Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Нямдорж: Манай улс дотроосоо чимээгүй нурж байна

2014 оны 4 сарын 10

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой ярилцлаа.
-Ерөнхий сайд анх удаа авлигажсан төсөв гэдэг үгийг моодонд оруулсан. Ингэснээр төрийн албан хаагчид төсвийн мөнгийг баруун солгойгүй цацдаг юм байна гэсэн ойлголт иргэдэд өглөө. Аудитын газрын шалгалтаар авлигажсан төсөв гэдгийг нь үнэхээр илрүүлж чадсан юмуу. Ер нь ямар үр дүнтэй ажил болсон юм бэ?

-Шинэ засаг гарснаас хойш төрийн тогтолцоо хөл толгойгоо олохгүй байна. Уг нь УИХ Засгийн газартаа хяналт тавих ёстой. Гэтэл эрх баригч намын гишүүдийн 17 нь сайд болсон. Цаана 25 гишүүн байгаа. Үлдсэн гишүүдийг сайдууд нь нэг нэгээр хуваарилаад авчихаар УИХ-гүй болчихож байгаа биз дээ.
Тэд мэдээж сөрөг хүчний үгийг сонсохыг хүсэхгүй байгаа нь тодорхой. Үүнээс болоод өнөөдөр УИХ Засгийн газрын хуулийн тасаг болчихлоо. Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих ямар ч чадваргүй болсон. Засгаас тусдаа байж мөнгөний бодлогыг тогтвортой байлгах учиртай Монголбанкны Ерөнхийлөгчөөр Н.Золжаргал гэж хүнийг томилсноос хойш Н.Алтанхуягийн Засгийн газрын халаасанд орж кассын эрхлэгчийн үүрэг гүйцэтгэдэг боллоо.
Төрийн тогтолцооны ийм согогоос болж эдийн засаг, улс төр, төрийн байгууламжгүй болж хувирлаа. Тэгэхээр энэ Засгийн газрынхан дуртай үедээ ирж хуулийн тасгийнхнаа загнаж байгаа биз дээ. Ерөнхий сайд нь авлигажсан төсөв гэж яриад Шадар сайд Д.Тэрбишдагва нь "Төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа барилгын 10 хувийг нь авлигад авдаг" гэж зарласан.
Гэтэл Ерөнхий сайдын авлигажсан гэж хашгираад байгаа төсвийг энэ Засгийн газар өөрөө зохиож оруулж ирсэн. Үнэхээр авлигажсан байсан юм бол янзыг нь үзэх гэж байгаа юм шиг яах гэж УИХ-д оруулж ирсэн юм. УИХ-д оруулж ирчихээд "Та нар үүнийгээ янзал" гэж болохгүй биз дээ. Ерөөсөө Засгийн газрын энэ үйлдэл УИХ-ыг "Та нар манай хуулийн тасгийнхан болсон шүү. Бидний баруун халаасанд орсон" гэснээс өөрцгүй юм.
Төсөвт өртөг нь нэмэгдсэн төсөл арга хэмжээг авлигажсан эсэхийг нь шалгадаг газар аудит биш. Энэ газар баталсан төсвийг зориулалтын дагуу зарцуулсан байна уу, үгүй юу гэдгийг шалгаж дүгнэлт гаргадаг. Гэтэл УИХ гүйцэтгэх үүргээ андуурч Аудитын газарт хууль бус үүрэг өгсөн учраас хагас жилийн хугацаанд ажилласан дүр эсгээд эцэст нь "Бид авлигажсан гэдгийг нь тогтоож чадахгүй нь" гэдгээ хэллээ. Ингэж хэлэхээс өөр аргагүй.
Учир нь авлигажсан эсэхийг Авлигатай тэмцэх газар шалгана. Хамгийн балмад нь УИХ-ын төсөв батлах үндсэн эрхэд халдаж энэ барилга байгууламжийг энэ онд санхүүжүүлнэ.  Үүнийг нь ирэх онд шилжүүлнэ гэдэг дүгнэлт гаргасан явдал. Энэ Засгийн газар гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Гол сайд нар нь 2008 оны Засгийн газарт багтаж байсан.
Эд нар төсвийн учрыг мэдэхгүй байна гэж байхгүй. Одоо яах юм. Төсвөөс хөрөнгө зараад 60-70 хувийн гүйцэтгэтэй явж байгаа объектууд байгаа. Үүнийг дуусгахгүй бол нөгөө мөнгө нь хайран болно. Өнгөрсөн аравдугаар сард төсөв оруулсан. Түүнээс хойш бүтэн долоон cap Засгийн газрын энэ балай үгнээс болоод юу ч хийж чадахгүй ухнадаад сууж байна. Одоо ч юу ч хийж чадахгүй байна.
-Засгийн газар улс орноо удирдаж чадахгүй байна гэж та хэлэх гээд байна уу?

