Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

2014 оны 4 сарын 09

Хууль зүйн байнгын хорооны өчигдөрийн /2014.04.08/ хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

 

Хуулиудын төслийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулсан юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Шүүхийн тухай багц хуулийн холбогдох зүйл, заалттай нийцүүлэх зорилгоор боловсруулсан байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох зүйлүүдэд эрүүгийн хэргийг зохих шатны журмаар хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоосон Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч захирамж гарган томилохоор өөрчлөлт оруулжээ.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22.1-д “Тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээр хүлээн авсан шүүгч, шүүх бүрэлдэхүүн нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө” гэж заасны дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулахаар тусгасан байна.

Мөн хуулийн 29.1-д шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол оролцохоос татгалзах тухай заасны дагуу 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 5 дахь заалт нэмжээ.

Шүүхийн захиргааны тухай хуулийн 27.2.3-т шүүх хуралдааны нарийн бичгийн дарга “шүүх хуралдааныг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулах”-аар заасны дагуу 253 дугаар зүйлд 10 дахь хэсэг нэмсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг зохицуулах, Шүүхийн тухай хуульд нийцүүлэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаантай холбоотой харилцааг зохицуулсан зүйл заалтуудыг хүчингүй болгож Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн байх зэрэг үндсэн харилцааг хуульчилахаар тусгажээ.

Эвлэрүүлэн зуучлал нь 2 талын зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр үүсэх, иргэний эрх зүйн маргаан, гэр бүлийн зэрэг харилцаанаас үүсэх талуудын хооронд байгуулсан гэрээндээ маргаан гарвал эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэхээр тохиролцсоныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон гэж үзэх, ийнхүү заасан атлаа шүүхэд эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцолгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох, шүүхэд хэрэг үүсгэснээс хойш эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ авах эсэхийг шүүгч талуудаас тодруулж, тэдгээрийн зөвшөөрлийн дагуу холбогдох арга хэмжээ авах үүрэгтэй байхаар тусгасан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд Шүүх тухай багц хуульд зааснаар шүүх тойргийн журмаар ажиллах болсонтой холбогдуулан харьяалал тогтоох, аль ч шатны шүүхэд аливаа хэрэг, маргааныг шүүгчид хэрхэн хуваарилж, түүнийг албажуулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхийг оролдсон тохиолдолд холбогдох байгууллагад нөлөөллийн мэдүүлгийг хөтлөж хүргүүлэх, шүүх хуралдааны явцыг дуу дүрс бичлэгээр баталгаажуулан архивт шилжүүлэх, мэргэжлийн хариуцлагын хорооноос гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл аль шатны шүүхэд хандан маргаанаа эцэслэн шийдвэрлүүлэх зэрэг үндсэн харилцааг хуульчилахаар тусгасан байна.

Гишүүд цагдан хорих шийдвэр гаргах шүүгчийг хэрхэн томилдог, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх талаар Хууль зүйн сайд болон ажлын хэсгийнхнээс тодруулж байлаа. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгээр Арбитрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 15 дугаар зүйлийн 15.8, 18 дугаар зүйлийн 18.2, 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан гишүүдийн саналыг авах, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн чиглэл өгөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулж, тайлбар гаргуулах тухай асуудлыг хэлэлцэн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүг томиллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1215
0 эможи
keyboard_arrow_up