Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүдээс Сангийн сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо

2014 оны 4 сарын 25

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нараас Сангийн сайдад “ 2013 оны төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэхэд үүссэн нөхцөл байдал, төсвийн урьдчилсан гүйцэтгэл болон Монгол Улсын Засгийн газраас Япон Улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалагдсан “Самурай” бондын хөрөнгийн эх үүсвэр, түүний зарцуулалтын талаар тавьсан асуулга”-ын хариуг сонслоо. Асуулгын хариуг Сангийн сайд Ч.Улаан танилцуулав.

Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголоор улсын төсвийн нийт орлого ба тусламжийн дүнг 787.0 тэрбум төгрөгөөр, нийт зарлага ба зээлийн дүнг 809.5 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 557.5 тэрбум төгрөгөөр бууруулсаар байтал жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр улсын төсвийн нийт орлого ба тусламжийн дүн дахин 574.3 орчим тэрбум төгрөгөөр, төсвийн зарлага ба зээлийн дүн 434.4 тэрбум төгрөгөөр, үүнээс хөрөнгийн зардал 307.1 тэрбум төгрөгөөр тасарсан тайлан гарсан байна.

Асуулгын хариуд дурдагдсанаар, “Улсын төсвийн орлогын тасалдлын хувьд томоохон тасралттай орлогууд нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, дотоодын болон импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татварын орлогууд байна. Улсын төсвийн орлого Монгол Улсын 2013 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн тодотголоос доогуур төвлөрсөн нь макро эдийн засгийн нөхцөл байдал төлөвлөснөөс доогуур байсан бөгөөд ялангуяа дотоод эдийн засгийн идэвхжил төлөвлөсөн хэмжээнд хүртэл өндөр байж чадаагүй. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оныхоос ихээхэн хэмжээгээр буурсан нь эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлж, улмаар аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааг төлөвлөснөөс бууруулсан. Гүйцэтгэл нь баталгаажсан боловч санхүүжилт нь олгогдоогүй ажилд шаардагдах 183.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголд тусган санхүүжүүлэхээр холбогдох тооцоо, судалгааг Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлээд байгаа ч төсвийн тодотгол хийгдэх хугацаа хойшлогдоод байна.

Иймд аж ахуйн нэгжүүдэд олгох хөрөнгийн асуудлыг Сангийн яамнаас өрийн бичиг гарган өгч төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулах, шаардагдах хөрөнгийг 2014 оны төсвийн тодотголд тусган шийдвэрлүүлэх талаарх саналаа Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр хүргүүлээд байна. Өнгөрсөн 2013 онд импортоос бусад бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын дутуу төвлөрөлттэй холбоотойгоор аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд нийт 18.7 тэрбум төгрөгийн орлогын шилжүүлэг хийгдэж чадаагүй. Иймд 2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөгөөнд тодотгол хийх замаар ажлын гүйцэтгэл нь баталгаажсан төслүүдийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх чиглэлийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Сангийн сайдын тогтоолоор хүргүүлээд байна. Мөн Монгол улсын 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оныхоос 495.7 сая ам.доллар буюу 4.5 хувь, экспорт 112.0 сая ам.доллар буюу 2.6 хувь, импорт 383.7 сая ам.доллар буюу 5.7 хувиар буурсан дүнтэй гарсан. Манай улсын нийт экспортын 90 орчим хувь, төсвийн орлогын 20 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт эзэлдэг бөгөөд гадаад зах зээлийн таагүй нөлөөллөөс эдгээр бүтэгдэхүүнээс төсөвт төвлөрөх орлого шууд хамаарч байна. Уул уурхайн салбарын зогсонги байдал, эдийн засгийн бусад салбаруудын өсөлт удааширч хөрөнгө оруулалт, хэрэглээ буурч байгаа нь импортын хэмжээ өмнөх оныхоос буурахад нөлөөлсөн байна” гэлээ.

Мөн “Самурай” бондын хөрөнгийн эх үүсвэр, түүний зарцуулалтын талаарх хариултдаа, “ Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлд 2014 оны төсвийн жилд Засгийн газрын гаргах баталгааны дээд хязгаарыг 2.500.000.0 сая төгрөгөөр тогтоож өгсөн. Дээрх Засгийн газрын баталгааны дээд хязгаарын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны “Самурай” үнэт цаасанд засгийн газраас баталгаа гаргасан болно. Монгол Улсын Хөгжлийн банкны 30 тэрбум иены, 10 жилийн хугацаатай “Самурай” үнэт цаасыг 2013 оны 12 дугаар сарын 26-нд хөрөнгө оруулагч нарт санал болгосноор 2014 оны 1-р сарын 6-нд бондын хөрөнгө Хөгжлийн банкны дансанд төвлөрсөн байна. “Самурай” үнэт цаас нь Хөгжлийн банкны үнэт цаас бөгөөд Төсвийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн дагуу эх үүсвэрийг тухайн жилийн төсвийн хуульд тусгаж, Улсын Их Хурлаар баталсаны үндсэн дээр гаргасан Засгийн газрын баталгаа юм” гэв.

Асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат хэлэхдээ, “Зарлага, санхүүжилт тасарч байгаа нь хэтэрхий аялдан дагалдсан төсөвтэй холбоотой. Цаашид төсвөө хэзээ эрүүлжүүлж, хэзээ үнэн бодитой батлаад явах юм бэ. Төсөв дээр олон зүйлүүд тусгагдахгүй өнгөрч байгаа. Цаашид энэ олон хэрэгжүүлж байгаа төсөв, хөрөнгө Их хурлаар хэзээ хянагддаг болох асуудал дээр Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нараас Сангийн сайдад тавьсан асуулгын хариуг сонссоны дараа “Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,  Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц хангалтгүй байсны улмаас эдгээр асуудлыг ирэх долоо хоногийн Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцэхээр шилжүүллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2084
0 эможи
keyboard_arrow_up