Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Ганбаатар: Монголчууд фермд хашуулсан гахай, тахиа шиг л амьдарч байна

2014 оны 4 сарын 08

ИХ-ын гишүүн С.Ганбаатарыг "Ярилцах танхим ”-даа урьж, цаг үеийн асуудлаар сонирхолтой ярилцлага өрнүүллээ.

 

- Та сүүлийн үед неолиберализмын тухай их ярих болж. Сүүлд гаргасан номдоо ч Монгол Улс неолиберализмд бүрэн өртсөн талаар нэлээд дэлгэрэнгүй тайлбарласан байсан. Ямар учраас бид неолиберализмд өртсөн гэж та дүгнэж байгаа вэ?

 -Неолиберализм  манай улсад хэдийнэ үүрлэчихээд дотроос маань хүчтэйгээр мэрж байна. Төрийн эд хөрөнгийг зах зээлийн ханшаас доогуур үнээр худалдах замаар хувьчилснаар манай улсад неолиберализм үүсэх суурь тавигдсан гэж үзэж байгаа. Төрийн эд хөрөнгө гэж газар, байшин барилга, төрийн өмчит компани, үйлдвэр зэргээс гадна ус, ой мод, уул уурхайн нөөц зэрэг байгалийн баялгийг хэлдэг. Уг нь тухайн ард түмнийг төлөөлж буй Засгийн газар төрийн эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээдэг.

Харамсалтай нь манай улсад нөхцөл байдал эсрэгээрээ Засгийн газар төрийн эд хөрөнгийг хувьчлах замаар эрх барьж буй хүмүүсийн найз нөхөд, танил тал, хамаатан садан, бизнесийн хамтрагч зэрэгт харьцангуй бага үнээр зарчихсан шүү дээ. Уул уурхайгаас хамааралтай эдийн засаг бүхий одоогийн нөхцөл байдалд орон нутагт амьдарч байгаа иргэдийн амин зуулга нь тухайн нутгийн байгалийн баялгийн нөөцөөс хамааралтайг хүн бүр мэдэж байгаа.
-Неолиберализм  бий болсноор ямар үр дагавар бий болох юм бэ. Та үүнийг тодорхой тайлбарлаж өгнө үү?

-Нэгд, төрийн үйлдвэр өмчийг зарж хувьчилснаар тухайн байгууллагын ажилтнууд ажилгүй болох, тухайн бизнес зогсох, нэг шөнийн дотор л огцом ядуурал, ажилгүйдлийг ямар ч маргаангүйгээр бий болгодог. 1990-ээд оны үед ийм зүйл болж байсныг бид хэнээс ч илүү мэднэ. Гэсэн ч хувьчлал одоо ч үргэлжилсээр л байна. Хувьчлалын үр дүнд богино хугацаанд, авлига, башир аргаар баяжсан төрийн дээд албан тушаалтан, тэдний хамаатан садан, найз нөхөд, бизнесийн хамтрагчдаас бүрдсэн элитүүд нийгэмд бий болдог. Энэ бүлэг л тэгш бус байдлын гол үр үндэс болж байна.
-Гадны орнууд хувьчлалд хэрхэн ханддаг юм бэ. “Төрийн оролцоог аль ч салбарт хязгаарлах нь зөв” гэж сүүлийн үед их ярих болсон шүү дээ?

Тэрбээр энэ хувьчлалыг томоохон “дампуурал” гэж нэрлэсэн байна. Цахилгааны салбарын Үйлдвэрчний Эвлэлийн Викториан салбарын захиалгаар хийсэн энэхүү судалгаанд цахилгаан эрчим хүч хувьчлагдсан мужуудад цахилгааны үнэ эрс өссөн бөгөөд хамгийн өндөр байсан. Мөн хэрэглэгчдийн сэтгэл ханамж эрс буурч, үр ашигтай хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа огт хийгдээгүй нь тогтоогджээ.

Энэхүү хувьчлалыг дэмжих сурталчилгаа,  компанит ажлын үеэр төрийн өмчит компаниудыг үр ашиггүй ачаа, зарлага гэж сурталчилж байсан байгаа юм. Харин дээрх судалгаагаар төрийн компаниуд голдуу тогтмол ашигтай, төрийн өмчийг худалдах, хувьчлахаас ч илүү урт хугацаандаа үр ашигтай байдгийг олж мэдсэн байна.

Хамгийн гол нь энэхүү шударга бус, үр ашиггүй системийг шинээр бий болсон цөөнх, элит бүлгүүд байнга өмгөөлж байдаг ба одоогийн байгаа нөхцөл байдлыг өөрчлөхгүй, Энэ хэвээр нь байлгах сонирхолтой байдаг аж. Тэд өөрсдийнхөө хууль бус үйлдэлдээ хариуцлага хүлээх вий гэж айдаг учраас шинэчлэл хийхийг хүсдэггүй. Тиймээс неолиберализмыг хамгийн үнэнчээр хамгаалдаг. Монголд хийж байсан, хийсээр байгаа хувьчлалын үйл явцыг энэ өнцгөөс харж, тайлбарлавал маш олон зүйл тодорхой болно.
-Тэгэхээр төрийн оролцоог багасгана гэдэг нь ийм байдал руу эргэлт буцалтгүй орохын илрэл байх нь ээ?

