Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Манай үндэсний статистикийн чадавхи 35 нэгжээр дээгүүр үнэлэгдэх болжээ

2014 оны 4 сарын 24

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр үдээс хойш үргэлжлэн хуралдаж Үндэсний статистикийн хорооны 2013 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ талаар тус хорооны дарга С.Мэндсайханы танилцуулгыг сонсов. Үндэсний статистикийн салбарын хэмжээнд 2013 оныг “Статистикийн хэрэглэгчдийг эрэлт хэрэгцээнд нь нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах шинэчлэлийн жил“ болгох үндсэн зорилт дэвшүүлж Статистикийн тухай хуульд заагдсан тооллого, судалгааг зохион байгуулалт сайтай, чанартай явуулж, статистикийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилт, анхдагч мэдээллийн чанарт онцгойлон анхаарч ажилласныг тэрээр онцлов.

Албан ёсны статистикийн мэдээллийн давхардлыг арилгах, нэгдмэл байдлыг хангах, шуурхай байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр Статистикийн тухай хуульд 2013 онд Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа, Хүүхэд хөгжил судалгаа болон Хүн ам зүй, эрүүл мэндийн судалгаануудыг нэгтгэн “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа” нэртэй нэгдсэн судалгаа явуулж байхаар эрх зүйн өөрчлөлт хийсэн. Эрх зүйн энэхүү өөрчлөлтийн дагуу дээрх судалгааг нэгдсэн аргачлалаар улсын хэмжээнд 15.5 мянган өрхийг хамруулан судалгааны мэдээлэл цуглуулдаг байсан асуулгын хуудас нөхөх уламжлалт аргаар бус орчин үеийн технологийн дэвшил болох таблет ашиглан зохион байгуулсан нь ихээхэн хүн хүч, хөрөнгө, цаг хугацаа хэмнэсэн төдийгүй судалгааны мэдээллийг тухай бүр интернетээр татаж авах бололцоо бүрдүүлж мэдээллийг чанартай, богино хугацаанд нэгтгэн гаргах боломжтой боллоо. Мөн мал тооллогын мэдээллийг онлайн программаар багийн түвшинд шивж, ҮСХ-ны серверт боловсруулдаг болсон нь цаг хугацаа хэмнэсэн, мэдээллийн аюулгүй байдлыг хангасан чухал арга хэмжээ болсон гэдгийг онцлов.

Түүнчлэн “Үндэсний тооцооны систем-2008”-д шилжих бэлтгэл хангагдаж, үндэсний тооцооны үндсэн 4 багц аргачлал болох дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний нийт орлогыг тооцох, ДНБ-ийг улирлаар тооцох, Үндэсний тооцооны данс байгуулах, Нөөц ашиглалтын хүснэгт, салбар хоорондын тэнцлийг зохиох аргачлалуудыг шинэчлэн батлуулсны зэрэгцээ Үндэсний дата төвд статистикийн мэдээллийн сангийн архив болон ҮСХ-ны вэб сайт, е-мэйл хаягийг шилжүүлэн байршуулсан бөгөөд төрийн нэгдсэн сүлжээнд холбогдох бэлтгэл ажлыг хангасан байна. Энэ бүхний дүнд Дэлхийн банкны “Улс орнуудын статистикийн байгууллагын чадавхи”-ийн жил бүрийн үнэлгээгээр 2013 онд тус улсын үндэсний статистикийн чадавхийн ерөнхий дундаж оноо 83 болж дэлхийн дунджаас 15 нэгжээр, статистикийн аргачлалаар 70 болж 12 нэгжээр, мэдээллийн эх үүсвэрээр 100 болж 35 нэгжээр тус тус дээгүүр үнэлэгдэх болжээ.

 Үндэсний статистикийн хороо нь Статистикийн тухай хуулийн дагуу тооллого, судалгааг чанартай явуулах, статистикийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх, Монстат төслийн үйл ажиллагааг амжилттай дуусгах, салбарын ойгоо өндөр бүтээлээр угтахаар 2014 оныг “Орон нутгийн статистикийн албадын чадавхийг бэхжүүлж, анхдагч мэдээллийн чанарт ахиц дэвшил гаргах” зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэхүү зорилгын хүрээнд улсын бүртгэлд суурилсан хүн ам, өрх, бизнес регистрийн санг шинэчлэн байгуулж, төрийн нэгдсэн сүлжээнд холбох, статистикийн салбарын мэдээллийн нэгдсэн сүлжээг байгуулж, мэдээлэл цуглуулах, боловсруулах, тархаах үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг өргөн ашиглах; орон нутгийн хэрэгцээнд суурилсан статистикийн үзүүлэлтийн хүрээг тодорхойлж, арга зүйг боловсруулж, хэрэгжүүлэх; статистикийн боловсрол, хэрэглээний үр өгөөжийг дээшлүүлэх; салбарын ажиллагчдын цалин, урамшууллын оновчтой системийг бий болгож, нийгмийн асуудалд бодитой дэмжлэг үзүүлэх чиглэлээр бүтээлч ажлууд өрнүүлж буйг тэрээр танилцуулсан юм.

Байнгын хорооны гишүүд тайлантай холбогдуулан асуулт асуун хариулт авч, саналаа хэллээ. Ингээд тайланг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэнтэй холбогдуулан байнгын хорооноос гаргах шийдвэрийн төслийг дахин боловсруулж оруулж ирэх үүргийг байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэгт өгөхөөр болов.

 Дараа нь ажлын хэсгийн ахлагчдыг томилох тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталснаар хуралдаан өндөрлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1971
0 эможи
keyboard_arrow_up