-Монголын төрийг эрх барих ямар ч чадваргүй улс төрийн нам удирдсанаар улс орны бүх ажлыг унагаж байна. Ерөнхий сайд Засгийн газрын сайдуудаа оруулж ирэхэд би эмгэнэл илэрхийлж байсан. "Ийм бүрэлдэхүүнтэй чи хол явахгүй шүү" гэж. Хоёр хөршийн эдийн засаг хэвийн байдаг. Гэтэл манай улсын эдийн засаг муудаж байна. Удирдлагын чадавхгүй байдал үүнд нөлөөлж байна. Ядахдаа Засгийн газрын гишүүд УИХ-д орж ирээд юу ярихаа мэдэхгүй байна. Яахаараа өөрсдийнхөө оруулж ирсэн төсвийг авлигажсан гэж нэрлэдэг юм.
Өөр намынхан оруулж ирсэн бол ингэж цамнаж болно. "Нөхөр УИХ одоо үүнийг зас" гэж хэлдэг Засгийн газар байдаг юм уу. Төрд хэтэрхий балмад хандаж байгаа нь эцэстээ будлиан болоод дууслаа. Энэ оны төсвийг баталж байхад ам.долларын ханш 1780 төгрөг байсан. Тэр үед "Цаашдаа ам.долларын ханш буухгүй. Ядаж 1650 хавьд бодож төсвөө зохио" гэж хэлээд ядаад орхисон.
Гэтэл ам.долларын ханшийг 1380 болгон бууруулна гэж тооцсон. Ер нь ам.долларын ханшийг 1380 тооцсон объектод галзуу л биш бол хэн ч оролцохгүй нь ойлгомжтой. Одоо Э.Бат-Үүлээс эхлээд ам.долларын ханшийг 1380-аар тооцсон чинь бүх ажил зогслоо гэсэн бичиг УИХ-ын гишүүдэд ирчихсэн байна. Ийм л юм болж байна. Эрх баригчид улсыг удирдаж авч явах чадваргүй гэдгээ өдөр бүр нотолж байна.

-Өнгөрсөн хугацаанд авлигажсан төсөв гэж баахан хашгирсан. Гэтэл сөрөг хүчнийнхэн нь аудит авлигажсан эсэхийг тогтоож чадсангүй гээд гүрийчихлээ. Цаашдаа ер нь яах вэ?

