Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлахыг дэмжлээ

2014 оны 4 сарын 22

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийн талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцууллаа.

Тамхины тахлын тархалт, түүнтэй холбоотой өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын санаачлагаар 1999 оноос эхлэн Тамхины хяналтын суурь конвенцийг боловсруулан 2003 онд ДЭМБ-ын 56 дугаар чуулганаар ДЭМБ-ын гишүүн 192 орон санал нэгтэй батлан 2005 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс хойш 2014 оны эхний сарын байдлаар дэлхийн 177 орон элсчээ.

Энэхүү конвенцийг дэмжин Монгол Улсын Засгийн газар 2003 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурж, 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хурал соёрхон баталсныг Нэгдсэн Үндэстний Байгууллага 2004 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр албан ёсоор бүртгэж авсан байна.

Тамхины хяналтын суурь конвенцийн 15 дугаар зүйлд “Оролцогч талууд тамхин бүтээгдэхүүнийг нууцаар хил нэвтрүүлэх, хууль бусаар үйлдвэрлэх, худалдаалах зэрэг хууль бус худалдааны бүх хэлбэрийг устгах нь тамхины хяналтын хамгийн чухал бүрэлдэхүүн” гэж тодорхойлжээ. Иймд Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг боловсруулах Засгийн газар хоорондын Зөвшилцөх нэгжийг Тайланд Улсын Бангкок хотноо болсон Олон Улсын Тамхины хяналтын суурь конвенцийн Оролцогч талуудын 2 дугаар Бага хурлаар 2007 онд байгуулсан бөгөөд тус нэгж нь протоколын төсөлд санал авах, зөвшилцөх уулзалтыг Засгийн газрын итгэмжит төлөөлөгчдийг оролцуулан 5 удаа зохион байгуулж, улс орнуудын өгсөн санал тус бүрийг Оролцогч талуудын уулзалтаар хэлэлцүүлэн зөвшилцүүлсний дүнд уг “Протокол”-ын төслийг 2012 оны 11 дүгээр сарын 12-17-нд БНСУ-ын Сөүл хотноо болсон Тамхины хяналтын суурь конвенцийн 5 дугаар Бага хурлаар хэлэлцүүлэн батлуулсан байна. Тус төслийг дэлхийн 140 гаруй орны төлөөлөгчид ямар нэгэн нэмэлт, өөрчлөлтгүйгээр санал нэгтэйгээр баталжээ.

Манай орны хил залгаа БНХАУ, ОХУ болон Казахстан улс тамхи үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд ялангуяа дэлхийн тамхины үйлдвэрлэлийн 40 хувийг БНХАУ дангаараа үйлдвэрлэж байгаа нөхцөлд Монгол Улс энэхүү протоколыг дэмжин, хэрэгжих эрх зүйн орчныг бүрдүүлэх нь туйлын ач холбогдолтой бөгөөд манай улс уг протоколын төслийг боловсруулах, батлах бүхий л үе шатанд идэвхтэй оролцсон хэмээн сайд танилцуулгадаа дурдлаа.

Уг протокол нь тамхин бүтээгдэхүүний хууль бус нийлүүлэлтийн сүлжээг хянах, энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой бөгөөд түүнд оролцогч улсууд ийм худалдааг багасгах, цаашдаа бүрэн устгах хяналтын системийг бүрдүүлэх үүрэг хүлээх юм байна. Тамхин бүтээгдэхүүний хууль бус үйлдвэрлэл, хил давуулах худалдаа зэрэг гэмт хэрэг нь тамхины хяналтад саад болж, эрүүл мэндийн тогтолцоо, хууль ёсны орлогод хохирол учруулж буй байдалтай тэмцэхэд уг протокол ач холбогдолтой ажээ.

Протоколыг дэмжин Монгол Улсыг төлөөлөн 2013 оны 11-р сарын 01-ны өдөр НҮБ-ын Нью-Йорк дахь төв байранд НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч О.Оч гарын үсэг зурж, Монгол Улс гарын үсэг зурсан 37 дахь улс болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1861
0 эможи
keyboard_arrow_up