Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

З.Энхболд: Эдийн засгийн секторыг дэмжих эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох хэрэгтэй байна

2014 оны 4 сарын 08

УИХ-ын дарга Хаврын чуулганыг нээж үг хэллээ.

2012 оны сонгуулиас хойшхи Улсын Их Хурлын дөрөв дэх удаагийн ээлжит чуулган өнөөдөр эхэлж байна. Өнгөрсөн намрын чуулганы төгсгөлд энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталж чадалгүй завсарласан. Тиймээс энэ чуулган хэлэлцэх асуудлыг батлахаас ажлаа эхлэх болж байна.

 

Хаврын чуулганд хууль санаачлагчид, Байнгын хороод, УИХ дахь намуудын бүлэг, эвсэлээс 252 хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр санал гаргасан ч дөнгөж 52 хууль тогтоомжийн төсөл өргөн баригдсан байна. Өргөн мэдүүлсэн болон санал болгосон хууль, тогтоол, шийдвэрүүдийн төслүүдийг судалж үзэхэд улс орны өмнө тулгамдсан гол асуудлыг хөндсөн, тооцоо судалгааг нарийвчлан хийж боловсруулсан, хэлэлцэхэд бэлэн болсон төслүүд цөөн байна. Тийм болохоор өргөн баригдсан болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс улс орны хөгжил, эдийн засаг, нийгмийн амьдралын амин чухал шаардлагатай бодлогын асуудлыг хөндсөн хууль тогтоомжийг бодит хэрэгцээ, шаардлага, ач холбогдлоор зөв эрэмбэлж цаг алдалгүй хэлэлцэж батлах нь та бидний эрхэм үүрэг гэж үзэж байна.

Дутуу дулимаг боловсруулсан, цаг үеийнхээ шаардлага, төрийн урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд нийцээгүй төслүүдийг өргөн барьдаг, түүнийг нь гүйцээн боловсруулж хэлэлцэн батлах гэж цаг хугацаа алддаг хуучин арга барилаасаа бид салмаар байна. Засгийн газар “Хуулийн тухай хууль”-ийн төслийг боловсруулж байгаа. Энэ хуулийн төслийг баталснаар хуулийг төлөвлөх, хуулийн чанарыг сайжруулах, хууль санаачлагчдын хариуцлагыг өндөржүүлэх тодорхой зохицуулалтууд бий болно гэж үзэж байна.

Хаврын чуулганаар хуульд заасны дагуу Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт болон Монгол Улсын Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайлан, “Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай” болон “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэн батална.

Чуулганы завсарлагын хугацаанд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд царцаагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Авлигажсан” гэх тодотголтой барилга байгууламж, зам гүүр, тоног төхөөрөмж, их засварын 272 төсөл, арга хэмжээг шалгаж, бодит гүйцэтгэлд дүн шинжилгээ хийсэн аудитын тайланг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцсэн. Улсын Их Хурал хуулийн дагуу аудитын тайланг Байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтийн хамт хэлэлцэж, Засгийн газарт чиглэл өгөх болно. Энэ чиглэлийн дагуу Засгийн газар улсын төсөвт хийх тодотголын төслийг яаралтай боловсруулж УИХ-д өргөн барих хэрэгтэй.

Өнгөрсөн 2013 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 11.7 хувьтай байж, гадаад худалдааны алдагдал буурсан таатай мэдээ байгаа ч экспорт, импортын хэмжээ хоёулаа буурсан, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсан зэрэг эдийн засгийн өсөлтийг саармагжуулсан хүчин зүйлүүд байсаар байна. Хоёр оронтой тоогоор өсч байгаа эдийн засгийн өсөлтөө тогтворжуулах, эрчээ алдахгүй байх бодлого чухал байна. Их бүтээн байгуулалтыг идэвхжүүлэх, эдийн засгийн бодит секторыг дэмжих эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох хэрэгтэй байна.

