Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой нийт 11 хуулийн төсөл байна

2014 оны 4 сарын 28

Байнгын хорооны 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаар тогтоолоор байгуулагдсан иргэдийн амьжиргааны түвшин, үнийн инфляцийн өөрчлөлттэй уялдуулан цалин,тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад үүрэг, чиглэл өгч, дүнг Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 13.00 цагт 334 тоот өрөөнд хуралдлаа.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар, Г.Баярсайхан, С.Ганбаатар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамир, тус яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзул, Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга О.Хуягцогт, тус яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Т.Золбоо, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газрын цалин хөлсний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Нарангэрэл, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар нар болон Байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар гишүүдэд ажлын хэсгийн зорилго, хүлээгдэж буй үр дүн, ажиллах хуваарийг танилцуулаад Хөдөлмөрийн болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамд, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо, салбарын МҮЭ-үүдийн холбоод, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийхээр төлөвлөж байгаа тухайгаа дурдлаа.

Тэрээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд хэлэлцэгдэж байгаа цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой нийт 11 хуулийн төслүүд байгаа мэдээлэл байна, тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн талаар гишүүдийн санал бодлыг судлах, Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлаар саналыг нь авах, эдгээр мэдээлллийг нэгтгээд цалин, тэтгэвэр, тэтгэмжийн тогтолцоо талаасаа өөрчлөх шаардлага байна уу, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан иргэдийн амьжиргаа, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа болон 2014 онд төсвийг нэмэгдүүлэх ямар гарц байгаа болон одоо цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх үйл явц, хэрхэн явагдаж байгааг ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар төгрөгийн худалдан авах чадвар 25-30 хувь буурсан гэж яригдах боллоо, энэ үзүүлэлтийг тодорхой болгож, мэргэжлийн холбоод эдгээр тоо баримтыг цэгцлэх шаардлагатай байна гэлээ. Цалин, тэтгэврийг нэмэх биш эдгээрт тохируулга хийх талаар ярилцмаар байна. Энэ асуудалд Монголбанк голлох үүрэг гүйцэтгэх хэрэгтэй, бодлогын хямралаас болсон асуудалд яамд хамгаалах үүрэг хүлээж байна гээд амьжиргааны өртөг, төгрөгний худалдан авах чадвартай уялдуулан цалин, тэтгэвэр, тэтгэмжид тохируулга хийх асуудлыг нухацтай ярилцах хэрэгтэйг онцлон дурдлаа. Бид энэ асуудлаар нэгдсэн тоо баримттай болгомоор байна, Гурван талт үндэсний хороог ажлаа сайн хийхийг анхааруулаад хариуцлага тооцох цаг болсон, үүрэг хүлээдэггүй зарчим үйлчилж байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан саяхан би Чингэлтэй дүүргийн 1-19-р хороодын иргэдтэй уулзалт зохион байгуулж, тэдний санал бодлыг сонслоо. Иргэдийн амьжиргаа болон худалдан авах чадвар буурсан тухай ярьж байна, эдийн засгийн хүндрэл байгааг хүлээн зөвшөөрч байгаа тухай дурдаад ажлын хэсэг валютын ханш, хүнс болон өргөн хэрэглээний барааны үнийн өөрчлөлт нь иргэдийн амьдрал ахуй, амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар тодорхой бодит тоо баримт гаргах хэрэгтэй, гурван талт гэрээ, хэлэлцээрээ шуурхайлахыг онцлон тэмдэглэв.

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар ажлын хэсэг аль болох улстөржихгүй, дундын байр сууриа илэрхийлэхийг чухалчлах, эдгээр уулзалт ярилцлагад Статистикийн үндэсний хороо, Зам, тээвэр болон уул уурхайн яамд, Татварын ерөнхий газар, томоохон ажил олгогч аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулах санал гаргалаа. Тэрээр валютын ханшны өөрчлөлтөөс олсон орлогыг хэрхэн зарцуулж байгааг Монголбанкнаас асуух, ажлын хэсэгт Улсын Их Хурлын Судалгаа, шинжилгээний хэлтсийн төлөөллийг оролцуулах, ажлын хэсгийн санал, дүгнэлтийг 05 дугаар сарын 20-ноос өмнө танилцуулах зэрэг асуудалд анхаарлаа хандуулахыг хүслээ. Түүнчлэн хүнс болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг дур зоргоор нэмэх асуудлыг зогсоохын тулд Үнэ бүрдүүлэлтийн тухай хуулийн төслийг боловсруулах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамир учир шалтгааныг зөв тодорхойлж, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудалд улстөржихгүй байх, харин энэ талаарх тоо баримт, мэдээллийг сайтар судлах хэрэгтэйг дурдлаа. Тэрээр Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг зарласан, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэхгүй байх, дараагийн хуралдаанд яамны зүгээс тодорхой мэдээллийг ирүүлэхээ амлав.

Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар Улсын Их Хурлын завсарлагааны хугацаанд иргэд сонгогчидтой уулзах үеэр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг хэрхэн нэмэгдүүлсэн болон валютын ханшны өөрчлөлттэй холбоотой асуудлыг тодруулж байсныг дурдаад бидэнд хийх ёстой, нийгмийн шийдэл хүлээсэн олон асуудлууд байна гэлээ.

Ажлын хэсэг шинэчилсэн ажлын удирдамжийн дагуу ажиллахаар харилцан тохиролцов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2160
0 эможи
keyboard_arrow_up