Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монгол хэлний сургалтын асуудлаар санал солилцлоо

2014 оны 4 сарын 29

УИХ-ын гишүүн М.Батчимэг, А.Бакей, Г.Батхүү, Н.Энхболд нар өчигдөр гадаад хэл дээр сургалт явуулдаг сургуулиудын удирдлагатай уулзан монгол хэлний сургалтын асуудлаар санал солилцлоо. Эрхэм гишүүд Монгол хэлний тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан бөгөөд энэхүү хуулийн төсөлд тусгагдсан боловсролын байгууллагатай холбоотой заалтын талаар мөн санал солилцсон юм.

Даяаршлын далайд алдаж болохгүй үнэт зүйл болох монгол хэл, өв соёл, заншлаа авч үлдэхэд хуулийн зорилго оршиж байгаа бөгөөд монгол хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, боловсронгуй болгохтой холбоотой харилцааг зохицуулах ажээ. Монгол залуус гадаад оронд боловсрол эзэмшин ирж байгаа ч монгол хэлний мэдлэг дутмагаас сурсан мэдсэнээ ажил болгож хэрэгжүүлэхэд хүндрэл үүсдэг хэмээн УИХ-ын гишүүн Г.Батхүү хэлж байлаа. Тэрбээр, Монгол Улс замын хөдөлгөөний нэгдсэн дүрэмтэй атлаа эх хэлний нэгдсэн дүрэмгүй байгааг онцолсон.

УИХ-ын гишүүн М.Батчимэг, монгол хэлний мэдлэг чадвар доройтож байгаа хэмээгээд улсын хэмжээнд нэр томьёог монголчлохоо больсон, монгол хэлний нэгдсэн дүрэм үгүй болсон, үгийн сан баяжих нь зогсоод байгааг дурдаж байлаа. Монгол хэлний тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулахдаа бусад орнууд эх хэлээ хамгаалах бодлогыг хэрхэн хэрэгжүүлдэг талаар ч багагүй судалгаа явуулсан хэмээн тэрбээр хэлсэн юм. Хуулийн төсөлд монгол хэлний ач холбогдол, баримтлах зарчмыг тусган, монгол хэлний хэрэглээний хүрээг тодотгож өгсөн байна.

Мөн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагсдад үндэсний монгол бичгийг тавдугаар ангиас эхлэн төгсөх хүртэл хугацаанд тусгайлсан хөтөлбөрөөр тасралтгүй заах, бүх шатны боловсролын сургалтын байгууллага суралцагчдад элссэн цагаас нь эхлэн монгол хэл, уран зохиолын хичээлийг эрх бүхий байгууллагаас баталсан хөтөлбөр, агуулга, стандартын дагуу тасалдалгүй явуулах талаар тусгажээ. Түүнчлэн бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрт уран зохиолын хичээлийн эзлэх хэмжээ монгол хэлний хичээлийн цагаас багагүй байхаар заасан байна.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн М.Батчимэг товч танилцуулсны дараа сургуулийн удирдлагууд саналаа илэрхийлсэн юм.

Америк сургуулийн ерөнхий захирал Д.Оюунсүрэн, гадаад хэлээр сургалт явуулдаг сургуулиуд гадны сургалтын хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг, тэрхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг 3-4 жилд нэг удаа шалгуулж байдаг гээд төрийн байгууллагын зүгээс эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудад элдэв шахалт үзүүлдэг явдлыг зогсоох нь зүйтэй хэмээсэн.

Сургуулийн удирдлагуудын зүгээс монгол хэлээ эзэмшүүлэх, хамгаалах арга хэмжээг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. “Сакура” бүрэн дунд сургуулийн захирал Ж.Амараа, бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрт уран зохиолын хичээлийн эзлэх хэмжээ монгол хэлний хичээлийн цагаас багагүй байхаар тусгасан нь нүдээ олсон заалт гэж үзэж байгаагаа хэлсэн.

Харин уулзалтад оролцогчдын зарим нь ерөнхий боловсролын сургуульд гадаад хэлийг, мөн үндэсний монгол бичгийг тавдугаар ангиас эхлэн заана хэмээсэн саналыг анхаарч үзэх хэрэгтэй гэж үзэж байлаа. Гадаад хэл, монгол бичгийг хоёуланг нь нэгэн зэрэг эхлэн сурахад хүүхдүүдэд хүндрэлтэй гээд гадаад хэлийг тавдугаар ангиас, монгол бичгийг зургадугаар ангиас эхлэн заавал үр дүнтэй гэсэн саналыг гаргаж байлаа. Түүнчлэн монгол бичгийн хичээлийг заах багшийг бэлтгэхэд анхаарал хандуулах цаг болсныг ч сануулж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2177
0 эможи
keyboard_arrow_up