Төрийн албаны зөвлөл доторх “асуудал“ Л.Цэдэвсүрэнгийн суудлыг ганхуулахад хүргэв үү
Төрийн албаны зөвлөл (ТАЗ) гэх сүржин нэртэй ч, ажил хэрэг дээрээ төрийн албаны сахилга, хариуцлагыг зөрчигч байгууллага болчих вий гэх эргэлзээ олон нийтийн дунд төрж байна.
Үүнийг батлахуйц нэгэн ноцтой зөрчил ил боллоо.
2024 оны 11 дүгээр сарын 14, 18-ны өдрүүдэд болсон Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцсон Б.Цолмон гэх эмэгтэйг ТАЗ-ийн Ажлын албаны дарга Б.Жавзан хууль бусаар шалгаруулсан нь баримтаар нотлогдож байна.
Тодруулбал, тэрбээр шаардлага хангаагүй нэр дэвшигч Б.Цолмонг шалгалтад оруулж, шалгалтын дараа шаардлагатай материалыг нөхөж бүрдүүлэн, хууль зөрчин томилгоо хийжээ. Төрийн албаны тухай хуулийн 23.2.2-д зааснаар “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх ...хөгжлийн 2- бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх” шаардлага тавигддаг.
Гэтэл Б.Цолмон энэхүү шаардлагыг хангаагүй төдийгүй, шалгалтын үндсэн материал болох Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудсыг шалгалт дууссанаас 3 сарын дараа, 2025 оны 2 дугаар сарын 7-нд нөхөн бүрдүүлсэн нь хууль зөрчсөн ил тод баримт юм. Б.Жавзан нь Б.Цолмонгийн нөхөртэй ОХУ-д хамт сурч байсан бөгөөд тухайн үед хуучнаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хамт ажиллаж байсан, гэр бүлийн найзууд юм байна. Энэхүү хувийн харилцаа нь албан тушаалын томилгоонд нөлөөлжээ. Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн энэхүү илт хууль зөрчсөн, албан тушаал, ашиг сонирхолын зөрчил бүхий томилгоонд яаралтай арга хэмжээ авч, хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцож чадахгүй бол өөрөө хариуцлага хүлээнэ үү.








