Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын дарга З.Энхболд айчлан ирж буй жилд улс орны үйл хэрэг өөдрөг бүтэмжтэй байхыг бэлэгдэн ерөөв

2014 оны 2 сарын 03

Билгийн тооллын XVII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний ерөөл, хүндлэл дүүрэн энэ өглөө Төрийн өндөрлөгүүд айлчлан ирж буй жилд төр, түмэн нь төвшин амгалан, улс орны үйл хэрэг өөдрөг бүтэмжтэй байхыг бэлэгдэн Төрийн ордноо цагаан сарын золгуут хийж, монгол түмний заншил ёсоор азай буурлуудын амар мэндийг асуун мэндлэх хүндэтгэлийн арга хэмжээ уламжлалын дагуу ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Ерөнхий сайд Норовын Алтанхуяг нар эхлээд Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлсэн.

Сар шинийн баярын энэ ёслолд уламжлал ёсоор Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж хүрэлцэн ирж, төрийн хан хуурыг эгшиглүүлэн цэнгүүлж, аялгуут сайхан ерөөл магтаал өргөсөн юм. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц, Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар мөн Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнөө морилж, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Ерөнхий сайд Норовын Алтанхуяг нарт золгон бараалхлаа. Дараа нь азай буурлуудыг төлөөлөн Төрийн ордноо хүрэлцэн ирсэн хамгийн өндөр насыг насалж яваа есөн ахмадад Төрийн өндөрлөгүүд хүндэтгэл үзүүлэн амар мэндийг нь айлтган золгож, гарын бэлгээ гардууллаа.

Билгийн тооллын XVII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний энэхүү арга хэмжээний төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Ерөнхий сайд Норовын Алтанхуяг нар хэвлэл мэдээллээр дамжуулан Монголын нийт ард түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлсэн юм.

Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд хэлсэн үгэндээ, улиран одож буй могой жил монголчуудын хувьд сайхан жил байлаа, могой жилд Улсын Их Хурал олон чухал шийдвэрүүдийг гаргаж ажилласнаас заримыг нь онцлон дурьдая гээд Монгол Улс анх удаа ашигт малтмалаа зохистой ашиглах эрдэс баялгын бодлоготой, хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгаварладаггүй хуультай боллоо, түүнчлэн хууль, шүүхийн байгууллагын шинэчлэл үргэлжилж байна хэмээн тодотголоо. Мөн өнгөрсөн жилд хүн амын тоо 3 сая шахам болж, мал сүрэг 45 саяд хүрсэн өнтэй сайхан он байлаа гээд ирж буй могой жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байх болтугай хэмээн ерөөлөө.

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
192
0 эможи
keyboard_arrow_up