Төрийн зохицуулалтыг багасгаснаар үндэстэн дамнасан корпорациуд тухайн оронд орж ирэх, мөн гарч явах үйл явцыг хялбар болгож, хамгийн богино хугацаанд хамгийн дээд хэмжээнд ашиг олоод гарч явах нөхцлийг бүрдүүлдэг. Энэ нь хувийн хэвшлийн эрх чадлыг нэмэгдүүлж, төр болон иргэний нийгмийн эрх чадлыг бууруулдаг ба ашгийг хүнээс тэргүүнд тавьдаг тогтолцоог бий болгодог л доо. Үүнээс гадна бас хэд, хэдэн хүчин зүйлс бий.
-Тухайлбал?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслийг  цөөн тооны элитүүд гартаа атгах нь ч неолиберализмын дэлгэрч байгаа нэг хэлбэр юм. Шударга бус системийг оршин тогтнох, хэвээр хадгалах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хүмүүсийг хэрхэн тухайн системийн талаар эерэг,зөв бодолтой байлгах, үүнээс өөр хувилбар байхгүй гэдэгт итгүүлэх, ажлаа алдахаас айдаг болгох, өөр зүйлст анхаарлыг нь сатааруулж завгүй байлгах зэргээр юу бодож итгэхийг нь хянахад хэвлэл мэдээллийн хэрэгсэл зайлшгүй шаардлагатай.

Тиймээс л элитүүд баяжих тусмаа нийгэмд дургүйцэл, эсэргүүцэл нэмэгдэх вий гэдгээс айж ард олныг байранд нь байлгах, асуудлыг хурцадахаас сэргийлэх, мэдээллийн урсгалыг хяналтандаа байлгах шаардлагатай болдог аж. Өнөөдөр монголчууд бодит бус, хиймэл ертөнцөд өөрсдийн сонголтоор биш, бусдын сонголтоор яг л фермд хашуулсан гахай, тахиа шиг амьдарч байна шүү дээ.

Үүнээс гадна неолиберализмын олон нийттэй харилцах нэг гол маркетингийн хэрэгсэл нь “Хөгжлийн тусламж” гэсэн нэрээр гадны компаниудад хөрөнгө оруулалтын таатай орчин нөхцөл бий болгох бизнесийг дэмжих явдал байдаг.

Нобелын шагналт эдийн засагч Жосеф Стиглиц энэ бүхний сөрөг үр дагаврыг маш тодорхой хэлсэн байдаг бөгөөд би түүний номноос эш татъя “Хэдийгээр Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас санаачилж хэрэгжүүлсэн зах зээлийн шинэчлэл нь эдийн засгийн хөгжлийг бий болгосон ч энэхүү хөгжил нь тэгш бус хөгжил байсан юм. Ажилгүйдэл өндөр хэвээр байна.

Ядуурал улам бүр ихэссэн. Дунд давхаргын хүмүүс ямар ч үр өгөөж хүртээгүй. Хувьчлалууд дандаа авлигын замаар хийгдэж байсан ба үүнээс болж хөрөнгөтэй цөөнхийг бий болгосон, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх гэж хичээсээр байгаад ажилгүйдлийг гааруулсан” гэж хэлжээ. Стиглицийн хэлсэн үг нь неолиберал системийн талаар миний хэлсэн бүхнийг ерөнхийд нь базаад, маш тодорхой хариулж байгаа юм.
-Тэгэхээр таны ярианаас неолиберализм нь голдуу баян хүмүүс, баян улс орнуудад ашигтай байдаг гэж дүгнэж болох уу. Бүр цаашлаад империализмын шинэ хэлбэр буюу эдийн засгийн империализмын гол хэрэгсэл болж байна гэж ойлгож болох уу?

-Би энэ асуултад тийм гэж хариулна, неолиберализм нь  империализмын шинэ хэлбэр мөн. Хүмүүс үүнийг мэдэж байх ёстой. Хуучин империализм, Их Британи зэрэг европын хуучин эзэнт гүрнүүдийн африк, ази, бусад газрууд дахь колоничлол XX зуунд төгсгөл болсон. Гэвч энэхүү хуучин империализм маш богино хугацаанд шинэ империализмаар солигдсон бөгөөд, энэ хоёрын зорилго нь яг ижил юм.