-Эхэлсэн объектуудад хөрөнгө оруулалт хийгээд дуусгах л хэрэгтэй шүү дээ. Огт хэрэггүй юм гэж байхгүй. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, контор хэрэгтэй юу хэрэгтэй. Шаардлагатай барилгууд төсөвт суусан. 2012 он болон түүнээс өмнө 600-680 орчим сая төгрөгөөр зөндөө соёлын төв барьсан. Ийм юмыг өнгөрсөн оны төсөвт суулгачихаад бүтэн жил тендерийг нь зарлаж өгөхгүй удчихаад энэ оны төсөвт тэрбум 600 сая төгрөгөөр оруулж ирсэн.
Яагаад 2012 онд 600 сая төгрөгөөр барьдаг байсныг энэ онд тэрбум төгрөгөөр нэмж оруулж ирсэн юм. Яагаад ингэж байгаа юм гэхээр Засгийн газраас дуугарах хүн олддоггүй. Би зөндөө соёлын төв бариулсан хүн. Барилга хэдэн төгрөгөөр босдогийг мэднэ. Өөрсдөө ийм юм оруулж ирчихээд авлигажсан төсөв яриад сууж байна шүү дээ. Эндээс асуудал үүссэн. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Өнөөдөр засагт байгаа гишүүд УИХ-д орж ирээд юу ярихаа мэдэхгүй байна.
Цаашдаа хөрөнгө оруулчихсан байшин барилгыг дуусгах хэрэгтэй. Дуудлага худалдаанд оруулж зарна гээд байгаа юм. Хэн тэрийг худалдаж авах юм. Хэн ч авахгүй. Он дамжиж барилгын өртөг өслөө гэж ярьцгааж байна. Монголд 15 тэрбумын өртөгтэй барилгыг нэг жилийн дотор дуусгах боломж байдаггүй.
Монголд барилга барих хугацаа нь таваас долоон cap. Тэгэхээр өртөг өсөх нь аргагүй биз дээ. Төсвийн хөрөнгө хязгаартай учраас үүндээ уягдах тохиолдол ч гардаг, Үүнийг л он дамжиж барилга барьж байна гээд эвэртэй туулай харсан нэг сүржигнээд байх юм. Бараг нэг жилийн дотор бүх барилгаа барих юм яриад байна. Яг үнэндээ чадахгүй шүү дээ. Манайхаас өөр 12 cap барилга барьдаг газар жилийн дотор ажлаа дуусга гэдэг муйхар шаардлага тавьж болно.
Ер нь ертөнцөд 20-30 жил барьсан барилгууд түүхийн дурсгал болоод явж байна. Засгийн газрынхан ийм мугуйд юм ярьчихаад хэлсэн үгэндээ бүдэрч унаад байна. Өнгөрсөн долоон сард гялтайх юу хийсэн юм. Энд алиа юм их болж байна. Хаврын чуулганаа хэлэлцэх асуудалгүй эхлүүлсэн. 2014 оны төсвөө батлаагүй байж тодотгол ярьж эхэлсэн. Тодотгол ярих байсан юм бол төсөв батлаад яах юм.

УИХ Засгийн газрын хуулийн тасаг, Монголбанк кассчин нь болсон
-Та "УИХ Засгийн газрын хуулийн тасгийнхан болсон" гэлээ. Яагаад УИХ ийм хүлцэнгүй болчихсон юм бэ?

-УИХ бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзаж, Засгийн газрын гишүүдэд дураараа дургих боломж олгосон нь тэднийг өнөөдрийн замбараагүй, зайдан байдалд хүргэсэн. "Бурхангүй газрын бумба галзуурна" гэж үг байдаг. Одоо энэ засгийнхан яг тийм л байна. Энэ УИХ-д ороод юу ярьсан ч яадаг юм. Яаж харилцсан ч миний эрх гэсэн бодолтой байгаа. Тэртэй тэргүй 17 сайд нь нэг нэг гишүүн халаасандаа хийчихсэн юм чинь гэдэг өнцгөөс төрийн ажилд хандаж байгаа нь улсын ажлыг шороотой хутгах эх үүсвэр нь болж байна.
Ерөнхийдөө төрийн ажил арилжааны хэлбэрт шилжчихлээ. УИХ-ын зарим гишүүн кнопоо худалдаж амьдарч байна шүү дээ. Энэ байдлаас хөл толгойгүй юм болж байна. Энэ дөрвөн жил иймэрхүү байдлаар явна. Эдийн засгийн бүх үзүүлэлт дордож манай улс дотроосоо чимээгүй нурж байна. Үндсэн хууль нурж байна. Эрх баригчид хуульд захирагдах зарчмыг засаг барьсан анхны өдрөөсөө оршуулсан.
"Хууль дээдлэх нь төрийн байгууллагын үндсэн үүрэг" гэж Үндсэн хуульд заасныг одоогийн эрх баригчид "Хууль зөрчих нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим" гэсэн зарчмаар солилоо. Төрийн ажлыг нугалдаг чадварлаг боловсон хүчнээ улс төрийн шалтгаанаар ажлаас халсан. Оронд нь бичиг үсэг бүрэн тайлагдаагүй хүмүүсээр авчирч төрийн аппаратыг дүүргэсэн. Үүний горыг эцсийн дүндээ ард түмэн амсч байна.
-Эрх баригчид мөнгө, эрх мэдлээр бүхнийг шийдэхээр зүтгэж байна гэдэгтэй санал нийлэх үү?

