Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Ганбат гишүүний асуулгад Уул уурхайн сайд хариулт өгөв

2014 оны 4 сарын 11

Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы Баасан гарагийн /2014.04.11/ хуралдаанаар Улсын Их Хурлын Д.Ганбат, Су.Батболд, Д.Сумъябазар нараас Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын зарим гишүүнд хандаж тавьсан асуулгын хариуг сонсохоор болов.

 

Нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас Уул уурхай, газрын тосны салбарт хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын болон бүтээгдэхүүн хуваах гэрээ тэдгээрийн биелэлт, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсов.

Гишүүний асуулгад Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг өгсөн хариултдаа, өнгөрсөн оны эцсийн байдлаар манай улс уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран Нарийн сухайт, Бороо, Төмөртэй ордуудыг тогтвортой байдлын гэрээгээр, Оюутолгойн ордыг хөрөнгө оруулалтын гэрээгээр тус тус ашиглаж байна. Харин газрын тосны салбарт нийт 21 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас нэг нь дуусгавар болж, 21 нь хүчин төгөлдөр байгааг дурдав.

 Хөрөнгө оруулалтын гэрээнд талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар заасан байдаг тул Уул уурхайн яамнаас 2012 оны 10 дугаар сарын 02-ны а/251 тоотоор Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах талаар хөрөнгө оруулагч талтай өмнө нь хийж байсан яриа хэлэлцээг үргэлжлүүлэх нь зүйтэй гээд эрх бүхий төлөөлөгчдийг томилон ажиллуулах тухай албан бичиг хүргүүлсэн. Улмаар 2013 оны 2 дугаар сараас Ерөнхий сайдын захирамжаар Уул уурхайн, Байгаль орчин ногоон хөгжлийн, Сангийн, Эдийн засгийн хөгжлийн сайд нарыг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдан Хувь нийлүүлэгчийн хурлыг эхлүүлж албан болон албан бус байдлаар олон удаа уулзаж ярилцаад байгаа. Энэ үндсэн дээр төслийн үйл ажиллагааны хүрээнд тулгамдаж буй асуудлыг Монголын талын хувьцаа эзэмшигчийн зүгээс 22 зүйлээр 2 багц асуудал болгон Хувь нийлүүлэгчдийн VI хуралд тавьсан. Эдгээр асуудалтай холбогдуулан Монголын талын хувьцаа эзэмшигчийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн, холбогдох үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байна. Монголын талаас тавьж ирсэн гол зангилаа асуудлууд нь зардлын хэтрэлт, гэнэтийн ашгийн (68 хувийн) татварыг тэглэсэнтэй холбогдуулан УИХ-ын даргын даалгавар болон УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны тогтоолын дагуу Өсөн нэмэгдэх роялти зэрэг болно. Одоогоор энэ асуудлаар яриа хэлэлцээ үргэлжилж байна. Харин хөрөнгө оруулагч талын зүгээс төслийн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой гэх нэмэлт санхүүжилтын асуудлыг сөргүүлэн тавьж ирлээ. Энэ чиглэлээр техникийн түвшинд уулзалт хэлэлцээ үргэлжилж байна гэдгийг сайд хэллээ.

Оюутолгой төслийн нэгдүгээр үе шат /анхны/-ны хөрөнгө оруулалтын дүн хэмжээний тухайд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед гэрээнд зааснаар болон төслийн батлагдсан ТЭЗҮ-ийн хөрөнгө оруулалтын хуваарийн дагуу “Оюутолгой” ХХК-ийн анхны бүтээгдэхүүн гаргах хүртэл хөрөнгө оруулалтын хэмжээ 5.1 тэрбум ам.доллар боловч 2012 оны жилийн эцсийн байдлаар 7.1 тэрбум ам.долларт хүрч 2 тэрбум гаруй ам.доллараар буюу 40 орчим хувиар өссөн тооцоо гарч байна. Энэ асуудалтай холбогдуулан манай талаас хийгдсэн хөрөнгө оруулалт, зардлыг баримтаар баталгаажуулах, хянаж нягтлах ажлыг хийж гүйцэтгэж байгаа.

 Далд уурхайн санхүүжилтийн эх үүсвэртэй холбоотой асуудлын тухайд Засгийн газрын зүгээс анх тохирсон өгөөжийн харьцааг аль болох эвдэхгүй, өөрчлөхгүй байх шаардлагыг хөрөнгө оруулагч талд тавьж байгаа. Уул уурхайн яамны зүгээс шинэчилсэн ТЭЗҮ-г удаа дараа шаардсаар ирсэн боловч Оюутолгой ХХК өнөөг хүртэл эцсийн албан хувилбараа ирүүлэхгүй хугацаа алдаж байна. Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг 15 банкнаас нийт 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зээлийг авах хүсэлтээ хөрөнгө оруулагчид Засгийн газарт тавьсан. Монгол Улсын компанийн тухай хуулийн дагуу Оюутолгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, Хувь нийлүүлэгчдийн хурал нь энэ асуудлыг шийдэх ёстой гэдгийг сайд дурдав.

 Гишүүний асуулгад сайдын өгсөн хариулттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Д.Ганбат, С.Ганбаатар, Д.Хаянхярваа, Ц.Оюунбаатар, Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нарын тавьсан асуултад Уул уурхайн сайд болон ажлын хэсгийн гишүүд хариулт өгөв.

 Эцэст нь асуулга тавьсан гишүүн Д.Ганбат үг хэлэв. Тэрээр хэлэхдээ, уг нь Оюутолгой төсөл нь манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтын түүчээ байх учиртай. Энэ төсөл амжилттай болсноор хөрөнгө оруулалтыг татах чухал нөхцөл, хөшүүрэг бүрдэх юм. Гэтэл төслийн эхний шат ашиглалтад ороод нэлээд хугацаа өнгөрч байгаа ч үр өгөөж нь ард түмэнд мэдрэгдэхгүй байна. Улс орны хөгжилд чухал ач холбогдолтой энэ төсөл хэдийд үр ашигтай ажиллах, өгөөж шим нь хэр байхыг ард түмэн мэдэх эрхтэй. Иймээс төслийн талаарх асуудлыг байнга анхааралдаа байлгаж, асууж лавлаж байх болно гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1363
0 эможи
keyboard_arrow_up