Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Лүндээжанцан: Одоо байгаа хүмүүст ажиллаж чадна гэсэн баталгаа байгаа юм уу

2014 оны 4 сарын 10

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай ярилцлаа.
-Хаврын чуулган эхэлж, улс төр хөдөлгөөнд орлоо. Давхар дээлийг дан болгоно гэж яриад байгаа хуулийн төслийг батлах эсэх асуудлыг энэ долоо хоногт шийдэх байх. Баталлаа гэхэд хэзээнээс хэрэгжүүлэх вэ гэдэг дээр маргалдаад байх шиг байна л даа?

 

-Онолынх нь хувьд оршил болгоод хэдэн зүйлийг юуны өмнө хэлчихье. Тухайлбал, Үндсэн хуульд хүрэлгүйгээр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлах асуудлыг органик хуулиар зохицуулах удаа дараагийн оролдлого нь улс төрийн намуудын субьектив нөлөөнөөс болж хэрэгжиж чадаагүй өдий хүрсэн л дээ. Харин Ерөнхийлөгч санаачилж, улс төрийн бусад намууд дэмжиж одоо энэ өөрчлөлтийг хийх гэж байгаад талархаж байна. Бид өмнө нь гаргасан алдаагаа засах ёстой. Энэ алдаанаасаа ичиж цаг алдах шаардлага байхгүй. Ийм учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулсандаа нэг ёсондоо хүлцэл өчиж байна.
-УИХ-ын гишүүн  сайдын албыг давхар хаших нөхцөлийг бүрдүүлсэн нь алдаа байжээ гэж үү?
-Хэдийгээр энэ өөрчлөлт нь тухайн үед  төрийн машин гацаагүй ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн гэж  тайлбарладаг. Тэр цаг үедээ хагас дутуу таарч тохирч байсан байж болно. Гэвч өнөөдрийн өндөрлөгөөс харахад энэ өөрчлөлт одоо цагт тохиромжгүй гэдэг нь амьдралаар батлагдаж байна. Ер нь бол 1789 оны Францын хүний болон иргэний эрхийн тунхагийн 16 дугаар зүйлд хүний эрхийг хамгаалаагүй, төрийн эрх мэдлийг хуваарилаагүй улсад Үндсэн хууль оршдоггүй гэж заасан байдаг. Монтеске тэртээ 1748 онд нийтлүүлсэн Хуулийн амин сүнс бүтээлдээ хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг нэгтгэвэл эрх чөлөөг боомилно. Эрх чөлөөг боомилбол шударга шүүх байхгүй. Парламент, шүүх хоёр нийлбэл хуулийн дарангуйлал үүснэ. Эрх мэдэл, шүүх хоёр нэгдвэл бодит дарангуйлал үүсэх бололцоотой гэж дүгнэсэн байдаг. Тиймээс Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлтийн хамгийн их шүүмжлэлийн бай болсон энэ заалтыг одоогийн парламент нэн даруй засах шаардлага бий болчихоод байна.  Ингэвэл нэгдүгээрт алдаагаа засч байгаа хэрэг. Улс орны хувьд ч тэр Монгол Улсын системийг зөв голдиролд нь оруулахад томоохон түлхэц болно гэж бодож байна. Үндсэн хуульд энэ өөрчлөлтийг оруулж, УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хаших болсноор эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулж, гүйцэтгэх эрх мэдэл нь парламентаа давамгайлж байсан хуучин тогтолцоог сэргээсэн. Хуучин тогтолцоо гэдэг нь социализмын үеийнхийг хэлээд байна. Тэр үед Ардын их хурал нь жилд нэг удаа хуралддаг. Засгийн газар буюу сайд нарын зөвлөл нь бүх ажлаа хийдэг байсан шүү дээ. Ялангуяа Засгийн газрын 19 гишүүний 17  нь УИХ-ын гишүүний албыг давхар хашиж байгаа одоогийн явдал нь яалт ч үгүй хуучны тогтолцоогоо сэргээе гэсэнтэй агаар нэг болчихоод байна.
-Ардын намынхан төр барьж байхдаа энэ өөрчлөлтийг яагаад хийж чадалгүй, давхар дээлтэйгээ яваад байсан юм бэ гэдэг асуудал бас гарна...