Чингис бондыг анх авахад яригдаж боловсруулагдсан өрийн удирдлагын тухай хуулийг Засгийн газар нэн даруй оруулж ирэхгүй бол энэ талаар санаа зовж байгаа УИХ-ын гишүүдийн өргөн барих хуулийг УИХ хэлэлцэн баталж томоохон бүтээн байгуулалт, хөгжлийн зээлүүдийг цаг алдалгүй эргэлтэд оруулж, гацааг арилгана.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар олон жил царцсан хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн зөвшөөрөгдсөн газарт олгох, түүнчлэн хариуцлагатай уул уурхайн зарчмууд шинээр орсноор байгаль орчны нөхөн сэргээлт шинэ шатанд гарах болно6 Өргөн баригдсан нэмүү өртгийн албан татварын босгын тухай хуулийг хэлэлцэхээс гадна, уул уурхайн салбартай холбож 25%-иар өндөр тогтоосон аж ахуйн нэгжийн орлогын татварын одоогийн 2 шатлалын хувь хэмжээг бизнесийн бусад салбарын ачааллыг бууруулах зорилгоор дахин авч үзэж, нэг шатлалтай болгох асуудлыг ч судалж шийдвэрлэх хэрэгтэй.

Олон жил яригдсан боловч цагаан сарын өмнөхөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын өргөн барьсан “Хамтын тэтгэврийн” тухай хуулийг яаралтай хэлэлцэж батлах захиа даалгаврыг уулзалтад оролцсон ахмадууд өгсөн гэдгийг онцлон тэмдэглэж байна. Өргөн баригдсан эдгээр хуулиудаас гадна Улсын Их Хурал эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэх төрийн өмчийн менежментийн талаар болон хувийн өмчийн халдашгүй байдлыг хамгаалсан олон улсын жишигт нийцсэн цоо шинэ эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Мөн Засгийн газраас 2014 онд хувьчлах төрийн өмчийн жагсаалтаа өргөн барихыг хүлээж байна.

Хөгжлийн банкны тухай хуулийн дагуу Улсын Их Хурал Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг жил бүр хаврын чуулганаараа батлах учиртай. Эдгээр төсөл хөтөлбөрийг боловсруулахдаа улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдол бүхий тодорхой төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг Хөгжлийн банкаар дамжуулах бондын эх үүсвэрүүдтэй нягт уялдуулахад онцгой анхаарахыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгож байна. Ингэснээр хөрөнгө мөнгө, бондын эх үүсвэрийг үр ашиггүй зарцуулж байна гэсэн шүүмжлэлээс салж, хардлага сэрдлэгээс ангижрах болно. Хяналт тавьж холбогдох хүмүүст хариуцлага тооцох тогтолцоо ч бүрдэнэ гэж үзэж байна.

Төр эдийн засгийн харилцаанд зохицуулагчийн хувиар оролцохдоо аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зарчмаа зөв тодорхойлж, олон улсын туршлага, сургамжтай уялдуулан эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгтэй.

Авлигатай бүх талаар тэмцэх, Төрийн байгууллагын үйл ажиллагааны бүх шатанд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, нээлттэй, ил тод байдлыг хангахад чухал ач холбогдолтой “Шилэн дансны тухай” хуулийг яаралтай баталж гаргамаар байна. Шүүхийн шинэтгэлийн багц хуулийг УИХ баталсан. Түүнтэй холбоотой хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталж, шинэчлэлийг хэрэгжүүлэхэд саад тотгор болсон зүйл, заалтуудыг өөрчилж, үйл ажиллагаагаа эрчимтэй явуулахад нь шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлж байна.

