын үйл ажиллагаа явуулж байсан гэх мэдээлэл гараад буй.
Учир нь “Ноорог креатив” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар MCS-ийн хамгаалалтыг хариуцсан "М-Армор" ХХК-нд ажилладаг бөгөөд 50 хувийг "Нью эравенчерс" ХХК буюу MCS-ийн шууд хамааралтай компани эзэмшиж байгаа аж.