-Төрийн ноён нуруу гэдэг юмыг аль эрт мартсан. Мөнгө, эрх мэдэл хоёроор бүхнийг шийдэхээр улайрч байна. Монголын төрийг харх шиг мэрж байна шүү дээ. Үндсэн хуулийн зарчмуудыг яг л харанхуй хонгилд байгаа харх шиг өдөр шөнөгүй мэрж амраахгүй байна. Хуульд захирагдаж амьдрахгүй бол юунд хүргэж болохыг өнөөдрийн байдал харууллаа. Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй.
Яагаад үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгааг Монголбанкны Ерөнхийлөгчөөс асуухаар "Надад төгрөгийн валюттай харьцах ханшийг тогтоон барих үүрэг байхгүй. Харин гол нэрийн барааны үнийг тогтвортой байдлыг хангах ёстой"гэж хариулж байна. Манай Төвбанк ийм ерөнхийлөгчтэй. Орлогын 50 хувь нь валютын ханш инфляцад идэгдэж байна.
Эдийн засаг улам муудаж байна. Жилийн өмнө эдийн засгийн нөхцөл байдал хүндэрлээ гэж сануулахад "Амьдрал сайхан байна", "Бүх юм гоё байна" гээд байсан. Надад их харамсалтай санагдаж байна. Арайхийн босгосон эдийн засгийг дахиад татаад унагачихлаа. Хөрөнгө оруулалтын хууль баталсан ч гэсэн гадныхан орж ирэх нь юу л бол. Яагаад гэвэл хөрөнгө оруулагчдын итгэлийг хариуцлагагүй сайд нар мэдэгдлээрээ буудчихсан. Дахин буудуулах гээд ороод ирдэг хүн гэж байх уу. Үүнээс болоод хүнд байдалд орчихоод байна.

-"Хамтарсан Засгийн газрын үед сайхан цаг байжээ. Дэлхийн зах зээлд манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний ханш өнөөдрийнхөөс харьцангуй өндөр байсан. Харин эндээс олсон мөнгөө МАН-ынхан нийгмийн халамжид үргүй цацчихсан" гэж эрх баригчид ярьж байна. Энэ Засгийн газрын үед азгүйтэж нүүрс, зэс, жоншны үнэ дэлхийн зах зээлд уначихсан учраас эдийн засаг хүндэрч байна гэсэн онош тавилаа. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Мөнгөний амлалтыг Ардчилсан нам 2004 онд эхлүүлсэн. АН-ынхан хүүхдийн мөнгө гэгчийг амласнаар бэлэн мөнгөний уралдааны суурийг тавьсан. Дараа нь 2006 онд АН-ын дарга байсан Ц.Элбэгдорж "Тавантолгойн хувьцааг иргэддээ тараагаад цөмөөрөө баяжих боломж байна" гэсэн агуулгатай ярилцлага "Өдрийн сонин"-д өгч байсан. Ингэж 2006 оны арванхоёрдугаар сард 2008 оны сонгуулийн гол амлалтыг эхлүүлсэн.
Үүний дараа Н.Энхбаяр "Эх орны хишиг" -ийг өгөхөөр 2007 оны хаврын чуулганд ярьсан. Ингэж 2008 оны засаг "Эх орны хишиг", "Эрдэнийн хувь" хоёрын урхинд унасан нь үнэн. Тухайн үед Сангийн яамыг нь С.Баярцогт тэргүүлж 2012 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл гурван жил зургаан сарын хугацаанд АН-ынхан засагт хамтарсан. Ингэхдээ 380 сая ам.долларыг "Чалко"-гоос авсан. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах санал боловсруулах ажлын хэсгийг одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, "Эрдэнэс MGL" компанийг нь Энэбиш удирдаж, мөнгийг нь С.Баярцогт хурааж Сангийн дансанд оруулаад 21 мянган төгрөг болгон тараасан.
Яг хувь албан тушаалтантай буруу, зөвийг ярих юм бол гардаж хийсэн хүмүүс нь эд нар. Одоо яагаад дайраад байгаа юм. Эцсийн дүндээ хамаг юм Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёрын утга учиргүй далд сөргөлдөөнөөс болсон. "Эх орны хишиг" гэгчийг санаачилсан хүн МАХН-ын дарга болсон. Энэ Засгийн газрын Сангийн сайдаар Ч.Улаан ажиллаж байна. Тэгэхээр Ч.Улаанаас 21 мянган төгрөгийг нэхэх эрх ард түмэнд байгаа. Ер нь болж бүтэхгүй амлалт бүхэн АН-аас гардаг, Хүүхдийн мөнгө, Эрдэнийн хувь тараахыг АН-ынхан санаачилсан. Үүнийх нь хөлд МАН чирэгдсэн. Үүнийг одоогийн эрх баригчид мартсан уу.

