Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Антрактидын тухай гэрээнд Монгол улс нэгдэн орохыг байнгын хороо дэмжлээ

2014 оны 4 сарын 09

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр  /2014.04.08/ үдээс хойш 2014 оны хаврын чуулганы анхны хуралдаанаа хийж, Монгол Улс “Антарктидийн тухай гэрээ”-нд нэгдэн орох тухай асуудлыг зөвшилцөв.

Даяаршлын эрин үед олон улсын харилцаа, хамтын ажиллагаанд улам идэвхтэй оролцож, Монгол Улсад үр ашиг шинээр бий болгох, хүн төрөлхтний нийтлэг өмчөөс хувь хүртэх ирээдүйн өрсөлдөөнөөс хоцрохгүй байх зорилгоор манай улс “Антарктидийн тухай гэрээ”-нд нэгдэн орох нь зүйтэй хэмээн Засгийн газар үзэж, энэ асуудлыг тус Байнгын хороотой зөвшилцөхөөр ирүүлжээ.

 Энэ тухай танилцуулгыг Гадаад харилцааны сайд Л.Болд хийсэн юм.

Олон улсын геофизикийн жилийн хүрээнд Антарктидэд хамтарсан судалгаа хийсэн Австрали, Аргентин, Бельги, Шинэ Зеланд, Норвеги, ЗХУ, АНУ, Чили, БНФУ, ӨАХУ, ИБУИНВУ, Япон зэрэг 12 улсын төлөөлөгчид Антарктидийн гэрээ байгуулах асуудлыг хэлэлцээд 1959 оны 12 дугаар сарын 1-нд “Антарктидийн тухай гэрээ”-нд гарын үсэг зурж, 1961 оны 6 дугаар сарын 23-нээс хэрэгжиж эхэлжээ. Одоогийн байдлаар уг гэрээнд нийт 50 улс нэгдэн ороод байгаа аж.

 “Антарктидийн тухай гэрээ” нь нийт 14 зүйлтэй бөгөөд энэ нь тус тивийг зөвхөн энхийн, цөмийн зэвсгээс ангид, судалгааны зорилгоор ашиглахыг тунхагласан Антарктидийн тухай анхны олон улсын эрх зүйн баримт бичиг юм. Тус гэрээгээр Антарктидийг зөвхөн энхийн зорилгоор ашиглах бөгөөд цэргийн шинжтэй аливаа арга хэмжээ явуулахыг хориглодог байна. Мөн гэрээний 5 дугаар зүйлийн дагуу Антарктидэд цөмийн аливаа туршилт хийх болон цацраг идэвхт материалын хаягдал хаяхыг хоригложээ. Түүнчлэн шинжлэх ухааны салбарын олон улсын хамтын ажиллагааг дэмжих хүрээнд Антарктидэд хийсэн судалгаа, шинжилгээний үр дүнг солилцох, харилцан чөлөөтэй ашиглах боломжийг уг гэрээгээр зохицуулж өгчээ.

 Тус гэрээ нь Өмнөд уртрагийн 60°-аас урагш орших нутаг дэвсгэрт үйлчлэхээр “Антарктидийн тухай гэрээ”-гээр тогтоожээ. Энэхүү бүс нутаг нь олон улсын эрх зүйн дагуу олон улсын нутаг дэвсгэрт хамаарах бөгөөд “Антарктидийн тухай гэрээ”-нд нэгдэн орсон аль ч улс тус нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхтэй аж.

Гадаад харилцааны сайд танилцуулгадаа, манай улс анх удаа 1972-1974 онд Антарктид тивийг судлах олон улсын судалгааны багт өөрийн мэргэжилтнийг оролцуулж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цаашдын хандлага, цаг агаарын прогноз гаргах, далайн усны болон эрдэс баялгийн судалгаа хийхэд хувь нэмрээ оруулж ирсэн.

 Энэхүү гэрээнд манай улс нэгдэн орсноор Антарктидэд өөрийн судалгааны багийг илгээх, судалгааны станцаа тэнд байршуулах боломжтой болох юм. Түүнчлэн өөрийн орны ажиглагчийг Антарктид руу илгээж, Антарктид судлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа гэдгийг дурдлаа.

Монгол Улсын Засгийн газар 2007 онд Олон улсын туйл судлалын жилийн ажлыг зохион байгуулах тухай асуудлаар тогтоол гаргаж, “Антарктидийн тухай гэрээ”-нд нэгдэн орох талаар тусгажээ. Энэ дагуу уг гэрээнд нэгдэн орох асуудлыг судлах Ажлын хэсгийг холбогдох яамд болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж ажилласан байна. Энэ үндсэн дээр “Антарктидийн тухай гэрээ”-нд нэгдэн орох тухай асуудлыг Засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1218
0 эможи
keyboard_arrow_up