-Энэ тухайгаа би эхэнд нь хэлсэн шүү дээ. Юм болгоныг өмнөх рүүгээ түлхэхээ болих хэрэгтэй.  Герман, Английн парламентад сайд нарын эзлэх хувь маш цөөн байдаг. Гэтэл өнөөдрийн манай парламент 39 хүний ирцтэй хуралдаад 20 гишүүн хууль баталж байна. Энэ нөхцөлд Засгийн газрын гишүүн давамгайлах боломж бүрдчихээд байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Ингээд дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй гэдэг үг бодит болж хувирах нь. Тийм учраас Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн хэрэгжих хугацааг наашлуулъя гээд байгаа юм. Парламент нь хяналтаа сайн тавьдаг, Засгийн газар нь гүйцэтгэх ажлаа сайн хийдэг болмоор байна. Гэтэл дээр байгаа энэ хоёр байгууллага нь суудлаа олохгүй байхаар орон нутаг, яам, агентлаг, төрийн өмчийн аж ахуйн байгууллагууд гүйдлээ олохгүй байна. Нийгэм, эдийн засгийн хямралын тухай ярьж байгаа боловч цаанаа төрийн тогтолцооны хямрал нүүрлэчихээд байна шүү дээ. Үүнийг илааршуулах арга нь давхар дээлийг нэн даруй тайлах.  Үүнийг шийдэхэд хугацаа алдаж болохгүй гэдэг дээр манай намын бүлэг тогтсон.
-Тэртэй тэргүй дараагийн сонгууль болоход бараг хоёрхон жил үлдэж байхад заавал Засгийн газрыг өөрчилж, тогтворгүй байдал бий болгох нь ард түмэнд хохиролтой биш үү?
-Улс төрийн тогтвортой байдлын тухай яриа бий. Засгийн газрын гишүүд давхар дээлээ тайлснаар улс төрийн тогтвортой байдал алдагдахгүй гэж би үзэж байгаа. Харин ч эдийн засаг хямарч, ард түмний амьдрал ядуурч, ажилгүйдэл ихэсч, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, мөнгөний ханш суларвал төрийн тогтворгүй байдал үүснэ. Нөгөө талаар төрийн тогтолцооны гажуудлаас болж төр тогтворгүй болно шүү дээ. Тийм учраас төрөө тогтвортой байлгая гэвэл эдийн засгаа өөд нь татаж, зөв бодлого явуулж, төрийн тогтолцооны гажуудлыг нэн яаралтай засах хэрэгтэй.  Тэгэхгүй бол наад зах нь иргэдийн парламентад итгэх итгэл алдарна.  УИХ ч гэж дээ гишүүдээ сайдын албан тушаалд аваачдаг газар юм байна гэдэг ойлголт иргэдэд төрнө.  Ингээд Ерөнхийлөгчийн засаглалтай болъё, парламентын хоёр танхимтай болъё гэх мэтийн ярианууд газар аваад эхлэх шинжтэй. Эцсийн эцэст ард түмний төлөөллийн байгууллага болсон парламент нь нэр хүндтэй, өөрийнхөө чадавхийг бүрэн дүүрэн ашиглаж чадвал сая Монгол Улс хөгжинө.   Энэ л Монголын ардчиллыг аврах нэг арга болно. Ийм учраас хугацаа алдах ёсгүй.
-Танай нам энэ хуулийг батлагдсаных нь маргаашнаас хэрэгжүүлье гээд байгаа билүү?
-Ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ гэдэг горимын санал бий гэж ойлгож байгаа. Нөгөө талаар заавал 17 сайдтай зууралдаад  давхар дээлийг нь тайлна гээд зүтгээд байх албагүй. Тодорхой хувь нь үлдээд ажлаа хийж болно. Гэхдээ үүнийг олонхи шийднэ.  Ядаж л Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно. Үүнээс цааш хэтрэхгүй байх шаардлагатай байна. Мөн 50 хувь нь УИХ-ын гишүүн, 50  хувийг нь гаднаас томилох  хувилбар  байж болно. Гэхдээ үүнд би лав дурамжхан байгаа.
-Танхимын гишүүдийн 50 хувь нь эсвэл Ерөнхий сайд нь огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ өөрчлөгддөг хуулийн заалттай. Тэгэхээр дээрх хуулийн төсөл батлагдаад сайд нарын давхар дээлийг тайлуулчихад Засгийн газар огцрох болчихоод байгаа юм биш үү?
