Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, М.Батчимэг нарын санаачилан боловсруулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр / 2014.04.16 / Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Батхүү, М.Батчимэг болон Нийслэлийн замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан, Хөдөлмөрийн яамны мэргэжилтэн Р.Дүүрэнбаяр, Зам тээврийн яамны мэргэжилтэн А.Энхболд, Хууль зүйн яамны мэргэжилтэн Ч.Бат-Эрдэнэ, Нийслэлийн цагдаагийн газрын Хөдөлгөөний хяналтын хэлтсийн ахлах байцаагч Б.Очирбат, ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн багш А.Эрдэнэтуяа, Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгийн хуульч Я.Мөнхжаргал зэрэг холбогдох албаны хүмүүс оролцов.
Монгол Улс зах зээлийн нийгмийн харилцаанд шилжсэнээс эхэлсэн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд УИХ-аас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг хуульчлан зохицуулахаар 1996 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийг шинээр батлан гаргасан юм. Хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш 6 удаа нэмэлт өөрчлөлт орсон хэдий ч хуулийн зохицуулалт, үзэл санаа, агуулга хамрах хүрээ нь улс орны өнөөгийн нийгэм, эдийн засгийн өсөлт хөгжил, олон улсын жишиг, олон улсын гэрээ болон зарим хууль тогтоомжид нийцэхээргүй болж хуучирсан байна. Тиймээс хуулийн үзэл баримтлал, агуулгад бүрэн хэмжээний өөрчлөлт оруулахаар хууль санаачлагчид ажиллаж байна.
Өнөөдрийн хэлэлцүүлгээр олон улсын туршлагын талаар ажлын хэсгийнхэн мэдээлэл сонсож, хуулийн зүйл заалт бүр дээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэхүү хуулийг олон улсын жишигт нийцсэн, боловсронгуй болгохын тулд ажлын хэсгийнхэн олон удаа хэлэлцүүлэг өрнүүлэн ажиллаж байна. Дээрх хуулийн гуравдугаар бүлэгт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад замын хөдөлгөөнд оролцогч, иргэн, хуулийн этгээдийн эрх үүргийг тодорхойлно. Дөрөвдүгээр бүлэгт тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, жолоодох эрх олгох, олон улсын жолоочийн үнэмлэх олгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хүчинтэй байх, дуусгавар болох, сэргээх үндэслэл зэргийг тусгасан байна.