Н.Батбаяр бондын мөнгийг баруун гараараа оруулж ирээд солгойгоороо үрсэн
-Сангийн сайд Ч.Улаан 50 мянгатын дэвсгэрт гаргахаар судалж байна гэсэн. Дараа нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Монголбанкны Ерөнхийлөгчөөс асуусан. Худлаа мэдээлэл гэж байна лээ" хэмээн хариулсан. Ер нь Ерөнхий сайд, Монголбанкны Ерөнхийлөгч хоёр найзууд шиг байх нь хэвийн үзэгдэл юм уу?

-Монгол Улсын Ерөнхий сайд, Монголбанкны Ерөнхийлөгч гэдэг чинь УИХ-аас томилогдсон хоёр тусдаа албан тушаал. Нэг нь нөгөөгийнхөө ажилд орж болдоггүй эд. Н.Золжаргал гэдэг хүн Монголбанкны Ерөнхийлөгч болсноос хойш АН-ын улс төрийн зүтгэлтэн шиг ажиллаж байна. Мөнгөний бодлогоо хаячихаад улс төр хийгээд балраад байгаа юм. Одоо гацаанд орчихоод байгаа Үнэ тогтворжуулах дэд хөтөлберт орон нутгийн сонгууль болохоос зургаан хоногийн өмнө гарын үсэг зурсан.
Одоо тэр нь дампуураад дуусч байна. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль явж байхад найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ зээлийг зарласнаас хойш орон сууцны үнэ өссөн. Ингэж Монголбанк нь Засгийн газартайгаа нийлж давхисаар эдийн засгийг өнөөгийн байдалд хүргэлээ. Сүүлдээ бүр цагаандаа гараад Монголбанкны ерөнхийлөгч нь Ерөнхий сайдтайгаа нэг ширээнд зэрэгцэж суугаад хэвлэлийн хурал зарладаг боллоо. Засгийн газрын тэргүүн, Монголбанкны Ерөнхийлөгч хоёр албан хэргээр харилцаж болно. Гэхдээ хоёулаа нэг ширээнд суучихаад улс төрийн өнгө аястай мэдэгдэл хийж байна гэдэг байж болохгүй үзэгдэл. Улс төр нь төлөвшсөн оронд ийм үйлдэл хийснийхээ маргааш нь мэдээлэл хийсэн эзэд нь огцорно шүү дээ.
МАН-ынхан 10 гаруй жил засаг барьж байхад Ерөнхий сайд нь Монголбанкныхаа Ерөнхийлөгчтэй хамт суучихаад мэдэгдэл хийж байсныг харсан уу. Хуулиар болохгүй гээд заачихсан юм. УИХ яагаад Монголбанкны удирдлагыг томилдог юм. Энэ чинь "Чи Засгийн газарт биш хуульдаа захирагдана шүү" гэж байгаагийн илрэл. Ерөнхий сайдын халаасанд байдаг Монголбанктай байх юм бол яршиг Засгийн газар ерөнхийлөгчийг нь томилчих л доо. Тэгээд Ерөнхий сайдтайгаа хамт суугаад худлаа ярина биз. Энэ тогтолцоо 1990 оноос өмнө байсан юм. Монголбанк үнэ тогтворжуулах хөтөлбөрт орох эрхгүй. Үүнийг ганцхан би хэлээд байгаа юм биш. Одоо Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байгаа О.Чулуунбат хэлж л байсан.
-УИХ Засгийн газартаа хяналт тавьж чадахгүй. Дээр нь Монголбанк нь Засгийн газрын кассчны үүрэг гүйцэтгэж байна гэхээр төрийн хяналт тавих тогтолцоо бүхэлдээ алдагдчихсан юм биш үү?