Хууль хэрэгжүүлэх явцад зарим бэрхшээл гарч болно. УИХ-д тавьж буй асуудал нь үндэслэлтэй, нотолгоотой, бодитой байх ёстой. Явцуу эрх ашгийн үүднээс элдэв шалтаг, шалтгаан тоочиж шинэтгэлийн агуулга, үзэл санааг гутаах, хэрэгжүүлэх ажиллагаанд хойрго хандах, далдуур эсэргүүцэх аливаа үйлдэл байж болохгүй. Тийм учраас бэрхшээлийг даван туулахын тулд эрх зүйн шинэ орчинд шүүх, хуулийн байгууллагууд түргэн дасан зохицож, шинэ хуулиудын агуулга, үзэл баримтлалыг амьдралд бодитой хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагаагаа уян хатан зохицуулж, бие биедээ дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй. Хамгийн гол нь үйл ажиллагааны шинэ хандлагыг хэвшүүлэх явцад иргэн, хуулийн этгээдэд чирэгдэл үүсгэхгүй байхад онцгой анхаарвал зохино. Манай шүүгч, хуульч, хууль сахиулагч бүр энэ салбарт явуулж буй төрийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж, идэвхи санаачлагатай ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.

Эрхэм гишүүд ээ,

Намрын чуулганы завсарлагаанаар миний бие БНСУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга ноён Кан Чан Хий-тэй уулзлаа. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ-д бараалхлаа. Уулзалтуудын явцад хоёр орны хооронд тогтоосон иж бүрэн түншлэлийн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, Парламент хоорондын хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх чиглэлээр санал бодлоо солилцлоо. Мөн БНСУ-д хувиараа болон гэрээгээр ажиллаж, хөдөлмөрлөж байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, визний нөхцөл, хураамж төлбөр, барьцааны асуудлаар цаашид авах арга хэмжээний талаар тодорхой саналуудыг тавьсан. Хөндсөн асуудлуудыг анхааралдаа авч, зарим асуудлыг шат дараалан шийдвэрлэх болно гэдгээ БНСУ-ын талаас мэдэгдсэнийг энд дуулгахад таатай байна.

Намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ УИХ-ын эрхэм гишүүд та бүхнийг чуулганы завсарлагаар сонгогчидтойгоо уулзахдаа Монгол Улсын хөгжлийн бодлогын асуудлаар иргэдийнхээ санал бодлыг сонсож ирэхийг уриалсан.

Миний бие Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай аймагт томилолтоор ажиллаж иргэдтэй уулзлаа. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу хэрэгжсэн Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумын “Шинэ сумын төв”, нэгдсэн эмнэлгийн оношлогоо эмчилгээний төвийн нээлтэд тус тус оролцлоо. Баян-Өлгийн Асгатын мөнгөний орд, уг ордыг хүртэл манай талаас тавьсан авто зам, Өвөрхангайн сүүний чиглэлийн ямааны фермерийн аж ахуй зэрэг олон бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Баруун аймгуудын эдийн засагт чухал түлхэц авчрах Асгатын ордыг яаралтай ашиглалтад оруулахад Засгийн газар онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй байна. 11 аймгийн нэгдсэн эмнэлэгт Ерөнхий сайдын багцаас тус бүр тэрбум гаруй төгрөгийн орчин үеийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэнтэй Баянхонгор аймагт танилцлаа. Цаашид энэ төвүүдэд ажиллах эмч, сувилагчдын давтан сургалтад Эрүүл мэндийн яам онцгой анхаарах хэрэгтэй.

УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд иргэд ерөнхийдөө эерэг үнэлэлт өгч байгаа ч бидний цаашид анхаарах олон чухал асуудал байгааг сануулан хэлж байна. Хаврын чуулганаар улс орныг богино хугацаанд зөв хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын олон асуудлыг шийдвэрлэхийг нийт иргэд захиж анхааруулж байна. Иргэд хөгжлийн урт хугацааны, сонгууль бүрээр савлаад байдаггүй тогтвортой бодлого зайлшгүй гэдгийг бүрэн дэмжиж байна. Энэ бүхнийг Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороод, нам, эвслийн бүлгүүд, холбогдох байгууллага, албан тушаалтнууд анхааралдаа авч үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана гэдэгт итгэж байна.

Та бүхэнд ажлын амжилт хүсч, Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы ажиллагааг нээснийг мэдэгдье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1165
0 эможи
keyboard_arrow_up