-Энэ асуудлыг яаж оновчтой шийдэх вэ гэдэг арга замыг хайх хэрэгтэй. Тэр эрх нь хэлэлцүүлгийн явцад нээлттэй байгаа. Түүнээс биш би эрх баригч хүчний удирдлага биш. Сайд нарын хэдийнх нь давхар дээлийг тайлуулна гээд шийдчихэж чадахгүй. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг зарчмаар л явах хэрэгтэй.  Мэдээж Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь зэрэг огцорвол эсвэл Ерөнхий сайд солигдвол шинэ Засгийн газар бүрэлддэг хуультай.
Хэрэв Засгийн газрын гишүүдийн 50 хувийнх нь давхар дээлийг тайлчихвал хуулийнхаа дагуу тийм асуудал болно л биз. Ямар галав юүлчихэж байгаа биш.
-Тэгэхээр Ардын намынхан заавал Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барилгүйгээр энэ хуулийн төслөөр асуудлыг шийдэх гээд байх шиг харагдаад байна...
-Мэдэхгүй. Засгийн газрыг огцруулдаг ч бай, үгүй ч бай ямар ч байсан эхний ээлжинд суурь гажуудлаа арилгах шаардлагатай байна. Хамгийн наад зах нь хариуцлагын тогтолцоо сайжирна.
-Ер нь шинээр Засгийн газар бүрдүүллээ гэхэд  үүсээд байгаа нөхцөл байдал, эдийн засгийг сайжруулж,  бүх зүйл өргөс авсан юм шиг зүгээр болчихно гэж үү. Үүний оронд одоо байгаа хүмүүсээ шахаж ажиллуулаад энэ хүнд байлаас гарах нь зөв биш үү?
-Одоо байгаа хүмүүст ажиллаж чадна гэсэн баталгаа байгаа юм уу. Хүн бүхэн өөр өөрийнхөө өнцгөөс харж байна.  Анхнаасаа  мордохын хазгай болчихсон юм. Засгийн газрын танхимыг хэт олон гишүүнтэй байгуулж, дийлэнхийг нь УИХ-аас бүрдүүлснээс болж асуудал үүссэн. Бодит байдал дээр болохгүй гэдэг нь батлагдчихаад байхад явуулаад байх юм уу. Тиймээс энэ Засгийн газар зайлшгүй тогтвортой оршин тогтнох ёстой гэж үзэж байгаа юм бол гол яамдын сайдуудаа аваад үлдэнэ биз дээ. Энэ бол эрх баригчдын л бодлогоос шалтгаална.
-Энэ хуулийн төслийг батлах эсэхийг шийдэх давхар дээлтэй яваа 17 сайд санал хураалтад орох ёсгүй гэж танай намынхан үзээд байгаа...
-Эрх баригчид өөрсдөө юу гэж тайлбарлахыг мэдэхгүй юм. Жишээ нь хууль хэлэлцэж байхад ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд санал хураалтад оролцохгүй гэж хэлээд манай хоёр гишүүнийг хөөгөөд гаргаж байсан удаа бий. Харин одоо энэ хуулийн төсөл дээр өөрсдөө яах юм. Засгийн газрын 17 сайд ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзвэл хуралдаанд суух байх. Зөрчилтэй гэж үзвэл гараад л явна биз. Ямар ч хүн хараажийн мэдээжийн ойлгомжтой байхад сайд нар эрхбиш бодох байлгүй дээ. Ард түмнээс мандат аваад ирсэн хүмүүс аливааг бодож тунгааж зөв шийдвэр гаргах чадвартай байлгүй гэж найдаж байна.
-Сонирхлын зөрчлийн хуулиар энэ тохиолдолд яах ёстой гээд заачихсан юм бэ?
-Хуулийнх нь заалтыг хэлээд өгье. УИХ-ын Дэгийн тухай хуулийн санал хураалт явуулах ерөнхий журамд "Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураараа татгалзах бөгөөд энэ тухайгаа хурал даргалагчид урьдчилан мэдэгдэнэ" гээд заачихсан байгаа.
-Үүнийг үндэслээд 17 сайдыг хөөгөөд гаргачихвал гишүүдийн санал өгөх эрхэд халдана гэж АН-ынхан үзээд байгаа л даа?
-Хууль нь ийм байна шүү дээ. Тийм учраас сайд нарын ухамсар мэдэх биз дээ. Минийхээр бол энэ 17 сайд санал хураалтад оролцох ёсгүй.
-Хэрэв 17 сайд санал хураалтад оролцоод кноп дарчихвал яах вэ?
-Тэгвэл Ашиг сонирхлын зөрчлийн хууль байгаа учраас асуудал Цэц дээр очих байх.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1306
0 эможи
keyboard_arrow_up