-Төрийг мод гэж бодоход тус бүртээ салаа мөчиртэй. Салаа, мөчрүүд нь нэг нэгэндээ очиж наалдаад байвал ялзардаг юм байгаа биз дээ. Одоо очоод нэг нэгэндээ наалдчихлаа шүү дээ. УИХ нь Засгийн газрын хуулийн тасаг, Монголбанк нь кассчин болчихлоо. Засгийн газарт хэдэн олигархиуд л байна. Тэд юу хүснэ, тэрийг нь биелүүлж байна. Үүнийг чинь олигархи тогтолцоо гэж нэрлэдэг юм. Одоо шүүх засаглалыг эрх мэдэл, мөнгөөр худалдаад авчихлаа.
Энэ байдлыг хууль зүйн талаас нь харвал Монголд Үндсэн хуулийн зарчмын нуралт явж байна. Улс төрийн өнцгөөс нь дүгнэвэл хэт зүүний чиглэлийн 1990 оноос өмнөх нэг намын тогтолцоотой ижил олигархийн тогтолцоо руу өөрөө ч мэдэхгүй гулсаад орчихлоо. Хуучнаар яривал энэ Засгийн газар чинь хуучны намын төв хороо болсон. УИХ нь сайд нарын зөвлөлийн хуулийн хэлтэс болчихлоо. Мөн үү. Яг ийм тогтолцоонд шилжсэн. Ухралт болж байна" шүү дээ. Тийм байгаа биз дээ.
-Эдийн засгаа хөл дээр нь босгохоор үйлдвэржилтийг дэмжих 888 төслийг бондын мөнгөөр санхүүжүүлэхээр боллоо. Энэ манай эдийн засагт хэр өгөөжтэй хувилбар вэ?