Шинэ империализмын арга хэрэгсэл нь илүү өргөжсөн байх. Хуучин шиг зөвхөн цэргийн хүч, эзлэн түрэмгийлэл, шашны үзэл суртал гэсэн хэрэгслүүдээс гадна эдийн засгийн хүч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, зээл тусламж, эдийн засгийн тогтсон үзэл суртал зэрэг  илүү “зөөлөн хүч” ашиглах болсон. Мөн эзэнт гүрнүүдийн хүч чадал, байршилд өөрчлөлт орж Британи гэхээс илүүтэй Америк тэргүүнд жагсах боллоо. Эдгээрийг эс тооцвол бүх зүйлс хуучнаараа, колони орнуудад үзүүлэх нөлөө яг л хэвээрээ байгаа.
-Тантай уулзсаных Оюутолгойн асуудлыг хөндөхгүй өнгөрч болохгүй санагдаж байна.  Оюутолгойн Хөрөнгө оруулалтын  гэрээний талаар Засгнйн газарт тавьсан асуулгад тань хариулт ирүүлсэн гэсэн.  Засгийн газраас ирүүлсэн хариултад та ямар дүгнэлт хийж байгаа вэ?

 Засгийн газар Оюу толгой төслийн хуримтлагдсан асуудлуудыг өөрөөсөө холдуулж ТУЗ болон Хувь нийлүүлэгчдийн хурал шийдвэрлэх ёстой гэсэн башир арга сэдэж байгаа нь буруу.

-Гэрээгээр баталсан анхны хөрөнгө оруулалтыг хэтрүүлэх эрх хөрөнгө оруулагчдад байхгүй. Хөрөнгө оруулалтын хэмжээ анх байснаасаа хоёр гаруй тэрбум ам.доллараар өссөнийг Монголын талаас ямар байгууллага, хэн, яаж, юугаар хөдөлбөргүй нотолж байгаа юм гэдгийг бодолцох ёстой. Энэ бол хөрөнгө оруулагчдын худал хуурмаг хоосон ам ярианд тархиа угаалгасан хүмүүсийн бодол санаа бөгөөд “Рио Тинто” компанийг дэмжигчдийн байр суурь гэж би хувьдаа үзэж байгаа.

Монголын талаас ТУЗ-д ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа нөхөд “Рио  Тинто”-гийн явууллагад ая тал зассан уу, эсвэл өөр ямар нэгэн учир шалтгаан байна уу гэдгийг эрх бүхий байгууллага нягтлан шалгах ёстой. Нөгөөтэйгүүр, “Оюу толгой” ХХК хөрөнгө оруулалтын 2010-2012 онуудын төсөв, төлөвлөгөөнд тусгаж, ТУЗ-ийн баталсан 7144.7 сая ам.долларыг Монголын Засгийн газар бүтээн байгуулалтын ажилд зориулсан зардлын жинхэнэ гүйцэтгэл гэж үзэж байгаа нь үндэслэлгүй буруу юм. Дээрх дүнд 2010 оноос өмнөх хугацаанд гарсан зардал гэж 677.0 сая долларыг оруулсан нь их эргэлзээтэй байна. Магадгүй энэ нь хайгуулын зардлаа хэд дахин өсгөж харуулсан байхыг үгүйсгэхгүй шүү дээ.
-Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний ТЭЗҮ-д  өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөж эхэлснийг Засгийн газар хүлээж авах ёстой юу, та юу гэж харж байгаа вэ.

-Хөрөнгө оруулагчид Оюу толгой ордын геологийн нөөцийг хянуулж, ашигт малтмалын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх зорилгоор 2006 онд Өмнөд Оюутын ордын ил аргаар ашиглах хэсгийн эдийн засгийн үр ашгийн урьдчилсан тооцоог далд аргаар ашиглах Хюго Дамметийн хойд, урд хэсгийг оролцуулсан өргөтгөсөн тооцооны хувилбарыг Канадын “АММЕК”, Австралийн “МИНПРОК” төслийн компаниудаар анх хийлгэсэн. Мөн Оюу толгой ордыг нийтэд нь ил ба далд аргаар ашиглах ТЭЗҮ-ийг дээр дурьдсан төслийн компаниудаар эцэслэн хийлгэсэн юм. Ийм учраас ТЭЗҮ-ийг тодотгон өөрчлөх нэрийн дор хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр Рио Тинтогийн тавьж байгаа саналыг Засгийн газар хүлээж авах үндэслэл байхгүй. Харин давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үед асуудлыг авч үзэх үндэслэлтэй гэж бодож байна.

Монголын Засгийн газар Оюу толгой ордын хайгуулын үе шатнаас эхлэн алдаа гаргасан. Үүнийг нь хөрөнгө оруулагчид овжин ашиглаж, алдаан дээр тоглолт хийсээр ирсэн. Харин одоо хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг цаашид ээлж дараалан тавихаар отож байна. Гэтэл Засгийн газар Оюу толгой төслийн хуримтлагдсан асуудлуудыг өөрөөсөө холдуулж ТУЗ болон Хувь нийлүүлэгчдийн хурал шийдвэрлэх ёстой гэсэн башир арга сэдэж байгаа нь буруу гэж бодож байна. Оюу толгойн ордыг ашиглахтай холбогдсон үндсэн гол асуудлыг УИХ болон Засгийн газар цаг ямагт анхаарлынхаа төвд байлгах шаардлагатай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1149
0 эможи
keyboard_arrow_up