Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Баян-Өлгийгөөс сонгогдсон гишүүд тойрогтойгоо цахим ярилцлага хийв

2014 оны 4 сарын 10
Улсын Их Хурлын гишүүдийн уламжлалт онлайн уулзалт буюу цахим ярилцлагын энэ оны анхны ярилцлага өчигдөр (дөрөвдүгээр сарын 9) Төрийн ордон дахь Нутгийн удирдлагын танхимд боллоо. Сар бүр хоёр удаа зохион байгуулах цуврал ярилцлагыг Баян-Өлгий аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын
 
тойрогтойгоо хийсэн ярилцлагаар эхлүүлсэн юм.  

Ярилцлагад Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон Тамгын газрын зарим удирдлага, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын удирдлага, Засаг даргын Тамгын газрын хариуцлагатай ажилтнууд оролцож, аймгийн хөгжлийн тулгамдсан асуудал, бодлого, Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтын ажлын явц, түүнд тавьж буй хяналтын талаар ярилцав.

Ярилцлагыг оролцогч талууд үндсэн сэдвийн хүрээнд товч танилцуулга хийх, асуулт тавьж хариулах хэлбэрээр явууллаа.

Цахим ярилцлагын нээж Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлсэн үгэндээ “Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төвийг түшиглэн Улсын Их Хурлаар хуулийн төсөл хэлэлцэх явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй болгох, УИХ-ын гишүүдтэй иргэд сонгогчид онлайнаар шууд холбогдон сонирхсон асуултдаа хариулт авах боломж бүрдүүлэх зорилго бүхий онлайн ярилцлагыг 2009 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Энэхүү уламжлалаа сэргээж 2014 оны анхны цахим ярилцлагаа өнөөдөр Баян-Өлгий аймгаар эхэлж байгаадаа баяртай байна. Саяхан Улсын Их хурлын дарга З.Энхболд казах түмний Наурызын баяраар Баян-Өлгий аймагт очиж, бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцан, иргэд олон нийттэй уулзсан”-ыг тэмдэглээд ярилцлагад оролцож буй талуудад баяр хүргэн амжилт хүслээ.

Үүний дараа Аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан аймгийнхаа хөгжлийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийг гэтлэхийн тулд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн биелэлтийн явцаас танилцуулаад орон нутагт тулгарч буй зовлон бэрхшээлийг нааштай шийдвэрлэхэд энэхүү цахим ярилцлага ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

 Ярилцлагад оролцогчид аймгийн хэмжээнд хүн амын эрүүл мэнд, боловсролын салбарт тулгарч буй нэн даруй шийдвэрлэвэл зохих асуудлуудад онцгой анхаарч байлаа. Тухайлбал, боловсролын салбарт хуваарилсан төсвийн хүрэлцээ, казах хэлээр хичээл явдаг бага ангийн сурагчдын сурах бичгийн боловсруулалт, Баян-Өлгий аймаг дахь Багшийн колллежийн статус, хувийн сургуулийн багш, ажилтнуудыг тэтгэмжид хамруулах асуудал энд хөндөгдсөн юм. Мөн аймгийн хүн амын тоог харгалзан эрүүл мэндийг салбарын норм нормативыг шинэчлэх, эмнэлгийн орны хүрэлцээг нэмэгдүүлэх, зарим суманд тухайлбал, Улаанхус суманд сум дундын эмнэлэг байгуулах асуудал ч яригдлаа.

Засгийн газрын 2010 оны 76-р тогтоолоор казах хүүхдийн боловсролын асуудалд анхаарсан түүхэн шийдвэр гарч байсныг А.Тлейхан сайд дурдаад уг шийдвэрийг биелүүлэх талаар ямар ажил хийж байгааг орон нутгийн удирдлагаас асууж тодруулав. Түүнчлэн 2011 онд Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн үед гарсан эрүүл мэндийн салбарын ажлыг сайжруулах төлөвлөгөөний биелэлт тухайн орон нутагт ямархуу явцтай байгааг гишүүд сонирхож байв.

Ярилцлагын үеэр мөн аймгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг шинэчлэх, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр бүтээлтэй зарцуулах, энэ чиглэлээр гарч буй хууль зөрчих хандлагыг дор бүр нь шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх, аймгийн түвшинд тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байгаа ажилгүйдлийг улам бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэг асуудлаар хийж буй ажлынхаа талаар орон нутгийн удирдлагууд гишүүдтэй санал солилцсон юм.

Цахим ярилцлага бүтэн цаг үргэлжилсэн бөгөөд түүнийг хааж Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар үг хэлэхдээ ярилцлагын урилгыг хүлээн авч оролцсон УИХ-ын хоёр гишүүн болон Баян-Өлгий аймгийн удирдлагад талархлаа илэрхийлээд тэдний цаашдын ажилд амжилт хүсэж, Улсын Их Хурлын Тамгын газрын зүгээс цуврал цахим ярилцлагыг цаашид тогтворжуулан иргэд, сонгогчидтойгоо холбогдох, ялангуяа маргаан дагуулж буй асуудлуудаар олон нийтийн санаа бодлыг сонсох нь ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1278
0 эможи
keyboard_arrow_up