-Үйлдвэржилтийг дэмжих 888 төслийг шалгаруулаад санхүүжүүлнэ гэдэг ер нь хэцүү дээ. Би засагт байсан хүн шүү дээ. "Чингис" бондын мөнгө бараг дууссан. Зам тээврийн сайд нь саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа үүнийг тодорхой хэлсэн байна лээ. "Чингис" бондын мөнгөнөөс төмөр замд 400 сая ам.доллар гаргасан. Өнгөрсөн жил 175 сая ам.долларыг авсан. Дахиад 200 сая ам.доллар шаардлагатай байгаа ч энэ мөнгийг Хөгжлийн банкнаас мөнгөгүй гээд өгөхгүй байна гэж олон нийтэд зарлачихлаа.
Өнөөдөр хамгийн түрүүнд шийдвэрлэх амин чухал ажил төмөр зам болчихоод байна. Би зургаан жил төмөр замын сэдвээр хэрүүл хийж байна. Огт хөдлөхгүй байна. Төмөр замынхаа асуудлыг шийдэж чадахгүй байж дахиад 888 төслийг санхүүжүүлнэ гэдэг юу л бол. Төсвийн орлого эрх баригчдын ил хэлж байгаагаар 25-30 хувь тасарчихсан байна. Энэ бол нууж хэлсэн тоо шүү. Ойролцоогоор төсвийн орлого 40-50 орчим хувиар тасарчихсан байгаа. Үнэнд ойр тоо. Нэг талаас төсвийн орлого, нөгөө талаас хөрөнгө оруулалт алга.
Дээр нь хувийн хэвшлийнхнээ шахсаар байгаад зориг зүрхийг нь мохоочихсон. Үндэсний бүх компани элгээрээ хэвтэж эхэлж байна. Ийм байхад яаж 888 төслийг санхүүжүүлэх юм бол. Зүгээр л өдөр болгон худлаа ярьж байна шүү дээ. Нарийндаа өнгөрсөн жилийн орон нутгийн хөгжлийн мөнгийг гүйцэд өгч чадаагүй. Ажлаа хийгээд дуусчихсан 180-аад компанид 200 тэрбум төгрөгийг нь өгөөгүй байгаа. Энэ мөнгийг хаанаас гаргаж өгөхөө хэлэхгүй байна.
Цаана нь тэр компаниуд элгээрээ хэвтэж банкны зээлд идэгдээд дуусч байна. Өнгөрсөн жилийн гүйцэтгэсэн ажлын санхүүжилтээ өгөөгүй байж энэ жил дахиад 888 төсөл санхүүжүүлнэ гэдэг Засгийн газрын ээлжит хууран мэхлэлт. Дундаас нь ганц нэг нь ажил болно. Гэхдээ ийм олон төсөл бүгд хэрэгжинэ гэдэг үлгэр. Бондын мөнгөөр замын ажил хийж байна гэсэн. Бондыг баруун гараараа Н.Батбаяр оруулж ирсэн солгой гараараа Хөгжлийн банкаар дамжуулж цацсан гэдэгтэй хэн ч маргахгүй.
Дэргэдээ төслийн нэгж байгуулсан. Бондын мөнгөөр тавьж байгаа замыг км-ыг нь хэдэн төгрөгөөр барьж байгааг хэлэхгүй нууцлаад байна шүү дээ. Одоо энэ мөнгөнөөс болоод Э.Бат-Үүлтэй муудалцаж эхэллээ. Зам тээврийн яам гэж морь унасан толгойгүй хүн шиг яам байгаа биз. Энэ яамыг Х.Баттулга одоо хүртэл удирдаж байгаа нь үнэн. Засгийн ажил ингэж явж байна. Том зургаар нь харвал их л эвгүй нөхцөл байдал үүсчихлээ.

-Ер нь огцорч магадгүй юм биш үү?

-Эцсийн эцэст энэ Засгийн газар огцорно уу? эсвэл оршин тогтнох уу гэдэг нь ёстой падлийгүй. Энэ байдлаар цаашаа явах тусам унах нүх нь улам гүнзгий байх болно. Засаг огцрох уу үгүй юу гэдэгт би толгойгоо гашилгахгүй. Харин энэ замбараагүй байдлаасаа болж улс орны амьдралыг хөлдөө чирж байна шүү дээ. Гараад дурын компанийн захирлаас бизнес нь явж байна уу гэвэл олонхи нь толгой сэгсэрнэ. .Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг энэ дээ.

-Ерөнхий сайд "Иргэдийн амьдрал сайхан байна", Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нь "Муу юм биттий бод" хэмээн иргэдийг тайвшруулж байсан. Харин өнгөрсөн долоо хоногоос эдийн засаг хүндэрснийг Засгийн газрын тэргүүн нь хүлээн зөвшөөрлөө.

-Энэ Засгийн газар, эрх баригчид өдөр бүр худлаа ярьж байгаад нь хамгийн их дургүй хүрч байна. Одоо төрд хэн нь сайн худлаа ярих вэ гэдэг социалист уралдаан явж байна. Энэ уралдааны эхний байрт Н.Алтанхуяг орох нь тодорхой. Дараа нь УИХ-ын дарга нэмэгдэнэ. Уг нь З

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1313
0 эможи
keyboard_arrow_up